Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1091

 

 

 

 

   

   

       2018           12            13                                         1091

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Х.Т...........ай, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Жантекей Харажан овогт Х............хын Т...........айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0216 51330 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Жантекей Харажан овогт Х............хын Т...........ай, Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд 1998 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн .........................оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар БЖ98032515.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Х.Т...........ай нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр өмнө нь хамт ажиллаж байсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн ........................... иргэн О.О.................гт “Баян-Өлгий аймгаас манай ээж өвдөөд ирчихсэн байгаа, ээжтэйгээ яриад утсыг чинь буцаагаад аваад ирье” гэж хэлэн хуурч, бусдын өмчлөлийн LG брэндийн К-4 маркийн гар утсыг залилан авч бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т...........ай мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч О.О.................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо...Содон хороолол ............... орцонд жижүүрийн ажил хийгээд байж байсан. Тэгтэл урьд өмнө нь хамт ажиллаж байсан Х.Т...........ай гаднаас 14 цаг өнгөрч байхад орж ирсэн. Т...........ай нь орж ирээд “эгчээ би 104-р байрны 1 давхарт 1 өрөө байр түрээсэлчихлээ, та манай байрыг хараарай, Баян-Өлгий аймгаас манай ээж өвдөөд ирчихсэн байгаа юм та надад гар утсаа өгч бай ээжтэйгээ яримаар байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “Эл Жи К-4” нэртэй гар утсаа гаргаж ирээд Т...........айд өгсөн...тэгсэн Т...........ай “би СӨХ орчихоод гар утсыг чинь буцаагаад аваад ирье 10 орчим минут болно” гэж надад хэлсэн.... 10 орчим минут болсны дараа Т...........ай ирэхгүй болохоор нь Содон хорооллын СӨХ-ийн байранд орчсон чинь Т...........ай байхгүй байсан. Би СӨХ-ийн дарга Б............лаас асуусан чинь “Т...........ай надтай уулзаагүй би байр олж өгсөн зүйл байхгүй, Т...........ай ажлаасаа халагдчихсан танд худлаа хэлсэн байна” гэж надад хэлсэн...Миний гар утас “Эл Жи К-4” маркийн гар утсыг 2017 оны 7 дугаар сарын 03-ы өдөр 390.000 төгрөгөөр худалдаж авсан...гомдолтой байна хуулийн дагуу шийдвэрлэж миний гар утсыг олж хохирол барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

-“...Х.Т...........ай “гар утсаа өгч бай, Баян-Өлгий аймгаас ээж маань өвдөөд ирчихсэн байгаа, залгах гэхээр утас байхгүй байна та утсаа өгч бай” гэж хэлээд дуудлага хийгээд байх шиг байсан, тэгж байснаа утсаа авахгүй байна, гараад ярьж байгаад буцааж оруулаад өгье та байж байгаарай” гэж хэлсэн...тэгээд буцаж орж ирэхгүй болохоор нь СӨХ рүү гүйгээд очиж асуухад ажил орж байгаа, байр түрээсэлж байгаа гэж хэлсэн болгон нь худлаа байсан...миний алдагдсан гар утсыг 200.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Би 200.000 төгрөгийг Х.Т...........айгаас хүлээн авсан...миний хохирол төлөгдсөн...”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

2. Гэрч М.Г............ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т...........ай гэдэг харуул хийдэг байсан залуу өрөөнд нь орж ирээд эгчээ гар утсаа өгч бай, түр ярьчихаад өгье гэж авчихаад өгөөгүй яваад өгсөн байсан...2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр би Мобикомтой гэрээ хийгээд 1 жилийн хугацаанд сар бүр 41.000 төгрөг төлөхөөр тохиролцож зээлээр худалдаж авсан. Тэгээд төлбөрөө төлөөд дуусгачихсан байгаа. Эл Жи К4 гэсэн загварын ухаалаг гар утас байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),

3. Гэрч Г.Түвшинтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед О.О.................г СӨХ-н өрөөнд орж ирээд Х.Т...........ай гар утсаар нь ярьчихаад өгье гэж гар утсыг нь авчихаад өгөлгүй цаг болчихлоо гэж орж ирсэн. Мөн Х.Т...........ай нь Б............л менжерийн нэрийг бариад өөрийг нь ажилд буцааж авах гэж байгаа, түрээсийн байранд оруулж өгнө гэсэн гэж хэлсэн байсан...О.................г, Х.Т...........ай хоёр нь нэг дор хамт ажиллаж байсан хүмүүс байгаа юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

4. “Мастер үнэлгээ“ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18/129 дугаар тайланд “...2017 оны загварын LG фирм К-4 гар утас 200.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 29-30),

5. Шүүгдэгч Х.Т...........айгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөөр би тухайн үед 21-р хорооллын нийтийн байранд эхнэр Розагийн хамт түр амьдарч байсан юм. Тэр үед Багануураас манай эхнэрийн хүүхдүүд ирчихсэн байсан. Эхнэр маань намайг ажил төрөл хийхгүй, мөнгө төгрөг олж ирэхгүй байна гэж надтай маргалдсан. Тэгээд би гэрээсээ гараад явчихсан. Тэр хавиар явж байгаад Содон хороолол руу ороод урьд нь тэнд ажиллаж байхдаа гайгүй харилцаатай таньдаг О.................г эгч рүү орсон. Тэгээд би түүний гар утсаар ярьчихаад өгье гэж жижүүрийн өрөөнөөс нь авч гарсан. Би тэр гар утсыг нь Драгон төвийн тийшээ авч очоод ломбарданд 120.000 төгрөгөөр тавьсан. Ямар нэртэй ломбарданд тавьснаа санахгүй байна. Тэгээд би мөнгөөрөө архи уугаад, үлдсэн мөнгөө яаснаа санахгүй байна... Би худлаа хэлээд гар утсыг нь хуурч авсан юм. Тухайн үед манай ээж хөдөөнөөс ирээгүй, бас би гар утсаар нь яриагүй. Худлаа хэлээд авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78)

“...би утсаар яриагүй, тэгж хэлж хуураад гар утсыг нь авчихсан юм. Харин О.................г эгч надтай цуг ажиллаж байсан учраас надад итгээд гар утсаа өгөхөөр нь аваад явчихсан. Анхнаасаа мөнгө хэрэгтэй учраас гар утсыг нь авахаар би очсон...надад мөнгөний хэрэг гараад байсан учраас би гэрээсээ гараад О.................г эгч руу очоод гар утсыг нь хуурч авсан юм...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 79-80),

6. Гар утас...хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний хуулбар (хавтаст хэргийн 34-40), хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 41),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42), хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн тухай баримт (хавтаст хэргийн 87) мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 84-86) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Т...........айд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Т...........ай нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Х.Т...........ай нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 106 дугаар байрны 2 дугаар орцны жижүүрийн өрөөнд, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр, шунхайн сэдэлтээр, өөрийн хэрэгцээг хангах зорилгоор, шууд санаатай үйлдлээр, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хамт ажиллаж, байсан иргэн О.О.................гт “Баян-Өлгий аймгаас манай ээж өвдөөд ирчихсэн байгаа, ээжтэйгээ яриад утсыг чинь буцаагаад аваад ирье” гэж хэлэн хуурч, бусдын өмчлөлийн LG брэндийн К-4 маркийн гар утсыг залилан авч бусдад 200.000 төгрөгийн хохирол болох нь:

- Хохирогч О.О.................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо...Содон хороолол ............... орцонд жижүүрийн ажил хийгээд байж байсан. Тэгтэл урьд өмнө нь хамт ажиллаж байсан Т...........ай гаднаас...орж ирээд “эгчээ би 104-р байрны 1 давхарт 1 өрөө байр түрээсэлчихлээ, та манай байрыг хараарай, Баян-Өлгий аймгаас манай ээж өвдөөд ирчихсэн байгаа юм та надад гар утсаа өгч бай ээжтэйгээ яримаар байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “Эл Жи К-4” нэртэй гар утсаа гаргаж ирээд Т...........айд өгсөн...тэгсэн Т...........ай “би СӨХ орчихоод гар утсыг чинь буцаагаад аваад ирье 10 орчим минут болно” гэж надад хэлсэн.... 10 орчим минут болсны дараа Т...........ай ирэхгүй болохоор нь Содон хорооллын СӨХ-ийн байранд орчсон чинь Т...........ай байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

- Гэрч М.Г............ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т...........ай гэдэг харуул хийдэг байсан залуу манай эхнэрийн ажлын өрөөнд нь орж ирээд эгчээ гар утсаа өгч бай, түр ярьчихаад өгье гэж авчихаад өгөөгүй яваад өгсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),

- Гэрч Г.Түвшинтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.О.................г СӨХ-н өрөөнд орж ирээд Х.Т...........ай гар утсаар нь ярьчихаад өгье гэж гар утсыг нь авчихаад өгөлгүй цаг болчихлоо гэж орж ирсэн. Мөн Х.Т...........ай нь Б............л менжерийн нэрийг бариад өөрийг нь ажилд буцааж авах гэж байгаа, түрээсийн байранд оруулж өгнө гэсэн гэж хэлсэн байсан...О.................г, Х.Т...........ай хоёр нь нэг дор хамт ажиллаж байсан хүмүүс байгаа юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

- “Мастер үнэлгээ“ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 29-30),

- Шүүгдэгч Х.Т...........айгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр...Содон хороолол руу ороод урьд нь тэнд ажиллаж байхдаа гайгүй харилцаатай таньдаг О.................г эгч рүү орсон. Тэгээд би түүний гар утсаар ярьчихаад өгье гэж жижүүрийн өрөөнөөс нь авч гарсан. ...Би худлаа хэлээд гар утсыг нь хуурч авсан юм. Тухайн үед манай ээж хөдөөнөөс ирээгүй, бас би гар утсаар нь яриагүй. Худлаа хэлээд авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Т...........ай нь урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч О.................гийн гар утсыг хуурч авсан явсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогч Оюунэцэцэгт 200.000 төгрөгийн хохирол учирсан болох “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Х.Т...........айд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.О.................гт 200.000 төгрөгний хохирол учирсныг шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Телиубайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулах дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Х.Т...........ай нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Т...........ай нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Тиймээс улсын яллагчаас гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялын торгох ял болгож өгнө үү гэх эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой, нөгөөтэйгүүр шүүгдэгч нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар ажил хөдөлмөр эрхэлдэг гэх ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Иймд түүнийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1808 02165 1330 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Жантекей Харажан овогт Х............хын Т...........айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Т...........айг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Т...........ай нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ