Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 831

 

 

“Шинэ зуун барилга” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/00038 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Шинэ зуун барилга” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Грийт гоулд стар констракшн” ХХК, “Монголиа проперти девелопмент” ХХК-д тус тус холбогдох

 

43 925 500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг “Грийт гоулд стар констракшн” ХХК, “Монголиа проперти девелопмент” ХХК-иудын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч “Грийт гоулд стар констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан, “Монголиа проперти девелопмент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч “Грийт гоулд стар констракшн” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Монгол, “Монголиа проперти девелопмент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нандинцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинэ зуун барилга” ХХК нь “Монголиа проперти девелопмент” ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж байгаа “Олон улсын банк санхүүгийн барилга”-ын ажлыг 2014 оноос эхлэн гүйцэтгэж эхэлсэн. Энэхүү хугацаанд захиалагч нь Барилгын тухай хуулийн дагуу Барилгын ажил гүйцэтгэх гэрээг манай компанитай байгуулаагүй бөгөөд даалгавар өгөх замаар ажлыг гүйцэтгүүлж байсан. Манай компани нь нэгдүгээр шатны ажил болох барилгын суурийн ажил буюу газрын гүнд бэхэлгээ хийх зориулалттай бетон шонгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү барилгын ажлыг манай компани хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн бөгөөд 2015 оны өвөл буюу цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан барилгын салбарын норм дүрмийн дагуу ажил зогссон. Ийнхүү ажил зогсоход хийж гүйцэтгэсэн ажлыг хөлдөлтөөс хамгаалах болон бусад шаардлагатай ажлыг хийж гүйцэтгэн захиалагч талд мэдэгдэж, зохих журмын дагуу хүлээлцэж байсан. Үүний дараагаар захиалагч талаас 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай компани болон “Грийт гоулд стар констракшн” ХХК-ийн төлөөлөгч нарыг байлцуулан барилгын талбайд байсан манай компанийн өмчлөлийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг “Грийт гоулд стар констракшн” ХХК-д барилгын ажил эхлэх хүртэл хугацаагаар хүлээлгэн өгч, эд хогшлыг үрэгдүүлж, гээхгүй байх, гэмтээж хохирол учруулбал зах зээлийн үнээр төлөхөөр тохиролцож “Талбай хүлээлцсэн баримт”-ыг үйлдсэн. Манай компани нь захиалагч талтай тохиролцсон ёсоор 2016 оны 4 сараас эхлэн барилгын ажлаа эхлэх байсан боловч өнөөдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажиллуулахгүй байгаа бөгөөд “Грийт гоулд стар констракшн” ХХК нь манай өмчлөлийн эд хөрөнгийг буцаан өгөлгүй улмаар барилгын талбайд ашиглаж хохирол учруулсан байна. Барилгын талбайд манай ус зайлуулах насос, генератор, А цахилгааны хайрцаг, Б цахилгааны хайрцаг зэрэг 43 925 500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө байгаа болно. Иймд дээрх эд хөрөнгийг хариуцагч нар нь сайн дураар гаргаж өгөхгүй байгаа тул 43 925 500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг “Грийт гоулд стар констракшн” ХХК болон “Монголиа проперти девелопмент” ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү. Тухайн обьект нь “Монголиан проперти девелопмент” ХХК-ийнх, яг хүлээлцсэн нь “Грийт гоулд стар констракшн” ХХК байгаа гэжээ.

 

Хариуцагч “Грийт гоулд стар констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь арматурын хамгаалалт болон суурийн хавтангийн хамгаалалт болон дулааны ажлууд гэх мэт бүгдийг нь хийж гүйцэтгэсэн. 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр захиалагч “Монголиа проперти девелопмент” ХХК нь газар доорхи 1, 2 давхрын бүтээцийн ажил болон ус цахилгааны далд ажлыг хийлгүүлэхээр манай компанид талбайг хүлээлгэж өгсөн. Ийм нөхцлийн доор 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Шинэ зуун барилга” ХХК нь манайд тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэж өгсөн. Гэвч IFC талбай доторх эдгээр тоног төхөөрөмжүүд нь хэнд харьяалагддагийг бид мэдэхгүй. Хүлээлгэж өгөхдөө буцааж хэзээ хэн авах талаар анхааруулж хэлээгүй. Хүлээн авснаас хойш өнөөг хүртэл шүүхийн нэхэмжлэл ирэх өдөр хүртэл хэн нэгэн энэхүү тоног төхөөрөмжийг буцаан авахыг шаардаагүй. Мөн тухайн тоног төхөөрөмжүүдийг хадгалах, хамгаалахын тулд ихээхэн зардал гаргаж, хамгаалалтын ажлын хүмүүс нэмж ажиллуулсан. Тиймээс манай компани нь эдгээр тоног төхөөрөмжүүдийн эзнийг нотлох холбогдох бичиг баримтыг авч ирэн манай компанитай хэлэлцэж тохиролцож тоног төхөөрөмжийг хүлээлцэн авч талбайгаас гаргах арга хэмжээг авахыг хүсч байна. Мөн хамгаалалтын албаны зардал болон талбай ашигласны зардлыг төлж барагдуулах шаардлагатай. Тиймээс аль нэг тал өөрсдийн өмч гэдгээ нотлоод шаардсан тохиолдолд гаргаж өгч болно. Иймд “Шинэ зуун барилга” ХХК-ийн 43 925 500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү нэхэмжлэл нь манай компанитай ямар ч холбоогүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Монголиа проперти девелопмент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр, Г.Нарантуяа нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамтран хариуцагчийн хэрэгжүүлж буй Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороолол, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-12 хаягт барихаар төлөвлөгдсөн Олон Улсын Санхүүгийн Төв барилгын төслийн газар шорооны болон хамгаалах шон суурь, хавтан, хөрсний ус зайлуулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд нэхэмжлэгч тал оролцон шалгарсан. Нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нар гүйцэтгэх ажил, хугацаа, ажлын хөлс зэрэг үндсэн нөхцлийг харилцан тохиролцож тодорхойлон 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Газар шорооны ажлын гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч болон хариуцагч нар Газар шорооны ажлын гэрээний гүйцэтгэлийг 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дүгнэн Барилгын талбай хүлээлцэх акт үйлдсэн. Түүнчлэн барилгын төслийн эзэмшигчийн хувьд хамтран хариуцагчийн даалгаснаар барилгын төслийн дараагийн ажлыг гүйцэтгэх тендерт шалгарсан хариуцагч нь ажлаа гүйцэтгэхээр 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд хүлээлгэн өгөх акт үйлдэн барилгын төслийн талбай дахь тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хүлээн авсан. Ийнхүү барилгын төслийн талбай болон эд хөрөнгүүдийг хүлээлцсэнээр нэхэмжлэгч болон хамтран хариуцагчийн хооронд байгуулсан Газар шорооны ажлын гэрээ бүрэн дуусгавар болсон. Хариуцагч, нэхэмжлэгч хоорондын актанд дурдсан аливаа эд хөрөнгө нь Газар шорооны ажлын гэрээний дагуу үнэ нь төлөгдсөн гэрээний зүйл, хамтран хариуцагчийн шударга эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд хамтран хариуцагчийн даалгасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчид хүлээлгэн өгсөн. Төслийн талбай дээр одоо байгаа тэдгээр эд хөрөнгө нь хамтран хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө болно. Газар шорооны ажлын гэрээний үндсэн нөхцлийг тусгасан сонгон шалгаруулалтын баримт бичгийн L хэсэгт нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нарын хооронд аливаа маргаан гарсан тохиолдолд талууд маргаанаа Монгол Улсын хуулийг баримтлан БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Хонг Конг дахь арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож арбитрын хэлцэл хийсэн байна. Нэгэнт талууд, аливаа маргаанаа арбитраар харьяалуулан шийдвэрлүүлэхээр хэлэлцэн тохиролцож арбитрын хэлцэл хийсэн тул нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3 дахь заалтууд буюу хэргийн харьяаллыг зөрчин нэхэмжлэл гаргасан байна.

Дээрх тайлбар, үндэслэлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяаллыг зөрчиж нэхэмжлэлийг гаргасан байх тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Аливаа ажил үүргийг гүйцэтгэхдээ гэрээгүйгээр гүйцэтгэнэ гэсэн зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч захиалгаар хийсэн гэж байгаа. Тухайн захиалга нь энэхүү гэрээгээр баталгаажиж шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийг үндэслэн нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн тул гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Мөн уг хэлцлийнхээ дагуу хэрвээ маргаан байгаа гэж үзэж байгаа бол Хонг Конгийн арбитраар шийдвэрлэнэ. Иймд харьяаллын асуудлаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Грийт гоулд стар констракшн” ХХК-иас ус зайлуулах насос /цахилгаан утас, электрон төхөөрөмж, суурь, буцах хавхагийн хамт/ 20 /хорь/ ширхэгийг, цахилгаан үүсгүүр 2 /хоёр/ ширхэгийг, цахилгаан шит 1-р зэрэг /иж бүрдэл/ 1 /нэг/ ширхэгийг, 2-р зэргийн цахилгаан шит /иж бүрдэл/ 14 /арван дөрөв/ ширхэгийг гаргуулан нэхэмжлэгч “Шинэ зуун барилга” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн хамгаалалтын төмөр, Ди Эн 300x7 ган хоолой, цахилгаан тоолуурын заалт гаргуулах, хамтран хариуцагч “Монголиа проперти девелопмент” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “Шинэ зуун барилга” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377 600 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Грийт гоулд стар констракшн” ХХК-иас 369 795 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Шинэ зуун барилга” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Монголиа проперти девелопмент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: …Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь тоног төхөөрөмж хүлээлцэх актын орчуулгад дурдсан эд юмсын эзэмшигч болох нь 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хүлээлгэн өгсөн акт болон түүний хавсралт болох тоног төхөөрөмж хүлээлцэх актын орчуулгаар тогтоогдож байна хэмээн илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Хариуцагч болон нэхэмжлэгчийн хоорондын актад түүний хавсралтад заасан тоног төхөөрөмж нь хэний эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө болох талаар тодорхойлоогүй бөгөөд хэн нэгэн талд буцаан шилжүүлэх үүргийг заагаагүй, талуудын хоорондын хүсэл зоригийг илэрхийлээгүй болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй боловч шүүх хуралдааны явцад хариуцагч болон нэхэмжлэгчийн хоорондын актын хавсралтад заасан тоног төхөөрөмж нь өөрийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болохыг нотлох санхүүгийн баримт, гаалийн баримт, эд хөрөнгийн бүртгэл зэрэг баримт бий эсэхийг лавлахад энэ талаар аливаа нотлох баримт нэхэмжлэгчид байхгүй гэсэн тайлбарыг өгч байсан болно. Хэрэгт авагдсан нотлох баримтад эд хөрөнгийг хэний өмчлөл, эзэмшилд байгааг нотлох ямар нэгэн баримт огт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хүлээлгэн өгсөн актын орчуулгад зааснаар хариуцагч нь хүлээлгэн өгсөн эд юмсыг хариуцаж, эвдрэх эсхүл үрэгдвэл зах зээлийн үнээр төлж барагдуулах үүрэг хүлээсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хүлээлгэн өгсөн актын орчуулгаар тогтоогдож байна гэх дүгнэлтийг хийсэн боловч хамгийн гол тогтоох ёстой асуудал болох хариуцагч тоног төхөөрөмжийн үнийг төлж барагдуулах үүргийг хэний өмнө хүлээсэн болох асуудлыг тогтоож, тодруулалгүйгээр нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн. Мөн хамтран хариуцагч нь тус маргааныг БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс болох Хон Конг дахь арбитраар шийдвэрлүүлэх ёстой гэж тайлбарлаж байна гэж нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт дурдан, нотлох баримт болгон Газар шорооны ажлын гэрээг хавсралтуудын хамт хүргүүлсэн боловч энэ талаар дүгнэлт хийгээгүй, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т зааснаар барилгын ажлыг захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгэхээр заасан бөгөөд энэхүү шаардлагын дагуу хамтран хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан гэрээний маргааныг шийдвэрлэх арбитрын харьяаллыг тодорхойлсон Газар шорооны ажлын гэрээ болон түүний хавсралтыг хамтран хариуцагч тал шүүхэд гаргаж өгсөн боловч энэхүү нотлох баримтыг огт үнэлсэнгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн хангаагүй. Шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэлд тодорхойлоогүй шаардлагыг дэлгэрүүлэх байдлаар илүү нарийвчилсан хэлбэрээр буюу нэхэмжлэлийн шаардлагад огт дурдагдаагүй шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болох юм.

Нэхэмжлэгч нь хэдийгээр хэд хэдэн хариуцагчид буюу хариуцагч, хамтран хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч чухам ямар шаардлагыг хэнд холбогдуулж гаргаж байгааг тодруулаагүй бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Монгол Улсын Дээд Шүүхийн 01 дугаар зөвлөмжид нэхэмжлэгч хэд хэдэн шаардлагыг хоёр буюу түүнээс дээш этгээдэд холбогдуулан гаргахдаа хариуцагч нарт хамтран хариуцуулж байгаа эсэх эсхүл хариуцагч тус бүрт өөр өөр шаардлага гаргаж байгаа эсэхийг тодруулаагүй, түүнчлэн хуулийн этгээд эсхүл иргэнд холбогдуулж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэл юм хэмээн маш тодорхой тайлбарласан байна. Хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг хүсч аль хариуцагчид ямар шаардлагыг холбогдуулж гаргаж байгаа, ямар төрлийн болон нэг бүрийн шинж чанараар тодорхойлогдох эд хөрөнгийг гаргуулахыг шаардаж байгаа талаар асуухад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа огт тодруулаагүй. Нэхэмжлэл тодорхой бус, нэхэмжлэлийн шаардлагыг хоёр хариуцагчийн хэнд нь ямар шаардлагыг холбогдуулсныг тодорхойлоогүй нь нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байхад хэнд ямар шаардлага холбогдуулсныг тодруулалгүй шийдвэр гаргасан нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Грийт гоулд стар констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан давж заалдах гомдолдоо: Арбитрын тухай хуулийн дагуу хамтран хариуцагч хэргийн харьяалал биш гэж маргасан тул шүүх нэхэмжлэлийг арбитрын харьяаллаар нь шийдвэрлүүлэхээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байсан. Учир нь Газар шорооны ажлын гэрээний үндсэн нөхцлийг тусгасан сонгон  шалгаруулалтын  баримт бичгийн L хэсэгт нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нарын хооронд аливаа маргаан гарсан тохиолдолд талууд маргаанаа Монгол Улсын хуулийг баримтлан БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Хонг Конг дахь арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож арбитрын хэлцэл хийсэн байна. Нэгэнт талууд аливаа маргаанаа арбитраар харьяалуулан шийдвэрлүүлэхээр хэлэлцэн тохиролцож арбитрын хэлцэл хийсэн тул нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3 дахь заалтууд буюу хэргийн харьяаллыг зөрчин нэхэмжлэл гаргасан байхад шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. Мөн шүүх нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ хариуцагчийн оршин суугаа газрын хаягаар гаргаагүй байхад нэхэмжлэлийн харьяалал зөрчин авч шийдвэрлэсэн нь нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүх 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд “Хүлээлгэн өгөх акт” үйлдэн барилгын төслийн талбай дахь тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хүлээн авсан баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн шаардсан тоног төхөөрөмжийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эд хөрөнгө болон актад дурдагдсан эд хөрөнгө хоорондоо илт зөрүүтэй байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болголгүй, зөрөөг тогтоохгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн хариуцагч, нэхэмжлэгчийн хоорондын актанд дурдсан аливаа эд хөрөнгө нь Газар шорооны ажлын гэрээний дагуу үнэ нь төлөгдсөн гэрээний зүйл, хамтран хариуцагчийн шударга эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө болох нь хамтран хариуцагчийн тайлбар, гэрээний нөхцлөөр нотлогдсон бөгөөд хамтран хариуцагчийн даалгасны дагуу нэхэмжлэгч манай компанид хүлээлгэн өгсөн. Төслийн талбайд байгаа эд хөрөнгө нь хамтран хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө болох нь тодорхой байхад нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна. Манай компани хамтран хариуцагчийн эд хөрөнгийг эзэмшигч “Шинэ зууны барилга” ХХК-иас талбайг хүлээлцэх ажлын хүрээнд шилжүүлэн авсан бөгөөд энэ нь уг маргаж буй эд хөрөнгө “нэхэмжлэгчийн эд хөрөнгө” гэх нотолгоо биш юм. Манай компани энэ хэргийн хариуцагч биш бөгөөд маргагч талууд маргаан гарвал БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Хонг Конг дахь арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон, хуульд заасан энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж шийдвэрээ гаргах ёстой байсан. Актаар хүлээн авсан барилгын талбай болон өмнөх барилгын ажлын салшгүй хэсэг болох эдгээр тоног төхөөрөмж болох ус зайлуулах насос, цахилгаан утас, электрон төхөөрөмж, суурь, буцах хавхагийн хамт, цахилгаан үүсгүүр, цахилгаан шит 1-р зэрэг /иж бүрдэл/, 2-р зэргийн цахилгаан шит хамгаалалтын төмөр, Ди Эн 300x7 ган хоолой, цахилгаан тоолуурын заалт нь хамтран хариуцагчийн өмчлөлд байх ёстой эд зүйлс болох нь нэхэмжлэгч, хамтран хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээгээр нотлогдсоор байхад шүүх буруу дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Шинэ зуун барилга” ХХК нь хариуцагч “Грийт гоулд стар констракшн” ХХК, “Монголиа проперти девелопмент” ХХК-д тус тус холбогдуулан 43 925 500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгө гаргуулахаар тодорхойлсон боловч бусдын хууль бус эзэмшлээс шаардаж буй эд хөрөнгөө тодорхой заагаагүй, нийт үнийн дүнгээр нь нэхэмжлэлдээ бичсэн байна. Өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардаж байгаа нөхцөлд тухайн эд хөрөнгийг нэг бүрийн шинжээр тодорхойлох боломжтой байдлаар тодорхойлох шаардлагатай.

 

Төрлийн шинжээр тодорхойлогдож буй мөнгөн хөрөнгийг шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлд нэхэмжлэл хамаарч байгаа эсэх нь нэхэмжлэлийн шаардлагаас тодорхойгүй үлджээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжтой, тодорхой болсноор маргааны үйл баримттай холбоотой талуудын нотлох үүргийн хуваарилалт, хууль зүйн үндэслэлийг зөв тогтоох боломжтой болно. Энэ талаар шүүх тодруулж хэргийг шийдвэрлээгүй нь буруу болжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд “Шинэ зуун барилга” ХХК-ийн 2012-2013 онд Монгол Улсын хилээр оруулж ирсэн бараа материалын лавлагааг Гаалийн мэдээллийн сан хөмрөгөөс гаргуулах тухай гаргасан боловч шүүх уг нотлох баримтыг өөрөө олж авах боломжтой гэж үзэж хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэжээ.      

         /Хэргийн 101-102 дугаар тал/

 

Дээрх хүсэлт тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байтал шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчимд нийцэхгүй.

 

Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул хариуцагч нарын давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/00038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Монголиа проперти девелопмент” ХХК-ийн төлсөн 377 600 төгрөгийг, “Грийт гоулд стар констракшн” ХХК-ийн төлсөн 377 600 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ