| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0335/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/344 |
| Огноо | 2018-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Б.Уранцэцэг,
шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-ийн Г-т холбогдох 1808004850179 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “..” төвд засварчин ажилтай гэх, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овгийн Л-ийн Г /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Л.Г нь 2017 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих
шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, эрүүлжүүлэх байранд
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн ... дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны
цагдаа, дэд ахлагч Ө.Х-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч
хэрэглэн эсэргүүцэж, түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн
хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ө.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны цагдаа, дэд ахлагч байгаа юм. 2017 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө албан үүргээ гүйцэтгэж байсан юм. ...00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсээс ... нэртэй ресторанд агсам тавьж, цонх хагалсан гэх дуудлагаар ахмад Э, сургагч ахлагч М 2 эрэгтэй хүн авч ирсэн юм. Би хувцас солих өрөөнд оруулж хувцсыг нь тайлуулаад нэг залууг нь татаад энд түр зогсож бай гэсэн чинь “чи ямар том пизда вэ” гээд нүүрэн тус газарт цохисон юм. Би харааны шил зүүдэг нүдний шил хагарч хамраас цус гоожсон. Тэгээд намайг хэл амаар доромжилж ажилгүй болгоно гэх мэтээр сүрдүүлж танхайрсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 12х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №992 дүгнэлтэд: “...“...Ө.Х-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 27х/
Гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байсан. ...23:00-00:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч 2 залууг авч ирсэн. Танхайн зөрчилтэй гэж Х биед нь үзлэг хийгээд саатуулдаг. Би камерын өрөөнд байж байхад өндөр өөрийгөө Г гэж байсан шар залуу Хийг цаашаа ороод гутлаа тайл гэж хэлсэн чинь нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиод би болон замын цагдаагийн нэг цагдаа салгаад бид 2 хамтарч газарт хэвтүүлж байгаад гавлаж, эсэргүүцлийг нь зогсоосон юм. ...Намайг камерын өрөөнд орсон чинь цохиод Х газарт унасан байсан. Х ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл гаргаагүй байсан. Дараа нь хяналтын камераар би харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х/
Гэрч Ц.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би саатуулах байрны эмчийн ажил хийдэг юм. 2017 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байсан. Г гэх залуу 1,35 хувийн согтолтын зэрэгтэй байсан санагдаж байна. Даралт хэвийн ил харагдах гэмтэл шархгүй залуу байсан. Би эрүүлжүүлж болно гэж Х-ид хэлсэн. Х өрөөнөөс авч гараад удалгүй орилоон шуугиан болохоор нь гараад ирсэн чинь Х газар уначихсан цохиулсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Г нь Х-ийг зогсож байхад шууд цохиод авч байгаа бичлэг байлаа. Г-ыг саатуулах гэхэд эсэргүүцэл үзүүлээд хүч хэрэглэж газард дарж байж гавлаж байгаа бичлэг байв. Г-ыг гавлахад дийлдэхгүй их саатуулах байрны цагдаа замын цагдаатай хамтарч гавлаж байгаа бичлэг дуусав...” гэжээ. /хх-ийн 47-48х/
Л.Г-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 13х/
Хохирогч Ө.Х-ийн хүсэлт: “...Л.Г нь эмчилгээний зардал болох 1.500.000 төгрөгийг өгсөн тул нэхэмжлэх зүйл болон гаргах гомдол байхгүй. Иймд Л.Г-т ... хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх /х-ийн 59х/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийн мэдүүлэг /хх-ийн 39-41х/
Шүүгдэгч Л.Г-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын өдөр 10 жилийн шинэ жилээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ... нэртэй ресторанд тэмдэглээд 23:00 цагийн үед үл таних залуутай маргалдаж ...манай найз цагдаад дуудлага өгсөн. ...Цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд хүргүүлсэн. Эрүүлжүүлэх байранд орж ирээд дахин нөгөө залуутай маргалдаж эхэлсэн. Цагдаа Ө.Х- араас миний гарыг өчиж нөгөө залуу бид хоёрыг маргахыг болиулсан. Тэгээд би нөгөө цагдаа болох Ө.Х-ийн нүүрэн тус газарт нэг удаа цохиод байж байхад бас өөр цагдаа ирээд намайг цааш нь авч яваад саатуулах торонд хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Л.Г-ын хувийн байдлын талаар:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54х/
СХД-ийн 17 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 53х/
Гэрч Б.Баярмаа, Э.Ган-Эрдэнэ нарын мэдүүлэг /хх-ийн 17-19, 21-23х/
Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52х/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн дүгнэлт хэсэг:
Л.Г нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих
шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, эрүүлжүүлэх байранд
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны
цагдаа, дэд ахлагч Ө.Х-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч
хэрэглэж, түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн
хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ө.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны цагдаа, дэд ахлагчаар ажилладаг ба 2017 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө албан үүргээ гүйцэтгэж байх зуур 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсээс ... нэртэй ресторанд агсам тавьж, цонх хагалсан гэх дуудлагаар ахмад Э, сургагч ахлагч М 2 эрэгтэй хүн авч ирсэн юм. Би хувцас солих өрөөнд оруулж хувцсыг нь тайлуулаад нэг залууг нь татаад энд түр зогсож бай гэсэн чинь “чи ямар том пизда вэ” гээд нүүрэн тус газарт цохисон юм. Би харааны шил зүүдэг нүдний шил хагарч хамарнаас цус гоожсон. Тэгээд намайг хэл амаар доромжилж ажилгүй болгоно гэх мэтээр сүрдүүлж танхайрсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 12х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №992 дүгнэлтэд: “...“...Ө.Х-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 27х/
Гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байсан. ...23:00-00:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч 2 залууг авч ирсэн. Танхайн зөрчилтэй гэж Х биед нь үзлэг хийгээд саатуулдаг. Би камерын өрөөнд байж байхад өндөр өөрийгөө Г гэж байсан шар залуу Хийг цаашаа ороод гутлаа тайл гэж хэлсэн чинь нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиод би болон замын цагдаагийн нэг цагдаа салгаад бид 2 хамтарч газарт хэвтүүлж байгаад гавлаж, эсэргүүцлийг нь зогсоосон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х/
Гэрч Ц.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би саатуулах байрны эмчийн ажил хийдэг юм. 2017 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байсан. Г гэх залуу 1,35 хувийн согтолтын зэрэгтэй байсан санагдаж байна. Даралт хэвийн ил харагдах гэмтэл шархгүй залуу байсан. Би эрүүлжүүлж болно гэж Хид хэлсэн. Х өрөөнөөс авч гараад удалгүй орилоон шуугиан болохоор нь гараад ирсэн чинь Х газар уначихсан цохиулсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Г нь Хийг зогсож байхад шууд цохиод авч байгаа бичлэг байлаа...” гэжээ. /хх-ийн 47-48х/
Шүүгдэгч Л.Г-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын өдөр 10 жилийн шинэ жилээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ... нэртэй ресторанд тэмдэглээд 23:00 цагийн үед үл таних залуутай маргалдаж ...манай найз цагдаад дуудлага өгсөн. ...Цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд хүргүүлсэн. Эрүүлжүүлэх байранд орж ирээд дахин нөгөө залуутай маргалдаж эхэлсэн. Цагдаа Ө.Х- араас миний гарыг өчиж нөгөө залуу бид хоёрыг маргахыг болиулсан. Тэгээд би нөгөө цагдаа болох Ө.Х-ийн нүүрэн тус газарт нэг удаа цохиод байж байхад бас өөр цагдаа ирээд намайг цааш нь авч яваад саатуулах торонд хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хууль сахиулагчийн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, хүч хэрэглэсэн үйлдэл хийсний улмаас хохирогч Ө.Х-ийн биед хөнгөн гэмтэл учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №992 дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдсон ба шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.
Иймд шүүгдэгч Л.Г-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Л.Г нь хохирогч Ө.Х-эд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.500.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ нь хохирогч Ө.Х-ийн мөрдөн байцаалтын гаргасан хүсэлт /хх-ийн 59х/-ээр тогтоогдсон, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал:
Шүүгдэгч Л.Г-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Оногдуулах ял шийтгэлийн тухайд:
Шүүгдэгч Л.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн төрөлд хамаарагдах бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, орлогын эх үүсвэртэй болохыг нотолсон баримт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 / нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 3 дах хэсгийн 3.3 дахь заалтуудыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах тухай үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох талаар хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэв. Учир нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэжээ.
Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч Л.Г нь хохирогч /цагдаагийн/ эсрэг халдсан үйлдэл нь нийлмэл гэмт хэргийн шинжийг агуулж байгаа хэдий боловч эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээ аль алиныг өөртөө багтаасан байх тул Л.Г-ын хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан дээрх байдлаар торгох ял, хорих ял оногдуулахаар тэнсэж, албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх боломжтой гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхийн CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэг хавсаргахаар тогтов.
Шүүгдэгч Л.Г-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Лувсанцэндийн Г-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 3 дах хэсгийн 3.3 дахь заалтуудыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах тухай үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох талаар хязгаарлалтыг тогтоож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-т оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ