Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2016/0201

 

2016 оны 3 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2016/0201

Улаанбаатар хот

 

З.Г-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэртэй, З.Г-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1982 оноос эхлэн аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар гэж байхад нийтийн халуун усны газарт үйлчлэгчээр ажилд орж, кассчинаар дэвшин ажилласан юм. Би 2012 онд хүүхдийн тоогоор өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ба тухайн үед байгууллагын дарга 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 30 дугаар тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн боловч цаашид кассчинаар үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрснөөр би ажлаа гүйцэтгэсээр байсан. Гэтэл байгууллагын удирдлага өөрчлөгдөн С.Шарив даргаар ирсний дараа намайг тэтгэвэр тогтоолгосон гэж үзээд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дүгээр тушаал гаргаж ажлаас чөлөөлснийг би эс зөвшөөрч шүүхэд хандсанаар шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлд зааснаар ахмад настны хөдөлмөрлөх эрхтэй холбон тайлбарлан намайг үүрэгт ажилд маань эргүүлэн тогтоосон бөгөөд одоо ажиллаж байна. Гэтэл С ХХК-ийн гомдлын үндсэн дээр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нар С ХХК-ийн захирлын намайг ажлаас чөлөөлсөн 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 30 дугаар тушаалыг хуурамчаар үйлдсэн гэж үзээд акт тогтоож мөнгөн төлбөр тавьсан. Би юу боллоо гэж хуурамч тушаал үйлдэх юм бэ, гарын үсэг, тамга, хэвлэмэл маягт нь бодит баймаар. Иймд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 49 дүгээр актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч З.Г нь 1982 оноос аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт ажилд орж, дараа нь тус компанийн 30 хүний халуун усны газрын кассчин хүртэл дэвшин ажилласан хүн юм. 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн С ХХК-ийн захирлын 30 дугаар тушаалаар нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөөд, компанийн удирдлагуудтай амаар тохиролцон хэлэлцсэний үндсэн дээр үргэлжлэн ажиллаж байсан. Гэтэл С ХХК-д шинээр ирсэн захирал 2015 оны 01 дүгээр сард нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчид З.Г 2012 онд өндөр насны тэтгэвэрт гарах үед хуурамч тушаал гаргуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэх үндэслэлээр 49 дүгээр акт тогтоож, 8 сая гаруй төгрөгийн төлбөр тавьсан. Үүнийг бид эс зөвшөөрч Нийгмийн даатгалын хэлтсийн даргад гомдол гаргасан. Уг гомдлын хариуг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 402 тоот албан бичгээр өгсөн ба үүнд нь 30 дугаар тушаалыг хуурамчаар үйлдсэн байна гэсэн. Маргаан бүхий актын үндэслэл болон дээд шатны байгууллагын өгсөн хариу нь өөр өөр байна гэж үзэхээр байгаа юм. Хуурамч тушаал гаргуулсан гэдгийг улсын байцаагчид тайлбарлаж хэлэх байх. Шүүхэд гэрчээр асуугдсан тухайн үед С ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Х.Х, менежерээр ажиллаж байсан А.Е нар тушаалын хэвлэмэл маягт, тамга тэмдэг нь тухайн үеийн С ХХК-ийнх мөн, зурагдсан гарын үсэг, тавигдсан огноо, дугаарын бичилт нь биднийх мөн гэсэн мэдүүлэг өгсөн.

Тийм учраас хуурамчаар үйлдсэн, гаргуулсан гэж үзэх үндэслэл байхгүй. 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр З.Гг ажлаас нь чөлөөлсний дараа дахин ажилд томилох үед тушаал гаргах асуудал нь байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад хамааралтай асуудал болохоос үүнд З.Г-н буруу байхгүй гэж үзэж байна. Тушаалын дугаарын хувьд давхардсан гэж яриад байгаа. Тушаалын эх хувийг Нийгмийн даатгалын хэлтэст өгсөн. Харин байгууллагын архивд үлдэх хувь нь нөгөө хувьтай таарч байх асуудлыг З.Г хариуцахгүй. С ХХК-ийн даргын 2012 оны тушаалын архивд үлдэх хувьд буюу нийт 116 хуудас бүхий тушаалын эмхэтгэлд үзлэг хийхэд 4 тушаалын оронд хоосон цаас үдсэн, 24, 50, 60 дугаар тушаалууд байхгүй, тушаалуудын дугаар нь засвартай, 7 ширхэг тушаал үдэгдээгүй, ижил дугаартай тушаал байгаа, зарим тушаалуудын ард нь өөр хавсралт үдэгдсэн гэх зөрчлүүд илэрсэн. Тийм учраас дэс дугаар, дараалал, бичиг хэргийн стандартын дагуу үдэгдээд, товьёглоод, товьёг үйлдсэн хүн гарын үсэг зурж баталгаажуулсан байвал 30 дугаар тушаал давхардсан гэж үзэх үндэслэлтэй байж болох юм. Иймд хуурамчаар тушаал гаргуулсан, үйлдсэн гэх асуудал нэхэмжлэгчид хамааралгүй учир 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 49 дүгээр актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.Г-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Иргэн З.Г анх нь 2012 оны 04 дүгээр сард Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т ...Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, мөн хуулийн 41 дүгээр зүйлд...Хөдөлмөрийн болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасны дагуу иргэнтэй байгуулсан гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон нөхцөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь хэрэгжинэ... гэж тус тус заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. З.Г тэтгэвэр тогтоолгох үед бүрдүүлж өгсөн материалдаа С ХХК-ийн захирлын 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 30 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хавсаргасан байсан. Уг тушаал нь З.Г-н тэтгэвэр тогтоолгох эрх нь хэрэгжих нөхцөл бүрдсэн гэдгийг нотлох үндсэн баримт мөн юм. С компанийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 96 тоот албан бичгийн мөрөөр тус компанийн захирлын 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 30 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг шалгаж үзэхэд хуурамч гэдэг нь тогтоогдсон. Учир нь тэтгэврийн байцаагч Ш.Н-н хамт миний бие С ХХК-ийн захирлын тушаалд үзлэг хийхэд, 30 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал байхгүй байсан ба 30 тоот тушаал нь өөр агуулгатай тушаал байсан. Өөр дугаар өгөгдсөн байж магадгүй гэж үзэж бүх тушаалуудыг үзсэн. Уг тушаалууд дотор З.Гг ажлаас чөлөөлсөн утга агуулга бүхий тушаал олдоогүй. Тийм учраас иргэн З.Г-н тушаалыг хуурамч гэж үзэхээс өөр аргагүй болсон. Ер нь бидний олон жил ажилласан туршлагаас үзэхэд зарим иргэд байгууллагынхаа даргад учир байдлаа ярьж хуурамч тушаал гаргуулан авч, тэтгэвэр тогтоолгож авах нөхцөл байдал ихээр тохиолддог. Бид З.Г нь Х.Хабай даргад тухайн үед нөхцөл байдлаа хэлээд тушаал гаргуулан авсан юм болов уу гэж үзэж байна. Захирлын тушаал 2 хувь үйлдэгдэх ёстой бөгөөд нэг хувь нь бичиг хэрэгт хадгалагдаж, нөгөө хувийг иргэнд өгөх ёстой. Гэтэл иргэн З.Г-н тэтгэврийн материалд байгаа 30 тоот тушаал, байгууллагын бичиг хэрэгт байгаа 30 тоот тушаал өөр өөр утга агуулгатай байна. С ХХК-ийн захирлын тушаалын эмхэтгэлд байсан 30 тоот тушаал мөн адил С ХХК-ийн захирлын гарын үсэгтэй, компанийн тамгатай байсан ба хоёр тушаалын дугаар нь давхардсан учраас бид иргэний гарт байгаа тушаалыг хуурамч гэж үзсэн. Үүгээр иргэн З.Гг ажлаас чөлөөлсөн тушаал хуурамч гэдэг нь нотлогдож байна.

Ийм учраас Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж... дахь заалтыг үндэслэж З.Г-н үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосон. Уг акт хууль зүйн үндэслэлтэй акт гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч З.Г-н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 41 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Г-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай 49 дүгээр актыг хүчингүй болгожээ.

Хариуцагч Н.Ж давж заалдах гомдолдоо: ... Мэдээллийн дагуу тус аймгийн 4 дүгээр багийн иргэн З.Г-н өндөр насны тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгахад З.Г нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчиж, тэтгэвэр тогтоолгосон нь батлагдсан учраас түүний үндэслэлгүй авсан 8041030 төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон. Шүүх бидний тогтоосон актыг хүчингүй болгож З.Г хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй гэж үзсэнийг бид эс зөвшөөрч байна.

Түүнийг анх ажлаас чөлөөлсөн гэх С ХХК-ийн захирлын 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 30 дугаар тушаалын архивд үлдэх хувийг бид тулган шалгахад З.Гг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох бус Абдил гэгчийг ажилд авсан тухай тушаал байсан. Мөн З.Гг ажилд эгүүлж авсан тухай ямар ч тушаал байгаагүй. Үүнийг шүүх шалгаад тогтоосон бөгөөд үзлэг хийсэн тэмдэглэл хавтаст хэрэгт байгаа болно.

Аливаа иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол хангасан бол үндсэн ажлаас чөлөөлөгдөж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох хуультай. Хуулийн энэ заалтыг хангаагүй тохиолдолд тэтгэвэр тогтоолгох эрх нь хэрэгждэггүй билээ. 2007, 2009 онд Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирсэн шалгалт энэ мэтийн асуудлыг хууль зөрчсөн ноцтой зүйл хэмээн хэд хэдэн иргэнд тэтгэврийг төлүүлэхээр акт тогтоож төлүүлж байсан.

С ХХК-ийн харьяа Рахат халуун усны газрыг 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээгээр бусдад шилжүүлэхэд З.Г хамт шилжиж байжээ. Хэрэв З.Г өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд хуурамч тушаал гаргуулаагүй бол түүнийг Рахат халуун усны газрыг түрээсээр өгөхөд түүнийг хамт шилжүүлэх ёсгүй байсан.

Эрхэм шүүгчид бидний энэхүү гомдлыг сайтар судалж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч З.Г-н Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 49 дүгээр актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нар иргэн З.Гг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасныг зөрчиж ажлаас чөлөөлөх тухай хуурамч тушаал гаргуулан хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгохгүйгээр 2012 оны 04 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал үндэслэлгүй илүү тэтгэвэр тогтоолгон авч байсан гэж үзэж, илүү авсан 8041030 төгрөгийг З.Ггаар нөхөн төлүүлэхээр акт тогтоосон байна.

Хариуцагч нийгмийн даатгалын улсын байцаагч Н.Ж давж заалдах гомдолдоо Шүүх бидний тогтоосон актыг хүчингүй болгож, З.Г хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй гэж үзсэнийг эс зөвшөөрч байна. ... Аливаа иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол хангасан бол үндсэн ажлаас чөлөөлөгдөж хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох хуультай. Хуулийн энэ заалтыг хангаагүй тохиолдолд тэтгэвэр тогтоолгох эрх хэрэгждэггүй билээ гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд З.Г нь Рахат халуун усны газрын кассчинаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний С ХХК-ийн захирлын 30 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Ийнхүү хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болмогц нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь заалтын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгосныг буруутгах боломжгүй.

Мөн нэхэмжлэгч З.Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно. гэж хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу урьд ажиллаж байсан С ХХК-ийн эрх бүхий этгээдтэй тохиролцон үргэлжлүүлэн ажилласан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй, тодруулбал хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгохгүйгээр тэтгэвэр тогтоолгосон гэх үндэслэлд хамаарахгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн ажил олгогч С ХХК нь Байгууллагын архивын ажлын үндсэн заавар-ыг дагаж мөрдөөгүйгээс тушаалын дугаар давхардсан, 2012 оны тушаалын үлдэх хувьд З.Гг ажлаас чөлөөлсөн 30 дугаар тушаал байхгүй зэргээс З.Гг дээрх тушаалыг хуурамчаар үйлдсэн гэж буруутгах нь учир дутагдалтай, энэхүү 30 дугаар тушаалыг ажил олгогч С ХХК нь ажилтан З.Г-н хүсэл зоригийн үндсэн дээр гаргасан болох нь хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

Эдгээр болон бусад үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ