Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 00199

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Цэлмэг хотхон, 107-р байр, 610 тоотод байрлах, “З” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, 310-р байр, үйлчилгээний төв, 1-р давхарт байрлах, “Э” ХХК/РД: /-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 75 000 000/далан таван сая/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Байгалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “З” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага нь 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Э” ХХК-тай тоот Барилгын карказ угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан Сухбаатар дүүргийн 11-хороо, 7-р хороолол “Залуу гэр бүл 2” 216 айлын орон сууцны 13 давхрын барилгын карказ угсралтын иж бүрэн ажлыг гэрээнд заасан нөхцлийн дагуу бүрэн, чанартай хийж гүйцэтгэсэн.

Захиалагч “Э” ХХК нь гэрээт ажлыг хүлээн авсан боловч гэрээнд заасан нийт төлбөрөөс одоогийн байдлаар 50 000 000 /тавин сая/ төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа бөгөөд энэ мөнгөө өгөхгүй, хугацаа хойшлуулсаар өнөөдрийг хүргэсэн ба манай компанийг хохироосоор байна.

Захиалагч “Э” ХХК нь Г-015/18 тоот ажил гүйцэтгэх гэрээний 6.12-т заасан гэрээт ажлын төлбөр төлөх үүргээ зөрчиж хугацаа хожимдуулсаар байгаа тул тус гэрээний 8.2 дахь заалтыг үндэслэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийн төлбөрийг 50 000 000 төгрөг (захиалагчийн төлбөр төлөх үндсэн үүрэг болох) төгрөгөөс тооцоход нэхэмжлэлийн үнийн дүнгээс давж байгаа тул нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 25 000 000 /хорин татан сая/ төгрөгийн мөнгөн төлбөрийг нэмж нэхэмжилж байна.

“З” ХХК нь “Э” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрт 50 000 000 /тавин сая/ төгрөг, алдангийн төлбөрт 25 000 000 төгрөг, нийт 75 000 000 төгрөгийг Монгол Усын Иргэний хуулийн 343.1 болон 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар шаардаж байна.

Манай байгууллага 2015 оны 5-р сарын 6-ны өдөр “Э” ХХК-тай Сүхбаатар дүүрэг, 11-р хороолол, залуу гэр бүл 216 айлын 14 давхар барилгын ажлын карказ угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Энэ ажлын хөлснөөс 40 000 000/дөчин сая/ төгрөгийн үлдэгдэлтэй байгааг авч чадаагүй. Энэ мөнгөө нэхэмжилж байна. 40 000 000/дөчин сая/ төгрөг нь үндсэн төлбөр, алданги 20 000 000/хорин сая/ төгрөгийг нийт 60 347 000/жаран сая гурван зуун дөчин долоон мянга/ төгрөгийг нэхэмжилснээс эдний компани 10 000 000/арван сая/ төгрөгийг өгсөн. Ингээд 50 347 000/тавин сая гурван зуун дөчин долоон мянга/ төгрөгийг хариуцагч компаниас нэхэмжилж байна.” гэв

 

Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2015 оны 5-р сарын 6-ны өдөр хамтран ажиллах гэрээ хийгдсэн. Гэрээний үүргийн дүнд үлдэгдэл 50 347 000/тавин сая гурван зуун дөчин долоон мянга/ төгрөгийг нэхэмжлээд байгаа юм байна. Гэхдээ үлдэгдэл нь тогтоогдохгүй байна. 2 ч удаа акт үйлдсэн боловч нийт дүн нь 40 347 000/дөчин сая гурван зуун дөчин долоон мянга/ гэсэн боловч нэхэмжлэгч талын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “З” ХХК-ийн захирлын өөрийнх нь хүсэлт болон манайхтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 31 000 000/гучин нэгэн сая/ төгрөгөөс 10 000 000/арван сая/ төгрөгийг хасаад 21 000 000/хорин нэгэн сая/ төгрөгийг авна гэж тодотгоод бичиж өгсөн учраас 21 000 000/хорин нэгэн сая/ төгрөг дээр эвлэрэх боломжтой гэдгээ хэлсэн. Бид  эвлэрэл нэгэнт хийгдсэн гэж үзэж байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “З” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 50 000 000/тавин сая/ төгрөгийг, алдангид 25 000 000/хорин таван сая/ төгрөгийг, нийт 75 000 000/далан таван сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Э” ХХК нь 21 000 000/хорин нэгэн сая/ төгрөг дээр эвлэрэх боломжтой гэдгээ хэлсэн гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “З” ХХК нь хариуцагч “Э” ХХК-иас нийт 75 000 000/далан таван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс 24 653 000/хорин дөрвөн сая зургаан зуун тавин гурван мянга/ төгрөгийн шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээний үлдэгдэл төлбөр 40 347 000/дөчин сая гурван зуун дөчин долоон мянга/ төгрөгийг, алдангид 10 000 000/арван сая/ төгрөгийг, нийт 50 347 000/тавин сая гурван зуун дөчин долоон мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Зохигчид 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Барилгын карказ угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Гэрээний 1-ийн 1.1-т зааснаар нэхэмжлэгч нь Гэрээнд заасан барилга угсралтын ажлыг Гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн хариуцагч талд актаар хүлээлгэн өгөх, хариуцагч нь Гэрээт ажлыг хүлээн авч нэхэмжлэгчид ажлын хөлсийг төлнө гэжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн хариуцагч талд актаар хүлээлгэн өгөх, хариуцагч нь Гэрээт ажлыг хүлээн авч ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээсэн тус Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна.

 

Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээний үлдэгдэл төлбөр 40 347 000/дөчин сая гурван зуун дөчин долоон мянга/ төгрөгийг, алдангид 10 000 000/арван сая/ төгрөгийг, нийт 50 347 000/тавин сая гурван зуун дөчин долоон мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-т “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ... ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө.” гэж заасан.

 

Гэрээний 5-ын 5.3, 5.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь ажлын урьдчилгаа төлбөрт 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 30 000 000/гучин сая/ төгрөгийг, 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 55 112/тавин таван мянга нэг зуун арван хоёр/ ам.долларыг, 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 55 112/тавин таван мянга нэг зуун арван хоёр/ ам.долларын төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар зохигчид Гэрээнд заасан ажлын хөлсийг тодорхой хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээнд заасан ажлын хөлсөд хариуцагч нь нэхэмжлэгчид 40 347 384/дөчин сая гурван зуун дөчин долоон мянга гурван зуун наян дөрөв/ төгрөгийг төлөх үүрэгтэйгээс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000/арван сая/ төгрөгийг төлсөн болох нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн № 017/156 албан бичиг, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № 80 албан бичгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын хөлсөд 40 347 384/дөчин сая гурван зуун дөчин долоон мянга гурван зуун наян дөрөв/ төгрөгийг төлөхөөс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000/арван сая/ төгрөгийг төлсөн байх тул хариуцагчаас 30 347 384/гучин сая гурван зуун дөчин долоон мянга гурван зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн № 017/156 албан бичиг, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № 80 албан бичгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсөд 40 347 000/дөчин сая гурван зуун дөчин долоон мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 30 347 000/40347000-10000000=30347000/ /гучин сая гурван зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

  Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 10 000 000/арван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “.... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.”, 232.6-д “... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.

 

Гэрээнд зааснаар хариуцагч нь 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулах ажлын хөлсийг төлж барагдуулалгүй 2/хоёр/ жил 2/хоёр/ сар/2015.07.05-2017.11.23/-ын хэтрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчид алдангийг 0.5/тэг аравны тав/ хувиар тооцохоор харилцан тохиролцсон болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 10 000 000/арван сая/ төгрөгийг нэхэмжилж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 10 000 000/30000000х0.5%=150000, 150000x365=54750000, 54750000:2=27375000/ /арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох зохигчийн тайлбар, Гэрээгээр тогтоогдож байна.

 

Хариуцагчаас ажлын хөлсөд 30 347 000/гучин сая гурван зуун дөчин долоо/ төгрөгийг, алдангид 10 000 000/арван сая/ төгрөгийг, нийт 40 347 000/дөчин сая гурван зуун дөчин долоон мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь зохигчийн тайлбар, нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн № 017/156 албан бичиг, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № 80 албан бичиг, Гэрээгээр тогтоогдож байна.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 40 347 000/дөчин сая гурван зуун дөчин долоон мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “З” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 10 000 000/арван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 40 347 000/дөчин сая гурван зуун дөчин долоон мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “З” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 10 000 000/арван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “З” ХХК нь хариуцагч “Э” ХХК-иас нийт 75 000 000/далан таван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс 24 653 000/хорин дөрвөн сая зургаан зуун тавин гурван мянга/ төгрөгийн шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “З” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 359 685 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “З” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ