Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 102/2018/00062/И |
Дугаар | 491 |
Огноо | 2018-02-09 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгалийг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б П ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т ХХК-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагч байгууллагын захирал М.Саруул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа:
Манай компанитай хамтран үйл ажиллагаа эрхлэгч Т ХХК-ийн ерөнхий захирал М.Саруул 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийг өөрийн компанийнхаа үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор 1 сарын хугацаатай хүүгүй зээлж авсан. Б П ХХК-иас 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн маягтыг Т ХХК-д явуулахад зээлж авсан 2,000,000 төгрөгийг 9 дүгээр сарын 01-ний өдөр төлж, өр төлбөрийн үлдэгдэлгүй болгох талаар баталгаа гарган өгч хариу ирүүлсэн. Гэтэл тус компани нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн хэлбэрээр зээлийн төлөлт хийгээгүйн улмаас манай компанид эдийн засгийн хохирол учруулж байна. Б П ХХК нь улирлын чанартай ажил хийдэг, өвлийн улиралд ажилчдынхаа 70 хувийг амраадаг. Амарсан ажилчдаа 100,000-500,000 төгрөг хүртэл 1 удаагийн урамшуулал олгодог, одоогийн байдлаар 12 ажилтандаа санхүүгийн улмаас урамшууллын мөнгө олгож чадаагүй байна. Б П ХХК-ийн захирал М.Саруулд 2.000.000 төгрөгийг аман хэлцлээр бодитоор, бэлнээр хүлээлгэж өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн нэхэмжлэхийн хариуг Т ХХК-ийн захирал тухайн зээлийг хүлээж авсан өдрөө нягтлан бичиж өгсөн гэж ярьж байна. Энэ нь шүүхэд худал тайлбар өгч байгаагийн илрэл юм. Хариуцагч тал 2.000.000 төгрөгийг бэлнээр хүлээж аваад төлөх гэж байгаа үндэслэлийг албан тоотоор ирүүлсэн нь мөнгө хүлээлгэж өгсөн нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 199.1-т нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх, гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргээ хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдэнэ гэж зааснаар Б П ХХК бэлнээр 2.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэдгийг Т ХХК-ийн өгсөн баталгаагаар хүлээн зөвшөөрч, нотлогдож байна. Ямар ч компани албан тоотыг хайнга хандаж, өөрсдийн эрсдлийг тооцоолж бичдэггүй. Иймд Т ХХК-иас 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тус компанийн захирал М.Саруул, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг нар тайлбарлахдаа:
Бид Б П ХХК-тай хамтран ажиллаад 2-3 жил болж байна. Манай компани цонхны үйлдвэр, шилэн фасад хийдэг. Б П ХХК-ийн захирал Г.Мөнхбаясгалан 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ирээд, М.Саруул эгчээ би таньд 2.000.000 төгрөг зээлье, та надад баримт бичиж өгөөрэй гэхэд нь би нягтландаа баталгаа бичиж өгөөрэй гэж хэлчихээд, гараад явсан. Бид 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр буцааж өгөхөөр ярьж, тохирсон боловч надад Б П ХХК 2.000.000 төгрөг өгөөгүй. Би Г.Мөнхбаясгалантай олон удаа ярилцсан боловч надаас мөнгө нэхээд байна. Хэрвээ надад үнэхээр мөнгө өгсөн бол баримт үйлдсэн бичиг, дансаар шилжүүлсэн бол дансны хуулгаа аваад ирэх хэрэгтэй. Өгөөгүй, зээлээгүй мөнгөө надаас баталгаа бичүүлж, авхуулчихаад нэхэж байгааг ойлгохгүй байна. Хэрвээ Г.Мөнхбаясгалан надад мөнгө зээлдүүлсэн бол хэдэн төгрөг, ямар мөнгөн дэвсгэртээр, яаж, хэдэн цагийн үед хэрхэн өгсөн эсэхээ мэдэх ёстой. Би гэнэ алдаад бичиг хийж өгсөн нь буруудлаа.Нэхэмжлэгч талын яриад байгаа шиг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр манай байгууллага нэхэмжлэгч байгууллагаас ямар ч мөнгө зээлж бэлнээр болон дансаар хүлээн аваагүй.
Иргэний хуулийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүрэгтэй, 282.4-т мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан. Мөнгөө огт зээлдүүлээгүй мөртлөө мөнгө зээлсэн гэсэн баталгаа бичүүлж аваад, баримт бүрдүүлж, мөнгө зээлсэн мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хувьд бэлнээр болон дансаар нэг ч төгрөг хүлээн аваагүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй учраас нэхэмжлэгч тал манай байгууллагаас огт зээлээгүй мөнгөө шаардах эрхгүй, манайх төлөх үүрэггүй юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч мөнгө өгсөн гэдгээ нотлож чадахгүй байна. Баталгаа бичүүлж авч чадаж байгаа бол мөнгө хүлээлгэн өгсөн талаар гарын үсэг зуруулсан байх ёстой. Захирал хүн албан тоот бичээд суух зав байхгүй, нягтландаа хэлж бичүүлээд, гарын үсэг зурдаг. Б П ХХКомпанийн захирал үнэхээр мөнгө өгсөн бол заавал бэлэн мөнгөний баримт үйлддэг хүн. Бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримт байхгүй байна. Мөнгө өгсөн бол баримтаа гаргаж, ирээд мөнгөө шаардах хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б П ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, зээлийг бодитоор хүлээж аваагүй, зээлдүүлэгч нь мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт ...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Б П ХХК нь хариуцагч Т ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр аман хэлбэрээр хийгдсэн зээлийн гэрээний дагуу зээлдэгчид 2,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч, зээлийн гэрээг 1 сарын хугацаатай, хүүгүй байхаар харилцан тохиролцсон боловч зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг эргэн төлөөгүй учир 2,000,000 төгрөгийг Т ХХК-иас гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс дансаар болон бэлнээр мөнгө хүлээж аваагүй учир зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарлан өөрийн компанийн Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансны хуулгыг баримтаар гаргасан бол, нэхэмжлэгчийн зүгээс Т ХХК-ийн зээлийн төлбөрийг хугацаа заан төлж барагдуулахаа илэрхийлсэн баталгааг мөн нотлох баримтаар гаргасан бөгөөд, уг дансанд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Б П ХХК-иас орлого ороогүй болох нь тогтоогтож байх боловч, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээлийг дансаар бус бэлнээр олгосон гэж тайлбарлах тул дээрх баримт хэрэгт ач холбогдолгүй болж байна.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн буюу хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасны дагуу хариуцагч Т ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1/47 тоот Баталгаа гаргах тухай албан бичгээр зээлийн төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 01-нд ямар ч саадгүй төлөхөө илэрхийлжээ. /хх 6/
Дээрх баримтаар Т ХХК нь Б П ХХК-иас 2,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд, нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.
Хэдийгээр хариуцагч талын зүгээс мөнгө бодитоор хүлээн аваагүй бөгөөд, дээрх баталгааг мөнгийг аваагүй байхдаа бичиж өгсөн гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаж буй тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б П ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА