| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0668/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/693 |
| Огноо | 2018-08-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энэрэл, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/693
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Б.Энэрэл,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808016570801 дүгээр хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн** дүгээр хороо, Толгойтын ** дугаар гудамж,*** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн А /РД:****.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.А нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойтын *** тоотод хамтран амьдрагч Д.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр эхнэр ууртай байгаад байсан. Орой намайг унтуулахгүй байхаар нь санаандгүй алгадсан. Түлхэж унагасан. Маргааш нь аавд хацраа үзүүлээд нутар ураагаа явсан. Ах нь ирэхэд бүх зүйлийг хэлсэн бөгөөд тэрээр надад “айлын бага юм, болохгүй бол эртхэн болихгүй юу” гэж хэлсэн. Атай нийлснээс хойш нэг ч удаа гадуур хоноогүй, архидаж үзээгүй...” гэв.
Эрүүгийн 1808016570801 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Аын: “Би 2014 онд Б.Атай танилцаад, 2015 оны 8 дугаар сараас эхлэн хамтран амьдарч, гэрлэлтээ батлуулаагүй. Хэрүүл маргаан болдог гол шалтгаан нь А өөр эмэгтэй хүмүүстэй харилцаа тогтоож, би тэрийг нь мэдэж хэрүүл маргаан болдог. 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Аийн гэр бүлээс гадуурх харилцаанаас болж хэрүүл маргаан болж орой нь намайг хөөж туугаад, зайл гээд хэл амаар доромжлоод, баруун талын шанаа орчим цохиж унагаасан. Би ухаан балартаж унаад босож ирэхэд дахин баруун шанаа орчим цохиж газарт унагасан. Миний нүүр хавдаж гэмтсэн. Өглөө нь хүүхдээ аваад Говь-Алтай аймаг уруу ээж дээрээ ирсэн. Өмнө нь намайг зодоход би гэр бүлийн хүчирхийлэлийн төвийн 107 дугаар утсанд 2 удаа бүртгүүлж байсан. А нь намайг сард 1-2 удаа зодож цохиж, хэл амаар байнга доромжилдог. Би цагдаагийн байгууллагад хандах гэхээр намайг айлгаж дарамталдаг байсан. Ат зодуулсан байхад хадам аав Баттөмөр маргааш өглөө нь орж ирээд “наад хүүхдээ аваад эндээс зайл” гэж хэлсэн. Би энэ талаар дотны найздаа хэлж байсан, ээждээ сүүлд нь хэлсэн. Манай хадам аав хүүгээ өмөөрч намайг байнга хэл амаар доромжилдог. Маш их гомдолтой байна.
Маргааш өглөө 11 цагийн үед гэртээ байж байсан чинь Аийн аав Баттөмөр гэрт орж ирээд “одоо хүүхэдтэй чинь чирч гаргана, гуйлгачингаа аваад зайл” гэсэн. Миний нүүрний баруун талын хэсэг буюу шанаа хавдсан, баруун талын нүдний доод зовхи хөхөрсөн байсан. Өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй шалтгаан нь А-тай цаашид амьдарч болох байх л гэж бодсон. Эмчилгээний зардал гэх зүйл гараагүй. Харин Говь-Алтайгаас ирж очих болон Улаанбаатар хотод найзындаа амьдрахад надад зардал гарсан, үүнийгээ нэхэмжилж авна. Говь-Алтай аймгийн эмнэлэгт ...Эхо оношлогоонд орох үед эрт зулбахыг завдсан гэсэн байсан. Гэхдээ би угаасаа нөхөргүй болж байгаа учраас хоёрын хоёр хүүхэдтэй үлдэхийг хүсээгүй тул өөрийн хүсэлтээр жирэмслэлтийг зогсоосон...” гэх мэдүүлэг /хх-9-10, 11-12, 13-14/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018.03.26-ны өдрийн 76 дугаар актын дүгнэлтэд: “1.2. Иргэн А-н тархины доргилт, баруун нүдэнд цус хуралт, баруун шанаа зөөлөн эдийн няцрал гэжээ. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-22/,
Шүүгдэгч Б.Аийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хашаандаа засвар хийж байгаад гэртээ 18 цагийн үед ороод зурагтаар бөх үзээд сууж байтал 1 ой 8 сартай хүү Мөнхбат уйлаад байсан. Тэгтэл эхнэр уурлаад хүүхдээ тоохгүй хойд өрөөнд оруулчихаад суугаад байхаар нь би хүүхдээ аваад хашаанд байдаг аав Б-ийн гэрт орж бөх үзчихээд 21 цагийн үед гэртээ орсон. Эхнэр уур нь гараагүй хэвээрээ байхаар нь би тусдаа хөнжил нөмрөөд унтах гэтэл хөнжлийг хуу татаад унтуулахгүй хөнжил өгөөгүйгээс болж бид хоорондоо маргалдаж ...би гараараа нэг удаа нүүрэнд нь цохисон. Тэгтэл өөдөөс миний нүүрийг маажсан, би ахиж нэмж цохиж зодоогүй. Эхнэр хувцас хунараа бэлдээд би Говь- Алтай аймаг явах автобусанд суулгаж өгөөд явуулсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Бид хоорондоо эвлэрсэн, одоо бид хоорондоо ямар нэгэн маргаангүй болсон тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-36-37/,
шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-39/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-43-47/, эмнэлгийн бичиг /хх-49/, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн албан бичиг /хх-57/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг яталуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.А нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн** дүгээр хороо, Толгойтын ** дугаар гудамж, ** тоот гэртээ хамтран амьдрагч Д.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд тархины доргилт, баруун нүдэнд цус хуралт, баруун шанаа зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Аын “...Хэрүүл маргаан болж орой нь намайг хөөж туугаад, зайл гээд хэл амаар доромжлоод, баруун талын шанаа орчим цохиж унагаасан. Би ухаан балартаж унаад босож ирэхэд дахин баруун шанаа орчим цохиж газарт унагасан...” гэх мэдүүлэг /хх-9-10, 11-12, 13-14/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018.03.26-ны өдрийн 76 дугаар “1.2. Иргэн А-н тархины доргилт, баруун нүдэнд цус хуралт, баруун шанаа зөөлөн эдийн няцрал гэжээ. 4. Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх акт /хх-22/, шүүгдэгч Б.Аийн яллагдагчаар өгсөн “...Бид хоорондоо маргалдаж ...би гараараа нэг удаа нүүрэнд нь цохисон. Тэгтэл өөдөөс миний нүүрийг маажсан...” гэх мэдүүлэг /хх-36-37/ болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй “Нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэнийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.А анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Хурдан шийдэж өгнө үү, өөр хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Ат 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Б-ийн Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР