Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 1

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 114/2020/0027/З

       Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би Б.Г-гийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох “Газар өмчлөх эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” тухай шаардлагатай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Б.Г- шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь иргэн миний Дархан сум 15-р баг Хүрээлэнгийн 7-24 тоот, 700мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших, өмчлөх эрхийг баталгаажуулж гэрээ, гэрчилгээ, хянан баталгаа зэргийг гарган өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

         Иймд тус захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүхэд тушаасан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу буцаан олгохоор шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Б.Г-гаас “Газар өмчлөх эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан “Газар өмчлөх эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд  2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д                      “ ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах,...” мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан хуулийн заалттай нийцэж байна.

Нэхэмжлэгч Б.Г-д нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүхийн шийдвэрийн үр  дагаврыг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Б.Г-гийн нэхэмжлэлээр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан 114/2020/0027/3 дугаар бүхий индекстэй  захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г-гийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Газар өмчлөх эрхийн гэрээ, гэрчилгээ гаргахыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

       4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                       ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНЧИМЭГ