| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2017/0182/э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Батгэрэл,
Шүүгдэгч: Б.Б,
Өсвөр насны шүүгдэгч: Д.Г, Ц.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дàхü хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дын Г, Т овогт Цийн И, Б овогт Бын Б гийн эрүүгийн 1735001970114 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Цогцолбор 2 дугаар сургуулийн 12 дугаар ангид сурдаг, ам 6, аав, ээж, дүү нарын хамт Улаангом сумын 11 дүгээр баг 7-9 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагуй, улсаас авсан гавьяа шагналгүй, РД:ОЮ01212257, Б овогт Дын Г.
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Улаангом суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Цогцолбор 2 дугаар сургуулийн 12 дугаар ангид сурдаг, ам бүл 5, аав, ээж, ах, эгч нарын хамт Улаангом сумын 9 дүгээр баг 1-36 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагуй, улсаас авсан гавьяа шагналгүй, РД:ОЮ00290412, Т овогт Цийн И.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаангом суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Цогцолбор 2 дугаар сургуулийн 12 дугаар ангид сурдаг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Улаангом сум 5 дугаар баг 5-11 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагуй, улсаас авсан гавьяа шагналгүй, РД:ОЮ99042335, Б овогт Бын Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/ Б.Б, Ц.И, Д.Г нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Нийгэмлэг” спорт заалны хувцас солих өрөөнд хохирогч Ц.Пийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Д.Г, Ц.И нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймаг, Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Нийгэмлэг” спорт заалны хувцас солих өрөөнд хохирогч Ц.Пийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Пийн мөрдөн байцаалтад өгсөн “Би сагсан бөмбөг тоглож байхдаа самбараас бөмбөг авах гэж байгаад надтай хамт тоглож байсан Цогцолбор 2 дугаар сургуулийн 7 дугаар ангид сурдаг 1 хүүхдийн нүүрний хэсэгт гараараа 1 удаа хальт цохисон. Би тэр хүүхдийг огт танихгүй бөгөөд бөмбөг авах гэж гараа өргөж байгаад тэр хүүхдийн нүүр үрүү гараараа 1 удаа санамсаргүй цохичихсон юм. Тэгээд би тэр хүүхдээс уучлалт гуйхад тэр хүүхэд надад уурлаад цаашаа эргээд явчихсан. Би өөрийнхөө авсан цагтаа тоглож дуусаад явах гэж байтал нэг танихгүй хүүхэд ирээд “ахаа таныг тэр хүүхдүүд дуудаж байна” гэж хэлээд зааланд сууж байсан хэдэн хүүхэд үрүү гараараа заасан. Би тэдэн үрүү очиход нэг үл таних эрэгтэй хүүхэд “чи яагаад манай дүүг дээрэлхээд, зодоод байгаа юм” гэж асуухаар нь би “танай дүүг чинь би зодоогүй. Би жаахан хүүхдэд гар хүрдэггүй” гэж хэлчихээд явах гэтэл бас нэг танихгүй хүүхэд намайг мөрлөөд сандал дээр суулгасан. Тэгтэл надаас надаас эхэлж юм асуусан хүүхэд 2-уулаа хувцас солих өрөө рүү орж байгаад учраа ольё гэж хэлээд Нийгэмлэг төвийн заалны хувцас солих өрөө рүү явахаар би араас нь дагаад хувцас солих өрөөнд орсон. Тэр өрөөнд ороход миний үл таних 7-8 хүүхэд байсан бөгөөд өрөөнд орсоны дараа намайг дагуулж орсон хүүхэд “Чи ямар том пизда вэ” гэж хэлээд миний нүүр үрүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би нүүрээ дараад сандал дээр суухад намайг цохисон хүүхдийн хажууд байсан 2 эрэгтэй хүүхэд над уруу ирээд миний толгой, цээж, баруун талын хавирганы хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө жийсэн. Сүүлд намайг цохисон 2 хүүхдийн нэг нь “Чи яагаад инээгээд байгаа юм бэ” гэхээр нь би “намайг угаасаа Смайл гэдэг. Би байнга инээдэг” гэж хэлэхэд тэр хүүхэд дахин миний нүүр үрүү гараараа 1 удаа цохисон. Тэгтэл эхэлж хувцасны өрөө рүү дагуулж ороод цохисон хүүхэд ирээд миний эрүүний хэсэгт гараараа 1 удаа, духны дээд хэсэгт мөн гараараа 1 удаа цохиход миний духны дээд талын хэсгээс цус гарсан. Намайг цохиж, зодсон хүүхдүүд нь надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан учраас надад одоо ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 тал/, насанд хүрээгүй гэрч Г.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Д.Г нь хувцас солих өрөөнд орж ирсэнийхээ дараа “Чи яагаад манай дүүг зодоод байгаа юм. Чи ямар том пизда вэ” гэж хэлээд нөгөө үл таних эрэгтэй хүний нүүр үрүү нь гараараа 1 удаа цохисон. Тэр залуу Д.Гт цохиулаад сандал дээр суусан бөгөөд би босоод Д.Гийг барьж авсан. Тэгтэл нөгөө залуу өндийгөөд босоод ирсэн бөгөөд энэ үед манай ангийн Ц.И нь нөгөө залуугийн хүзүүний хэсэг үрүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Мөн Б.Б нь тэр танихгүй залуу руу очоод гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж байсан. Тэгээд нөгөө залуу манай ангийн Д.Г, Б.Б, Ц.И нараас уучлалт гуйгаад гар барьсан. Тэр залуу бид нартай гар барьж байхдаа инээгээд байсан бөгөөд Ц.И “Чи яагаад инээгээд байгаа” гэж тэр залуугаас асуухад “Би байнга инээдэг. Намайг Смайл гэдэг” гэж хэлэхэд И дахин тэр залуугийн нүүр үрүү гараараа 1 удаа цохисон. Энэ үед Д.Г дахин нөгөө залуугийн эрүүний хэсэг үрүү гараараа 1 удаа, духны дээд хэсэг үрүү мөн гараараа 1 удаа цохисон. Тэгтэл нөгөө залуугийн толгойны хэсгээс цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал, насанд хүрээгүй гэрч Э.Дий мөрдөн байцаалтад өгсөн: “Бид нар сагсан бөмбөг тоглож байтал тэр танихгүй ах самбараас бөмбөг авах гэж байгаад Тэмүүлэнгийн нүүрний хэсэг үрүү нь гараараа 1 удаа цохисон. Манай найз Тэмүүлэн тэр хүнээр цохиулчихаад “Та яаж байгаа юм” гэж уурлаж байсан. Би тэр хүнтэй хамт Д.Г ах руу очиход Д.Г ах тэр хүнээс “Чи яагаад манай дүүг цохиж байгаа юм” гэж асуухад тэр хүн “Тоглож байгаад санамсаргүй цохичихлоо шүү дээ. Чи боль хөгшөөн” гэж хэлсэн. Хувцас солих өрөөнд орсоны дараа Д.Г ах “Чи яагаад манай дүүг дээрэлхээд байгаа” гэж хэлээд нөгөө хүний толгой, нүүрний хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Энэ үед Д.Г ахыг ангийнх нь хүүхдүүд барьж авсан. Гэтэл Ц.Иээ ах нөгөө танихгүй хүн рүү очоод тэр хүний хүзүүний хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Мөн Б ах нөгөө хүн рүү очоод толгойны хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа өвдөглөсөн. Би зааланд үлдээсэн цүнхээ авахаар гарчихаад буцаад хувцас солих өрөө рүү ороход Д.Г ах дахин нөгөө хүний нүүр, духны хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Тэгтэл нөгөө залуугийн толгойны хэсгээс нь цус гарсан. Тэрнээс хойш тэр залууг цохиж зодсон хүн байхгүй. Д.Г ах, Б.Б ах, Ц.И ах нар нь нөгөө залуугаас уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/, насанд хүрээгүй гэрч Э.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэнд байсан манай ангийн хүүхдүүд хэлэхдээ Б.Б, Ц.И, Д.Г нар энэ залууг зодсон. Д.Г энэ залуугийн толгой руу нь гараараа цохичихсон чинь цус гарчихлаа” гэж хэлж байсан. Намайг 2 дахь удаагаа хувцас солих өрөөнд ороход тэр залуугийн толгойноос нь цус гарсан байсан бөгөөд Б.Б нь салпетка гаргаж ирээд нөгөө залууд өгсөн. Тэгээд Д.Г, Б.Б, Ц.И нар нь нөгөө залуугаас уучлалт гуйсан бөгөөд тэр залуу гэртээ харина гээд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/, насанд хүрээгүй гэрч Д.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Бид нар сагсан бөмбөг тоглож байтал бид нартай хамт тоглож байсан танихгүй ах самбараас бөмбөг авах гэж байгаад миний хацарны хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би “Та яагаад байгаа юм бэ” гэж асуухад тэр ах “Санамсаргүй цохичихлоо. Намайг уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд бид нар үргэлжлүүлээд сагсан бөмбөг тоглосон. Бид нар тоглож дуусаад сууж байж байтал манай сургуулийн 12 дугаар ангид сурдаг Д.Г ах надтай хамт тоглож байсан танихгүй ахыг дуудсан. Би зааланд сууж байтал Д.Г ах намайг дуудаад “Энэ хүн чамайг цохисон юмуу” гэж асуухаар нь би “Бид нар сагс тоглож байтал энэ ах миний нүүр үрүү санамсаргүй цохисон” гэж хэлсэн. Д.Г ах “2-уулаа хувцас солих өрөө рүү орж байгаад учраа олъё” гэж хэлээд нөгөө хүнийг дагуулаад Нийгэмлэг төвийн заалны хувцас солих өрөө рүү орсон. Би тэд нарын араас хувцас солих өрөө рүү ороогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/, насанд хүрээгүй гэрч С.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хувцасаа сольж дуусчихаад хэсэг хугацааны дараа хувцас солих өрөө рүү ороход Д.Гийн дагуулж орсон залуугийн толгойны хэсгээс цус гарч байсан. Тэр өрөөнд манай ангийн Д.Г, Б.Б, Ц.И, Г.Г, Ш нар байсан. Би юу болсон талаар асуухад Г.Г “Ц.И, Д.Г, Б.Б нар нийлээд энэ залууг зодчихлоо” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/, насанд хүрээгүй гэрч Б.Шын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.Г нь хувцас солих өрөөнд орж ирсэнийхээ дараа “Чи яагаад манай дүүг зодоод байгаа юм. Чи ямар том пизда вэ” гэж хэлээд нөгөө үл таних эрэгтэй хүний нүүр үрүү нь гараараа 2 удаа цохисон. Тэр залуу Д.Гт цохиулаад сандал дээр суусан бөгөөд Г.Г босоод Д.Гийг барьж авсан. Тэгтэл манай ангийн Ц.И нөгөө залуугийн хүзүүний хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод Ц.Иийг барьж авсан. Гэтэл Б.Б нь тэр танихгүй залуу руу очоод мөн толгой, мөрний хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөж байсан. Тэгээд нөгөө залуу босч ирээд манай ангийн Д.Г, Б.Б, Ц.И нараас уучлалт гуйгаад гар барьсан бөгөөд гар барьж байхдаа инээгээд байсан учраас ...И дахин тэр залуугийн нүүр үрүү гараараа 1 удаа цохисон. Энэ үед Д.Г дахин нөгөө залуу руу очоод эрүүний хэсэг рүү гараараа 1 удаа, духны дээд хэсэг рүү мөн гараараа 1 удаа цохисон. Тэгтэл нөгөө залуугийн толгойны хэсгээс нь цус гарсан. Тэрнээс хойш тэр залууг цохиж, зодсон хүн байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/ болон өсвөр насны шүүгдэгч Д.Гийн “2017 оны 11 дүгээр сарын 26-ны орой 19:00 цагийн орчимд би ангийнхаа хүүхдүүдтэй хамт зааланд тоглохоор болоод Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах Нийгэмлэг төвийн зааланд очиж сагсан бөмбөг тоглосон. Би ангийнхаа хүүхдүүдтэй хамт 1 цаг орчим сагсан бөмбөг тоглож байгаад оройны 20:00 цаг өнгөрч байх үед тоглож дуусаад, заал дотор Б.Б, Ц.И, Б.Ш нарын хамт сууж байтал манай сургуулийн 9 дүгээр ангид сурдаг Д гэдэг хүүхэд бид нарын хажууд ирээд надад “Нэг танихгүй ах манай ангийн Тэмүүлэнг цохиж, зодоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дд “Чи очоод тэр хүнээ дуудаад ир” гэж хэлээд Дийг явуулсан. Удалгүй байж байтал Д нөгөө хүнийг дагуулаад хүрээд ирсэн. Би тэр хүнийг өмнө нь огт харж байгаагүй, танихгүй хүн байсан бөгөөд би тэр хүнээс “Чи яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ” гэж асуухад тэр хүн “Сагс тоглож байгаад санамсаргүй цохичихлоо. Сүртэй зүйл байхгүй хөгшөөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь “2-уулаа хүнгүй газар очоод учраа олъё” гэж хэлээд тэр хүнийг дагуулаад Нийгэмлэг төвийн заалны хувцас солих өрөө рүү орсон. Нийгэмлэг төвийн хувцас солих өрөөнд орсоны дараа би нөгөө хүнд “Чи яагаад манай дүүг зодоод байгаа юм. Чи ямар том юм бэ” гэж хэлээд тэр хүний нүүр үрүү гараараа 2 удаа цохисон. Энэ үед манай ангийн найз Г.Г босч ирээд намайг бариад авсан. Гэтэл манай ангийн И босоод “Чи ямар том юм бэ” гэж хэлээд нөгөө хүний эрүүний хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн бөгөөд Иийг манай ангийн найз Ш барьж аваад холдуулсан. Тэрний дараа манай ангийн Б босоод нөгөө хүний хацар уруу нь хөлөөрөө 1 удаа өшиглөөд, нуруу руу нь гарынхаа тохойгоор 2 удаа цохисон. Тэгээд нөгөө залуу Б.Батааржав, Ц.И бид 3-аас уучлалт гуйгаад гар барьсан. Тэр залуу бид нартай гар барьж байхдаа инээгээд байсан бөгөөд Ц.И “Чи яагаад инээгээд байгаа” гэж тэр залуугаас асуухад нөгөө залуу “Би байнга инээдэг. Намайг Смайл гэдэг” гэж хэлэхэд И дахин тэр залуугийн нүүр үрүү гараараа 2 удаа цохисон. Тэгэхээр нь би дахин нөгөө залуу руу очоод эрүүний хэсэг үрүү нь гараараа 1 удаа, духны дээд хэсэг рүү нь мөн гараараа 1 удаа цохисон. Тэгтэл нөгөө залуугийн толгойны хэсгээс нь цус гарсан. Тэгээд Б.Б, Ц.И бид 3 нөгөө залуугаас уучлалт гуйсан бөгөөд тэр залуу гэртээ харина гээд гараад явсан. Тэрнээс хойш ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Тухайн үед манай баг хожигдоод жаахан ууртай байсан. Бас Пүрэвдорж урдаас хэдэрлээд байсан болохоор дургүй хүрээд зодсон. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна”, өсвөр насны шүүгдэгч Ц.Иийн “10 жилийн бэлтгэл хамт хийдэг доод ангийн дүүг маань дээрэлхээд байсан. Гар бариад салаад явж байхад урдаас инээгээд байхаар нь уур хүрээд 2 удаа нүүр үрүү нь цохисон”, шүүгдэгч Б.Бын “Ц.Пийг хэд хэдэн удаа зааланд таарч байсан. Тэр хүн Д.Г, Ц.И нарт цохиулчихаад инээгээд зогсоод байхаар нь би тэр хүн үрүү очоод хацар уруу нь хөлөөрөө 1 удаа өшиглөөд нуруу руу нь гарынхаа тохойгоор 2 удаа цохисон. Та нар миний найз нарыг таних уу гээд сүрдүүлээд байсан” гэх хэргээ хүлээн мэдүүсэн мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батгэрэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар хохирогчийн биед учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтогдохгүй. Хохирогч нь эрүүл мэнд сарниасан гэж эмнэлэгийн байгууллагад хандаж үзүүлсэн баримт хэрэгт байхгүй, ямар байдлаар аль гэмтлийн улмаас эрүүл мэнд нь сарниасан, ерөнхий хөдөлмөрийн чадвар яаж алдагдсан гэдэг нь тодорхойгүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү” гэх санал гаргаж мэтгэлцснийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Ц.Пийн эрүүл мэндэд духанд язарсан шарх, баруун хацар, хамрын баруун талд цус хуралт, хэлэнд зулгаралт, дагз, баруун чихний урд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь хэргийн 74 дүгээр талд авагдсан Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаар дүгнэлтээр нотлогджээ.
Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан бөгөөд хохирогч Ц.Пийн биед хэрэг гарсан дариуд буюу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шинжээч эмч үзлэг хийхэд хохирогчийн духны дунд хэсэгт үстэй хэсгийн заагт 2*0,2 см язарсан шархтай, шархнаас цус гарч хатсан, орчны эдэд бага зэрэг хавантай байсан байх ба 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үзэхэд дух хэсгийн язарсан шарх эдгэрч цайвар өнгийн сорви тогтсон болох нь дүгнэлтийн “үзлэг ба шинжилгээ” хэсэгт тодорхой бичигдсэн байх тул хохирогчийн эд, эрхтний бүтэц буюу духанд үүссэн язарсан шарх нь түүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Д.Г, Ц.И нарын хохирогч Ц.Пийг бүлэглэн зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан байна.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг, тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Д.Г, Ц.И нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Д.Г, Ц.И нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хавтаст хэргийн 58-63, 96, 98, 100-133 дахь талд авагдсан шүүгдэгч нарын хувийн байдал тогтоосон Увс аймгийн Улаангом сумын 5, 11, 12 багийн Засаг даргын тодорхойлолт, сурагчийн хувийн хэрэг, нас тоолсон тэмдэглэл, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрч Ц.Д, Ц.Д, Б нарын мэдүүлэг болон шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг тогтоосон гэрч Ц.Гын “Миний нагац дүү Б.Б нь одоо Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт аав, ээж, дүү нарынхаа хамт амьдардаг бөгөөд Улаангом сумын Цогцолбор 2 дугаар сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. Б.Б нь зан аашийн хувьд даруухан, бусадтай нийтэч, хүнд тусархаг зантай. Архи, тамхи огт хэрэглэдэггүй бөгөөд өөр янз бүрийн муу зуршил байхгүй. Б нь зав чөлөөтэй үедээ аав, ээждээ туслаад гэрийнхээ ажлыг хийдэг. Мөн чөлөө завтай үедээ сагсан бөмбөг, хөл бөмбөг тоглох сонирхолтой хүүхэд юм” гэх, өсвөр насны шүүгдэгч Ц.Иийн хувийн байдлыг тогтоосон гэрч Г.Сгийн “Манайх 3 хүүхэдтэй бөгөөд миний хүү Ц.И нь манай бага хүүхэд юм. Ц.И нь 2000 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Одоо Цогцолбор 2 дугаар сургуулийн 12б ангид сурч байгаа. Миний хүү Ц.И нь зан аашийн хувьд төлөв даруу, бусадтай нийтэч, хүнд тусархаг, хүний үгнээс зөрөөд байдаггүй зантай бөгөөд анги хамт олныхоо дунд нэр хүндтэй. Ц.И нь архи, тамхи огт хэрэглэдэггүй бөгөөд өөр янз бүрийн муу зуршил байхгүй. Ц.И нь багаасаа чөлөөт бөх, жудо бөх, үндэсний бөхийн спортыг сонирхож хичээллэсэн бөгөөд Чөлөөт бөхийн төрлөөр улс, бүс, аймагт олон удаа амжилт гаргаж байсан. Бас хичээлдээ идэвхитэй суралццаг бөгөөд Биеийн тамир, Математик, Нийгэмийн ухааны хичээлд илүү их сонирхолтой. Урьд өмнө нь хэн нэгэнтэй маргаан, зодоон огт хийж байгаагүй, суурь хүмүүжил сайтай хүүхэд юм” гэх, өсвөр насны шүүгдэгч Д.Гийн хувийн байдлыг тогтоосон гэрч М.Уийн “Д.Г нь 2001 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн бөгөөд доороо 3 дүүтэй юм. Миний хүү Д.Г нь одоо Цогцолбор 2 дугаар сургуулийн 12б бүлэгт сурч байгаа. Даруухан, үг дуу цөөтэй, бусадтай нийтэч, хүнд тусархаг, хүний үгнээс гардаггүй зантай. Архи, тамхи огт хэрэглэдэггүй. Д.Г нь чөлөө завтай үедээ гэрийнхээ ажилд байнга тус, дэм болж, дүү нараа харж ханддаг. Д.Г нь Нийгэм, Математикийн хичээлдээ бусад хичээлээсээ илүү их сонирхолтой. Бас биеийн тамирын хичээлдээ маш их сонирхолтой, чөлөөт цагаараа боксын дугуйланд явдаг. Д.Г нь өсвөрийн улсын аврага шалгаруулах боксын тэмцээнд оролцоод 3 дугаар байранд шалгарч, хүрэл медаль авч байсан. Мөн бүс, аймгийн хэмжээний тэмцээнүүдэд оролцож олон удаа амжилт гаргаж байсан. Би хүүхдээ биеийн тамирын чиглэлээр их, дээд сургуульд суралцуулах сонирхолтой байгаа бөгөөд хэрэгт холбогдсонд нь маш их харамсаж байна” гэх мэдүүлэг, нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Ц.И, Д.Г нар нь Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2 дугаар сургуулийн 12б ангид суралцдаг, урьд өмнө хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, спортоор их хичээллэдэг, хамт олныхоо дунд нэр хүндтэй, нийгмийн идэвхи сайтай сурагчид болох нь тогтоогдсон байна.
Хохирогч Ц.Пийн мөрдөн байцаалтад өгсөн “намайг цохиж, зодсон хүүхдүүд нь надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан учраас надад одоо ямар нэгэн гомдол, тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь тогтоогдож байх тул шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Г нь 2000.01.22-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 10 сар 04 хоногтой, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд 16 нас 11 сар 5 хоногтой, шүүгдэгч Ц.И нь 2000.09.04-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 2 сар 22 хоногтой, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх өдөр 17 нас 3 сар 23 хоногтой буюу өсвөр насны этгээд байна.
Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өсвөр насны этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангасан, түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэгдсэн байхаар зохицуулсан тул анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа ухамсарлаж, чин санаанаасаа гэмшсэн, ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангид суралцаж байгаа болон тэдгээрийн хувийн зан байдлыг харгалзан үзэж, өсвөр насны шүүгдэгч Д.Г, Ц.И нарт ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч нарт авсан хүмүүмжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Увс аймаг дахь Хүүхэд гэр бүл, залуучуудын газарт даалгаж, хүмүүжил, зан байдалд нь хяналт тавих, хүмүүжлийн эерэг нөлөөлөл үзүүлж байх үүргийг хууль ёсны төлөөлөгч М.У, Ц.Ц нарт хариуцуулах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Б.Б нь 1999.04.23-ны өдөр төрсөн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн өдөр 18 нас 8 сар 4 хоногтой насанд хүрсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан.
Иймд шүүгдэгч Б.Бын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг байдал, насны онцлог, хэргийн үйлдэл, оролцоо, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт зааснаар ял оногдуулах боломжтой гэж дүгнэн, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас доош буюу нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэхүйн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж үзлээ.
Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтор хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Дын Г, Т овогт Цийн И, шүүгдэгч Б овогт Бын Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Д.Г, Ц.И нарт мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 120 /нэг зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримт байхгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Д.Г, Ц.И нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Увс аймаг дахь Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг өвсөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн эцэг эх М.У, Ц.Ц нарт хариуцуулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА