Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/474

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттулга,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч А.Б

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт А-ы Г-ад холбогдох 1803002650203 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1956 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймаг
Шилүүстэй суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч
мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 7, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт А-ы Г /РД:.../

Прокуророос тогтоосон хэргийн агуулга:

Яллагдагч А.Г нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 08 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр, 112-ын автобусны буудлын замд “...” ХХК-ийн эзэмшлийн Нyundai Aero Space маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан ”...Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө..” гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолооч А.Б-ын жолоодож явсан “...” ХХК-ийн эзэмшлийн Нyundai Grace маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж тээврийн хэрэгслийн эвдрэлд шууд 2.215.000 төгрөг, нийт 2.755.000 төгрөгийн хохирол, А.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн орчим би ...ны нэр дээр байгаа өөрийн эзэмшлийн Нуundai Аеrоspace маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Хөтлийн шинэ замаар буюу 112-ын автобусны буудлын зүүн талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү явж байгаад үргэлжилсэн цагаан шугам даваад зүүн гар тийш эргэсэн, өөдөөс цагаан өнгийн Нуundai Grace маркийн автомашин ирж явахыг хараад зогсоход Hyundai Grace маркийн автомашины жолооч болох энэ залуу миний жолоодож явсан автомашины зүүн урд тал руу ирж мөргөөд замын хажуу талын бетон шонг мөргөөд зогссон. Надад замын үргэлжилсэн шугамаар давж явах эрх байхгүй ч машинууд эргээд байсан учир дуурайж явах гэж байгаад осол гаргасан юм. Би гэмт буруу дээр маргахгүй. Би хохирогчид 360,000 төгрөг төлсөн байгаа.  Банкнаас миний хашаа байшинг хурааж авч зарж борлуулах гэж байгаа, машины тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ хураалгасан зэргээс болоод үйлчилгээнд автобусаар  явж мөнгө олох боломж байгаагүй. Хохирогч надаас хохирлоо бөөнөөр авна гээд байгаа ч би энэ их мөнгийг бага багаар барагдуулна, хохирогчид хохирлоо төлж дуусах хугацааг бол  хэлж мэдэхгүй байна. Тус автобусыг ...ны лизингээр авсан, сард 2 сая төгрөг төлдөг юм. Иймд хохирол болон зээлээ төлөхийн тулд би үйлчилгээнд л явж байж төлж барагдуулах болно. Эхнэр бид 2-лаа тэтгэврийн улсууд учир өөр боломж байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч А.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 9-ны өглөө гэрээсээ 8 цагийн үед гараад Баянхошууны эцэс тал руу явахдаа  замын 2 дугаар эгнээгээр 55 км цагийн хурдтай  явж байгаад автобустай мөргөлдсөн. Гэнэт л ийм асуудал болсон. Уг автобусыг 5-6 метрийн зайнаас харсан юм. Уг автобус нь 2 дугаар эгнээгээр явж байсан миний машиныг мөргөөд миний машин тэр эрчдээ 1 дүгээр эгнээ рүү шахагдаж ороод тэгээд боржур давсан юм. Миний биед хүндэвтэр гэмтэл учирсан. Хагалгаа, эмчилгээ зэргийг хийлгэсэн. Эмчилгээнд 4.059.000 төгрөгийн зардал гарсан. Энэ мөнгөө нэхэмжилнэ. Мөн би микроавтобусаараа үйлчилгээнд явдаг өдрийн 50.000 төгрөгийн орлого олдог тул ажилгүй байсан 3 сарын хугацааны орлого болох 3.850.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна, цаашид эмчилгээ хийлгэх бодолтой байгаа, энэ зардлаа бас нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13х/

2. Хохирогч А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...: 2018 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн орчим би Хаан банкны нэр дээр байгаа Hyundai Grace маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодон Баянхошууны Хөтөлөөс Баянхошууны эцэс орохоор 112-ын буудлын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү 2 дугаар эгнээгээр 55 км/цаг-ийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас ... улсын дугаартай Нуundai Aerospace маркийн автобус үргэлжилсэн шугам давж орж ирж, туслах зам руу эргэх үйлдэл хийсэн би энэ автобусыг хараад 1 дүгээр эгнээ рүү дартал миний жолоодож явсан микро автобусны зүүн урд талын булан руу мөргөсөн. Би баруун талын замын хашлага руу мөргүүлээд очиж зогссон. ...Тухайн ослын үед миний хоёр хөл суудалд хавчуулагдсан. Нэлээн удаж байгаад би өөрөө буруу талынхаа хаалгаар буусан. Нөгөө жолооч цагдаа, түргэнд дуудлага өгсөн байсан. Түргэн ирж намайг авч явсан. 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэж баруун өвдгөнд учирсан гэмтлээс болж хагалгаанд ороод 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр эмнэлгээс гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36х/

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3591 дүгнэлтэд: “...А.Бын биед баруун тойгны дотор даруулган холбоосны урагдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 50х/

4. Иргэний нэхэмжлэгч Д.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 08 цагийн орчим миний хүү А.Б Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 112-ын буудлын замд Нуundai Grace маркийн ... улсын дугаартай микро автобусыг жолоодож явах үед Hyundai Aerospace  маркийн ... улсын дугаартай автобусны жолооч мөргөсөн байсан. Hyundai Grace маркийн ... улсын дугаартай микро автобус нь “Хас” банкны нэр дээр байдаг, “Хас” банкнаас 8.500.000 төгрөгний зээл аваад зээлээ 2014 оны 10 дугаар сарын 06-нд бүрэн төлсөн. Банкнаас миний нэр дээр шилжүүлэх бичиг хийж өгсөн байсан боловч би өөрөө ажилтай болохоор нэрээ шилжүүлж амжаагүй өдий хүрсэн. Б-ын төрсөн ах А.Б “Арвижих-Эстимейт” ХХК-наар Hyundai Grace маркийн ... улсын дугаартай микро автобусны эвдрэлийн үнэлгээг гаргуулсан. Уг үнэлгээгээр шууд хохирол нь 2.215.000 төгрөг, нийт хохирол нь 2.755.000 төгрөг болж байна. Мөн үнэлгээ хийхэд 122.000 төгрөгөөр үнэлгээг гаргуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39х/

5. Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт: Toyota Grace маркийн автомашинд шууд бус зардал – 2.215.000 төгрөг, нийт 2.755.000 төгрөг /хх-ийн 70х/

6. Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт: Toyota Aerospace маркийн автомашинд шууд бус зардал –585.000 төгрөг, нийт 855.000 төгрөг /хх-ийн 76х/

7. Замын цагдаагийн албаны шинжээчийн №254 дүгнэлтэд: “...... улсын дугаартай Hyundai Aerospace маркийн автобусны жолооч А.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12. “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ... улсын дугаартай Hyundai Grace маркийн микро автобусны жолооч А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэжээ. /хх-ийн 80х/

8. Жолооч нарын согтууруулах ундаа  хэрэглэсэн эсэхийг  шалгасан тэмдэглэл /хх-ийн 14-15х/

9. Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын техникийн хяналтын үзлэгийн төвийн 18738 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-59х/

10. Шүүгдэгч А.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн орчим би ...ны нэр дээр байгаа өөрийн эзэмшлийн Нуundai Аеrоspace маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Хөтлийн шинэ замаар буюу 112-ын автобусны буудлын зүүн талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү явж байгаад үргэлжилсэн цагаан шугам даваад зүүн гар тийш эргэсэн, өөдөөс цагаан өнгийн Нуundai Grace маркийн автомашин ирж явахыг харсан. Би 1 дүгээр эгнээгээ үлдээсэн боловч Hyundai Grace маркийн автомашин миний жолоодож явсан автомашины зүүн урд талд руу ирж мөргөөд замын хажуу талын бетон шонг мөргөөд зогссон. Би машинаасаа буугаад очиход Hyundai Grace маркийн жолооч жолооны хүрд дээрээ доошоо хараад хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Би сандарч хажуугаар явсан хүний утсаар цагдаа болон түргэнд дуудлага өгүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-94х/

11. Шүүгдэгч А.Г-ын хувийн байдлын талаар:

-Гэрч Ж.Б, Ш.П нарын мэдүүлэг /хх-ийн 43-44х/

-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 126х/

-Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 123х/

 -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124х/

12. Мөн шүүх хуралдаанд хохирогчийн гаргаж өгсөн 2 хуудас баримт зэрэг болно.

 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн А.Гад холбогдох хэргийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Г нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 08 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр, 112-ын автобусны буудлын замд “...” ХХК-ийн эзэмшлийн Нyundai Aero Space маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа чигээрээ явж буй А.Б-ын жолоодож явсан иргэн Д.Э-гийн эзэмшлийн Нyundai Grace маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс мөргөж, иргэн А.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, тус тээврийн хэрэгслийн эвдрэлд шууд 2.215.000 төгрөг, нийт 2.755.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13х/

Хохирогч А.Б-ын: “... 2018 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн орчим би Hyundai Grace маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодон Баянхошууны Хөтөлөөс Баянхошууны эцэс орохоор 112-ын буудлын замаар зүүнээс баруун зүг рүү 2 дугаар эгнээгээр 55 км/цаг-ийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас ... улсын дугаартай Нуundai Aerospace маркийн автобус үргэлжилсэн шугам давж орж ирж, миний жолоодож явсан микро автобусны зүүн урд талын булан руу мөргөсөн. ...Тухайн ослын үед миний хоёр хөл суудалд хавчуулагдсан, баруун өвдгөнд учирсан гэмтлээс болж хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36х, шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3591 дүгнэлтэд: “...А.Б-ын биед баруун тойгны дотор даруулган холбоосны урагдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 50х/

Иргэний нэхэмжлэгч Д.Э-гийн: “...2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 08 цагийн орчим миний хүү А.Б Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 112-ын буудлын замд Нуundai Grace маркийн ... улсын дугаартай микро автобусыг жолоодож явах үед Hyundai Aerospace  маркийн ... улсын дугаартай автобусны жолооч ирж мөргөсөн байсан. Hyundai Grace маркийн ... улсын дугаартай микро автобус нь “Хас” банкны нэр дээр байдаг ч 2014 оны 10 дугаар сарын 06-нд зээлээ би бүрэн төлсөн, банкнаас миний нэр дээр шилжүүлэх бичиг хийж өгсөн ба би нэрээ шилжүүлж амжаагүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39х/

Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт: Toyota Grace маркийн автомашинд шууд бус зардал – 2.215.000 төгрөг, нийт 2.755.000 төгрөг /хх-ийн 70х/

Замын цагдаагийн албаны шинжээчийн №254 дүгнэлтэд: “...... улсын дугаартай Hyundai Aerospace маркийн автобусны жолооч А.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12. “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ... улсын дугаартай Hyundai Grace маркийн микро автобусны жолооч А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэжээ. /хх-ийн 80х/

Шүүгдэгч А.Г-ын: “...би ...ны нэр дээр байгаа өөрийн эзэмшлийн Нуundai Аеrоspace маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Хөтлийн шинэ замаар буюу 112-ын автобусны буудлын зүүн талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү явж байгаад үргэлжилсэн цагаан шугам даваад зүүн гар тийш эргэсэн, өөдөөс цагаан өнгийн Нуundai Grace маркийн автомашин ирж явахыг харсан боловч Hyundai Grace маркийн автомашин миний жолоодож явсан автомашины зүүн урд талд руу ирж мөргөөд замын хажуу талын бетон шонг мөргөөд зогссон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-94х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл, А.Г нь Монгол улсын нутаг дэвсгэрт жолооч бүрийн дагаж мөрдвөл зохих замын хөдөлгөөний дүрмийг баримталж хөдөлгөөнд оролцоогүйгээс зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эзэмшлийн эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэл гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч түүний өмгөөлөгч мэтгэлцээгүй болно.

Хохирлын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Б нь гэмт хэргийн улмаас учирсан зардал гэж дараах хохирлыг нэхэмжилсэн. Үүнд:

-эмчилгээнд 4,059,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, орлого гэж 3,850,000 төгрөг, нийт 7.909.000 төгрөгийг,

-иргэний нэхэмжлэгч Д.Э- /мөрдөн байцаалтад/ нь ... улсын дугаартай Hyundai Grace маркийн микро автобусны эвдрэл гэмтэл, түүнийг засуулахтай холбоотой гарах зардал гэж 2,755,000 төгрөг, тус тээврийн хэрэгслийн үнэлгээг хийлгэхэд гарсан зардал болох 122,000 төгрөг, нийт 2,877,000 төгрөгийг шүүгдэгч А.Г-аас тус тус нэхэмжилсэн болно.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хохирогчийн зүгээс гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтуудад дүгнэлт хийвэл, хохирогч А.Б нь эмчилгээ, хагалгаанд зориулж нийт 4,059,000 зарцуулсан болох нь түүний гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдсон /хх-ийн 84-86х/ байх бөгөөд улмаар шүүгдэгч А.Г нь хохирогчид 360,000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан талаар шүүгдэгч, хохирогчийн хэн аль үгүйсгээгүй тул тус үнийн дүнг хасаж 4,059,000-360,000=3,699,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор байна. Харин хохирогч А.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн олох ёстой байсан орлого гэж нэхэмжилж буй баримтууд нь түүнийг орлогыг бүрэн илэрхийлж буй баримт бус тул холбогдох баримтуудаа зохих ёсоор бүрдүүлэн цаашид жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Тус хэргийн улмаас иргэн Д.Э-гийн эзэмшлийн ... улсын дугаартай Hyundai Grace маркийн микро автобусанд эвдрэл гэмтэл түүнийг засаж сайжруулахтай холбоотой зардал гэж 2,755,000 төгрөг гарахаар байгаа нь “Арвижих-Эстимейт”ХХК-ны гаргасан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 70х/-аар тогтоогдсон, үнэлгээ хийлгэхэд иргэн Д.Э- нь 122,000 төгрөг төлсөн байх тул дээрх зардлыг буюу 2,877,000 төгрөгийг шүүгдэгч  Г-аас мөн гаргуулахаар байна.

Д.Э- нь 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 03-39УНГ улсын дугаартай Hyundai Grace маркийн суудлын автомашиныг “...”-ны 1510003485 дугаартай зээлийн барьцаанд барьцаалсан байсан хэдий ч 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр зээлээ бүрэн төлж дууссан тул дээрх машиныг барьцаанаас чөлөөлүүлэхээр “...” нь “Автотээврийн үндэсний төв”-д хандсан тухай албан бичиг хэрэгт авагдсан байна. /хх-ийн 40х/  Иймээс тус тээврийн хэрэгслийн хувьд эзэмшигч нь иргэн Д.Э- байх тул  прокуророос иргэний нэхэмжлэгчээр Д.Э-г тогтоож оролцуулсан нь үндэслэлтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, шүүгдэгч А.Г-аас 6.576.000 төгрөгийг түүний хувийн байдал буюу өндөр насны тэтгэвэрт байдаг, ...ны линзингээр авсан автобусаар үйлчилгээнд явж орлого олохоос өөр орлогогүй гэх нөхцөл байдал зэргийг харгалзан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч А.Бт 3.699.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Э-д 2.877.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч нь бусад зардлаа нотлох баримтаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгч А.Гад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

II.Эрүүгийн хариуцлагын талаар:

Тус хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч А.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах тухай дүгнэлтийг,

Хохирогч А.Б нь “... ял шийтгэлийн хувьд ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хохирлоо авах хугацаагаа наашлуулах хүсэлттэй” гэж,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “гэм буруу дээр маргаагүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн өөрийнхөн болон арын гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас оногдуулахаар дүгнэлт гаргасан 800 нэгж буюу 800.000 төгрөгийн торгох ялын хэмжээг багасгаж, торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэцгээв.

Шүүхээс, шүүгдэгч А.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг 450 нэгжээр буюу доод хэмжээгээр нь оногдуулахаар шийдвэрлэв. Учир нь,  шүүгдэгч А.Г нь 1956 онд төрсөн, 62 настай тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн, түүнчлэн тус зүйл ангид зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл байгаа хэдий ч 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр тусгасан байна. Иймд  шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч А.Гад дээрх ялыг оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

Тус хэргийн хамт шүүгдэгч А.Г-ын ... дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэг, ... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг зэргийг ирүүлсэн байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх зохицуулалтгүй тул дээрх бичиг баримтыг тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Гад буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгч А.Г-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт А-ы Г-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ад оногдуулсан 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Г-аас 6.576.000 /зургаан сая таван зуун далан зургаан мянган/ төгрөгийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч А.Бт 3.699.000 /гурван сая зургаан зуун ерэн есөн мянган/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Э-д 2.877.000  /хоёр сая найман зуун далан долоон мянган/ төгрөгийг тус тус олгож, хохирогч нь бусад зардлаа нотлох баримтаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Тус хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч А.Г-ын ... дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэг, ... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Гад буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ