Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 344

 

 

 

 

 

 

 

2019            4            16                                              ДШМ/2019/344

 

                                                    

Х.Б- холбогдох  эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гантулгабат,

шүүгдэгч Х.Б- хууль ёсны төлөөлөгч Д.Н-,

шүүгдэгч Х.Б- өмгөөлөгч Б.Б-,    

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Х.Б- холбогдох эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн эрүүгийн 1806038581898 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

..... овгийн Х.Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ...... дүүргийн ... дүгээр хороо, .. дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ..../;

Х.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 80 дугаар байрны лифтний орчим иргэн Д.С-тай маргалдан, улмаар түүний зүүн шанаанд 2 удаа, цээж, гуя руу 4-5 удаа цохиж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Б- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрдэнэван овгийн Х.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Б-ийг асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж, хохирогч Д.С нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Х.Б- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 Прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан шүүгдэгчийн сэтгэцийн байдал нь өөртөө эсхүл бусдад аюул учруулахааргүй бол эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох” гэж шүүхээс хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргахаар хуульчилсан. Мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлүүдийг тодорхойлсон бөгөөд уг хэсгийн 1.7 дахь заалтад “шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон” бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас дүгнэн үзвэл, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улмаар өөртөө, эсхүл бусдад аюул учруулахааргүй гэж үзвэл асран хамгаалагчид халамжлуулахаар шийдвэрлэхдээ уг хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан боловч анхан шатны шүүх заавал шийдвэрлэх ёстой уг асуудлыг орхигдуулсан гэж үзэж байна.

Мөн тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Х.Б- урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд заасан “Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-ний зорилго нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангахад оршино. Шүүхийн шийтгэх тогтоол гарснаар уг хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь уг таслан сэргийлэх арга хэмжээг хэзээ, хэрхэн дуусахыг тодорхойгүй үлдээсэн гэж үзэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэл тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн нэмэлт заалт оруулах, мөн 5 дахь заалтад “Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Х.Б- урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай” гэж өөрчлөлт оруулах үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Х.Б- хууль ёсны төлөөлөгч Д.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Х.Б- өмгөөлөгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хангагдсан эсэх асуудалд зохих хууль журмын дагуу өөрчлөлт оруулах нь зүйтэй. Асран хамгаалагчид шилжүүлэх, асран хамгаалагчид шилжихдээ түүний хууль ёсны төлөөлөгчид шилжүүлэх нь мөн хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгох, нэмэлт өөрчлөлт оруулах байр суурийг дэмжиж байна. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 80 дугаар байрны орцны лифтний хажууд хохирогч Д.С маргалдаж, улмаар түүний зүүн шанаанд хоёр удаа, цээж, гуя руу нь 4-5 удаа цохиж өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.С-ын “...2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн үед гэртээ ирээд байж байтал хаалга цохиод СӨХ-ны дарга “тогийг чинь тасаллаа, мөнгөө төлөөгүй байна” гэхээр нь гарч очтол тог тасалсан байсан. СӨХ-ны даргатай маргаж байтал лифтнээс 30 гаран насны эмэгтэй гарч ирээд “миний ээжийг яагаад загнаад байгаа юм, ...гэж доромжлоод зүүн шанаанд 2 удаа цохисон. Би хажуу тийш дайвалзаад зогстол үсдэж аваад цээж, гуя руу 4-5 удаа өшиглөсөн” /хх 8, 22-23/,

Гэрч Д.Н-гийн “...68 тоотын эмэгтэй лифтэнд суух гээд зогсож байсан ба намайг татаад “та тог таслуулсан” гээд дахиад уурлаад байсан. Гэтэл манай охин лифтнээс бууж ирээд “та яагаад ээж рүү дайраад байгаа юм бэ” гэхэд тэр хүүхэд эхэлж манай охиныг “согтуу хүүхэн дуугүй бай, чамд хамаагүй” гэж хэлэхэд манай охин “энэ чинь манай ээж яагаад дайраад байгаа юм бэ” гэхэд тэр хүүхэн эхэлж манай охины гарыг урсан. Тэгсэн манай охин тэр эмэгтэйтэй зууралдаад хоорондоо зодолдоод унасан. Тэгээд би тэр хоёрыг салгаад охиноо өрөө рүүгээ аваад ороход тэр эмэгтэй манай өрөөний хаалга, цонхыг чанга орилоод нүдээд байсан” гэх мэдүүлгүүд /хх 17/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 5515 дугаартай “Д.С-ын биед тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 25/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Х.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй нөхцөл байдал бий болжээ.

Шүүхийн сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 894 /хх 33-37/, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 156 дугаар дүгнэлт /хх 67-74/-үүдээр Х.Б нь хэрэг үйлдэх үедээ F25.2 шизоаффектив эмгэг холимог хэлбэрийн эмгэгтэй байсан учраас хэрэг хариуцах чадваргүй гэж үзсэн байна.      

Анхан шатны шүүх Х.Б-ийг гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан гэж үзэж, прокурорын санал болон сэтгэцийн эмч нарын “асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хяналтад байлгаж, цаашид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай” гэсэн дүгнэлтийг үндэслэн түүнийг асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Гэвч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагыг зөрчиж, Х.Б-г хэнд хариуцуулах асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөн, хэрэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Х.Б- эх Д.Н-д түүний өөрийнх нь зөвшөөрсний дагуу хариуцуулахаар шийдвэрлэв.

Мөн түүнчлэн шүүх хэрэг хариуцах чадваргүй нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл, гэмт хэргийн субьект болж чадахгүй Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай байх тул шүүхийн шийдвэрийн Х.Б-ийг гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Прокуророос “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан шүүгдэгчийн ... хэргийг хэрэгсэхгүй болгох”-оор заасан байхад анхан шатны шүүх уг асуудлыг орхигдуулсан, мөн таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болголгүй хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэснийг хүчингүй болгуулах” гэсэн агуулгатай улсын яллагчийн эсэргүүцэл бичжээ.

Анхан шатны шүүх Х.Б- холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон” бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох заалтыг хэрэглээгүй, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаар Х.Б- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар Х.Б- холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Б-ийг асран хамгаалагч Д.Н-д халамжлуулахаар шилжүүлсүгэй” гэж,

5 дахь заалтыг “Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Х.Б- урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 29 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ