Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 345

 

 

 

 

 

 

 

2019            4            16                                              ДШМ/2019/345

 

                                                     Б.А-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ундраххэрлэн,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч А.Н-,

хохирогч Г.Л-, түүний өмгөөлөгч Б.О-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч А.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.А-өд холбогдох эрүүгийн 1803008740462 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 М... овгийн Б.А, 19.. оны 10 дугаар сарын 5-ны өдөр ....... аймгийн ... суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, “.............” ХХК-д кранчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ......... дүүргийн ..... дүгээр хороо, .......... дугаар гудамжны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......./;

Б.А- нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Нарны зам- Төмөр замын вокзалын хойд замд “Toyota Prius-20” маркийн 06-38 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд замд тавьж өгнө” гэж заасныг зөрчсөнөөс явган зорчигч Г.Л-г мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М... овгийн Б.А-г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Б.А- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, жолоочийн №1038710 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Н.Ц-г иргэний хариуцагчаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.А-өөс 4.070.124 төгрөгийг гаргуулан хохирогч А.Л-д олгох, хохирогч А.Л-н нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурьдаж, тээврийн прокурорын газраас хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, Б.А-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч А.Н- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А- нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан заалтыг зөрчиж хохирогч Л-ыг мөргөж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан. Б.А- нь хийсэн хэрэг, үйлдлийн талаар үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн эмчилгээний зардал болох 900.000 төгрөгийг төлсөн. Хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд болгоомжгүйгээр үйлдэгдсэн. Шүүхээс хохирогч Л-д учруулсан хохирлыг төлж барагдуулах тал дээр санаачлага гаргасан гэхэд учир дутагдалтай байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд нийцэхээргүй байна гэж дүгнээд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн.

Шүүх хавтас хэргийн 26-37 дугаар хуудас дахь нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг хянаж үзээд 1.142.769 төгрөгийн баримт авагдсаныг тогтоож, үүнээс хохиролд өгсөн гэх 900.000 төгрөгийг хасч 242.769 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тогтоосон. Шүүх хуралдааны явцад шинээр гаргаж өгсөн баримтаар 4.070.124 төгрөг нэмж гаргахыг тогтоож, 3.400.000 төгрөгийг шийдвэрлэх боломжгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны шатанд 7.470.000 төгрөг шинээр нэхэмжилснээс 4.070.124 төгрөгийг хохирогчид гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн юм. Шүүх хуралдаан эхлэх хүртэлх хугацаанд бий болсон 1.142.769 төгрөгөөс 242.769 төгрөгийг төлөөгүй байдалд буруу дүгнэлт хийж хохирлыг төлж барагдуулах санаачлага гаргаагүй гэж 400 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсэн нь үндэслэл муутай гэж үзэж байна. Б.А- нь “Улаанбаатар менежмент” ХХК-д кранчин ажилтай, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Н.Ц нь тодорхой эрхэлсэн ажилгүй, бага насны хүүхдээ асрамжилж гэртээ байдаг. Мөрдөн байцаалтын явцад өөрийн орлогын боломжийг ашиглаж 900.000 төгрөгийн хохирол төлсөн. Шүүхээс хохирогчид төлөх төлбөр болон цаашид иргэний журмаар гаргах төлбөрийг төлөхийн тулд ажил үүргээ үргэлжлүүлэн хийх нь хохирогч Л болон шүүгдэгч А-ийн хувьд ашигтай байх тул 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялын доод хэмжээ болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Санамсар, болгоомжгүй байдлаасаа болж үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.Л- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч хохирол төлөх боломжгүй гэж хэлж байгаа боловч хэрэг гарсан өдрөөс хойш ажлаа хийж байгаа. Хохирол, төлбөрөө цувуулаад өгөх боломжтой байсан. Би 6 сар гаруй хугацаанд ажилгүй байсан. Би өмнө нь 1 сар дадлага хийж байсан бөгөөд 1 сар дадлага хийсэн хугацааны цалин бодогдоод нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн. Анхан шатны хурал дээр ч маргаж байсан. Шүүгдэгчийн ах нь ирээд “би чиний мөнгийг төлөхөөр энэ мөнгийг хэн буцааж надад төлөх юм” гэж дарамталдаг. ...” гэв.

Хохирогч Г.Л-ын өмгөөлөгч Б.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Уг хэрэг 2018 оны 10 дугаар сарын 13-нд гарсан. Гэтэл энэ өдрөөс хойш 6 сар гаруй хугацаа өнгөрч байна. Шүүхээс 4.070.124 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэхдээ өмнө өгсөн 900.000 төгрөгийг хасч тооцсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч оруулж тооцож байна. Үүнээс хойш 800.000 төгрөгийг өгсөн байдаг. Хохирогч эрүүл мэнддээ хүндэвтэр хохирол авсан. Хөлөндөө 10 ширхэг хадаастай, хадаас нь байнга холгодог учраас эмнэлэгт байнга очдог. Гэтэл энэ хүмүүсийг хохирлоо барагдуулаач гэж удаа дараа ярихад барагдуулах арга хэмжээ аваагүй. Анхан шатны шүүх хохирлыг барагдуулах санаачлага гаргаагүй гэж үнэлэлт, дүгнэлт өгсөн нь зөв гэж үзэж байна. Хохирогчийн хувьд гомдолтой байгаа. Цаашид хадаасаа авахуулах шаардлагатай, шүүхээс цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэхийг нээлттэй үлдээсэн. Хохирогч Б.А-тэй холбогдоход ахыгаа явуулж дарамтлуулдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.А-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 20 минутын үед Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Нарны зам дахь Төмөр замын Вокзалын хойд замд Тоёота приус-20 загварын 06-38 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолоооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөнөөс явган зорчигч Г.Л-ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэмт хэрэг гарсан байдлыг бэхжүүлж авсан Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хх 6-11/, камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16-17, 102/,

“2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би ажлаа тараад харих гээд 17 цаг өнгөрч байхад Вокзалын хойд замаар урдаасаа хойшоо зам хөндлөн гарах гээд урд урсгалаа туулж өнгөрөөд хойд буюу зүүнээс баруун гар тийш явах урсгалд явж байхад хойноос баруун гар тийш нэмэлт гэрлээр эргэж байсан машин миний баруун хэсэг рүү мөргөөд би нөгөө машины хамар дээгүүр нь шидэгдээд зүүн гар тал руу нь унасан” гэх хохирогч Г.Л-ын мэдүүлэг /хх 20/,

“1. Г.Л-ын биед зүүн шаант, тахилзуур ясны хугарал, шагай үений мултрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12497 дугаартай дүгнэлт /хх 66/,

“1. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12497 дугаартай дүгнэлтийн 3 дугаар заалт үндэслэлгүй, бусад заалтууд үндэслэлтэй байна. 2. Г.Л-ын биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь хэрэг осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1273 дугаартай дүгнэлт /хх 64-65/,

холбогдсон хэргийнхээ талаар мэдүүлсэн Б.А-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.А-ийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирчээ.

          Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч А.Н-оос “анхан шатны шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялын доод хэмжээгээр өөрчилж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан байна. 

Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн хувьд хүндэвтэр хохирол хүлээсэн хохирогч Г.Л-ын гэм хорын хохирол бүрэн барагдаагүй, цаашид эмчилгээтэй холбоотой зардлаа жич нэхэмжлэх эрхтэй талаар шүүх зааснаас гадна шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял сонгон хэрэглэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэгийг шинжлэн судалсан атлаа тогтоолын тогтоох хэсэгт “эд мөрийн баримтгүй, 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй” гэж алдаатай байдлаар дурьдсаныг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг “Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар ирүүлсэн Сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Н-ийн гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгөх” тухай давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ