| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0033/э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам, Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяа, Шүүгдэгч: Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М овогт ЦэдэнИшийн Од холбогдох 1935000500033 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг Цэдэнбалын 440 тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, РД: ОЮ84101400, М овогт Цийн О.
Холбогдсон хэргийн товч утга /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр тус аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Хаан банк"-ны төв салбарын теллерын тавиур дээр байсан хохирогч Ж.Жы Huawei P smart загварын 319.500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсан гэх гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч Ц.Оийг бусдын өмчлөлийн эд зүйл завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Хаан банк"-ны төв салбарын теллерын тавиур дээр хохирогч Ж.Жы Huawei P smart загварын гар утсаа мартаж яваад эргэж ирэхэд нь алга болсон байна. Хохирогч Ж.Жы хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2019 оны 1 сарын 21-ний өдөр 14 цагийн орчим Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны төв салбараар үйлчлүүлж байхдаа өөрийн гар утсыг теллерийн ширээн дээр тавьчихаад мөнгөө хийчихээд мартаад гараад явчихсан. Хаан банкнаас гараад шуудан холбооны газарт очоод өөрийн утсыг хайхад миний утас байхгүй байсан. Би өөрийн дугаар руу залгахад миний дуудлагыг хэн нэгэн хүн авчихаад юм дуугарахгүй байсан. Би 2018 оны 06 сард Увс аймгийн Улаангом сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг үүрэн телефоны Мобиком компаниас лизингээр 639000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утас алтлаг шар өнгийн хэтэвчтэй кейстэй, хар өнгийн шилэн наалттай, Huawei P smart загварын гар утас байгаа. Миний Huawei P smart загварын гар утсыг цагдаагийн байгууллагаас хураан авч үзлэг хийгээд надад хүлээлгэн өгсөн юм. Миний гар утсанд ямар нэгэн шинээр гэмтэл эвдрэл учраагүй байсан бөгөөд гар утасны ажиллагаа нь хэвийн байгаа. Мөн миний гар утасны кейс /гар утасны гэр/ нь байгаагүй бөгөөд О нь надаас уучлалт гуйж миний гар утасны кейсны мөнгийг надад өгсөн. Надад одоо Ц.Оээс нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 6-10 х/,
Гэрч Б.Бгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2019 оны 1 сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын төв Хаан банкны салбарт 14 цагийн орчим компаний дансанд мөнгө хийх зорилготой Жаргалсайханы хамт ирсэн. Бид Билгүүнболд гэх теллерээр үйлчлүүлж өөрийн компаний дансанд мөнгө байршуулсан. Тухайн үед Жаргалсайхан миний хажууд байж байгаад надад мөнгө тоолж өгсөн. Би тухайн теллерээр үйлчлүүлээд Жаргалсайхантай хамт Холбооны газар ирж материал скайнердуулж байхад Жаргалсайхан өөрийн гар утсыг хайгаад олоогүй. Жаргалсайханы утас руу залгахад дуудлагыг нь эхлээд авчихаад ерөөсөө дуугарахгүй байсан. Тэгж байгаад Жаргалсайханы утсыг унтраачихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 х/,
Гэрч Т.Тын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би Улаангом сумын 4 дүгээр багт байх дөрвөн замын ар талд “Цагаан шувуут” хүнсний дэлгүүрийг ажилуулдаг юм. Ц.О нь хааяа хааяа гар утсаа тавиад зээлээр архи авч уудаг юм. О нь 2019 оны 02 сарын эхээр /өдрийг нь сайн санахгүй байна/ манай дэлгүүрт ганцаараа эрүүл орж ирээд надаас гуйж байгаад Huawei P smart маркын урд талын дэлгэц хагарсан, хар дэлгэцтэй, ар талдаа шар өнгийн гар утсыг барьцаанд тавиад манай дэлгүүрээс 10.200 төгрөгөнд 100 грамын Ерөөл гэх нэртэй архи 1 ширхэг, бор өнгийн тамхи 2 хайрцаг мөн килограммаар сүү авсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 х/
Гэрч Д.Дын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Манай охин О нь 2019 оны 3 сарын 01-ний өглөө гэрээсээ гараад буцаж гэрт орж ирэхдээ Huawei P smart загварын гар утсыг авч ирсэн юм. Уг гар утсыг манай охин О авчихаад хаа нэг газарт барьцаанд ч юм уу? нэг газарт хадгалж байгаад авч ирсэн байх. Тэр өдөр л гэрт ирэхдээ авч орж ирчихээд өөрөө унтаад өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 х/,
Н.Ц.Оийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өглөө босоод гэртээ 100 грамын шилтэй Ерөөл гэх нэртэй архинаас 3 шилийг авч гудманд ганцаараа уусан юм. Тухайн өдөр би Улаангом сумаас Улаанбаатар хот руу хувийн ажлаар явах ёстой байсан бөгөөд өдөр 13:00 цагийн үед би өөрийн танил таксинд явдаг Л ах руу утсаар залгаад “манайд хүрээд ирээч, би Улаанбаатар хот руу явах гэсэн юм. Гадуур зохицуулах ажил байна” гэж хэлээд дуудсан. Тэгээд удалгүй Л ах өөрийнхөө таксинд явдаг /улсын дугаарыг нь мэдэхгүй байна/ цэнхэр өнгийн машинтайгаа эхнэр болох Б эгчийн хамт хүрч ирсэн. Тухайн өдөр манайд ямар нэгэн хүн байгаагүй. Тэгээд би Л ахын машинд чирдэг цүнх болон бусад ачаагаа ачаад Л ахад 3Төв хаан банк руу ороод мөнгө авчихаад Улаанбаатар луу явах вогзал руу явъя” гэж хэлсэн. Тэгээд Л, Б бид гурав манай гэрээс шууд төв хаан банкин дээр очсон юм. Банкин дээр ирээд би машинаас буугаад Л ахыг хүлээж байгаарай гэж хэлчихээд банк руу ганцаараа орохдоо миний Л ахын самсунг маркын жижиг хар өнгийн гар утасыг аваад орсон бөгөөд тухайн үед миний гар утасны төлбөр төлөгдөөгүйн улмаас ямар нэгэн дуудлага хийх боломжгүй байсан юм. Би хаан банкны салбараас өөрийн 86864895 дугаарын гар утасны мобайл банкыг өөрийнхөө скайтелын 96964896 дугаар луу холбуулах үйлчилгээ авах гэж оочерлосон юм. Намайг уг үйлчилгээг авах хооронд миний дансанд хүнээс мөнгө орж ирэх ёстой байсан юм. Тэгээд би хаан банкны нэг давхарт оочерын дагуу хүлээж байгаад хаан банкны нэг давхарын баруун гар талын захын теллерын цонхонд очиж суусан. Миний сууж үйлчлүүлж байсан теллерын компьютерын ар талд хар өнгийн хагарсан дэлгэцтэй, гадна талаараа хэтэвчтэй гар утас байсан юм. Тэгэхээр нь би уг гар утсан дээр өөрийн гартаа барьж явсан хар өнгийн түрийвч болон Л ахын хар өнгийн гар утас мөн өөрийн прадо загварын гар утасыг тавьсан юм. Тэгээд надад үйлчилж байсан теллер нь миний хажуугаар хүмүүст үйлчлээд байсан юм. Тэгээд нэлээд хугацаа өнгөрсний дараа би теллерын үйлчилгээг хүлээгээд цонхоор харахад Л ах, Б эгч нар машин дотроо сууж байсан бөгөөд банкны теллер нэлээд удах юм шиг байна гэхээр нь би банкнаас гарахдаа теллерын өмнө тавьсан байсан түрийвч болон гар утаснуудыг бүгдийг нь аваад гарсан юм. Тэгээд би Л ахын машин руу очиход Л, Б нар нь даарчихсан машиндаа сууж байхаар нь би Л ахад гар утасыг нь өгөөд “Та Б эгчийг хүргээд өгчихөөд эргээд ирээрэй. Миний ажил амжаагүй байна” гэж хэлчихээд би буцаж банк руу орж теллер дээр очиж 30 гаруй минут болсон бөгөөд тухайн үед бараг 15:00 цаг болох гэж байсан юм. Тэгээд би тухайн өдөр Улаанбаатр луу явах автобусанд сууж амжихгүй болсон юм. Тэгээд би банкнаас өөрийн скайтлын 96964896 дугаарынхаа утсанд мобайл банкаа суулгуулж аваад гарахад Л ах ирээгүй байсан. Тэгэхээр нь би замын эсрэг талын Төрийн банк руу орчихоод гарахад Л ах машинтайгаа ирж байсан юм. Тэгээд би Л ахын машинд суугаад гэртээ хүргүүлээд үлдсэн юм. Би гэртээ ирчихээд хаан банкнаас олсон гар утсыг унтраагаад курткны халаасандаа хадгалж байсан юм. Би тухайн гар утасыг хадгалж байхдаа гар утасны хэтэвчтэй кейсыг нь гээчихсэн юм. Би хаан банкнаас гар утас олж авсан талаараа хэн нэгэнд хэлээгүй бөгөөд гэрийхэндээ ч харуулаагүй юм. Тэгээд би 2019 оны 02 дугаар сарын эхээр /өдрийг нь сайн санахгүй байна/ ганцаараа явж байгаад дөрвөн замд байх “Цагаан шувуут” хүнсний дэлгүүрт тэр гар утсаа барьцаанд тавьж худалдагч Т эгчийг гуйж байгаад 100 грамын ерөөл гэх нэртэй архи 1 шил, 2 тамхи болон килограммаар сүү аваад нийт 10.200 төгрөгийн зүйл авсан. Тэгчихээд би 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Цагаан шувуут дэлгүүрээс ганцаараа ороод 10.200 төгрөгийг Т эгчид Huawei P smart загварын гар утасыг авсан юм. Тухайн гар утсыг цагдаагийн байгууллагаас хурааж авсан. Би бусдын эзэмшлийн гар утсыг олчихоод ашиглаж завшсан үйлдэлдээ гэмшиж байна, надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр уг гар утсыг шүүгдэгч Ц.О авсан болох нь тогтоогдож тогтоогдож байна. Гээгдэл эд хөрөнгө гэж өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсо, тухайн үед олсон этгээдэд эзэн нь болох нь мэдэгдэхгүй байгаа зүйлийг хэлнэ. Хохирогч Ж.Ж нь өөрийн хайхрамж, болгоомжгүй байдлаас болж өөрийн өмчлөлийн Huawei P smart загварын гар утсыг Хаан банкаар үйлчлүүлж байх үедээ теллерийн ширээн дээр мартаж явсныг шүүгдэгч Ц.О олж авахдаа хэнийх болохыг нь мэдэх боломжгүй байсан тул уг Huawei P smart загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ.
Хохирогч Ж.Жы алдагдсан Huawei P smart загварын гар утсыг 319.500 /гурван зуун арван есөн мянга таван зуун/ төгрөгийн үнэтэй болох нь “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2019 оны 01 дугаар сарын 31-ний өдрийн 32 дугаартай дүгнэлт, Huawei P smart загварын гар утасны гэр 15.000 /арван таван мянга/ төгрөгийн нэтэй болох нь “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 72 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдож байна. Шүүгдэгч Ц.О нь олж авсан гээгдэл эд хөрөнгө болох Huawei P smart загварын гар утсыг барьцаанд тавих замаар гүйлгээнд оруулж ашигласан тул түүнийг уг эд хөрөнгийг завшсан гэж үзнэ. Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцох”-оор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор тус тус хуульчилсан ба шүүгдэгч Ц.Оийн үйлдлийн улмаас хохирогчид нийт 334.500 төгрөгийн хохирол учирсан байх тул дээрх гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 2. Шүүгдэгч Ц.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Ц.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.Оийн хувийн зан байдал, амьдралын нөхцөл байдлын талаар гэрч Д.Дын өгсөн: “Ц.О нь зан аашийн хувьд зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархуу, хүнээс ямар нэгэн зүйл харамлаад байдаггүй, аав ээждээ эрхлээд байдаг бөгөөд эрх, дураараа зантай хүүхэд ба нөхөр бид хоёр дутах зүйлгүй өсгөж хүмүүжүүлсэн ба одоо ч дутагдах зүйлгүй байдаг. 2015 оноос хойш найз нөхөдтэйгээ гадуур хааяа хааяа архи уучихаад байдаг байсан бөгөөд сүүлийн үед гэрээсээ гараад л таних танихгүй хүмүүстэй нийлж архи дарс уучихаад байгаа юм. Нөхөр бид хоёр одоо Од “битий архи уугаад бай, өөрийгөө зөв авч явах чадвартай бай, таарч тохирсон ажил хийгээч, дутагдах гачигдах зүйлгүй байхад яагаад архи уучихаад байдаг юм бу?” гэх мэтээр байнга хэлдэг. Харин Ц.О нь гэрээсээ гарч яваад л эргэж ирэхдээ согтуу орж ирээд унтаад өгдөг. Мөн Ц.О нь архи уухаас гадна мөн тамхи татдаг муу зуршлтай болоод байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22х/,
гэрч Б.Аийн өгсөн: “Ц.О нь манай нөхөр Оын эгч бөгөөд зан аашийн хувьд хүнтэй аятайхан харьцдаг, үзэл бодлоо шууд илэрхийлдэг, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй. Архи ууж, тамхи татдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/ зэрэг нотлох баримтууд авагджээ. Шүүгдэгч Ц.О өмнө нь гэмт үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-р тал/ -аар нотлогдсон.
Хохирогч Ж.Ж Huawei P smart загварын гар утсыг буцаан авсан, гар утасны гэрийг төлүүлж авсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 75-р тал/ -ээр нотлогдож байх тул гаргуулах хохиролгүй гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.О нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, улсын яллагч нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан зэргийг тус тус харгалзан түүнд 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий диск /CD/ 2 /хоёр/ ширхэгийг хэрэгт үлдээж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. М овогт Цийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг ажлын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий диск /CD/ 2 /хоёр/ ширхэгийг хэрэгт үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ