Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 126/2015/0026/З |
Дугаар | 221/МА2015/0481 |
Огноо | 2015-10-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2015/0481
2015 оны 10 сарын 21 өдөр Дугаар 221/МА2015/0481
Г.Б ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.Б ийн нэхэмжлэлтэй, ХӨААС-ын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...АС-ын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/003 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Төрийн албаны тухай хуулийн 17.1-д зааснаар Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө. гэсний дагуу манай сумын газрын даамлын ажлын байр зарлагдан төрийн албаны салбар зөвлөлөөс албан бичиг ирүүлсэн. Түүнийг нэхэмжлэгчид танилцуулж, өмнө нь 3 удаа төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд тэнцээгүй, энэ удаа сайн бэлдээрэй гэж зөвлөсөн. Ингээд шалгалт 2014 оны 12 дугаар сарын 04, 05-нд явагдахад Г.Б тэнцээгүй. Улмаар Төрийн албаны салбар зөвлөлөөс шалгалтанд хамгийн өндөр оноо авсан иргэнийг томилуулахаар нэр дэвшүүлсний дагуу Х.Д-г томилж, Г.Б ийг чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуульд жирэмсэн албан хаагчийг чөлөөлж болохгүй талаар зохицуулалт байдаггүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд хамгийн өндөр оноог авсан. Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3/313 албан бичгийг үндэслэн АС-ын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тушаалаар сумын газрын даамлын сул орон тоонд томилогдсон. Г.Б нь томилогдсноос хойш 3 жилийн хугацаанд төрийн албаны шалгалтанд тэнцээгүй нь батлагддаг. гэжээ.
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б ийн "ХӨААС-ын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/003 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Боржигон овгийн Г-ын Б миний бие ХӨААС-ын Засаг даргын тамгын газарт газрын даамлын албан тушаалд 2012 оноос эхлэн ажиллаж байгаад тус тамгын газрын 2015 оны 1-р сарын 26-ны өдрийн Б/003 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг хүчингүй болгуулж албан тушаалдаа эргүүлэн тогтоолгохоор Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч шүүх гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Миний бие уг албан тушаалд 3-н жил ажилласан. Энэ нь бага хугацаа биш. Иймд Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 сарын 23-ны өдрийн 31 тоот шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анх ажилд ороход туршилтын хугацаа (6 сар) ажилласнаас хойш 3 жилийн хугацаанд хөдөлмөрийн харилцаа хэвийн үргэлжилж байсан ба намайг ажлаас чөлөөлсөн, халсан тушаал гараагүй. Ерөнхий менежертэй байгуулсан гэрээний дагуу үйл ажиллагаа хэвийн явуулж байсан.
Ёс зүй сахилгын шийтгэл, мэргэжлийн алдаа дутагдал огт гаргаж байгаагүй харин ч ажлаа зохих ёсоор үнэлүүлж шагнал урамшуулал хүртэж байсан. (2014 оны жилийн эцсийн тайлан дүгнүүлэхэд 24-н сумаас 3-р байр) Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт. гуравдагч этгээд Б.М эрх үүргийг нь тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд оролцохыг мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэсэн нь шүүгч шүүхийн хэргийг хянан шийдвэрлэхдээ илэрхий хайнга хандаж миний эрх зүйн байдлыг дордуулсан болохыг илэрхийлж байна.
4. Мөн шүүхийн үндэслэл хэсэгт төрийн албаны хуулийн дагуу 1 дүгээр зүйлийн 1. 1-д энэ хуулийн зорилтыг дурдаж мөн 11-р зүйлийн 11.4-г дурьдаад (энэ хууль болон бусад хууль тогтоомж) ийн актаар тогтооно гэж заасан "атлаа хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй бусад маргааныг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах ёстой хуулийг хэрэглээгүй. Би ажилдаа хоёргүй сэтгэлээр хариуцлагатай хандаж ирсэний зэрэгцээ улмаар энэ мэргэжилдээ мэргэшсэн нь төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчмыг хангаж байна гэсэн үг. Харин дээд сургууль дөнгөж төгссөн хүн мэргэшсэн байна гэдэг нь мөн тогтвортой байна гэдэг нь дээр нь төрийн албаны шалгалтанд тэнцсэн байдал нь дээрх зарчмыг хангаж байгаа хэрэг биш. Шүүх буруу дүгнэлт хийсэн. Тэгээд ч халах тухай мэдэгдэл надад огт өгөөгүй Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг ч танилцуулаагүй. Миний ажиллаж байсан албан тушаал нь сул орон тоо гэж зарлагдах ёсгүй ажлын байр бөгөөд ажил төрлөө хийж амьдарлаа авч явсан надад хүндээр тусч байна.
Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулахаар заасан нь санаандгүй хэрэг биш бөгөөд миний жирэмсэн байдал нь уг албан тушаалд томилогдоход саад болохгүй ч хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтныг ажлаас чөлөөлж болохгүй хориглосон заалтад хамаарахаар байна. Төрийн албаны хуульд дээрх асуудлыг зохицуулаагүй.
Иймд Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 сарын 23-ны өдрийн 31 тоот шийдвэрийг хүчингүй болгож намайг ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин,нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
ХӨААС-ын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/003 дугаар тушаалаар тус сумын газрын даамлын албан тушаалаас чөлөөлснийг эс зөвшөөрч Г.Б шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд тэнцээгүй гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.Б нь ХӨААС-ын Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар тус сумын газрын даамлын албан тушаалд 6 сарын туршилтын хугацаагаар томилогдож байжээ.
Үүнээс хойшхи хугацаанд буюу 2 жил 3 сарын туршид нэхэмжлэгч нь тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцээгүй бөгөөд үүнийг нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаан дээр шалгалтанд 2 удаа ороод тэнцэж байгаагүй, нэг удаа бүртгүүлээд шалгалтанд ороогүй, шалгалтанд тэнцэж байгаагүй гэж мэдүүлсэн байна.
Мөн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3/61 дугаартай албан бичгээр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн, Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 3/2575 дугаартай албан бичгээр тухайн ажлын байранд төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зарласан байхад үүнтэй холбогдуулан гомдол гаргаагүй, өөрөө тухайн шалгалтанд оролцсон зэргээс үзэхэд нэхэмжлэгч Төрийн албан хаагчид тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй болохоо хүлээн зөвшөөрч байсан нь тогтоогдож байна.
Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасны дагуу төрийн жинхэнэ албаны сул орон тоонд шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулж, улмаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолыг үндэслэн мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасан үүргээ хэрэгжүүлж газрын даамлын албан тушаалд Х.Дуламсүрэнг томилсон хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.
Үүнээс гадна Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангаж, журмын дагуу томилогдсон этгээд тухайн хуульд заасан эрхээр хангагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, Г.Б нь хуульд заасан шаардлагыг хангаагүй атлаа төрийн албанд томилогдон ажиллаж байсан нь дээрх байдлаар нотлогдсон тул тэрээр Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхийг эдлэх үндэслэлгүй. Тиймээс энэхүү үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР