| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01926/И |
| Дугаар | 408 |
| Огноо | 2018-02-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнийг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Отто сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Урианхан овогт Ч-ын О-т холбогдох,
Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 1,037,570 /нэг сая гучин долоон мянга таван зуун далан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Шүрхүү, хариуцагч Ч.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Сүхболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Отто СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон гүйцэтгэх захирал Б.Шүрхүү шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Отто СӨХ нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол дахь орон сууцуудыг хариуцан ажилладаг. Тус СӨХ-ны 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын 02 тоот тогтоолоор 2013 оны 1 дүгээр сараас эхлэн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Хариуцагч Ч.О нь тус хотхоны 3а дугаар байрны 48 тоот хаягт оршин суудаг бөгөөд 2007-2017 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны сууц өмчлөгчдийн холбооны зардал 1,037,570 төгрөгийг төлөөгүй. Хуульд зааснаар нийтийн ашиглалтын өмч хөрөнгө гэж байдаг бөгөөд эдгээр хөрөнгөд тухайн барилгын шугам сүлжээ, орц, цэвэрлэгээ гэх мэт ордог. СӨХ бүх гишүүдийн 50 хувийн саналаар үүсгэн байгуулагдаж, гүйцэтгэх захирал томилон ажиллуулж, хурлаа хийж тайлангаа тавьдаг. Бүх гишүүдийн хурал, тайлан хэлэлцэх хуралд хариуцагч Ч.О ирдэггүй. Хариуцагчийн байранд жижүүр ажиллаж, орц хонгилыг цэвэрлэдэг. Ч.О СӨХ-ны үйлчилгээг авч байгаа хэрнээ төлбөрөө огт төлдөггүй. Хэдийгээр шүүхэд 2007 оноос хойш 2017 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацааны төлбөрийг гаргуулахаар анх шаардсан боловч төлбөр шаардах хуулиар зохицуулсан хугацаа байдаг гэдгийг ойлгосон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 4 дүгээр сараас 2017 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацааны төлбөр 366,480 төгрөгийг Ч.Оаас шаардаж, 671,090 төгрөгөөс татгалзаж нэхэмжлэлээ багасгаж байна. Би энэ СӨХ-ны гүйцэтгэх захирал болсноос хойш төлбөр огт өөрчлөгдөөгүй. Тэгэж төлбөр өөрчилсөн талаар ямар нэг шийдвэр байхгүй учраас шүүхэд гаргаж өгөх боломжгүй. Энэ хүн СӨХ-ны ажлыг үгүйсгэж, тайлангийн хуралд ч оролцдоггүй байж нийтийн зориулалттай орон сууцанд 10 жил амьдарчихаад байр дулаан байгаа, цэвэр цэмцгэр байгаа, дээвэр болон гадна орчны засварыг хийж ажиллаж байгаа бидний ажлыг үгүйсгэж ийм тайлбар тавьж байгаа нь сонин байна. СӨХ-ны төлбөр сүүлийн 5 жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй. 2010 онд өөрчлөгдөж нэмэгдсэн байсан. Түүнээс хойш төлбөр өөрчлөгдөөгүй. 9,250 төгрөг байж байгаад 10,180 төгрөг болсон тухайн үед намайг гүйцэтгэх захирлаар томилсон байсан ч би ажлаа бүрэн аваагүй байсан. Энэ тухай баримт материал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага багасгасан хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.О шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие нэхэмжлэлд дурдсан хаягт амьдарч байхдаа агааржуулагчийн хоолой даган дээврээс цас борооны ус жилийн жилд гоожиж, дулааны улиралд орон гэргүй хүмүүс дээвэр дээр амьдарч байгаа талаар контор, СӨХ-нд мэдэгдэж байсан боловч арга хэмжээ аваагүй. Энэ нь эд материалын болон сэтгэл санааны хохирол учруулсаар байдаг. Би энэ СӨХ-г сонгоогүй, хуралд нь оролцоогүй. Б.Шүрхүү гэж хүнийг захирлаар сонгоогүй. Нэхэмжлэлд дурдсан төлбөрийн нэхэмжлэхүүдийг надад өгч байгаагүй тул уг үнийн дүнгийн задаргааг мэдэхийг хүссэн. Жижүүрийн үйл ажиллагааны хувьд манай орцыг хамран ажиллаж чаддаггүй. Асуудал тулгараад хэлэхэд би хариуцахгүй гэж тайлбарладаг. Жижүүрийн төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Оршин суугчийн хувьд байшингийнхаа урд машинаа тавихаар жижүүрийн хяналтаас хол, жижүүрийн ойрхон тавихаар манай байрны машин биш гээд хөөгөөд байдаг. Тухайн жижүүрийн ажлын байрны тодорхойлолтыг хэлэх талаар лавлахад бүрэн хэлж чадахгүй байна. Миний хувьд хүн чанар гаргаагүй биш тухайн жижүүрт нь ойр зуур туслаж, угаалга хийж байхад нь угаалгын бээлий хүртэл өгч байсан. Үргэлж жижүүртэй байгаа гэж байж манай орцонд согтуу хөлчүү улсууд архидаж согтуурах асуудал байдаг байсан. Би 2 охинтой бөгөөд охидуудаа шөнө орой ороод ирэхэд нь согтуу хөлчүү хүн чаннгаах вий гэж айдаг. Тухайн байрны үүдэнд машинаа тавихад 2 удаа машиныхаа бүтээлгийг хулгайд алдаж байсан. Байр, орцны гэрэлтүүлгийн хувьд урд талын хөрштэйгөө би тохиролцоод орцныхоо гэрэлтүүлгийг өөрсдөө сольж янзалдаг байсан. Өнөөдөр намайг хүн чанаргүй гэж үзээд байгаад би гомдолтой байна. СӨХ-ны төлбөр хэрхэн тогтоогдсон талаар нэхэмжлэгч тал нотлож чадахгүй байна. Энэ СӨХ-ны тайлбарыг харахад нягтлан бодогчийн гарын үсэггүй, ямар нэгэн үнэн зөв тодорхойлолт гэж үзэхээр баримт байгаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн ч гэсэн баримтаас харахад үнэ нь байнга хэлбэлзэж байсан. Тийм байхад СӨХ-ны дээд зөвлөлийн тогтоолоор 2 удаа л өөрчлөгдсөн гэдэг ч тэгэж өөрчилсөн тухай ямар ч тогтоол шийдвэр байдаггүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Отто СӨХ нь хариуцагч Ч.О-т холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын 2007 оноос 2017 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацааны 1,037,570 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 671,090 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ч.О-аас 2014 оны 4 дүгээр сараас 2017 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны засвар үйлчилгээний зардалд 366,480 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Ч.О нь дээрх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй боловч, Отто СӨХ-ны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ болон гүйцэтгэх захирлыг тэрхүү зардлын дүнг хэрхэн тогтоосон талаар нийт гишүүдийн хурлаар шийдвэрлэсэн тогтоол шийдвэр байхгүй, уг төлбөрийн үндэслэлээ баримтаар нотлоогүй учраас төлбөр төлөх үндэслэлгүй бөгөөд, тус байранд жижүүр ажилладаггүй байтал жижүүрийн хөлс шаардах эрхгүй гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Отто СӨХ нь 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж, 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тус холбооны Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор Б.Шүрхүүг гүйцэтгэх захирлаар томилсон болох нь гэрчилгээ болон удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор тус тус нотлогдож байна. /хх 5, 9/
Хэдийгээр сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.3 дахь хэсэгт заасан дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох, мөн хуулийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй бөгөөд, хариуцагч Ч.О нь энэ үүргээ биелүүлээгүй буруутай боловч, тэрхүү зардлын хэмжээг Отто СӨХ нь хэрхэн тогтоож шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байна.
Өөрөөр хэлбэл: Отто СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардал 2007 оны 3 дугаар сараас 2010 оны 3 дугаар сарыг хүртэлх хугацаанд 6.220 төгрөг байснаас 6.720, 6.820, 6.920 төгрөг болж, 2010 оны 4 дүгээр сараас 2011 оны 3 дугаар сар хүртэл 7.320 төгрөг, 2011 оны 4 дүгээр сараас 2012 оны 12 дугаар сар хүртэл 9.250 төгрөг, 2013 оны 3 дугаар сараас 2015 оны 7 дугаар сарыг хүртэл хугацаанд 10,180 төгрөг, улмаар 2015 оны 8 дугаар сараас хойш 10,280 төгрөг болж тус тус өөрчлөгджээ. /хх 97-103/
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь хэсэгт сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмыг сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заавал тусгана гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан байна.
Гэтэл сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардлын хэмжээ дээрх байдлаар өөрчлөгдөх бүрт хуульд заасны дагуу СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэр гаргаж байгаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд, нэхэмжлэгч Отто СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Шүрхүү 2012 оны 11 дүгээр сард томилогдсоноос хойш засвар үйлчилгээний зардлын төлбөр 2 удаа өөрчлөгдөхөд ...Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлөөс тогтоосон жишиг үлгэрчилсэн нормоор тогтоосон... гэж тайлбарлах боловч, үүнийгээ баримтаар нотлоогүй, гаргах баримт байхгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас шаардаж буй 366,480 төгрөгийн төлбөрийн шаардлагаа бүрэн нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Отто СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.О-аас 366,480 /гурван зуун жаран зургаан мянга дөрвөн зуун наян/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Отто СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА