| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0746/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/768 |
| Огноо | 2018-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/768
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,
шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Цийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808030760870 дугаар хэргийг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн **дүгээр хороо, Овоотын **дугаар гудамж, ** тоотод оршин суух,
урьд Улаанбаатар хотын шүүхийн 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 68 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1, 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 223 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, Б овогт Г-ын Ц /РД:*****/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Г.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Овоотын ** дүгээр гудамж, ** тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.Зтай “...машины түлхүүр өгсөнгүй..” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой, хөл тус газар нь цохиж, бие махбодид нь “...тархи доргилт, зүүн гуянд цус хуралт...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Машинаа хохирогчид шилжүүлж өгсөн байгаа. Дахин алдахгүйг хичээнэ” гэв.
Эрүүгийн 1808030760870 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч А.Зын: “2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн үед гэртээ байхад Ц согтуу орж ирээд машины түлхүүр нэхэхээр нь би “согтуу машин барьж болохгүй” гээд өгөөгүй. Ц гараад усны тэрэг аваад “машинаа эвдэнэ” гээд шидэх гэхээр нь би “хэрэггүй, орж унт” гэхэд “тэгвэл чамайг ална” гээд дайрч үснээс зулгаагаад баруун гараараа толгой уруу хэдэн удаа цохисон. Хашаанаас гарч яваад буцаж орж ирээд дахин миний үснээс зулгааж чирээд хашааны гадна гаргаж ирээд толгой уруу 3 удаа цохиод орхиод явсан. Цагдаа нар ирээд Цийг аваад явсан. Би гомдолтой байна. Тухайн үед “Монос” төвөөс дусал худалдан авч байсан, 170000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-26-28/,
Гэрч Т.Э-ы: “...Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Овоотын ** тоотод 12:00 цагийн орчимд шиг санаж байна “нөхөр зодоод байна” гэх дуудлага, мэдээллийг жижүүрийн албанаас өгсний дагуу очиж шалгасан. Гэрт ороход дуудлага өгсөн гэх эмэгтэй хоёр хүүхдийн хамт байсан. Нөхөр нь зугтчихсан гэж хэлж байсан. ...Тэр дуудлага өгсөн эмэгтэй өөрийгөө З гэж хэлсэн. Нөхөр нь толгой болон хөл рүү цохисон гэж ярьсан. Нүүрэнд ил харагдах гэмтэл шарх гээд байх зүйл харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-36-37/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.20-ны өдрийн 7845 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.А.З-н биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөхгүй” гэжээ /хх-42/,
Шинжээч Ө.Сарангэрэлийн: “...А.Зын биед үүссэн тархи доргилт гэмтэл нь цохих, өшиглөх мөн толгойгоороо хатуу мохоо зүйл мөргөснөөс үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-43-44/,
Яллагдагч Г.Цийн: “2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр би жолооны оноогоо сэргээлгэх гээд гарч яваад оноо сэргээлгэх мөнгөөрөө 2 шил 0.5 литрийн архи аваад тэр хавиар байдаг зүс таних хүмүүстэй хувааж уучихаад гэр рүүгээ явж байсан чинь Мандах гэх залуу “би таны машиныг авъя” гэхээр нь би “тэг, тэг” гэж хэлчихээд гэр рүүгээ очиж хамтран амьдрагч Зад “би машинаа зарлаа, түлхүүр аваад ир” гээд хэлсэн чинь “заруулахгүй” гээд түлхүүр өгөхгүй байхаар нь бид 2 хоорондоо маргалдсан. Би “энэ машин чамд ч хэрэггүй, надад ч хэрэггүй болгочихъё” гээд усны тэрэг аваад машинаа цохих гэсэн чинь цохиулаагүй болохоор би үснээс нь зулгаасан. Нэг мэдэхэд цагдаа ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-97-99/,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-38-40/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-53, 57/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-54/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-55, 56/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-58, 59/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт /хх-60/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-62-63/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64/, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-81-82/, гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-83-91/, хохирогчийн шүүхэд гаргасан “Гомдолтой байна. Толгойдоо дусал хийлгэсэн 99.000 төгрөгөө нэхэмжлэхгүй” гэх хүсэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Ц согтуурсан үедээ 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Овоотын ** дүгээр гудамж, *** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.Зтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч А.Зын “...Үснээс зулгаагаад баруун гараараа толгой уруу хэдэн удаа цохисон. Дахин үснээс зулгааж чирээд хашааны гадна гаргаж толгой уруу 3 удаа цохиод орхиод явсан...” гэх мэдүүлэг /хх-26-28/, гэрч Т.Э-ы “...Нөхөр нь толгой болон хөл рүү цохисон гэж ярьсан. Нүүрэнд ил харагдах гэмтэл шарх гээд байх зүйл харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-36-37/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7845 дугаар “1.А.З-н биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-42/, шүүгдэгч Г.Цийн “...Би үснээс нь зулгаасан. Нэг мэдэхэд цагдаа ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-97-99/ болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “170.000 төгрөг нэхэмжилнэ”, “Дусал хийлгэсэн 99.000 төгрөгөө нэхэмжлэхгүй” гэх хүсэлт гаргасныг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Ц хохирол төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тстай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хоригдох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирогчид өөрийн эзэмшлийн машинаа шилжүүлж өгсөн, бусад хохирлыг төлнө гэж байгаа тул нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Албадлагын арга хэмжээ хэрэглэхэд татгалзах зүйлгүй...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Г.Ц-д 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Цийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал /урьд олон удаа гэмт хэрэг үйлдсэн, хамгийн сүүлд 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан/-ыг тус тус харгалзан зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Ц урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цийг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан 6 сарын хугацаанд шүүгдэгч Г.Ц-д зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Ц урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР