| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2017/05138/И |
| Дугаар | 169 |
| Огноо | 2018-01-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 169
2018 оны 01 сарын 11 өдөр Дугаар 101/ШШ2018/00169 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Ундраа, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, “Ж ББСБ” ХХК-ийн /РД: ххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххххххххххх тоотод оршин суух, Л.Мд /РД: .........../ холбогдох
43.030.087 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн,
Хариуцагч Л.М,
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа,
Иргэдийн төлөөлөгч Ц.Отгонбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК-ийн захирал Б.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 4542 дугаар захирамжаар Л.Мгээс 101.346.000 төгрөг гаргуулан тус “Ж ББСБ” ХХК-д олгосон.
Хариуцагч Л.М шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хххххххх дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч мөн өдөр нь 2719 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн.
Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн ххххххххх1 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор албадан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаад 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийнхххххххх дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор төлбөр бүрэн төлөгдөж дууссан тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон болно.
Мөн шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээнд заагдсан төлбөр болох 4.887.300 төгрөгийг төлсөн. Төлбөр төлөгч тал төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс төлбөр авагчийн хүсэлтээр шүүх захирамж гаргаж гүйцэтгэх хуудас бичигдэн улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан ба төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд урамшууллын гэрээг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрийг бодитойгоор биелүүлэхийн тулд төлбөр авагчтай байгуулсан.
Хариуцагч Л.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж зааснаар заавал биелүүлэх үүрэгтэй байсан боловч сайн дураар биелүүлээгүй.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгч Л.Мг шүүхийн шийдвэрийг заасан хугацаанд биелүүлэх, хэрэв биелүүлэхгүй бол холбогдох зардлыг гаргуулахыг мэдэгдсэн байдаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь заалтанд “...Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна...” гэж заасан ба төлбөр авагчийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлсөн төлбөр нь төлбөр төлөгч Л.М шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотой.
Иймээс манай компанид үүссэн дээрхи зардлыг хариуцагч Л.М төлөх ёстой. Тодруулбал хариуцагч Л.М шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх тухай хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үр дагавар учир тэрээр үүнийг төлөх үүрэгтэй.
Мөн Иргэний хуульд зааснаар гэм хор гэх ойлголтод иргэний субьектив эрх буюу баялгийг багасгасан, устгасан бүхий л хор уршиг хамаарах ба зайлшгүй олох байсан орлого үүнд хамаарна.
Нэхэмжлэгчийн хувьд үйл ажиллагааны үндэс нь зээлийн үйл ажиллагаа бөгөөд хариуцагч Л.М шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлж зээлийн гэрээний үүргийн дагуу төлбөрийг бүрэн төлсөн бол нэхэмжлэгч тухайн мөнгөн хөрөнгийг эргэлтэнд оруулж хүүгийн орлого олох байсан боловч хариуцагч энэ үүргээ биелүүлээгүйгээс болж хүүгийн орлого олох боломжоо алдсан.
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын 2016, 2017 оны сарын дундаж хүүгийн хэмжээ 4 хувь байснаар тооцоолбол нэхэмжлэгчийг зайлшгүй олох байсан орлого 38.142.787 төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан гэж үзэж байна.
Иймд хариуцагч Л.Мгээс шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулалд төлсөн 4.887.300 төгрөг, олох байсан орлого 38.142.787 төгрөг, нийт 43.030.087 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.М би “Ж ББСБ” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 60.000.000 төгрөг, 24 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн ба тус байгууллага надаас зээлийн гэрээний үүрэгт 106.846.000 төгрөг нэхэмжлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.
Ингээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 4542 дугаар захирамжаар Л.М миний бие “Ж ББСБ” ХХК-д 101.346.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирч эвлэрсэн.
Миний хувьд дээрхи шийдвэр гарснаас хойш 1 жил гаруй хугацаанд хөдөө ажилласан. Энэ зээлийн асуудлаас болж би их хохирсон, эхнэрээсээ салсан, эхнэр О.Заяа уг 101.346.000 төгрөгийг “Ж ББСБ” ХХК-д төлж байраа авч үлдсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотойгоор нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК-тай уулзаж, тохиролцож байгаагүй. Тус байгууллагын нэхэмжлээд байгаа шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулалд төлсөн 4.887.300 төгрөг, олох байсан орлого 38.142.787 төгрөг, нийт 43.030.087 төгрөгийг төлөх боломж байхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК нь хариуцагч Л.Мд холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах урамшуулалд төлсөн 4.887.300 төгрөг, олох байсан орлого 38.142.787 төгрөг, нийт 43.030.087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Л.М нь дээрхи 43.030.087 төгрөгийг төлөх боломжгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 4542 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 106.846.000 төгрөгөөс 5.500.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Л.М нь 101.346.000 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
/ХХ-ийн 7 дугаар тал/
Дээрхи шийдвэрийг хариуцагч болох Л.М сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хххххххх тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 2719 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ.
/ХХ-ийн 8-9 дүгээр тал/
Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн ххххххххх1 тоот тогтоолоор дээрхи шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Л.Мд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн явуулахаар шийдвэрлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн мөн өдөр нь төлбөр авагчтай 16/20573 тоот “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ”, 16/574 тоот “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ” тус тус байгуулсан байна.
/ХХ-ийн 10-11, 14 дүгээр тал/
“Урамшууллын гэрээ”-г шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрийг бодитойгоор биелүүлэхийн тулд төлбөр авагчтай байгуулдаг бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 83 дугаар зүйлийн 83.2-т заасны дагуу урамшууллыг шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр авагчийн авах төлбөрөөс суутгадаг ба төлбөр авагч буюу нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр урамшуулал болох 4.887.300 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төлсөн нь баримтаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 13 дугаар тал/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон төлбөр авагч буюу нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан шийдвэр гүйцэтгэх урамшуулах тухай гэрээний 2.1-д “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах хэмжээг хууль болон журамд зааснаар 5 хувиар тооцон төлбөрийн үнийн дүнгээс гаргуулна”,
3.1-д “Төлбөр авагч нь гэрээнд тохиролцсоноор төлбөрийн үнийн дүнгээс 5 хувиар тооцон шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлнэ” гэж заасан ба 101.346.000 төгрөг*5 хувь=5.067.300 төгрөг байх боловч уг мөнгөнөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 180.000 төгрөгийг хасч 4.887.300 төгрөг төлсөн талаараа нэхэмжлэгч тайлбарласан болно.
Төлбөр төлөгч Л.Мд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн явагдаж төлбөр төлөгч төлбөрөө төлсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийнхххххххх тоот тогтоолоор дуусгавар болжээ.
/ХХ-ийн 15 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр заасан бөгөөд нэхэмжлэгч ийнхүү Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 4.887.300 төгрөг төлсөн нь хариуцагч буюу төлбөр төлөгч Л.Мгийн үүргээ биелүүлээгүй гэм буруутай шалтгаант холбоотой тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч энэ хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хариуцагч Л.М нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлж, зээлийн гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрүүдийн хугацаанд 38.142.786 төгрөгийг олох байсан /хэргийн 12 дугаар тал/ орлого гэж нэхэмжилсэн хэдий ч тэдний хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа дуусгавар болж уг гэрээг дүгнэн шүүхийн шийдвэр гарсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байхад нэхэмжлэгч хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж олох ёстой байсан орлого нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
Иймд хариуцагч Л.Мгээс 4.887.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 38.142.787 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Мгээс 4.887.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 38.142.787 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 373.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Мгээс 93.146 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Б.УНДРАА
Б.ЦОЛМОНГЭРЭЛ