| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/1040/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1066 |
| Огноо | 2018-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1066
2018 12 10 1066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч Б.Ц..........л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ялах овогт Б..........лын Ц..........лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0291 11458 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ялах овогт Б..........лын Ц..........л, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ............ ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...........
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Б.Ц..........л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ дүгээр байрны побвольд үйл ажиллагаа явуулдаг дуу бичлэгийн студи дотор иргэн А.Т.......рыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хутгаар цээжний баруун ар хэсэгт хатгаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц..........л мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч А.Т.......рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр найз Ц..........лын студи болох Сонгинохайрхан дүргийн 29 дүгээр хороо Москва хороололд байх дуу бичлэгийн студи дээр..найз Д........ний хамт очсон. Намайг ороход Ц..........л,... Б.......аа, Жак гурав байсан. Тэнд Жак, Ц..........л хоёр “Распутин” архи уугаад дуусгачихсан, “Камасутра” нэртэй архи задлаагүй байсан. Намайг орж ирэхэд тэр хоё “Камасутра” архиа задлаад надад хундагалж өгөхөөр нь би “17 цагаас ажилтай гэдгээ” хэлээд найзыгаа хүндлээд татчихъя гээд 1 хундага архи уусан. Тэгээд би тэндээс буцаж гараад найз Д........нийг 17 цагт ирээд авчих гэж хэлээд буцаад орсон. Намайг буцаж ороход дахин архи хундагалж өгөхөөр нь уусан. ...Тэгээд би Ц..........лд найз нь 16 цагт явах юм чинь нэг их уухгүй гэтэл Ц..........л чи тэгвэл явахаасаа өмнө найздаа нэг юм авч өгөхдөө гэхээр нь би тэгье гээд цуг байсан Б.......аад мөнгө өгөөд гаргасан. ...Тухайн үед Ц..........л Жак хоёр хоорондоо маргалдаж муудалцаад байсан. Би тэр хоёрыг арай хийж салгаад сууж байхад Б.......аа гаднаас орж ирсэн. Тэгээд нь би өөрийнхөө авсан юмыг задлаад...бид дөрөв хоёр хоёр татчихаад...тамхи татахаар жижиг өрөөнд орсон. Намайг тамхи татчихаад гараад иртэл...миний гар утас байхгүй Б.......аагаас асуухад мэдэхгүй гэсэн. Мөн Жак өрөөнд байхгүй болсон байхаар нь Б.......аагийн утсаар залгах гээд студиэс хамт гараад буцаад би ганцаараа ортол Ц..........л буйдан дээр хэвтэж байсан. Би унтаж байгаа юм байна гэж бодоод хөгжим тавих гэж байтал Ц..........л босох шиг болж байсан, тэгснээ ар нуруу руу цохих шиг болохоор нь би эргээд хартал гартаа хутга барьчихсан “чи миний гэрт намайг дээрэлхдэг хэн бэ” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ хэн чамайг дээрэлхсэн юм” гэтэл хутгаараа миний цээж рүү хутгалах гээд дайраад байсан. Би хойшоо ухарч зугтааж байгаад хоёр гарнаас нь бариад байж байтал Б.......аа гаднаас орж ирээд Ц..........л ахаа яаж байгаа юм бэ гэхэд нь би хутгыг нь хартал хутга нь цус болчихсон Ц..........лын гар нь бас цус болчихсон байсан. Тэгэхэд миний ар нуруу руу халуу дүүгээд байхаар нь Б.......ааг нуруу хараад өгөөч гэж харуултал хутгалчихсан байна гэж хэлсэн. Тэгээд миний толгой манарч доошоо, сөхөрч буйдан дээр толгойгоо тавиад хэвтчихсэн тэгтэл Ц..........л андыгаа уучлаарай, цагдаад хэлж яах гэсэн юм гээд гуйгаад байхаар нь би оёулаад өгчих гэж хэлээд нилээн удсан тэр хооронд Ц..........лын эхнэр ч хүрч ирсэн. Мөн намайг авч явахгүй унаа байхгүй гээд байхаар нь би Б.......аагийн утсаар найз охин Д........н рүү яриад би хутгалуулчихлаа гэж хэлсэн. Тэгтэл Ц..........л ер нь чи гадаа хүнд хутгалуулаад орж ирсэн, би хутгаа цэвэрлэчихсэн гэж хэлээд инээхээр нь миний дургүй хүрээд зүүн гараа саваад Ц..........лын уруул руу нэг удаа цохисон...миний баруун далны доод талд хутгалсан цэргийн эмнэлэгт түргэнээр очиж оёдол тавиулсан...эмч нар шарх бага зэрэг хөөсрөөд байна цээжний зураг авахуулах шаардлагатай нэвтэрсэн байж болзошгүй гэж хэлсэн...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22)
“...Ц..........лаас эмчилгээний зардалд 1.300.000 төгрөг авсан...Тэр өдөр Жак миний гар утсаар ярьж байгаад аваад явчихсан байсан дараа нь надад авчирч өгсөн Жак миний гар утсыг хулгайлсан асуудал байхгүй. Намайг харж байхад миний гар утсаар ярьж байсан...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),
2. Гэрч Г.Б.......хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би студи дээр байж байтал...Жак гэх залуу Ц..........л, Т.......р хоёрын гар утсыг аваад явсан байсан. Үүнээс болоод Ц..........л Т.......р хоёр маргалдсан. Жак гээд байгаа залуу нь Ц..........лын танил...тэрийг нь би сайн мэдэхгүй байна. Ингээд намайг гадаа байж байхад Т.......р буцаад орсон. Араас нь яваад ороход Ц..........л Т.......рын нуруу руу хутгалсан байсан. Т.......р Ц..........лын нүүр рүү нь цохисон байх нүүр нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),
3. Гэрч Ө.Д........ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр найз Т.......р...Б.......хын утаснаас над руу залгаад хутгалуулчихлаа гэхээр нь би 103 дуудсан ...Т.......р хэлэхдээ Ц..........лд хутгалуулсан гэж хэлсэн...Т.......рын араас нь баруун далны доод хэсэгт 1 удаа хутгалсан байсан. Намайг ороход нилээд цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27)
4. Гэрч Д.Д........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг өнгөрч байхад...Б.......аа гэдэг залуу руу 18 цагийн үед залгаж асуутал студи дээр Ц..........л ах хүн хутгалчихсан гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад яваад очтол Б.......аа, Төгсөө хоёр гадаа сууж байсан манай нөхөр Ц..........л дотор буйдан дээр унтаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1173 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Далны дунд шугамнаас доош, 5-р хавирганы завсар 2.5см орчим хутгалагдсан шархтай
Урьдчилсан онош: Цээжний хэнхэрцгийн баруун хэсгийн хутгалагдсан гүн шарх, 2018.5.31-ний 2225 цаг: Цээжний гэрэлд харахад: Одоогоор уушги унаагүй, синус (-) 2018.06.01-ний 0025 цаг: Цээж гэрэлд харахад: Одоогоор уушги унаагүй, синус (-)..гэжээ ...ДҮГНЭЛТ
1.А.Т.......рын биед цээжний баруун ар хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42)
6. Шүүгдэгч Б.Ц..........лын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн үед хуурай дүү Жакын хамт студи дээрээ ажил хийхээр очсон юм. Тухайн үед “Guys” хамтлагийн дуучин Т.......р надаар хөгжмийн найруулга хийлгэх гээд утсаар ярьж байгаад студи дээр ирсэн. Би урд өдөр нь жоохон архи уучихсан шараа тайлаад Жак студийн ажилтан Б.......аа хоёртой нэг шил архи задлаад уугаад сууж байхад Т.......р орж ирэхээр нь би нэг хундага архи өгөөд Жак, Б.......аа, Т.......р бид 4 нөгөө архиа ууж дуусгахад Т.......р өмнө манай ажил дээр ирээгүй, шинэ студитэй болсон гээд надад баяр хүргээд дахиад нэг шил 0.75 литрийн архи авсан. Тэгээд тэр архийг бас хувааж уугаад би нэлээн согтоод тасраад студи дотрооо буйдан дээр тасраад унтчихсан байсан. Тэгтэл гэнэт Т.......р намайг татаж сэрээгээд гар утас алга болчихлоо хаана байна гээд уурлаад миний нүүр рүү гараараа алгадаж цохиод утас гаргаж өг гээд байсан. Би тэр үед нь хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгтэл Т.......р гар утас аваад ир гээд намайг хэл амаар доромжилж байгаад гараад явчихсан. Тэгээд би цохиулсандаа, хэл амаар доромжлуулсандаа шар хөдлөөд уур хүрээд сууж байхад Т.......р буцаж ганцаараа ороод ирэхээр нь “дээрэлхэх хүнээ дээрэлхээрэй” гэж хэлээд цонхны тавцан дээр байсан шар иштэй хутгыг аваад айлгах гээд Т.......рын урдуур хутгатай гараа савхад Т.......рын баруун талын далны доод хэсэгт хутгаараа хатгачихсан. Тухайн үед би Т.......рыг хутгалснаа мэдээгүй. Тэр үед Б.......аа гаднаас орж ирэхэд Т.......р нурууны хэсэгт нойтон оргиод байна хараадах гэхээр нь Б.......аа бид хоёр хартал зүсэгдчихсэн цус гарсан байхаар нь би айж сандраад шархыг нь цэвэрлэх гээд Б.......ааг дэлгүүр рүү архинд явуулаад шархыг нь цэвэрлэсэн...Т.......рын баруун талын далны доод хэсэгт хутгаар нэг удаа хатгаж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53),
“...Би Т.......рт биеэ эмчлүүлээрэй гээд бэлэн 1.300.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56)
7. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 63, 64), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 66, 67), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 65, 68-70, 71), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 54-56) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Ц..........лд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Ц..........л нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу “Москва” хорооллын ........ дүгээр байрны побвольд үйл ажиллагаа явуулдаг дуу бичлэгийн студи дотор, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр иргэн А.Т.......рыг нуруу баруун ар хэсэгт хутгаар хатгаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч А.Т.......рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр найз Ц..........лын студи болох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хороололд байх дуу бичлэгийн студи дээр..очсон. Намайг ороход Ц..........л,... Б.......аа, Жак гурав байсан. Тэнд Жак, Ц..........л хоёр “Распутин” архи уугаад дуусгачихсан, “Камасутра” нэртэй архи задлаагүй байсан. Намайг орж ирэхэд тэр хоё “Камасутра” архиа задлаад надад хундаглаж өгөхөөр нь...1 хундага архи уусан. ...дахин архи хундаглаж өгөхөөр нь уусан. ...би тэд нарт өөрийнхөө авсан юмыг задлаад...бид дөрөв хоёр хоёр татчихаад...тамхи татахаар жижиг өрөөнд орсон. Намайг тамхи татчихаад гараад иртэл...миний гар утас байхгүй Б.......аагаас асуухад мэдэхгүй гэсэн. Мөн Жак өрөөнд байхгүй болсон байхаар нь Б.......аагийн утсаар залгах гээд студээс хамт гараад буцаад би ганцаараа ортол Ц..........л буйдан дээр хэвтэж байсан. Би унтаж байгаа юм байна гэж бодоод хөгжим тавих гэж байтал Ц..........л босох шиг болж байсан, тэгснээ ар нуруу руу цохих шиг болохоор нь би эргээд хартал гартаа хутга барьчихсан “чи миний гэрт намайг дээрэлхдэг хэн бэ” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ хэн чамайг дээрэлхсэн юм” гэтэл хутгаараа миний цээж рүү хутгалах гээд дайраад байсан. ...би хутгыг нь хартал хутга нь цус болчихсон Ц..........лын гар нь бас цус болчихсон байсан. Тэгэхэд миний ар нуруу руу халуу дүүгээд байхаар нь Б.......ааг нуруу хараад өгөөч гэж харуултал хутгалчихсан байна гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22)
- Гэрч Г.Б.......хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би студи дээр байж байтал...Жак гэх залуу Ц..........л, Т.......р хоёрын гар утсыг аваад явсан байсан. Үүнээс болоод Ц..........л Т.......р хоёр маргалдсан. ...намайг гадаа байж байхад Т.......р буцаад орсон. Араас нь яваад ороход Ц..........л Т.......рын нуруу руу хутгалсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),
- Гэрч Ө.Д........ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр найз Т.......р...Б.......хын утаснаас над руу залгаад хутгалуулчихлаа гэхээр нь би 103 дуудсан...Т.......р хэлэхдээ Ц..........лд хутгалуулсан гэж хэлсэн...Т.......рын араас нь баруун далны доод хэсэгт 1 удаа хутгалсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27)
- Гэрч Д.Д........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр...Б.......аа гэдэг залуу руу 18 цагийн үед залгаж асуутал студи дээр Ц..........л ах хүн хутгалчихсан гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад яваад очтол Б.......аа, Төгсөө хоёр гадаа сууж байсан манай нөхөр Ц..........л дотор буйдан дээр унтаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1173 дугаар дүгнэлт “...1.А.Т.......рын биед цээжний баруун ар хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42)
- Шүүгдэгч Б.Ц..........лын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн үед хуурай дүү Жакын хамт студи дээрээ ажил хийхээр очсон юм. Тухайн үед “Guys” хамтлагийн дуучин Т.......р надаар хөгжмийн найруулга хийлгэх гээд утсаар ярьж байгаад студи дээр ирсэн. Би урд өдөр нь жоохон архи уучихсан шараа тайлаад Жак студийн ажилтан Б.......аа хоёртой нэг шил архи задлаад уугаад сууж байхад Т.......р орж ирэхээр нь би нэг хундага архи өгөөд Жак, Б.......аа, Т.......р бид 4 нөгөө архиа ууж дуусгахад Т.......р өмнө манай ажил дээр ирээгүй, шинэ студитэй болсон гээд надад баяр хүргээд дахиад нэг шил 0.75 литрийн архи авсан. Тэгээд тэр архийг бас хувааж уугаад би нэлээсэн согтоод тасраад студи дотрооо буйдан дээр тасраад унтчихсан байсан. Тэгтэл гэнэт Т.......р намайг татаж сэрээгээд гар утас алга болчихлоо хаана байна гээд уурлаад миний нүүр рүү гараараа алгадаж цохиод утас гаргаж өг гээд... хэл амаар доромжилж байгаад гараад явчихсан. Тэгээд би цохиулсандаа, хэл амаар доромжлуулсандаа шар хөдлөөд уур хүрээд сууж байхад Т.......р буцаж ганцаараа ороод ирэхээр нь “дээрэлхэх хүнээ дээрэлхээрэй” гэж хэлээд цонхны тавцан дээр байсан шар иштэй хутгыг аваад айлгах гээд Т.......рын урдуур хутгатай гараа савхад Т.......рын баруун талын далны доод хэсэгт хутгаараа хатгачихсан. ...Т.......рын баруун талын далны доод хэсэгт хутгаар нэг удаа хатгаж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Ц..........л нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “намайг дээрэлхлээ” гэх сэдэлтээр, хохирогч Т.......рыг хутгалж, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ц..........л нь хохирогч ...Т.......рыг хутгалсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хутгалуулсанаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Б.Ц..........лыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Т.......р нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Б.Ц..........л нь хохирогчид 1.300.000 төгрөг төлсөн болох нь (хавтаст хэргийн 54-55) баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ц..........л нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ц..........лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ц..........л нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ц..........л, хохирогч А.Т.......р нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Б.Ц..........лд ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан ба тус хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан буюу прокурорын саналыг харгалзахаар хуульчилжээ. Монгол хэлний тайлбар толь бичигт “харгалзах” гэдгийг тайлбарлахдаа “анхаарах, анхаарч үзэх” гэсэн агуулгаар тайлбарлажээ. Үүнээс үзвэл прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг шүүгдэгчид заавал оногдуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хэд хэдэн эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэх боломжтойг анхаарч үзэх гэсэн агуулгаар хуульчилсан гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ялыг сонгож хэрэглэх боломжийг шүүхэд олгожээ.
Иймд шүүгдэгч Б.Ц..........лыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгыг зэвсгийн чанартай ашиглаж, хохирогчийн ар нуруу буюу далны дунд шугамнаас доош, 5-р хавирганы завсар 2.5см орчим хутгалагдсан шарх учруулсан байгааг буюу гэмт хэргийн нийгмийн аюулын хохирол, хор уршгийг ихэсгэж болох зүйлээр гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг өөрчилж 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Б.Ц..........л нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1808 0291 11458 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ялах овогт Б..........лын Ц..........лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц..........лыг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц..........л нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7 Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ