Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 155

 

 

 

 

 

 

                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч А.Ганзориг (томилолтоор),

хохирогч Б.Үүрцайх,

шүүгдэгч М.Болдмэргэнбаатар,

шүүгдэгч Б.Пүрэвбазар, хууль ёсны төлөөлөгч Л.Энхжаргал,

шүүгдэгч Ц.Ганжин, хууль ёсны төлөөлөгч Ц.Цэрэндулам,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэрэндулам (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0192) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:        

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Суваргачин овогт Мөнхтамгын Болдмэргэнбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт, Боржигон овогт Баатарын Пүрэвбазар, Таргад овогт Цогтгэрэлийн Ганжин нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011010 дугаартай 1 хавтаст хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Суваргачин овогт Мөнхтамгын Болдмэргэнбаатар, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1995 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Чойбалсан сум, 1 дүгээр багт байнгын, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамжны 121 тоотод түр оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЖМ95112410.

2. Боржигон овогт Баатарын Пүрэвбазар, Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 2000 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, Ерөнхий боловсролын 106 дугаар сургуулийн 9 дүгээр ангид суралцдаг, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 18-15 тоотод оршин суух, регистрийн дугаар АД00250512.

3. Таргад овогт Цогтгэрэлийн Ганжин, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Дөргөн суманд 1999 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүнс трейд гацуурт ХХК-д ачигч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 18-20 тоотод оршин суух, регистрийн дугаар ПП99011019.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

1. Шүүгдэгч Мөнхтамгын Болдмэргэнбаатар нь насанд хүрээгүй Б.Пүрэвбазар, Э.Данзанравжаа, Ц.Ганжин нартай бүлэглэн, лоомыг буюу тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант хүнсний дэлгүүрийн цонхны төмөр сараалжийг эвдэн нэвтэрч, дэлгүүрийн лангуун доор байсан бэлнээр 1.450.000 төгрөг, юнителийн 290.000 төгрөгийн нэгжийн карт, скайтелийн 109.000 төгрөгийн нэгжийн картууд, 801.300 төгрөгийн дэлгүүрийн хүнсний бүтээгдэхүүн зэрэг эд зүйлийг хулгайлан бусдад нийт 2.930.900 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй Э.Данзанравжаа, Ц.Ганжин, Б.Пүрэвбазар нарыг насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж гэмт хэрэг үйлдэхэд бусад аргаар татан оролцуулсан,

2. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвбазар нь М.Болдмэргэнбаатар, Э.Данзанравжаа, Ц.Ганжин нартай бүлэглэн, лоомыг буюу тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант хүнсний дэлгүүрийн цонхны төмөр сараалжийг эвдэн нэвтэрч, дэлгүүрийн лангуун доор байсан бэлнээр 1.450.000 төгрөг, юнителийн 290.000 төгрөгийн нэгжийн карт, скайтелийн 109.000 төгрөгийн нэгжийн картууд, 801.300 төгрөгийн дэлгүүрийн хүнсний бүтээгдэхүүн зэрэг эд зүйлийг хулгайлан бусдад нийт 2.930.900 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

3. Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Ганжин нь М.Болдмэргэнбаатар, Э.Данзанравжаа, Б.Пүрэвбазар нартай бүлэглэн, лоомыг буюу тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант хүнсний дэлгүүрийн цонхны төмөр сараалжийг эвдэн нэвтэрч, дэлгүүрийн лангуун доор байсан бэлнээр 1.450.000 төгрөг, юнителийн 290.000 төгрөгийн нэгжийн карт, скайтелийн 109.000 төгрөгийн нэгжийн картууд, 801.300 төгрөгийн дэлгүүрийн хүнсний бүтээгдэхүүн зэрэг эд зүйлийг хулгайлан бусдад нийт 2.930.900 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч М.Болдмэргэнбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвбазар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Ганжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэв.

            Хохирогч Б.Үүрцайх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Манай дэлгүүрийн арын хашаан дотор Болдмэргэнбаатарын гэр байдаг. ...1 жилийн өмнө манай хашаанд буусан. 2016 оны 4 дүгээр сарын 07-ны шөнө Болдмэргэнбаатарын эгч Сайхнаа над руу залгаад танай дэлгүүрт хулгай орсон байна гээд утасдахаар нь би замдаа цагдаад дуудлага өгөөд ирсэн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

- Хохирогч Б.Үүрцайхын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 4 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт байх Жаргалант супермаркет хүнсний дэлгүүрийн арын хашаанд амьдардаг Сайхнаа гэдэг охин шөнийн 02 цагт над руу утсаар залгаад ахаа танай дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь ...Орбит руу явж байх замдаа утсаар цагдаад дуудлага өгөөд дэлгүүр дээрээ ирсэн. ...Намайг дэлгүүр дээр ирэхэд манай дэлгүүрийн баруун урд талын цонхны гадна талын төмөр решотикийг хөшөөд онгойлгосон, цонх нь онгорхой байдалтай байсан. ...Дэлгүүрээс тухайн үед бэлнээр 1.450.000 төгрөг, юнителийн 238.000 төгрөгийн, Скайтелийн 114.000 төгрөгийн, Мобикомын 166.000 төгрөгийн, нийт 518.000 төгрөгийн нэгжийн картууд, ...хүнсний бараа, архи тамхинууд 2.561.000 төгрөгийн бараа тус тус алдагдсан бөгөөд нийт хохирлын үнэ 4.529.000 төгрөг болсон. Үүнээс дээрх хүмүүсээс бэлэн мөнгө 1.406.000 төгрөг, нэгжийн картууд 399.000 төгрөг, 506.900 төгрөгийн барааг авсан. ...Мөн хулгай гарсанаас болж манай дэлгүүрийн лангуу эвдэрсэн. Шинээр авахад 150.000 төгрөг, цонхны сараалжин төмөр хаалт шинээр хийлгэхэд 130.000 төгрөг, дээрх асуудлаар нааш цааш явах бензин тос, таксигаар явсаны зардалд 70.000 төгрөг болсон. Ингээд миний тооцоогоор нийт учирсан 4.529.000 төгрөгнөөс эргүүлж олж авсан мөнгө, бараа, нэгжийн үнэ нийлээд 2.311.900 төгрөг, үлдэгдэл 2.217.000 төгрөгнөөс...хулгай хийсэн ар гэрийнхэнээс 1.950.000 төгрөг бэлнээр авсан. Бэлнээр авсан 1.950.000 төгрөгөнд лангуу, төмөр хаалт, гадуур явсан унааны зардалыг оруулсан. Үлдэгдэл 267.000 төгрөг авах ёстой байгаа ч би дээрх мөнгийг авахгүй гэж шийдсэн байгаа. Надад ямар нэгэн гомдол санал алга байна, мөн нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би хулгай орсоны маргааш цагдаагийн ажилтануудаас хүлээлгэж өгсөн бараа бүтээгдэхүүн, нэгж, мөн бэлэн мөнгөнөөс гадна ямар нэгэн бараа дэлгүүрээс алдагдсан болохыг ямар нэгэн баримт болон тооллогоор нотлон гаргаж өгөөгүй тул дээрх бараа бүтээгдэхүүнээс өөр ямар нэгэн хүнсний бараа болон бусад зүйлийг цаашид нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дахь тал),

- Гэрч Г.Сайханбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...би 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 22 цаг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг Жаргалант хүнсний дэлгүүрийн ар талд байх гэртээ байж байхад манай найз хүүхдийн төрсөн өдөр болж байна хүрээд ир гэж дуудахаар нь нөхөр Мөнхбаярын хамт очоод шөнө 03 цагийн орчим гэртээ...ирсэн чинь Жаргалант дэлгүүрийн цонхны хамгаалалт төмөр нь наашаа болсон, цонх нь онгойсон хулгай орсон шинжтэй байхаар нь нөхөр бид хоёр...Үүрцайх ах руу яриад хэлсэн. ...Удалгүй эргүүлийн цагдаа нар ирсэн ба түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй, үүрээр нэг цагдаа орж ирээд...утсан дээрээс бичлэг үзүүлээд энэ хүүхдүүдийг таних уу...гэж хэлэхээр нь...харсан чинь Ганжин гээд манай дүүгийн найз, манай дүү Болдмэргэнбаатар хоёр байх шиг болохоор нь цагдаад хэлсэн. ...Тэгээд хамгийн түрүүнд Ганжингийн гэрт очиход байхгүй байсан. Дараа нь найз Төгөлдөрийг нь олж авсан. ...Төгөлдөртэй явж байхад Төгөлдөрийн гар утас руу Ганжин залгаад өчигдөр орой маниус нь Жаргалант дэлгүүрийг ухчихсан, тэрүүгээр юу болж байна, цагдаа сэргийлэх байна уу чи очоод нэг харчихаад ирээч, ирэхдээ том цүнх аваад ирээрэй, 30 минутын дараа эргээд залгая гээд гар утсаа унтраасан. Тэгээд ярихыг нь хүлээгээд байж байхад...Төгөлдөрийн гар утас дуугараад яасан чи үзсэн үү гэж асуухад Төгөлдөр та нар хаана байгаа юм, би яваад очьё гэхэд Ганданд нэг буудалд байна гэж хэлээд байгаа газраа зааж өгсөн. ...Хүүхдүүдийг цагдаа нартай хайгаад явж байсан хойгуур манай нөхөр дэлгүүрийн арын хашаанд нуусан байсан хүнсний зүйлүүдийг олж авсан юм... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

- Гэрч Н.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ..Би тэр үед Баянзүрх дүүргийн нутаг болох Чулуун-Овооны тэнд найз Болдоогийн төрсөн өдөр болоод тэдний гэрт байсан ба шөнийн 02 цаг өнгөртөл сууж байгаад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг Жаргалант хүнсний дэлгүүрийн ар талд байх гэртээ 03 цаг өнгөрч байхад ирсэн юм. Намайг гэрийнхээ гадаа ирсэн чинь Жаргалант дэлгүүрийн...цонхны төмөр сараалжийг нааш нь татсан, дээд талын жижиг цонх онгойсон, цонхны доор гадаа төмөр лоом хаясан байсан. Тэгээд би тэр хэсэг рүү ойртоогүй. Эхнэр Сайханбаяртай хамт явсан учир хоёулаа дэлгүүрийн эзэн Үүрцайх ах руу яръя гээд гар утас руу нь шууд залгаад нөхцөл байдлыг ярьсан юм. ...Хэрэг гарсаны маргааш өглөө нь босоод хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд гэртээ ирээд гадаа хашааг цэвэрлэж байсан чинь хашааны жижиг хогны буланд нэг Экс архи цухуйсан байхаар нь явж очоод харсан чинь цаасан хайрцагаар дарсан юм байхаар нь би тэрийг оролдоогүй. Үүрцайх ах руу залгаад энэ тухай хэлсэн чинь чи наадахаа манай дэлгүүрийн худалдагчид хэлээд тоолоод ав гээд хэлчих гэж хэлсэн юм. Мөн цаагуур, наагуур нь сайн үзээрэй гэж хэлсэн юм. Тэгээд би тэр хавиар сайн үзсэн чинь жорлонгийн ард баахан бэлэн гоймон, ууттай чихэр, тамхи зэрэг юмнууд нуусан байсан. ...Тэгээд шууд Жаргалант дэлгүүрийн худалдагчийг дуудаж худалдагч нь өөрөө хүлээж авсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),

- Гэрч Ц.Одончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Хэрэг гарсаны маргааш өдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дэлгүүр доторх хагарсан архины шилийг цэвэрлэж хаяад хогны тэрүүгээр явахад ямар нэгэн зүйл харагдаагүй. Гэтэл тэрний дараа Мөнхөө гээд манай дэлгүүрийн арын хашаанд байдаг залуу дэлгүүрт орж ирээд... гараад ирээч, хашаан дотор хогны тэнд бүтэн шилтэй архи байна, чи энийг гарч ирээд аваадхаач гэж хэлэхээр нь би хамт гараад харсан чинь бие засах газрын хажууд байх хогны доор хүнсний бараа, архи, тамхинуудыг...цаасан хайрцагаар дараад нуусан байсан. Би тоолж аваад энэ талаар Үүрцайх ахад утсаар хэлж мэдэгдсэн. Дэлгүүрийн арын хашаан дотроос алдсан барааны нийт үнэ нь 506.900 төгрөгийн бараа байсан юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 154 дэх тал),

- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 170-172)

- Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 22, 24)

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-10)

- Хэргийн газрын үзлэг  нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 144-145),

 

-Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвбазарын өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн орой 19 цагийн орчим найз Данзанравжаагийн хамт сагсан бөмбөг тоглох гээд Ганжингийн гэр лүү явсан. Тэгээд Ганжинг гэрээс нь...дагуулаад...тэндээсээ Төгөлдөрийн гэрт очиж мөн дуудаад Болдмэргэнбаатар гэдэг хүүхдийн гэрт нь орсон. Болдмэргэнбаатарын гэрт байхад Төгөлдөр гэртээ харьлаа гээд...дөхүүлээд өгчих гэхээр нь Данзанравжаа, Ганжин бид 3 дөхүүлж...өгчихөөд буцаад...явж байсан чинь Ганжин хэдүүлээ Болдмэргэнбаатарын гэрт очьё гээд гэрт нь яваад очсон. Болдмэргэнбаатарын гэрт байхад Ганжин өлсөөд байна, хэдүүлээ юм олж идье гээд ярьсан чинь Болдмэргэнбаатар өөрийхөө хашааны Жаргалан гээд дэлгүүр рүү заагаад энэ дэлгүүрт урьд нь хулгай орж байсан, цонхны поорчиг нь цохихоор онгойдог гэсэн. Тэгэхээр нь бид нар... Жаргалан дэлгүүрийн урд талын цонхон дээр ирээд цохиж үзсэн ба...намайг поорчигийг цохих үед поорчиг онгойсон. Хамгийн эхлээд гараа явуултал архины лангуу ойрхон байсан болхоор нэрийг нь мэдэхгүй дарснаас 3 шилийг аваад нэгийг нь Болдмэргэнбаатарын гэрт орж уусан. Тэр үед зарим нь орон дээр зарим нь газар хэвтээд байж байсан чинь Ганжин би ерөөсөө өлсөөд болохгүй байна гээд дахиад гараад дэлгүүрийн цонхны төмөр сараалжийг онгойлгох гээд бараагүй ба хөших төмөр хэрэгтэй болоод би хашаан дотор төмөр хайж яваад Болдмэргэнбаатарын гэрийн гаднаас 1 метр орчим хэмжээтэй төмөр лоом олоод цонхны төмөр сараалжны доод талаас нь хөшөөд...цонхоор нь Данзанравжаа бид хоёр орсон. ...дэлгүүрээс гараад...Орбитын зам руу яваад такси бариад Гандангийн оройлцоо буудалд Болдмэргэнбаатар, Данзанравжаа, Ганжин бид 4 хамт очсон. Тэгээд тэр буудалдаа байж байгаад...цагдаа нарт баригдсан. ...өлсөөд байсан болохоор бэлэн гоймон авахаар хулгай хийсэн ба дэлгүүр дотор ороод кассны машиныг онгойлгосон чинь мөнгө, нэгж байхаар нь янз бүрийн зүйл бодолгүй авсан. ...Болдмэргэнбаатар хулгай хийх санааг анх гаргасан. Тэгээд бид нар хамт энэ хэргийг үйлдсэн. Бидний хэн нэгнээс ямар нэгэн байдлаар уруу татсан, дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. ...Болдмэргэнбаатарыг нэг их сайн танихгүй, тэр өдөр уулзаж танилцсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70, 71, 93, 94 дэх тал),

 

- мөрдөн байцаалтад насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Ганжингийн өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр орой 23 цагийн орчим Данзанравжаа, Пүрэвбазар...бид 3 манай гэрт уулзаад...Болдмэргэнбаатарын гэр рүү явсан. Гэрт нь очсон чинь Болдмэргэнбаатар...ороод ир гэхээр нь   гэрт нь ороод хөзөр тоглоод сууж байсан чинь Болдмэргэнбаатар манай хашаанд байдаг дэлгүүрийн цонх нь онгойдог гэсэн яриа өрнүүлсэн. Удалгүй Пүрэвбазар, Данзанравжаа, Болдмэргэнбаатар нар гэрээс гараад явсанаа...3 шил дарс барьчихсан орж ирсэн. ...тэгээд тэрнээс хойш хэсэг хугацааны дараа тэр шөнө 03 цаг өнгөрч байхад...гадагш гэрээс гараад дэлгүүр орж хэсэг байж байснаа намайг хэвтэж байсан чинь урд дэлгүүрээс баахан юм авчихлаа, цагдаа нар ирчихсэн байна. Хэдүүлээ хамт зугтъя гэж хэлэхээр нь бид 4 гэрээс гараад...такси бариад Данзанравжаа гандангийн тэнд нэг буудал байдаг юм гэж хэлээд буудал руу нь явсан. ...Тэгээд 05 цагийн үед гандангийн тэнд буудалд ороод ...маргааш нь 12 цаг өнгөрч байхад Төгөлдөр гээд найз руугаа залгаж...ярьсан. ...би тухайн үед хулгайн гэмт хэрэгт хамтран оролцож байна гэдгээ мэдэж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90, 91 дэх тал),

 

- мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Болдмэргэнбаатарын өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр...23 цаг өнгөрч байхад Ганжин, Пүрэвбазар, Данзанравжаа нар надтай уулзахаар ирсэн. Тэгээд тэд нартай юм ярьж сууж байгаад манай урд талын дэлгүүрийн цонх нь онгойдог гэсэн, хэдүүлээ цонхоор нь орох уу гэж хэлээд гэрээс гарч дэлгүүрийн урд талын цонхон дээр ирээд бид 4 ирээд...Пүрэвбазар төмөр сараалжнаас барьж байгаад хөлөөрөө цонхыг жийгээд онгойлгосон. Эхлээд дэлгүүр рүү ороогүй гараа явуулаад 3 шил дарс аваад манай гэрт орсон. ...авсан 3 шил дарснаас 1 шилийг нь хувааж уугаад гэрээс дахин бүгдээрээ гарч ирээд...онгойлгосон цонхны гадна талын төмөр сараалжийг хашаан дотроос Пүрэвбазарын олж ирсэн төмөр лоомоор...4 үүлээ хамт татаж онгойлгосон. Эхлээд Пүрэвбазар дэлгүүр рүү ороод цонхоор бараануудыг гараараа гаргаж өгсөн. Ганжин, Данзанравжаа бид 3 тосож авсан. Тэгтэл удалгүй Пүрэвбазар цус алдаад байна. Хэн нэг нь ороод ир гэхээр нь Данзанравжаа явж орсон.... Тэгээд бид хэд дэлгүүрээс авсан зүйлүүдээ дэлгүүрийн хашааны урд байдаг бие засах жорлонгийн ард нэг хэсгийг нь тавиад, архийг нь хог хийдэг саванд хийж нуугаад нэгж, мөнгийг нь аваад Гандангийн тэнд байдаг буудал руу явсан. ...тухайн үед хулгай хийх санааг би гаргасан. ...манайх энэ хашаанд 2015 оны 8 дугаар сараас эхлэн амьдарч байгаа юм. Манай ээж дэлгүүрийн эзэнтэй нь танилцаад хашаанд нь зүгээр буусан юм. ...дэлгүүрээс хулгайлж авсан мөнгө, нэгж нь Ганжинд байсан. Би мөнгө тоолж мэдэхгүй...жорлонгийн ард нуусан барааны тоо ширхэгийг бас мэдэхгүй. Ямар ч байсан Ганжин ярихдаа жорлонгийн ард 10 шил архи нуусан гэж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87, 88 дахь тал),

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3), хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 11), насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвбазар, Ц.Ганжин нарын насыг тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 27, 28),

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвбазарын насыг тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 27), төрсний гэрчилгээний хуулбар, лавлага (хавтаст хэргийн 105, 115), оршин суугаа хорооны хаягын тодорхойлолт (хавтаст хэргийн 104), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 121), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 103, 111-113), Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн тодорхойлолт (хавтаст хэргийн 173),

Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Ганжингийн насыг тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 28), төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа (хавтаст хэргийн 102, 114), оршин суугаа хорооны хаягын тодорхойлолт (хавтаст хэргийн 100), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 120), Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн тодорхойлолт (хавтаст хэргийн 174),

Шүүгдэгч М.Болдмэргэнбаатарын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа (хавтаст хэргийн 107, 117), оршин суугаа хорооны хаягын тодорхойлолт (хавтаст хэргийн 106), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 119), шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт (хавтаст хэргийн 158-160) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай  байна гэж үзэж шүүх нотлох баримтад үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч М.Болдмэргэнбаатар, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвбазар, Ц.Ганжин нар нь бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 08-ний шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчины 35 дугаар гудамжны 1б тоот хашаанд байрлах Жаргалант супер маркет дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг лоом буюу тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж эвдэн нэвтэрч бэлэн 1.450.000 төгрөг, юнител, скайтелийн 399.000 төгрөгийн үнэ бүхий нэгжийн карт, 801.900 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн зэрэг эд хөрөнгийг хулгайлан 2.650.900 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, дээрх эд хөрөнгийг хулгайлах үедээ цонхны төмөр сараалж, дэлгүүрийн лангуу зэргийг эвдэж 280.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан буюу нийт бусдад 2.930.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Болдмэргэнбаатар, Б.Пүрэвбазар, Ц.Ганжин нарыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Харин хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч М.Болдмэргэнбаатар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвбазар, Ц.Ганжин нарыг хулгайн гэмт хэрэг үйлдүүлэхээр хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, түүнчлэн хуурч мэхлэх, бусад арга хэрэглэсэн гэх бодитой үйлдэл хийгээгүй болох нь насанд хүрээгүй шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангахгүй байна.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Болдмэргэнбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Болдмэргэнбаатар, Б.Пүрэвбазар, Ц.Ганжин нарын гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Пүрэвбазар нь 2000 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, шүүгдэгч Ц.Ганжин нь 1999 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн байх бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Б.Пүрэвбазар нь (16 нас 4 сар 22 хоногтой), Ц.Ганжин нь (17 нас 4 сар 3 хоногтой) болох нь тэдгээрийн 9/012902, 9/012903 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар (хавтаст хэргийн 114, 115) нотлогдож байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч М.Болдмэргэнбаатар, Б.Пүрэвбазар, А.Ганжин нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Болдмэргэнбаатар, Б.Пүрэвбазар, Ц.Ганжин нар нь хувьд ногдох хөрөнгөтэй гэж үзэх баримтгүй болон хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч М.Болдмэргэнбаатар, Б.Пүрэвбазар, Ц.Ганжин нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 119-121)-р тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Пүрэвбазар, Ц.Ганжин нар нь насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан дээрх шүүгдэгч нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 80 см ажлын хэсэгтэй төмөр лоом 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1,  283, 284, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Болдмэргэнбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Суврагчин овогт Мөнхтамгын Болдмэргэнбаатар, насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Баатарын Пүрэвбазар, Таргад овогт Цогтгэрэлийн Ганжин нарыг бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Болдмэргэнбаатарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Болдмэргэнбаатарт оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т тус тус зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Пүрэвбазар, Ц.Ганжин нарыг 1 (нэг) жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг даалгаж, насанд хүрээгүй шүүгдэгч нарын эх Ц.Цэрэндулам, Л.Энхжаргал нарын хяналтад өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Үүрцайх гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 80 см ажлын хэсэгтэй төмөр лоом 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисс-т даалгасугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Болдмэргэнбаатарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Болдмэргэнбаатар, Б.Пүрэвбазар, Ц.Ганжин нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ