Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 114/2020/0029/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би “Д- К- Ц-” ХХК-ийн гомдол, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяагийн дүгнэлттэй Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч Ц.И-т холбогдох “Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0137414 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагатай зөрчлийн хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Д- К- Ц-” ХХК-иас шүүхэд ирүүлсэн гомдол болон гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн рестораны гал тогоонд 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гарсан гал түймэртэй холбогдох асуудлаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Ц.И-ийн 2020.12.02-ны өдрийн 0137414 тоот шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүйгээр дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Үүнд: Улсын байцаагч нь тус компанид Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэл ногдуулахдаа галын аюулын хохирол төлбөрийг шалган тогтоож, хэн хариуцахыг тогтоолгүйгээр торгууль ногдуулсан. Түүнчлэн К- рестораны гал тогооны объект дахь хийн тулганы ойр орчимд гал түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд оч гаргаж болох чийдэнгийн унтраалга пускатель байрлуулж болохгүй байдаг аюулгүй ажиллагааны заавартайг анхаарч үзэхгүйгээр тус компанид шийтгэл ногдуулсанд гомдолтой байна

Гал тогоонд ажиллаж байсан тогооч Л.М- нь хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хөдөлмөрийн болон эрүүл ахуй, галын аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ дагуу тоног төхөөрөмжийн залгуурыг бүрэн гүйцэт салгаж, аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарсан гэж үзэж байна. Энэ үйлдэл нь хяналтын камерын бичлэгээр нотлогдож байгаа болно.

Иймд гал түймрийн улсын байцаагчийн шийтгэх хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Д.Энхтуяагаас шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч Ц.И- нь “Д- К- Ц-” ХХК-ийн К- зочид буудлын гал тогоонд цахилгааны аюулгүй байдал хангаагүй цахилгаан хэрэгсэл ашигласнаас 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гал гарч гал тогооны тоног төхөөрөмж шатсан гэх бүртгэлийн 46 дугаартай зөрчлийн гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Д- К- Ц- ХХК-д 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0137414 дугаартай шийтгэлийн хуудсаар 1000 нэгжтэй хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл онгдуулж шийдвэрлэсэн байна.

Материалыг хянахад 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Д- К- Ц-” ХХК-ийн К- зочид буудлын гал тогооны өрөөнөөс гал гарч аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22-р ангийн 2-р салааны 1-р тасгийн алба хаагчид 14 цаг 27 минутад хүрэлцэн очиж гарсан галыг унтраах ажиллагаа явуулсан байна. Эрх бүхий албан тушаалтан дээрх зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шалгахдаа галын зөрчил гарсан шалтгаан, нөхцөл байдал, “Галын аюулгүй байдлын тухай” хууль зөрчих зөрчлийг хүн, хуулийн этгээд аль нь зөрчсөн болохыг нотлох баримтаар нотолж тогтоогоогүй, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоогоогүй, хүн, хуулийн этгээд зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй байхад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх” ажиллагаа явуулан “Д- К- Ц-” ХХК-д торгох шийтгэл оногдуулж илт хууль бус шийдвэр гаргасан байна.

Иймд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын байцаагч Ц.И-ийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох илтэд хууль бус шийтгэл оногдуулсан 0137414 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагч Ц.И- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Д- К- Ц-” ХХК-ийн гаргасан гомдол болон прокурор Д.Энхтуяагийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

“Д- К- Ц-” ХХК-ийн захирал С.Хангайхан болон Дархан-Уул аймгийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Д.Энхтуяа нараас Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын улсын байцаагч Ц.И-ийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0137414 дугаартай шийтгэлийн хуудсаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хүчингүй болгуулахаар гомдол, дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын улсын байцаагч Ц.И- нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...” гэж заасан эрхийнхээ дагуу “Д- К- Ц-” ХХК-ийн гомдол, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурорын дүгнэлтийг тус тус хүлээн зөвшөөрснөө илэрхийлжээ.

Иймд хариуцагч нь “Д- К- Ц-” ХХК-ийн гомдол, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Энхтуяагийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Д- К- Ц-” ХХК-ийн гомдол, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Д.Энхтуяа нарын “2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0137414 дугаартай дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдол болон дүгнэлтийг хариуцагч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын улсын байцаагч  Ц.И- нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг үндэслэн гомдол гаргагч “Д- К- Ц-” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 100 төгрөгийг гаргуулж, “Д- К- Ц-” ХХК-д олгохоор, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.НАРАНТУЯА