Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 530

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Дарам овогтой Б-ын Э нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж 42, өөрийн байр, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох ажилгүйдлийн тэтгэмж 2 774 684 төгрөг гаргуулахыг хүссэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов. 

                                                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1994 оноос УБТЗ-ын Дохиолол холбооны 2-р ангид монтер, механикчаар ажиллаж байгаад 2017 оны 9-р сарын 13-нд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаа 9-р сарын 15-нд хүлээлгэж өгсөн, 9-р сарын 18-нд тушаал гарсан гэж мэдэгдсэн. Байгууллагын дотоод журмын 4.8-д заасныг үндэслэн тушаалыг 9-р сарын 13-ны өдөр гаргасан байсан. Дотоод журмын 4.8-д зааснаар ажил хүлээлцсэний дараа тушаал гаргаж, нийгмийн даатгалын дэвтрийг олгох ёстой. Би 9-р сарын 19-нд тушаалаа авахаар ажил дээрээ очсон боловч нарийн бичиг тушаал гаргаж өгөөгүй. Үүнээс болж би ажилгүйдлийн тэтгэмж болох 2 774 684 төгрөгийг авч чадаагүй. Би төмөр замын байгууллагад хүнд нөхцөлд 23 жил ажилласан. Энэ мөнгийг нийгмийн даатгалаас авах ёстой боловч боловсон хүчин орлож байсан хүн дүрэм журмаа баримтлалгүй тушаал гаргаснаас болж хохирсон. Төмөр замын ажилтны буруугаас болж ажилгүйдлийн тэтгэмж болох 2 774 684 төгрөгийг авч чадаагүй учраас байгууллагаас хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э 1999 оны 6-р сарын 1-нээс Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт ажиллаж байгаад 2017 оны 9-р сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 39-р зүйлийн 39.2 дахь хэсгээр өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тушаалаар 9-р сарын 22-ны дотор ажлаа хүлээлцэхээр заасан. Гэвч нэхэмжлэгч нь 2017 оны 11-р  сарын 23-нд тойрох хуудсаа авчирч өгсөн. Дотоод журмын 4.8-д тойрох хуудас авчирч өгсөн өдөр нь нийгмийн даатгалын дэвтэр болон тушаалыг хүлээлгэж өгнө гэж заасан байдаг.  Нэхэмжлэгч нь 9-р сарын 13-наас 11-р сарын 23-ны хооронд ямар ч гомдол, хүсэлт гаргаж байгаагүй. Тэгэхээр нэхэмжлэгч өөрөө ажил хүлээлгэж өгөх, тооцоо дуусгах хугацааг хэтрүүлсэн байх тул байгууллагын буруугаас хохирсон гэх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох ажилгүйдлийн тэтгэмж 2 774 684 төгрөг ажилгүйдлийн гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Б.Э нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Дохиолол холбооны 2-р ангид  механикчаар ажиллаж байгаад ангийн даргын 2017 оны 9-р сарын 13-ны өдрийн 186 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаасаа /хх 6/ чөлөөлөгджээ.

 

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалснаар түүнд энэ тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг өгөх үүрэгтэй бөгөөд Улаанбаатар төмөр замын Дохиолол холбооны 2 дугаар ангийн хөдөлмөрийн дотоод журмын 4.8 дахь хэсэгт ...захиргаа ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтны тойрох хуудсыг бөглүүлж, санхүүгийн эцсийн тооцоо хийсний дараа түүнд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэрийг хүлээлгэн өгөхөөр заажээ.

 

Б.Э нь тойрох хуудсанд гарын үсэг зурах ангийн дарга Д.Батхүү ээлжийн амралттай, ерөнхий инженер Д.Батсайхан нь албан тушаал өөрчлөгдсөн, ахлах инженер Н.Ариунболд нь Эрхүүд сурахаар явсан шалтгаанаар гарын үсэг зуруулж чадаагүй хугацаа алдсан, улмаар байгууллагын буруугаас нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй хохирсон гэх үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмжийн 2 774 684 төгрөгийг гаргуулахаар маргажээ.

 

Харин эрх бүхий албан тушаалтнууд нь ээлжийн амралттай, албан тушаал өөрчлөгдсөн, сургуульд сурахаар явсан нь тэдгээрийн буруу биш бөгөөд ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй хохирсон гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Нөгөө талаас, Б.Э нь 2017 оны 11-р сарын 23-нд тойрох хуудсаа байгууллагатаа хүлээлгэн өгсөн нь зохигчийн тайлбар, тойрох хуудас /хх 21/-аар тогтоогдсон байх ба үүгээр даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссан гэж үзнэ.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5-р зүйлд зааснаар ажлаас халагдсан даатгуулагч нь ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагат бүртгүүлэх үүрэгтэй, 6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах, сургалтад хамрагдах өргөдлөө холбогдох бичиг баримтын хамт эрх бүхий байгууллагат гаргахаар заасан байх ба хуульд зааснаар Б.Э нь 2017 оны 11-р сарын 23-наас хойш эрх бүхий байгууллагат бүртгүүлэх  үүргээ биелүүлсэн, бичиг баримтаа бүрдүүлэн хандсан нь тогтоогдоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллага “...хугацаа хожимдуулснаас тэтгэмж олгоогүй” гэсэн үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс 2 774 684 /хоёр сая долоон зуун далан дөрвөн мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөг гаргуулахыг хүссэн Б-ын Э нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 350 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй. 

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА