Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болормаа,

Хохирогч: Б.Г,

Шүүгдэгч: Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Дийн Мд холбогдох 1835000940094 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 2 дугаар сарын 05-нд Увс аймгийн Давст суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, яс үндэс-дөрвөд, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын 2 дугаар багт оршин суух, 2008 онд эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 хоногийн хорих ялаар шийтгэгдэж байсан Ж овогт Дийн М РД:ОВ90050211.

Холбогдогсон хэргийн талаар /яллах дүгнэлдурдснаар/:

Шүүгдэгч Д.М нь Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр, хохирогч Б.Гыг 2017 оны 7 дугаар сард зодсон, мөн жирэмсэн болохыг мэдсээр байж 2017 оны 9 сард зодсон, 2017 оны 10 сард сандлаар цохиж баруун гарын богтос ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрүүдэд эхнэр, хохирогч Б.Гыг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

2 1. Шүүгдэгч Д.Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.М нь Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн нутагт гэрбүлийн бүхий хүн болох эхнэр, хохирогч Б.Гыг 2017 оны 7 дугаар сард зодсон, мөн жирэмсэн болохыг мэдсээр байж 2017 оны 9 сард зодсон, 2017 оны 10 сард эхнэр Б.Гыг сандлаар цохиж баруун гарын богтос ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрүүдэд эхнэр, хохирогч Б.Гыг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь

хохирогч Б.Гын мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед сумын клубт авъяаслаг багш сурагч нэртэй тэмцээн болсныг би үзэж байтал манай нөхөр М бага хүү Чийг цэцэрлэгээс нь авчихсан ирээд “Би аймаг явж байна. Чи хүүхдээ ав” гэж хэлээд явах гэхээр нь би нөхөртөө “Чи түүгээрээ зайл. Битий буцаж ир” гэхэд манай нөхөр гэрээс гаралгүй буцаад миний толгой руу гараараа 2-3 удаа цохиод гэрээс гараад явсан. Тэгээд би араас нь гараад “Чи яагаад хүн цохидог юм” гэхэд намайг түлхэж газар унагаагаад миний нуруу руу 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд хашаанаас гараад явсан. Гэрт намайг цохиж байхдаа миний хоолойг боосон. Манай нөхөр тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Өнгөрсөн зун яг хэдэн сар гэдгийг нь сайн санахгүй байна. Эрүүл үедээ хэрэлдэж маргалдаад намайг гэрт цохиж зодсон. Миний толгой руу гараараа олон удаа цохиж гэмтээсэн.тэгээд орой нь миний чихнээс цус гараад байсан. Тэр орой Н ахын гэрт хоносон.тэгээд би хэсэг хоногийн дараа аймгийн төв рүү орж нэгдсэн эмнэлэгт эмчид зүүн чихээ үзүүлэхэд хэнгэрэг хагарсан байна гээд дусаалга бичиж өгөөд үүнийг дусаагаад яваад байвал зүгээр болчихно гэсэн. 2017 оны намар 9 сард би гэртээ байж байтал манай нөхөр гаднаас согтуу ирэхээр нь би ус авахгүй өдөржин усны сав аваад алга болчихдог гэж хэлтэл надтай хэрэлдээд маргалдаад намайг орон дээр сууж байтал орноос өргөөд шалан дээр унагаасан юм. Тэгээд тухайн үед гэдэс өвдөөд зүгээр болсон тэгээд түүнээс хойш 7 хоногийн дараа миний доошоо цус гараад байхаар нь аймгийн төв орж эмнэлэгт үзүүлэхэд зулбалт явагдаж байна гэж эмч хэлсэн. Тэгээд Б эмчээр цэвэрлэгээ хийлгэсэн. Энэ зулбалт нь намайг удаа дараа цохиж байснаас болсон байх гэж бодож байна. Тэгээд намар 2017 оны 10 сард байх шөнө согтуу ирээд машинтай хашаанд орж ирээд холхиод байхаар нь одоо болно унт гэтэл чамд ямар хамаатай юм гэсэн. Тэгээд гэрт ороод надруу сандал шидэх гээд авахаар нь би сандалыг нь авах гэтэл сандланд нь миний баруун гар цохигдсон. Тэгээд гар өвдөөд байхаар нь аймгийн төв орж нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд баруун гарын нарын шуу хугарч бороолоод эдгэсэн байна гэсэн. Тэгээд 2018 оны 02 сарын 18- ны өдөр аймгийн төвд эгчийндээ байж байгаад манай нөхөр намайг утасны фэйсбүүк хаягны нууц код сольсон байна гэж хэрэлдэж маргалдаад толгойруу гараараа 2 удаа цохьсон. Тэгтэл Мий ээж Мийг эгчийнх нь гэрлүү авч явсан. Тэгээд би хамаатныхаа ахыг дуудаад хамаатныхаа ахын гэрт байж байтал орой нь баруун чихнээс цус гарсан. Тэгээд эмчид үзүүлээгүй юм. Тэгээд 2018 оны 03 сарын 05-ны өдөр манай нөхөр аймаг явлаа гээд маргалдаад миний толгой руу 2-3 удаа цохиж нурууруу 2-3 удаа өшиглөсөн. Манайх одоо 5 настай, 2 настай, хоёр хүүхэдтэй, би 5 сартай жирэмсэн. Нөхөр бид хоёр 2017 онд гэрлэлтээ баталуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/,

3  Шүүхийн хэлэлцүүлэгт: “Надад нэхэмлэх хохирол, гомдол байхгүй. М надаас уучлалт гуйж эвлэрсэн. Одоо бид хоёр хамтдаа амьдарч байгаа. Мийг ял шийтгэлгүй салгаж өгнө үү” гэв.

гэрч Ц.Аийн мөрдөн байцаалтад өгсөн “...манай хөрш Г 2017 оны зун яг хэдэн сар гэдгийг нь сайн санахгүй байна, би гэртээ хүүхдүүдтэйгээ унтах гэж байтал манай хаалгыг цохисон. Тэгээд би хаалга тайлж өгөхөд Б.Г бага хүүхэдтэйгээ манайд уйлчихсан орж ирсэн. Тэгээд би Гаас яасан юм бэ гэж асуухад надад юм хэлэлгүй би танайд хононо гэхээр нь би ор засч өгтөл оронд ороод унтсан. Тэгээд өглөө манайхан босоогүй байхад гараад явсан. Би сайн мэдэхгүй байна, гэхдээ хэрэлдэж байна гэж манай нөхөр Н хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,

гэрч Э.Эгийн мөрдөн байцаалтын шатад өгсөн: “2017 оны 7 сард иргэн Б.Г үзүүлсэн эсэхийг би сайн санахгүй байна манай цахим бүртгэл жил жилээр гардаг юм. Би хүний чих үзэхдээ хоёр чихийг нь үздэг юм. Иргэн Б.Гыг үзсэн. Чихний цочмог үрэвсэл гэж онош тавигдсан. Тэгээд би жорын цаасан дээр эмчилгээ бичиж өгөөд явуулсан. Иргэн Г нь урьд нь чихэндээ цохиулчихаад хойно нь эмнэлэгт ирж үзүүлсэн байна. Тийм учраас гэмтэл аваад хэсэг хугацааны дараа ирж үзүүлсэн байна” гэх мэдүүлэг /хх-44-45-р тал/,

гэрч Н.Бын мөрдөн байцаалтын шатад өгсөн: “...иргэн Б.Г нь манай эмнэлэгээр 2017 оны 096 сарын 15-ны өдрийн 16 цаг 59 минутанд ЭХО-д үзүүлсэн байна. ЭХО-д үзэхэд өсөлтгүй жирэмсэн гэж ЭХО-гийн төхөөрөмжинд гарч байна” гэх мэдүүлэг /хх-21-22-р тал/,

гэрч Ж.Гийн мөрдөн байцаалтын шатад өгсөн: “...Би М М бид нар хөдөө яваад ирээд Мий гэрт очсон.тэгээд М гэртээ ороход эхнэр нь Мийг чи архи уулаа гэж уурлаад М эхнэртэйгээ маргалдсан юм. Тэгтэл Мий эхнэр гэрээсээ гараад машиндаа суугаад хаалгаа цоожилсон. Тэгээд М бид хоёр Мийг гэрт нь оруулчихаад харьсан. Тухайн үед М бид хоёр Мий гэрт байхад М эхнэрээ цохиж зодоогүй, харин бид хоёр явсаны дараа цохиж зодсон байж магадгүй” гэх мэдүүлэг /хх-16-р тал/,

гэрч П.Сын мөрдөн байцаалтын шатад өгсөн: “...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхдээ М эхнэр Гтай хэрэлдэж байсан зодож цохисоныг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд Г бид хоёр Мий гэрээс гараад Одгийв ахын гэрт орж унтсан” гэх мэдүүлэг /хх-35-р тал/,

гэрч Д.Оийн мөрдөн байцаалтын шатад өгсөн: “...2018 оны 02 сарын 18-ны өдөр манайд байсан юм. Тэгээд М утсаар фэйсбүүк орох гэтэл нууц үгийг нь Г сольсон байсан. Тэгээд М эхнэрээсээ нууц үгээ асуухад Г хэлэхгүй байсан. Тэгээд М уурлаад хоорондоо хэрэлдсэн юм. М эхнэрээ нэг удаа нүүрэн тус газар нь алгадсан юм тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан. Тэгээд Г хамаатныхаа ахыг дуудаад хамаатных нь ах ирээд хамт явсан” гэх мэдүүлэг /хх-19-20-р тал/,

гэрч Д.Цын мөрдөн байцаалтын шатад өгсөн: “...02 сарын 18-ны өдөр 4 Оын гэрт байж байтал манай бэр Г фэйсбүүк оролдоод байж байтал манай хүү М би бас фэйсбүүк ормоор байна миний нууц үг болохгүй байна чи гаргаад өг гэтэл бэр чамд яахаараа гаргадаг юм гэтэл М бэр Гыг цохих шиг болсон.яг хаана цохисоныг мэдэхгүй байна тэгээд би босоод тэр хоёрыг салгаад би Мийг дагуулаад хүргэн Шынхаа гэрлүү явсан” гэх мэдүүлэг /хх-30-32-р тал/,

гэрч С.Лгийн мөрдөн байцаалтын шатад өгсөн: “...2018 оны 02 сарын 18- ны орой Г надруу утсаар ярьж манай нөхөр М намайг зодлоо гэхээр нь би Мий эгч Оийн гэрт очиход энэ хоёр хэрэлдэж зодолдоод байна гэж утасны фэйсбүүк хаягны код өөрчилсөн гээд М эхнэр Гаа цохисон та Гыг аваад яв гэхээр нь би Гыг аваад хамаатны айлд хүргэж өгсөн. Тухайн үед М намайг цохилоо гээд уйлчихсан гарч ирсэн биед нь ил харагдах шарх сорви байгаагүй” гэх мэдүүлэг /хх-40-41-р тал/,

гэрч С.Бгийн мөрдөн байцаалтын шатад өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед би гэртээ байх үед манай гэрийн гадна Г ирээд манай нөхөр намайг зодлоо тэгээд би цагдаа дуудтал аймгийн төв орж эмчид үзүүл гэнэ надад ажлаас чөлөө өгөөч гэж хэлэхээр нь би чөлөө өгсөн” гэх мэдүүлэг /хх37-р тал/,

гэрч Ц.Шын мөрдөн байцаалтын шатад өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хадам дүү Мий гэрт хувцасаа авахаар очсон.тэгтэл М эхнэртэйгээ хэрэлдэж маргалдаж байсан. Тэгээд М машинтайгаа аймаг явах гэтэл эхнэр Г нь машиных нь урд ороод гаргахгүй байсан. Тэгээд би Гыг бариад боль гэж хэлсэн. Намайг очиход тэр хоёр гэрийнхээ гадна хашаа дотор хэрэлдэж маргалдаж байсан.зодож цохисон эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх48-р тал/,

гэрч Б.Пын мөрдөн байцаалтын шатад өгсөн: “...би 2017 оны намар 10 сарын сүүлээр сумын төвд ороод хүргэн ахынхаа гэрт очоод хоносон. Тэгтэл өглөө 09 цагийн үед манай хүргэн ах Д.М гэртээ орж ирэхэд нь манай эгч Г хаана хоноод ирэв гэтэл хээр хоноод ирлээ гэж хэлсэн. Тэгтэл манай эгч нөхөрөө гэртээ ирж хонодоггүй юм уу гэж хэлээд тэр хоёр хэрэлдэж маргалдаад манай эгчийн толгой болон цээжрүү гараараа цохисон. Тэгээд би Мийг бариад боль гэтэл чи муу гөлөг дуугуй бай гэж хэлэхээр нь би хэрэлдсэн. Тэгээд би гэрээс нь гараад явчихсан. Манай эгч утсаар ярихдаа М намайг цохилоо гэж ярьдаг. Тэгэхээр нь манай эгчийг байнга зоддог байх, би хөдөө байдаг учир сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-24-25-р тал/,

гэрч Б.Цгийн мөрдөн байцаалтын шатад өгсөн: “...манай охин надруу 2018 оны 03 сарын 05-ны орой утсаар залгаж М намайг цохилоо гэж ярьсан. Манай хүргэн Д.М манай охиныг гэртээ байнга цохиж зоддог юм. Манай хүргэн манай охиныг жирэмсэн байхад нь зодож эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-27-29-р тал/,

шүүгдэгч Д.Мий мөрдөн байцаал болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр аймгийн төв рүү орж Бригадын даргатай уулзаж эрчим хүчний шугамын ажилдаа явна гэж ярьсан. Тэгээд манай эхнэр ажилдаа явсан байсан. Тэгээд би цэцэрлэгээс хүүхдээ аваад 16 цаг өнгөрч байхад 5 сумын клубд очиход манай эхнэр тэнд байсан. Тэгээд би эхнэртэй би аймаг явлаа даргатай уулзаж ажилдаа явах талаар ярья гэтэл манай эхнэр хүүхдээ авч яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймагт ороод хүүхэд хэн хардаг юм бэ гэтэл манай эхнэр намайг машин үлдээчихээд замын машинд яв гэхээр нь одоо явдаг ямар машин байдаг юм гээд бид хоёр гэрлүүгээ ирсэн. Тэгээд би гэрт ирээд цай уугаад хүүхдээ үлдээгээд явах гэтэл манай эхнэр намайг замдаа онхолдож үх гэж хэлэхээр нь би идэж байсан боорцогоо хаячаад гараад машин асаагаад явах гэтэл манай эхнэр машины урд гараад намайг дайрч алчихаад яв гэсэн. Тэгээд би машинаасаа буугаад эхнэрээ гэрлүүгээ чирж оруулах гэтэл гэрлүү орохгүй машин урд хойно гараад байсан. Тэгээд байж байтал манай хүргэн ах Ш ирсэн. Тэгээд би Ш ахад эхнэрээ бариулчихаад машинаа унаад гараад явсан. Би эхнэрээ түлхэхэд газарт өвдөглөж унасан. Би аймгийн төв рүү орж ирсэн. Манай эхнэр намайг машинтай гарах гэхээр байнга уурлаж уцаарлаж хэрүүл маргаан хийдэг юм аа. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан бөгөөд эхнэрээ зодож цохисон зүйл байхгүй. Би сайн санахгүй байна. Манай эхнэр бид хоёр байнга хэрэлдэж маргалддаг юм аа. Манай эхнэр байнга намайг ээжийн гэрлүү явья гэхээр нь би дургүйцхээр надтай хэрэлдэж маргалддаг юм аа. Би 2017 оны 07 сард эхнэрээ зодож цохиогүй. Эхнэр бид хоёр тухайн өдөр буюу 2017 оны 9 нь сард хэрэлдсэн юм тэгээд манай эхнэр орноос босоод ирэхээр нь хариу түлхэчихээд гараад явчихсан юм. Үүнээс өмнө манай эхнэр хутга, хайч аваад гэрээс гарах гээд байхаар нь би гэрээс гаргахгүй гээд эхнэрээ түлхсэн юм. Тэгээд түүнээс хойш би Давсны уурхайд явж байгаад иртэл манай эхнэр гэдэс эвгүй болоод байна гэхээр нь би яасан юм бэ гэж асуутал өдөр машинаас 25 литрийн савтай ус өргөтөл гэдэс хатуураад нүд харанхуйтаж газарт хэд сууж байгаад бослоо гэж хэлж байсан. Түүнээс бол би эхнэрээ зодож цохиогүй. Би 2017 оны 10 сард хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Тэр өдөр сумынхаа 2 залуу болох М, Г нартай гадуур явж байгаад гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирээд 2.5 литрийн том пиво хувааж уугаад Мтай маргалдаад Мг сандлаар цохих гэтэл манай эхнэр бид хоёрын дундуур орж салгах гэж байгаад гараа цохиуллаа гэж надад хэлсэн. Түунээс би би эхнэрээ санаатай зодож цохисон зүйл байхгүй. Би 2018 оны 02 сарын 18-ны өдөр манай эхнэр, манай ээж, хоёр эгч хүргэн ах нартай Давст сумаас аймгийн төв рүү ирж байтал замд машин эвдэрсэн. Тэгээд машинаа чирж аймгийн төвд орж ирчихээд манай эгч Октьябрын гэрт бид нар очсон. Тэгээд манай эхнэр манай эгчийн утсаар Фэйсбүүк орж байсан тэгэхээр нь би эхнэрээ чи наанаасаа гарч бай би хаяг руугаа нэг орчихьёо гэтэл за гэсэн. Тэгээд би Фэйсбүүк хаягруугаа орох гэтэл миний Фэйсбүүк хаягыг сольсон байсан тэгээд би эхнэрээсээ асуухад манай эхнэр надад хэлэхгүй байсан. Тэгээд бид хоёр хэрэлдэж маргалдаад би баруун гараараа зүүн хацарлуу нь нэг удаа ташсан тэгтэл манай эхнэр гуйлгачин юмнууд чамайг шоронд чинь хатаанаа гээд хашгирсан. Тэгээд би бага хүүхдээ аваад өөрийн хүргэн ах Шын гэрлүү явсан. Манай эхнэр бид хоёрын санаа нийлдэггүй миний хийх гэсэн ажлыг байнга эсэргүүцэж байдаг өөрийнхөөрөө байлгах өөрөө мэдэж бүгдийг хийх гэдэг юм. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Би эхнэрээсээ уучлал гуйсан манай эхнэр ч гэсэн надаас уучлал гуйж одоо хоёулаа сайхан амьдарья надад чамаас өөр түшиж тулгуур болдог хүн байхгүй байна гэж хэлсэн. Одоо эхнэр бид хоёр 2 хүүхэдтэй манай эхнэр одоо 8 сартай жирэмсэн байгаа. Иймд манай гэр бүлийг харгалзан үзэж надад хуулийн 6 дагуу хөнгөн ял оноож өгнө үү. Би дахин ийм асуудал гаргахгүй их гэмшиж байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Д.М нь хохирогч Б.Гыг зодсоны улмаас хохирогчийнбие махбодид Баруун гарын богтос ясны хугарал гэмтэл учирсан. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 298 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-р тал/-ээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.М нь хохирогч Б.Гыг 2017 оны 9 сард, 2018 оны 3дугаар сарын 05-ны өдөр зодохдоо эхнэр болох хохирогч Б.Гыг жирэмсэн болохыг мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос яллаж ирүүлсэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Мийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн хүнийэрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Г нь “Манай нөхөр Д овогтой М нь хийсэн гэм буруугаа ухаарч, надаас уучлалт гуйж, бидний амьдрал хэрүүл тэмцэлгүй байна. М нь маш ихээр буруугаа ойлгож, ихээр гэмшиж байгаа тул энэ байдлыг нь харгалзан үзнэ үү. Дахин ийм асуудал гаргахгүй эцэст нь би ч мөн адил итгэж байна” гэсэн хүсэлт /хх-ийн 110-р тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгчээс нэхэмжлэх хохиролгүй болох нь тогтоогдсон тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзэв.

2. Шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Мд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байтал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, жирэмсэн эхнэр болон бага насны хүүхдийн хамт амьдардаг хувийн байдлыг нь хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, 7 шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянна шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Дийн Мийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Мд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Мд тэнссэн хугацаанд нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Мд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Д.М энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ГАНСҮХ