Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэн овогт Ц Ц холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ** настай, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл-*, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 15 дугаар байрны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогт Ц.Ц РД:ЧН*****,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 18 дугаар гудамжны 08 тоотод оршин суух өөрийн гэртээ 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хамтран амьдрагч Т.Д нүүр болон зүүн гаран тус газарт цохиж түүний зүүн сарвууны чигчий хурууг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

- хохирогч Т.Д мөрдөн байцаалтад өгсөн:... Би Цэрэнчимэдтэй 2017 онд танилцаж 1 жил гаруй хугацаанд цуг амьдарч байсан. 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бид хоёр гэртээ байхад эгч Д орж ирээд Солонгос руу явах виз чинь гарчихсан юм байна ш дээ 4, 5 хоноод явах гэж байгаа юм байна. Гаргаж

 

өгнө гээд Д Цэрэнчимэдийг нэг шил архинд явуулсан. Цэрэнчимэд 0.75 граммтай Экс архи авчираад бид гурав хувааж уусан. Д эгч гэрээс гараад явчихсан. Тэгж байгаад Д эгчийн гэр рүү явах гэхэд Цэрэнчимэд хамт явах уу гэхээр нь би явчихаад ирье чи хэрэггүй гээд хувцсаа өмсчихөөд гал тогооныхоо текний хажуугаар явтал Цэрэнчимэд юу ч хэлээгүй, шалтгаангүйгээр гараараа миний нүүр зүүн шанаа, уруул руу нэг хоёр удаа цохисон. Би тэр үед Цэрэнчимэдийн гарыг хааж гарнаас нь барьж зууралдан угаалгын машины хажууд байдаг ширээн дээрээс шаазан бариултай аяга аваад над руу цохих гэхээр нь зүүн гараараа хаахад миний чигчий хурууг цохичихсон. Би ёоё гэж хэлээд доошоо суутал Цэрэнчимэд гараад зугатаачихсан. Би эгч Д руу утсаар "намайг Цэрэнчимэд зодчихлоо” гэхэд Д эгч хүрч ирээд болсон явдлын тухай сонссон. Тэгээд Цэрэнчимэд гудамжны үзүүр тойроод зугтчихлаа гэж надад хэлсэн. Орой гэрт ирж хоноогүй. Шөнө нь миний зүүн гарын чигчий хуруу хавдаад өвдөөд байсан ба маргааш өглөө нь буюу 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр чигчий хуруу, уруул, шанаа битүү хавдчихсан байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт үзүүлж зураг авахуулахад зүүн гарын чигчий хуруу чинь хугарсан байна гэсэн...Дараа нь түүний аав Цэрэндагва утсаар ярьж хохирлыг барагдуулна гэж ярьж байгаад сүүлдээ утсаа авахгүй болчихсон...Хохирлын мөнгө өгөхгүй болохоор нь "чи яагаад хохирлын мөнгө өгөхгүй байгаа юм” гэхэд "ийм утгатай юм бичиж өг, тэгвэл хохирлын мөнгийг чинь өгнө” гэхээр нь би ноорог болгоод өөрөө бичиж өгсөн нь үнэн...Би Цэрэнчимэдтэй 2017 онд танилцаж, эр эмийн харьцаатай, хамтарч амьдарч байсан. Цэрэнчимэд манай гэрт байдаг байсан, хааяа гэр рүүгээ явчихаад ирдэг байсан...750.000 төгрөг орчим эмчилгээний зардал гарсан. Би нотариатаар батлуулж дүү Ариунцэцэгийг өдрийн 15.000 төгрөгөөр хөлслөж цай хоол, гэр орноо цэвэрлүүлсэн. Миний хохирлын мөнгө 750.000 төгрөгийг өгчих юм бол гомдол санал байхгүй.. гэх мэдүүлэг /хх-6-7, 9/,

  • гэрч Ц.Цэвээндуламын мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 07 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй, аав Цэрэндагва, "ах Цэрэнчимэд чинь найз эмэгтэй Дамдинсүрэнтэй маргалдсан” байна. Тэр хүүхэн нь над руу утсаар яриад зодуулсан гээд эмчилгээний зардал 500.000 төгрөг нэхээд байна гэсэн. Би юу болсон талаар сайн мэдэхгүй байна...Дамдинсүрэн ах Цэрэнчимэд хоёр дундаасаа хүүхэд, дундын хөрөнгө огт байхгүй...гэх мэдүүлэг /хх-18-19/,
  • гэрч С.Цэрэндагвын мөрдөн байцаалтад өгсөн: ... Миний хүү Цэрэнчимэд нь Дамдинсүрэнтэй хэзээ хаана яаж яваад танилцсан талаар огт мэдэхгүй. 2017 оны 02 дугаар сард манай гэрт Дамдинсүрэнг дагуулчихсан орж ирсэн. Дамдинсүрэнгийн гэр орноор Цэрэнчимэд хонож өнжөөд явдаг болчихсон байсан. 2018 оны 06 дугаар сарын сүүлээр Дамдинсүрэн "танай хүүхэд Цэрэнчимэд намайг зодсон, та эмчилгээний мөнгө 500.000 төгрөг өг” гэж утсаар удаа дараа нэхэх болсон. Баянхошуунд байдаг гэж Цэрэнчимэд надад хэлж байсан. Миний хүү хаяа архи уудаг, уухаараа ямар ч хэл үггүй унтаад өгдөг. Миний бодож байгаагаар Дамдинсүрэнтэй хамт Цэрэнчимэд архи уугаад согтуу маргалдсан юм шиг байна лээ. Дамдинсүрэнтэй гэр орноор нь орж гараад л явж байсан юм шиг байгаа юм. Хааяа хэд хоног ирэхгүй тэдний гэрт байдаг байсан юм шиг байгаа юм...гэх мэдүүлэг /хх-15-17/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7753 дугаартай:.. Т.Д биед зүүн сарвуу 5- Р хурууны хугарал, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт
 

хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-22/,

  • шүүгдэгч Ц.Цийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би Т.Дамдинсүрэнтэй 2017 оны 06 дугаар сард Мөнхцэцэг гэдэг найзаараа дамжуулж танилцсан. Тэрнээс хойш уулзаж гэр орноор нь орж, гарах болсон. 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дамдинсүрэнгийн гэрт очсон...2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчим гаднаас эгч Д орж ирээд ганц юм уух уу гэхээр нь "тэгье” гээд дэлгүүр лүү архинд явсан....0.5 грамм Экс нэртэй архийг бид гурав хувааж уусан. Д эгч архи ууж дуусгачихаад гэрээс гараад явчихсан. Дамдинсүрэн утсаар хүнтэй яриад "наана чинь юм байна уу, такси бариад очлоо” гэх зэргээр ярьж сонсогдсон. Тэгэхээр нь би "Дамдинсүрэнг чи гэртээ байж бай” гэхэд намайг "чи зайл, гэрээс зайл яв” гэж хөөгөөд миний үснээс зулгаахаар нь би цаашаа гээд баруун гарынхаа алганы араар нүүр лүү түлхчихээд гарч явсан. Би гэрээс гарч явахдаа гар утсаа үлдээчихсэн байсан болохоор Дамдинсүрэнгийн утас руу залгаад гар утсаа үлдээчихсэн байна гэхэд Дамдинсүрэн "чи миний уруулыг сэтэлчихсэн байна, би чамайг гэрт чинь очиж байгаад адилхан болгоно” гэж хэлснээ "за за болилоо, чамаас мөнгө авна” гэсэн. Тэр үед гар гэмтчихсэн гэж огт хэлээгүй. Намайг гэрээс гарахад Дамдинсүрэнгийн гар зүгээр араас тавчик шидээд хоцорсон. Бид 2 хууль ёсны эхнэр, нөхөр биш, гэрлэлтээ батлуулаагүй. Би урд нь Т.Дамдинсүрэнг цохиж, зодож байгаагүй. Т.Дамдинсүрэнтэй эр эмийн харилцаатай, биенийхээ гэр орноор орж, явж байдаг хүмүүс...гэх мэдүүлэг /хх-32-36/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Ц нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 18 дугаар гудамжны 08 тоотод оршин суух өөрийн гэртээ 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хамтран амьдрагч Т.Д нүүр болон зүүн гаран тус газарт цохиж түүний зүүн сарвууны чигчий хурууг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • хохирогч Т.Д мөрдөн байцаалтад өгсөн:... Би Ц 2017 онд танилцаж 1 жил гаруй хугацаанд цуг амьдарч байсан. 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бид хоёр гэртээ байхад эгч Д орж ирээд Солонгос руу явах виз чинь гарчихсан гээд...нэг шил архи бид гурав хувааж уусан...Д эгчийг явсны дараа...Д эгч рүү явах гэхэд Ц хамт явах уу гэхээр нь би явчихаад ирье чи хэрэггүй гээд хувцсаа өмсчихөөд гал тогооныхоо текний хажуугаар явтал Цэрэнчимэд юу ч хэлээгүй, шалтгаангүйгээр гараараа миний нүүр зүүн шанаа, уруул руу нэг, хоёр удаа цохисон....Цэрэнчимэдийн гарыг хааж гарнаас нь барьсан...гэтэл ширээн дээрээс шаазан бариултай аяга аваад над руу цохих гэхээр нь зүүн гараараа хаахад миний чигчий хурууг цохичихсон. Би ёоё гэж хэлээд доошоо суутал Цэрэнчимэд гараад зугтаачихсан. Би эгч Д руу утсаар "намайг Цэрэнчимэд зодчихлоо” гэж хэлсэн...Би Цэрэнчимэдтэй 2017 онд танилцаж, эр эмийн харьцаатай, хамтарч амьдарч байсан. Цэрэнчимэд манай гэрт байдаг байсан, хааяа гэр рүүгээ явчихаад ирдэг байсан...гэх мэдүүлэг /хх-6-9/,
  • гэрч Ц.Цэвээндуламын мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 07 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй... Аав Цэрэндагва "ах Цэрэнчимэд чинь найз эмэгтэй Дамдинсүрэнтэй маргалдсан” байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-18-19/,
  • гэрч С.Цэрэндагвын мөрдөн байцаалтад өгсөн: ...хүү Цэрэнчимэд 2017 оны 02 дугаар сард манай гэрт Дамдинсүрэнг дагуулчихсан орж ирсэн. Дамдинсүрэнгийн гэр орноор Цэрэнчимэд хонож өнжөөд явдаг болчихсон байсан. 2018 оны 06 дугаар сарын сүүлээр Дамдинсүрэн нь "танай хүүхэд Цэрэнчимэд намайг зодсон...” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-15-17/,
 
  • шинжээчийн дүгнэлт:...Дамдинсүрэнгийн биед зүүн сарвуу 5-р хурууны хугарал, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-22/,
  • шүүгдэгч Ц.Цийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би Т.Дамдинсүрэнтэй 2017 оны 06 дугаар сард Мөнхцэцэг гэдэг найзаараа дамжуулж танилцсан. Тэрнээс хойш уулзаж гэр орноор нь орж гарах болсон...2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчим Дамдинсүрэнгийн гэрт гаднаас эгч Д ирээд бид 3 архи хувааж уусан. Д эгч архи ууж дуусгачихаад явчихсан...Дамдинсүрэн утсаар хүнтэй яриад "наана чинь юм байна уу, такси бариад очлоо” гэх зэргээр ярьж сонсогдсон...би "Дамдинсүрэнг чи гэртээ байж бай” гэхэд намайг "чи зайл, гэрээс зайл яв” гэж хөөгөөд миний үснээс зулгаахаар нь би цаашаа гээд баруун гарынхаа алганы араар нүүр лүү түлхчихсэн...Дамдинсүрэнтэй эр эмийн харилцаатай, биенийхээ гэр орноор орж, явдаг...гэх мэдүүлэг /хх-32-36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
 

Иймд шүүгдэгч Ц.Цийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтын эх сурвалж шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээс үзвэл хохирогч, шүүгдэгч нар 1 жил гаруй хугацаанд сайн дурын үндсэн дээр гэр бүлийн харилцаа буюу хамтын амьдрал, эр эмийн харьцаатай байсан болох нь тогтоогдож байх тул хамтран амьдрагч нар гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч, хохирогч нар тухайн хугацаанд үр хүүхэдтэй болоогүй, албан ёсны гэрлэлтийн болон ам бүлийн бүртгэлгүй байгаа нь, түүнчлэн тэдний хамтын амьдрал тогтвортой бус буюу муудалцах, хөөх, хөөгдөх, салах, нийлэх асуудал байсан гэх нь тэдний "хамтран амьдрагч” байсныг үгүйсгэх үндэслэл болохгүй байна.

Иймд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Хохирогч 750.000 төгрөг орчим эмчилгээний зардал нэхэмжилсэн /х-9/, боловч хууль ёсны нотлох баримтууд бүрэн цуглараагүй, шүүгдэгч нь хохиролд холбогдох нотлох баримтын хүрээнд /х-20,50, 51, 52, 53/ хохирогчид 300.000 төгрөг өгсөн талаар мэдүүлсэн, мөн хохирогчийн бичсэн баримт хэрэгт авагдсан, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй ба шүүгдэгч нь цаашид нотлох баримтын дагуух хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан нотлох баримтат хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Бусад асуудал

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Цийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Цийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар хохирогчоос нэхэмжлэл гаргасан тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг шүүгдэгч Ц.Цэд хүлээлгэсүгэй.
  4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
  5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ


Г.ГАНБААТАР