Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00096

 

 

............ХХК, ............нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01347 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1524 дүгээр магадлалтай,

 

............ХХК, ............нарын нэхэмжлэлтэй

............ид холбогдох

 

Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанчимэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч О.Санчирбал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн ............би өөрийн өмч хөрөнгө болох Сонгинохайрхан  дүүрэг 17 дугаар хороо, 32 дугаар байрны 378 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр ............ид шилжүүлж бэлэглэсэн. Ингэж бэлэглэх болсон шалтгаан нь манай нөхрийн буюу ............компанийн бөх гэж цоллогдон барилдаж байсан бөгөөд цаашдын хамтын ажиллагаа амжилтыг ерөөж, харцага цол авсан зэрэгт талархсан юм. Гэтэл 2018 оны 2 дугаар сард телевизээр цагаан сарын бөхийн барилдаанд Нутгийн буян группийн бөх гэж цоллогдон барилдахыг өөрийн нүдээр үзэж цочирдож бухимдсан. Энэхүү үйлдэл нь Архангай аймгийн төдийгүй улсын хэмжээнд бидний нэр хүндийг үл тоосон, гутаасан зохисгүй үйлдэл болсон. ............ нь ............ийг ноцтой гомдоосон үйлдлийг гаргасан гэж үзэж бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулахаар хандсан. ............компанийн захирал нутгийн бөхөө дэмжиж туслая гээд тухайн үед шинээр гарч байгаа бөхөд биш аймгийнхаа ............ гэх залууг сонгоод харилцан туслалцаатай ажиллахаар болсон. ............компанийн захирал аймгийнхаа бөхийг дэмжих зорилготой байсан тул ............ийг Улаанбаатар хотод амьдруулахаар болж, 2015 оны намар өөрийн барьсан орон сууцнаас өгч, мөнгөн тусламж өгч ............ ............компанийн нэрээр цоллогдон барилдсан. 2018 оны 2 дугаар сард цагаан сарын барилдаанаар ............өөрийн компанийн бөхөө үзээд сууж байхад ............ийн бөх гэж цоллогдож байсан бөх нь нутгийн буян компаний бөх гэж цоллогдож улс орон даяар гарснаар энэ гэнэтийн үйл явдлыг мэддэг. 2018 оны 05 дугаар сард шүүхэд хандахаас өмнө эвлэрүүлэн зуучлах төвд хандаж, ............ руу залгаад утсаа авдаггүй, эвлэрүүлэн зуучлах төвд ирээгүй. ............ийг ............ийн бөх гэдгийг тодорхой хэмжээнд хүмүүс мэддэг. Гэтэл огт мэдэгдэхгүйгээр өөр компанийн бөх гэж цоллогдон гарч байгаа нь ноцтой гомдоосон буюу ............д хүнд туссан. Энэ залууд маш их итгэж, жудагтай бөх болоосой гэж итгэж байсан учраас өөрийн орон сууцаа өгсөн. ............компаниас өгсөн байсан байрыг зарж машин болгоход нь бөх хүн аятайхан машин унах ёстой гэж үзээд өнгөрөөсөн, дараа нь дахин байр бэлэглэсэн шалтгаан нь 2013 оны 07 дугаар сараас ............ бөх амжилттай барилдаад харцага цол авсанд нөхрийнх компанийн бөх тул ............ийн компани болон ............ нарын хамтын ажиллагаа үр дүнтэй байгаад их талархаж байсан гэдэг. ............компанийн захирлын хувьд ............ид цалин өгч, нийгмийн даатгалыг төлж байсан. Өөр мөнгөн тусламж өгч байсан. Дараагаар нь байр өгсөн. Тэр нь машин болсон. Ноцтой гомдоосон гэдэгт заавал үг хэлээр доромжлох хамаарахгүй. Энэ хүн хамтарч ажиллаж байгаа Архангай аймгийн бөхийг хотод тодорхой амжилтад хүрэх суурийг ............компанийн захирал Энхтөр өгсөн, ............өөрийн сул орон сууцыг нөхөртэй нь хамтран ажиллаж байгаад баярлаж, хамтын үйл ажиллагааг ерөөж харцага цол авахад өгсөн. Нэхэмжлэгчийг гомдоосон үйл баримт 2018 оны 01 сарын 29-нд гарсаэ тул энэ үйл явдлаас хойш 5 дугаар сард шүүхэд хандсан. Хариуцагчийн зүгээс бэлэглэлийн гэрээнд маргаагүй, тухайн үед хариу үүрэг үүсээгүй. ............компанийн захирал Энхтөр нь ............ийн нөхөр. 2015-2017 оны хугацаанд хамтарч ажилласан гэдэг үгүйсгэгдсэнгүй. ............ руу залгаад байхад утсаа аваагүй, ............ийн хувьд олон хоногийн сэтгэлийн зовиурийг тээж явсан гэж тайлбарласан. Тухайн үед ............ талархаад би насаараа энэ компанийн бөх байна гэж хэлж байсан тул маш ихээр ноцтой гомдоосон гэж үзэж байна. Өнөөдөр ............ийн хувьд машин тэрэгтэй, байртай болсон, ажил нь амжилттай яваа бөх. Эвлэрэх асуудал байвал эвлэрнэ гэснээ эвлэрээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 280 дүгээр зүйлийн 280.1.1-д заасныг ноцтой гомдоосон үйлдэл нь нийтэд ил болсон. Тиймээс сөрөг үр дагавар бий болсон гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гол үндэслэл нь нэхэмжлэгчийг гомдоосон үйлдэл байхгүй. Нэхэмжлэгч ............нь Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, 32-р байрны 378 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бэлэглэсэн боловч ............, ............нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулаагүй, ............ийг төлөөлж эсхүл түүний нэрийг гаргаж барилдаагүй. ............компанийн нэрийг гаргаж барилдаж байсан. Харилцааны хувьд 2015 оноос эхлэн ............компанийн нэр дээр барилдаж, 2015-04-27-нд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээний дагуу 2 жилийн хугацаанд ............ийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг 7 сарын хугацааг төлсөн. Энэ талаарх баримт хэргийн 44, 45 дугаар хуудсанд авагдсан. ............ХХК нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүрэг болох ажилтны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг 2015 оны 7-р сараас 2018 оны 2-р сар хүртэлх хугацаанд ердөө 7 удаа төлсөн. Тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулснаар нэр дээр барилдах болсон бөгөөд эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл бүрэн төлдөггүй байсан ч ............ХХК-ийн бөх гэж цоллуулан барилдаж байсан. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар гэрээний хугацааг нэг жил байсан бөгөөд ажил олгогч нэгэнт үүргээ биелүүлээгүй тул гэрээг дуусгавар болсон гэж үзсэн. Бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэхийн тулд бэлэглэгчийн нийгэмд эзлэх байр суурь нэр хүндэд халдсан тодорхой үйлдэл гаргасан байх ёстой. Гэтэл ............ийн зүгээс нэр хүндийг гутаах ямар нэгэн үг хэлээгүй, өөр компанийн нэр дээр барилдсан нь ............ийн нэр хүндийг ноцтой гомдоосон гэх үндэслэл байхгүй. ............ нь энэ компанийг ямар нэгэн байдлаар гутааж доромжлоогүй. Бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэх шаардлага нь гомдоох үйлдэл гаргахад нөлөөлсөн эсэхийг шалгах шаардлагатай. Тамирчин хүнд шаардлагатай хангамжийг гаргаж өгдөггүй, цалин өгдөггүй байсан тул өөр компанийн нэр дээр барилдах болсон нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үйлдэл байхгүй. Нэхэмжлэгч ............болон ............компанид хохирол учирсан талаарх нотлох баримт байхгүй. Тэгээд ч шинжээчийн дүгнэлт дээр маргасангүй. Яагаад шинжээчийг асуух болсон гэхээр нэхэмжлэгчийн зүгээс гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзвэл байр шилжих ёстой, байр шилжих гэхээр манайх одоо боломжгүй болсон тул үнийг шаардана. Энэ дүн 80 сая биш гэдгийг бид тайлбарласан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, яагаад гэвэл м.кв зөрүүтэй байгааг үндэслэлтэй тайлбарлаагүй. 2002 оноос эхлээд бүх талбайн хэмжээг оруулж тооцоод улаан гэрчилгээ гаргадаг болсон гэж тайлбарласан боловч ............ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2017 оных. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ цаашдын хамтын ажиллагааг ерөөж гэж бичсэн байх боловч гэрчүүдийн мэдүүлгээр харцага цол авсан баярын найран дээр харцага цолыг мялааж байр бэлэглэсэн гэдгийг мэдүүлж хүлээн зөвшөөрсөн. Бэлэглэлийн гэрээнд цаашдын хамтын ажиллагааг ерөөх зорилго агуулаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 279 дүгээр зүйлд тусгай зориулалттайгаар хийсэн бэлэглэлийн гэрээ гэж тусгай заасан. Үүнд тодорхой үр дүнд хүрсний дараагаар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөрт тооцохоор заасан. Хэрэв нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ тайлбарласан агуулгаас харвал энэ бэлэглэлийн гэрээний талууд цаашид хамтын ажиллагаатай байж л дараа нь гэрээ хүчин төгөлдөр болохоор байсан. Энэ тусгай зориулалтын талаар дурдаагүй тул нэхэмжлэгчийг гомдоосон зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гэж байгаа болохоос үүнээс гадна үр дагаврын талаар шаардлага гаргаагүй гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01347 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т заасныг баримтлан Б.............ийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай ............ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.............ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 527 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 30 000 /гучин мянган/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ............ХХК нь нэхэмжлэгчээр оролцохоос татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1524 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01347 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанчимэг хяналтын гомдолдоо: Магадлалд хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Шийдвэрт гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээ дэмжиж, мөн ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлүүлэхийг хүсч, давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн. Гэвч ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар 183/ШШ2019/01347 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлүүлэхийг хүсч, гомдлын үндэслэлээ дараах нөхцөлөөр гаргаж байна. 1. Давж заалдах гомдлын эхний үндэслэлдээ “анхан шатны шүүхэд нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасны дагуу бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагаар хэргийг шалгаагүй, шаардлагыг хянан хэлэлцээгүй, шүүх хуралдаан дээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн хэдээр шаардлагаа гаргаж байгаа талаар тодруулж, нэхэмжлэгчээс гаргаагүй “Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлагатай хэргийг хэлэлцсэн. Шүүх хуралдааны хамгийн сүүлийн дүгнэлтэндээ миний бие “Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.2-д зааснаар шаардлагаа гаргаж, хүчингүй болгуулахыг хүсч байгаагаа тайлбарласан” бөгөөд шүүгч шүүхийн шийдвэрээ уншихдаа хянан хэлэлцээгүй шаардлагыг буюу Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хянан хэлэлцсэнгүй гэсэн үндэслэлээр хэргийг анхны шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгөхийг хүссэн гомдлыг “...шүүх иргэний хэрэг үүсгэх захирамж, шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж буруу тодорхойлсон нь буруу байх ба энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж дүгнэн шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Энэхүү дүгнэлт нь ИХШХШТХ-ийн 3, 118 дугаар зүйл болон Улсын дээд шүүхийн зөвлөмжид заасантай нийцэхгүй байх ба энэхүү шүүхийн алдааг ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 2.1.2-д заасан үндэслэл гэж үзэж байна. 2. Магадлалын үндэслэлд “бэлэглэлийн гэрээндээ тусгай нөхцөл заагаагүй” байна гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 276 дугаар зүйлд зааснаар байгуулагдсан байхад талууд тусгай нөхцөл, зориулалт болзол зааж тохиролцон хийгдэх гэрээ Иргэний хуулийн 279 дүгээр зүйл заалтад хамаатуулж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримт болон хэлэлцэгдсэн үйл баримт, бодит нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлтийн хувьд зөрүүтэй алдаатай байх тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, ИХШХШТХ-ийн 40.1, 40.2 дүгээр зүйлд нийцсэн дүгнэлт гэж үзэх боломжгүй байна. Иймд шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн “бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах” шаардлагыг хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б............., ............ХХК, хариуцагч ............ид холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. ............ХХК шүүх хуралдаан эхлэх үед нэхэмжлэлээсээ татгалзсан тул 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 7092 дугаар шүүгчийн захирамжаар түүний татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.............ийн нэхэмжлэлийг шүүх хянан хэлэлцсэн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.

 

Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох шаардлагатай, хэргийн нөхцөл байдал, маргааны зүйлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу дүгнэлт хийх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

............нь нэхэмжлэлийн шаардлагаа “2017 оны 7 сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” гэж тодорхойлсон боловч бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үндэслэлийг заасан тул “...бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах” шаардлага гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр нөхцөлд гэрээг хүчингүй болгох эсэх эрх зүйн асуудал хөндөгдөнө. Гэрээг ийнхүү хүчингүй болгуулснаар үр дагаврыг буюу гэрээний дагуу шилжүүлсэн орон сууц, түүний өмчлөх эрхийг буцаан авах эсэхийг шүүх тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгоогүй гэж үзнэ.

 

Түүнчлэн ............ нь 2015-2018 оны 2 сар хүртэл хугацаанд ............ХХК-ийн бөх гэж нэрлэгдэн барилдаж байсан учир нэхэмжлэгч ............2 өрөө орон сууцыг түүнд бэлэглэсэн гэсэн байх ба үүнээс өмнө, орон сууц бэлэглэсэн байсныг ............ нь борлуулж машин худалдан авсан гэж 2 удаа орон сууц бэлэглэсэн агуулгатай тайлбар гаргасан байхад шүүх энэ талаар тодруулаагүйгээс гадна ............ нь тус компанийн нэрээр барилдах нь ямар утгатай, зохигчдын хооронд ямар үүрэг үүссэн, ............ нь өөр компанийн нэрээр барилдах болсон нөхцөл байдлыг тодорхой болгож нэхэмжлэлийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байжээ.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй.

 

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01347 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1524 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 557 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.АЛТАНЧИМЭГ                

                        ШҮҮГЧ                                                                П.ЗОЛЗАЯА