Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/977

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч М.Сансарсайхан,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,

шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Хг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808032211097 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Дэнжийн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух,

урьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Х овогт Ц-ийн Х /РД:*****/.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ц.Х нь 2018 оны 6 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Жаргалант төвийн “Ж” бааранд үйлчлүүлж байсан иргэн Д.С-ын гар цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө баарнаас цүнх аваад гарсан. Замд зодоон болоод цүнхээ хаячихсан. Өглөө буудалд сэрсэн. Тэгээд Хархорин дээр очиж үл таних хүнд утсаа зараад хувцас авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй” гэв.

 

Эрүүгийн 1808032211097 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.С-ын: “Би 2018 оны 6 дугаар сарын 23-ны 21 цагийн үед найз Хашчулуунтай уулзсан. 23 цагийн үед гараад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Жавхлант төвийн Ж нэртэй бааранд орсон. Тэндээ 2 шил 0.5 литрийн савалгаатай пиво уугаад бүжиглэж байгаад суудал дээрээ суусан чинь миний цүнх алга болсон байсан. Тус баарны хяналтын камерийг шүүж үзэхэд үл таних залуу миний цүнхийг аваад гарч байгаа дүрс бичлэг байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...Би эд зүйлээ алдсандаа гомдолтой байна. Учирсан хохирлыг барагдуулаагүй тул нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-15-19/,

Гэрч Б.Бын: “2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ...24 цагийн орчим танил дүү болох Х, түүний найзтай таараад Ж нэртэй бааранд ороод архи, пиво аваад хувааж уугаад бүжиглэж байгаад нилээн согтсон. ...Танил дүү таараад юм яриад байж байсан чинь Х гарч ирээд яасан эгч зүгээр үү гэхээр нь зүгээр, эгчийгээ гэрт хүргээд өг гэж хэлсэн чинь Х дотогшоо ороод миний цамцтай хамт нэг цүнх барьж, гарч ирээд май гээд өгөхөөр нь би таксинд суухдаа буцааж өгөөд явсан. Хэний цүнх гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-25-27/,

Шүүгдэгч Ц.Хгийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө найз О-ийн хамт Жи нэртэй бааранд орсон. Бид хоёр танидаг Ж гэж дууддаг Б эгчтэй таараад хамт орсон. Тэгээд бааранд орж архи ууж байгаад баарнаас шөнө гарахад Ж эгч цамцаа бааранд орхисон байна, ороод аваад ир гэхээр баар луу орж, цамцыг нь аваад гарах гэхэд баарны тайзны хажуу талын ширээ хүнгүй байсан бөгөөд сандал дээр нэг хар өнгийн эмэгтэй хүний цүнх байхаар нь нууцаар аваад Ж эгчийн цамцаар ороогоод гарсан. Гараад цүнхийг нээж үзэхэд дотор нь хар өнгийн Ай Фоне-5 маркийн гар утас байсныг авч халаасандаа хийгээд тэр цүнхийг үүрээд явж байхад баарны гадаа хүмүүстэй маргалдаад тэр цүнхийг хаячихсан байсан. Би нилээн согтуу байсан болохоор зарим зүйлсийг санахгүй байна. Нэг сэрэхэд О бид 2 хороололд Болор нэртэй буудалд сэрсэн. Өглөө О буудлын тооцоо хийгээд явсан. Би буудлаас гараад Хархорин зах ороод гар утас авах гэж сонирхож үл таних 30 гаран настай ах 80.000 төгрөг байна гэхээр нь зарчихсан. Тэгээд мөнгийг нь идэж уугаад дуусгасан. Намайг хулгай хийсэн гэдгийг О болон Ж мэдээгүй би тэд нарт хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-46-47/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018.08.02-ны өдрийн 226 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “Нийт хохирлын дүн 650,000 төгрөгөөр тогтоож байна” гэжээ /хх-32-34/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9/, эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-12/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-56/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/, Өмнөнговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018.06.07-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-66-73/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.09.19-ний өдрийн 3/15660 дугаар албан бичиг /хх-82/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн баримтыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Х согтуурсан үедээ 2018 оны 6 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалант төвийн “Ж” бааранд үйлчлүүлж байсан иргэн Д.Сын гар цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Сын “...Бүжиглэж байгаад суудал дээрээ суусан чинь миний цүнх алга болсон байсан. Баарны хяналтын камерийг шүүж үзэхэд үл таних залуу миний цүнхийг аваад гарч байгаа дүрс бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-15-17/, гэрч Бын “...Х дотогшоо ороод миний цамцтай хамт нэг цүнх барьж, гарч ирээд өгөхөөр нь би таксинд суухдаа буцааж өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-25-27/, шүүгдэгч Ц.Хгийн яллагдагчаар өгсөн “...сандал дээр нэг хар өнгийн, эмэгтэй хүний цүнх байхаар нь нууцаар аваад Ж эгчийн цамцаар ороогоод гарсан...” гэх мэдүүлэг /хх-46-47/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн “Нийт хохирлын дүн 650,000 төгрөгөөр тогтоож байна” гэх дүгнэлт /хх-32-34/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Хг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сд 650.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 1 хуудас баримт /”Төрийн банк” ХХК-ийн орлогын мэдүүлэг/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 900 нэгжээр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солин нэмж нэгтгэн шүүгдэгч Ц.Хгийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 60 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 900 нэгжээр торгох ялыг биелүүлсэн эсэх баримт хавтаст хэрэгт байхгүй, Шийдвэр гүйцэтгэх газраас хорих ялаар солих мэдэгдээгүй байхад уг ялыг нэмж нэгтгэх боломжгүй гэж үзэж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эцэг, 2 дүүгийнхээ хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилээр тэнсэж өгнө үү” тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хэт хайхрамжгүй байдал нөлөөлсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /эд хөрөнгийн хохирол учирч нөхөн төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд ял шийтгэгдэж, тухайн ял биелэгдээгүй байх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн/-ыг тус тус харгалзан, улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй буюу шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Шүүгдэгч Ц.Хгийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 900 нэгжээр торгох ялыг биелүүлсэн эсэх баримт хавтаст хэрэгт байхгүй тул уг ялыг нэмж нэгтгэх боломжгүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 82 дугаар хуудсанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 3/15660 дугаар албан бичигт дурдсанаар Ц.Х 900.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үйлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмнөх тогтоолоор оногдуулсан торгох ялыг энэ тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэх үндэслэлгүй гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.   

Иймд шүүгдэгч Ц.Хд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж, нийт 60 хоног буюу 2 /хоёр/ сараар тооцон нэмж нэгтгэн, Ц.Хгийн эдлэх хорих ялыг нийт 8 /найм/ сараар тогтоож, оногдуулсан хорих ялыг дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Хгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 15 /арван тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Х хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овогт Ц-гийн Хг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Хд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 900 нэгжтэй тэнхцэх хэмжээний буюу 900.000 төгрөгийн торгох ялыгн арван таван нэгжийг нэг хоногоор тооцон, 60 хоног буюу 2 /хоёр/ сараар тогтоож, Ц.Хгийн эдлэх хорих ялыг нийт 8 /найм/ сараар тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Хгийн урьдчилан хоригдсон 15 /арван тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Хгийн эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР