| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/1007/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1034 |
| Огноо | 2018-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
Улсын яллагч Э.Унхням,
Шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.У-д холбогдох *****дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Төв аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, тоноглолын техникч мэргэжилтэй, “****” ХХК-д дампны оператор ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Лүн сумын ***р баг, Төв цэгээн гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Тахилт **** тоотод оршин суух хаягтай. Урьд ял шийтгэлгүй, Д овгийн С-ийн Э /РД:****/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тахилт *** тоотод гэртээ архи ууж байсан хүмүүсийг хөөж, уг хөөсөн асуудлаас үүдэн гэрч А.Б-тай маргалдсан бөгөөд хохирогч Г.Б гэрч А.Б-ыг авч явахаар очиход түүний зүүн гуянд хутгалж зүүн гуяны гүн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Э.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тахилт *** тоотод гэртээ хамт архи уусан хүмүүсийг хөөж улмаар А.Б, Г.Б нартай харилцан маргалдах явцдаа Г.Б-ын зүүн гуянд хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Тахилт *** хутгалуулсан хүн байна...гэх тэмдэглэл /хх-02/,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-06/,
- хохирогч Г.Б-ын... Намайг өдөр гэртээ байж байхад нагац ах Б гаднаас 0,5 литрийн Эдэн нэртэй архи аваад ирсэн. Тэгээд бид 2 хувааж уугаад дуусах үед би дэлгүүрээс дахин 0,5 литрийн шилтэй архи нэг шилийг худалдан аваад хувааж уугаад дууссан. Тэгээд ах Б амьд хонь зардаг учир хамт явж мал байгаа газар нь очоод өвс тавьж өгсөн чинь Б ах хойшоо таньдаг айлд очно гээд байсан газар луугаа явсан. Би шууд гэртээ хариад байж байхад удаагүй Б ахын эхнэр нь болох Б эгч манай гэрт орж ирээд надаас Б ахыг асуухаар нь хойно таньдаг айлд очно гэж байсан гэж хэлсэн. Тэгтэл Б эгч хэсэг хугацааны дараа надад хандан хойно нэг таньдаг айл байдаг юм. Хамт яваад Б-ыг аваад ирье гэхээр нь би эхнэр Э, Б нарын хамт гэрээс гарсан. Тэгээд Б ахын байгаа айлд орох үед Б ах танил нутгийн эгч гэх хүнтэй танилцуулаад нөхөртэй нь архи уугаад сууж байсан. Тэгээд бид нарыг дээш суулгаад цай өгөөд юм ярих зуураа ууж байсан архинаасаа хийж өгөхөөр нь би хамт хувааж уусан. Энэ үед эхнэр, эгч нар пиво уугаад хоорондоо ойр зуурын зүйл яриад сууж байсан. Тэгтэл Б ах, Э ах 2 маш их согтоод хоорондоо маргалдаад байсан. Би юунаас болоод маргалдаад байсан талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед би нэлээн согтсон байсан юм. Миний мэдэж байгаагаар Эрдэнэбат гэх ах Б ахыг зайл гээд хөөгөөд байснаа сүүлдээ бид нарыг хөөгөөд Батбаяр ахтай барьцалдаж авах гээд байхаар нь би дундуур нь ороод одоо тарлаа, явлаа гээд Э ахыг холдуулахаар араас нь татсан чинь надтай зууралдахаар нь өөрөөсөө холдуулаад явах гэхэд зүүн гуя хэсэг рүү халуун оргих мэдрэмж төрсөн. Би гайхаад харсан чинь цус гараад намайг хутгалсан байсан болохоор нь та намайг хутгалчихсан байна шүү дээ гэж хэлсэн...Миний бие эмнэлэгт оёдол тавиулаад 7 хоног эмчлүүлж байгаад гарсан. Одоо биеийн байдал хэвийн байгаа...Би өөрийн эмчилгээнд гаргасан бодит зардлыг авсан тохиолдолд надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-12-14/,
- хохирогч Г.Б-ын гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-17-25/,
- шинжээчийн 820 дугаартай дүгнэлт:..Г.Б-ын биед зүүн гуяны гүн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх /хх-26-27/,
- шинжээчийн 676 дугаартай дүгнэлт:...хар өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй байна...гэх /хх-35-36/,
- гэрч Д.Д-ын...2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 19 цагийн үед танил Б нь манай гэрт ганцаараа нэг шил архи барьсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирээд манай нөхөр Э.У-тай нэг шил архи хувааж уусан. Тэгээд Б-ын эхнэр, Б, Б, Э нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн манай гэрт орж ирсэн. Тэгээд манай гэрт лаазтай пиво Б, Б, Э, манай нөхөр нар хувааж уусан. Тэгээд манай нөхөр Б, Б нартай маргалдсан, юу гэж маргалдсан талаар санахгүй байна. Тэгээд манай нөхөр Э.У нь Б гэх залуугийн гуянд нь гал тогооны шүүгээнээс хутга авч нэг удаа хутгалсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-47-48/,
- гэрч А.Б-ын... Би Эмээлт зах дээр мал, мал худалдаалдаг бөгөөд 2020 оны 01 дүгээр 14-ний өдөр хамаатны үеэл дүү Б-ын гэрт очоод 0,5 литрийн Эдэн архи нэг шилийг хувааж уугаад гэртээ харилгүй надаас мал мах худалдан Д гэх нутгийн танил эгчийн гэрт 18 цагийн үед 0,5 литрийн Эдэн архи аваад очсон. Намайг гэрт нь орох үед Д эгч нөхрийн хамт байж байсан. Тэгээд надад хоол цай хийж өгөхөөр нь авсан архи нөхөртэй нь танилцах зуураа бид 3 хувааж уугаад дууссан. Тэгтэл манай эхнэр Б миний гар утас руу залгаад хаана байгаа талаар асуухаар нь байгаа газраа хэлсэн чинь эхнэр Д-ын эгчийн гар утас руу яриад үеэл дүү Б-ыг эхнэрийн хамт дагуулан ирсэн. Тэгээд бид нар 0,75 литрийн Эдэн нэртэй архи хувааж ууж байхад дүү Э нар лаазтай пиво уугаад сууж байсан. Түүнээс хойш би нэг хэсэг согтоод унтаж байгаад сэрсэн чинь Э гэх ах бид нарыг зайл, гар гээд хөөгөөд эхэлсэн. Түүнчлэн намайг түлхэж аваад байхаар нь би түүнд хандан та яагаад бид нарыг хөөгөөд байгаа юм гэж хэлээд бид гарах гэхэд Б Э ахтай ноцолдоод салах үедээ намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тухайн үед Э ах гартаа хутга авсан юм байна лээ, Тэгэхээр нь Б хараад хутгыг нь авах гэхэд хөлөнд нь хутгалсан байсан. Бид сандарч Б-ыг буйдан дээр суулгасан чинь зүүн гуяанд хутгалчихсан, цус их гарч байсан. Тэгээд бид цус тогтоох гэж гараараа дараад байж байхад эмч, цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-55-56/,
- гэрч Т.Э-ийн...тухайн үед Б ах том өрөөнд нь нэг хэсэг унтаж байгаа харагдсан төд хэсэг хугацааны дараа хоорондоо маргалдаад байх шиг байхаар нь яваад орсон чинь Б ах Э гэх хүнтэй маргалдаад байсан. Тэгээд Э гэх хүн Б ахыг зайл гээд гэрээсээ хөөгөөд байснаа барьцалдаж авах гээд гал тогооны өрөөнд маргалдаад байсаг...Б Б ахыг аваад гаръя гээд очоод, энэ ах намайг хутгалчихлаа гэхээр нь харсан чинь хөлнөөс нь цус гараад тогтохгүй байсан болохоор түргэн тусламж иртэл гараараа дараад сууж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа түргэн тусламжийн эмч цагдаа нар ирээд аваад явсан...гэх мэдүүлэг /хх-59-60/,
- шүүгдэгч Э.У-ын...Намайг СХД-н ** дугаар хороо Тахилтын *** тоот гэртээ байж байхад хажуугийн хашаанд амьдардаг хадам дүү Б эхнэрийн гар утас руу залгаад гадаа хашааны хаалгыг чинь хүн нүдээд байна гэж хэлсэн. Тэгээд эхнэр гараад өндөр бор царайтай Б гэх залууг дагуулан орж ирсэн. Учир нь намайг зун хөдөө ажлаар явсан хойгуур эхнэртэй танилцсан нутгийн дүү нь болж таарсан. Тухайн үед нэлээн халамцуу гэрт орж ирсэн бөгөөд 0,75 литрийн Эдэн нэртэй архи нэг шилийг аваад ирсэн, надтай танилцах гэж орж ирлээ гэж хэлсэн болохоор бид 2 хоорондоо танилцаад архийг нь уугаад сууж байхад 21 цагийн үед манай гэрт Б-ын эхнэр нь Б гэх залуу эхнэртэйгээ орж ирсэн. Тэгээд Б бид 2 шилтэй архиа уугаад дууссан болохоор би хажуугийн хашааны хадам дүүг гар утсаар дуудаж дахин нэг шил 0,75 литрийн Эдэн нэртэй архи авч ирүүлсэн. Тэгээд Б, Б бид 3 хувааж уугаад суух зуураа эмэгтэйчүүдэд ганц нэг хундагийг хийж өгөөд байж байхад би согтоод ямар нэгэн зүйл санахгүй байгаа. Миний мэдэж байгаагаар Б-ын хөлнөөс цус гараад хүмүүс намайг хутгалсан гээд байсан. Тэгээд гэнэт сэргэж юу болсон талаар дөнгөж ойлгоод байж байхад цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байр луу, Б-ыг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...гэх мэдүүлэг /хх-51-52, 104-105/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч баримтгүй, шүүгдэгч Э.У нь хохирогчид эмчилгээний зардал болгож 420,000 төгрөг төлж барагдуулж, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй баримт /хх-117-118/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч тус гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, “****” компанид дампын оператор ажилтай, 2 автомашинтай, орлоготой болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-74, 81-85, 86-96, 97 шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар цус мэт дээж 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг хураагдсан /хх-125/, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Э.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-д оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У 600.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцон, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Тус хэрэгт хураагдсан “цус мэт дээж“ 1 ширхэг, хар өнгийн иштэй хутгыг тус шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР