Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/767

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар,

шүүгдэгч Ш.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.О-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201606012345 дугаар хэргийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Цолмонгийн ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Зээлийн ** дугаар гудамж, ** тоотод түр оршин суух,

урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1223 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 01 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Ш овогт Ш-ын О /РД:*****/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ш.О нь Л.П-той бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 17-18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаргалан” нэртэй хүнсний мухлагаас иргэн Б.Г-гийн анхаарлыг сарниулан 600.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтэд дурдагдсантай санал нэг байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 201606012345 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Ггийн: “2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн орчим хүнсний мухлаг ажиллуулж байсан. Гаднаас үл таних 27-28 насны гэмээр хоёр залуу орж ирээд напелон торт авъя гэж хэлээд худалдаж аваад гарсан. Тэрнээс хойш ойролцоогоор 30-40 минутын дараа нөгөө хоёр залуу эргэж ирээд “манай ангийнхан зугаалгаар хөдөө явах гэж байгаа юм, дутуу юмаа эндээс авчихъя” гээд хайрцагт 100 гаруй мянган төгрөгөнд тааруулж юм авна гээд хүнсний бараа бэлдүүлж хайрцаглуулсан. Тэр хоёр залуу манай ээжийг “эгчээ та гэр рүүгээ яваад хайрцаг дахиад олоод ирээч, бид нар хонь гаргаж байгаа юм, мах хийх хайрцаг хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би энэ үед нь “манай ээж явган явж чадахгүй та нар хамт яваад ирэхгүй юу” гэж хэлсэн чинь “манай машин хойно дугуйгаа янзалж байгаа” гэж хэлсэн. Ундаа усаа бэлдээд дууссан чинь нөгөө хоёр залуу чинь “ерөөсөө том ундаа бас нэмж авъя” гэж хэлэхээр нь би дэлгүүрт том ундаа байхгүй болохоор нь гэрээс аавыг дуудаад ундаа дэлгүүрт оруулж ирүүлсэн. Тэр хоёр залуу “танайд айраг байвал айраг авъя” гэж хэлсэн чинь аав “айраг аваад ирье” гээд гараад явсан. Ер нь бол тэр хоёр залуу манай дэлгүүрээс хүнсний зүйл их хэмжээгээр авах нэрийдлээр худлаа баахан юм хайрцаганд хийлгэж анхаарал сарниулж байгаад миний гар утсыг лангуун доороос хулгай хийж аваад явсан. Миний гар утсыг хулгай хийж авсан залуу нь унжуу хамартай 160-170 см орчим өндөр нуруутай, хэл нь хазгай гэмээр ярьдаг тийм залуу байсан. Би хулгайд алдсан гар утсаа олж авч хохирлоо барагдуулах санал хүсэлттэй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-43/,

Гэрч Ж.Х-гийн: “...16 цагийн орчим орж ирээд 2 ширхэг напелон аваад гарсан 2 залуу манай ТҮЦ-нд ороод ирсэн зогсож байсан. Голдуу том, том ундаа, бэлэн хоол, набор, 00 цаас зэрэг баахан бараа лангууны гадна талд тавиулсан байсан. ...Нэг харсан чинь нөгөө хоёр залуугийн нэг нь ТҮЦ-нээс гараад явсан, би мөнгө төгрөгөө авч ирэх гэж байгаа юм байхдаа гэж бодоод байж байтал нөгөө үлдсэн нэг залуу нь мөн гараад явсан. Тухайн үед юм анзаараагүй мөнгөө аваад эргээд орж ирэх юм байх гэж бодоод хэсэг байж байтал эргэж орж ирээгүй. Тэгээд удаагүй байтал охин Г “ээжээ миний гар утас лангуун доор байсан алга болсон байна, нөгөө түрүүний 2 залуу аваад явсан байна, эргээд нөгөө утас уруу залгатал холбогдох боломжгүй болсон байна” гээд араас нь машин тэрэгтэй гараад гудамжуудаар хайгаад олоогүй. Ггийн гар утас нь “Самсунг Эс-6” гэсэн, аваад удаагүй, алдахаасаа өмнөхөн 600.000 төгрөгөөр авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-47/,

Гэрч Т.Б-ийн: “2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ байж байсан чинь гар утас дуугарахаар нь автал манай охин Г яриад “ааваа гэрээс 3 том хайрцаг аваад ирээ” гэж хэлэхээр нь гэрээс хайрцагийг нь аваад ирсэн чинь манай ТҮЦ-нд 20-25 орчим насны хоёр залуус ороод ирсэн баахан юм авах гээд бэлдүүлсэн зогсож байсан. Охин намайг “Гэр рүү яваад том ундаа аваад ир” гэж хэлэхээр нь аваад ирсэн чинь нөгөө 2 залуу байхгүй, охины гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-48/,

Сэжигтэн Л.П-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...шинэ барьсан бор өнгийн ТҮЦ байхаар нь хамт явж орсон чинь лангуун доор нь “Самсунг Эс-6” маркийн гар утас байсан, гэтэл О над уруу “утас байна” гээд нууцаар ирмэхээр нь би худалдагчийн анхаарлыг сарниулах гээд “ундаа авъя, наадхаас чинь төрөл төрлөөс нь олон ширхгийг авъя” гэж хэлээд цааш харуулах гэсэн чинь нэг л болохгүй байсан. Тэр худалдагч эмэгтэй “та нар ийм их ундаагаар яах гэж байгаа юм” гэж асуухаар нь “манай ангийнхан уулзаж байгаа юм, Найрамдал уруу амралтанд гарах гэж байгаа, баахан чихэр чипс авъя” гэж хэлсэн чинь цаашаа хараад чипс авах гээд сандал дээр гарах хугацаанд О лангуу уруу гараа явуулаад гар утсыг аваад ...над уруу авчихлаа гэж дохиод “нөгөө хэд чинь ирж байна” гэж надад хэлээд гараад явсан. Энэ үед ТҮЦ-нд нөгөө худалдагчийн ээж нь бололтой настай хүн ороод ирсэн байсан. Би араас нь гарахдаа “эгчээ наадуулаа хайрцганд хийчихээрэй, би эргээд ороод ирье” гэж араас нь гараад Отай хамт гудамж уруу ороод баахан гудамж дамжиж гүйгээд эцсийн буудлын наанаас зам дээр гарч ирээд такси бариад хотын төв рүү утас зардаг газар очиж гадаа зогсож байсан нэг саравчтай малгайтай махлагдуу хар өнгийн савхин куртик өмссөн залууд ярьж байгаад 300.000 төгрөгөөр зараад хоёулаа хувааж аваад таксиныхаа мөнгийг өгөөд салсан. Тухайн үед мөнгөгүй байсан, мөнгөтэй болох гэж хулгайлж авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-95, 97/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018.08.02-ны өдрийн 229 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: “Samsung S-6 маркийн гар утсыг 600.000 төгрөгөөр тогтоож байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-243-244/,

Шинжээчийн 2016.09.22-ны өдрийн 04/157 дугаар дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд MN000ШШГ03320 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Г.Пүрэвдоржийн зүүн гарын алганы хээгээр, харин 2 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд MN005210006923 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Ш.Оын баруун гарын алганы хээгээр, мөн 3 гэж дугаарласан гарын мөр нь Ш.Оын зүүн гарын алганы хээнүүдээс тус тус үүссэн байна...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-53-54/,

Шүүгдэгч Ш.Оын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Пүрэвдорж бид хоёр уулзаад ТҮЦ-ээс тамхи авахаар гарсан. ...Лангуун дотор нь саарал өнгийн “Самсунг Эс-6” маркийн гар утас харагдаад байхаар нь хулгай хийхээр тэр эмэгтэйн анхаарлыг сарниулах үйлдэл хийж байгаад гар утсыг лангуун доороос би аваад бид хоёр гараад “Монтел” дээр очиж гудамжинд гар утас авахаар зогсож байсан хүнд 300.000 төгрөгөөр зараад мөнгөө хувааж аваад салсан. ...Худалдагчийн анхаарлыг ус ундаа авъя гэж хэлээд их хэмжээгээр авах дүр эсгэж авахаар бэлдүүлсэн. Тэгээд тэр ТҮЦ-ний худалдагч зарах гэж байгаа ус ундаагаа хайрцганд хийгээд байсан. Тэгэж байгаад л гар утсыг нь хулгайлж авсан. Надад энэ хэргээс өөр ямар нэгэн хийсэн хэрэг байхгүй. Тухайн үед ямар нэгэн зорилго байгаагүй, халамцуу явж байгаад архи уух гээд мөнгө болгох гэж л хулгай хийсэн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би хохирогчид хохирлыг төлж барагдуулсан. Цаашид дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй. Надад хөнгөн ял шийтгэл оногдууж өгнө үү” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-89-90, 92, 2 дугаар хавтас, хх-17-18/,

Өргөдөл /1 дүгээр хавтас, хх-6/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-7/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-12/, шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтас, хх-124-126/, хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтас, хх230/, хохирол төлсөн баримт /1 дүгээр хавтас, хх-250, 2 дугаар хавтас, хх-1-2/, шийтгэх тогтоолын хуулбар /2 дугаар хавтас, хх-3-9/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ш.О нь Л.П-той бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 17-18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Жаргалан” нэртэй хүнсний мухлагаас иргэн Б.Г-гийн 600.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гд 600.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч хохиролд 300.000 төгрөг төлөгдсөн /1 дүгээр хавтас, хх-250/, түүний “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй” гэх тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-22/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.От 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугийн асуудлаар маргаагүйг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хэрэглэж ял оногдуулж, тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Шүүх учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.От 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.Оын урьпчилан хоригдсон 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хойшлуулшгүйгээр 2 /хоёр/ хоног баривчлагдсан, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 8 /найм/ хоног, нийт 10 /арав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ш.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ш овогт Ш-ын Оыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Оыг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Оын урьдчилан хоригдсон 10 /арав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.О бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ш.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР