Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 384

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2018/00384

Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

 

    

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ........................тоот, “Т” ХХК-ийн /РД: ............9/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: .................. тоотод оршин суух, эрэгтэй, И.Мд /РД: ммммммммммм  нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 10.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            И.М нь тус компанитай 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ххххххххххх тоот зээлийн гэрээ байгуулан 7.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлж авсан. Тэрээр 1 сарын зээлийн хүүнд 490.000 төгрөг төлөх ёстой ба зээл авснаасаа хойш 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлхи 3 сарын хүү 1.470.000 төгрөгийг төлсөн.

            И.М нь гэрээний хугацааны хүүгээ төлсөн ч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ буюу үндсэн зээл 7.000.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй.

            Зээлийн болон фидуцийн гэрээний дагуу үндсэн зээл 7.000.000 төгрөг, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлхи 341 хоногийн алданги 11.935.000 төгрөг болж байгаа.

Гэсэн хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн буюу 7.000.000 төгрөгийн 50 хувиар хязгаарлаж 3.500.000 төгрөгийн алданги тооцсон.

            И.М зээлийн нийт төлбөрт 10.500.000 төгрөгийг нэхэмжлэгч “Т” ХХК-д төлөхөөр байна. Тэрээр зээлийн гэрээг байгуулсан өдрөө фидуцийн ЖА-0014 тоот гэрээг байгуулан уг гэрээгээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар өөрийн өмчлөлд байсан ххххххххх УНЦ улсын дугаартай, тоёота ландркруйзер прадо маркийн авто машиныг манай компанийн өмчлөлд шилжүүлсэн.

            Хариуцагч И.М нь зээлийн гэрээний хугацаанд болон хугацаа дууссанаас хойш зээлийн төлбөрөөс төлөхгүй, бидэнтэй огт холбоо барихгүй байгаа тул манай компани фидуцийн гэрээний дагуу эрсдэлээ хүлээж ххххххххх УНЦ улсын дугаартай, тоёота ландркруйзер прадо маркийн авто машиныг түүнээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсэн. Тус “Т” ХХК-ийн И.Мтай 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу түүнээс 10.500.000 төгрөг гаргуулж өгнө үү. Уг мөнгийг төлөхгүй бол Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар ххххххххх УНЦ улсын дугаартай, тоёота ландркруйзер прадо маркийн авто машиныг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгогдох болохыг шийдвэрт дурьдаж өгнө үү гэв.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч И.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 10.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/үндсэн зээл 7.000.000 төгрөг, алданги 3.500.000 төгрөг/

 

И.М нь “Т” ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 7.000.000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлэн ЖА-0014 тоот зээлийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээнд талууд хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулжээ.

Хариуцагч И.М гэрээн байгуулсан өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр уг мөнгийг “Т“ ХХК-иас авсан нь талуудын гарын үсэг зурагдсан бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдлоо.

  Дээрх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн бөгөөд тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

/ХХ-ийн 5-9, 26 дугаар тал/

 

  И.М нь мөн өдөр нь “Т“ ХХК-тай “Фидуцийн гэрээ” байгуулан өөрийн өмчлөлийн, 2003 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн, ххххххххх УНЦ улсын дугаартай, тоёота ландркруйзер прадо маркийн авто машиныг барьцаалснаар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээ байгуулагдан “Т“ ХХК нь фидуцийн зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэн авчээ.

 /ХХ-ийн 10-11, 39 дүгээр тал/

 

  Хариуцагч И.Мтай байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгаагүй бөгөөд түүний гэрээний дагуу төлөх 1 сарын хүү 490.000 төгрөг байгаагаас тэрээр зээлийн гэрээний хугацааны буюу гэрээний 2.1.4-д заасан 3 сарын хүүнд 1.470.000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлалаа.

 

Зээлдэгч И.М нь 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч “Т“ ХХК түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.

 

  Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй”,

  286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж заажээ.

 Дээрхээс үзэхэд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцаа нь зээлдэгчээс хөдлөх хөрөнгийг барьцаалах, зээлдэгч зээл, хүүгээ хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар  гэрээний үүргийг хангуулах шинжтэй байна.

 

Мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т “Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй” гэж зааснаас үзэхэд барьцаалан зээлдэх газар нь барьцааны зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй байх бөгөөд нэхэмжлэгч барьцааны зүйл болох авто машиныг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хуульд нийцээгүй байна.

 

 Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч тал нь фидуцийн гэрээний 1.1.6-д “Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг барьцаалуулагч барьцаалагчид үл маргах журмаар төлнө ....” гэж заасныг үндэслэн алданги 3.500.000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

  Барьцааны гэрээ нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбоотой байгуулагдах ч барьцаалан зээлдэх газар нь фидуцийн гэрээ байгуулах эрхгүй, алданги нь тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлэлтийн үргэлжлэлд чиглэгдэж тогтоогдох буюу зээлийн гэрээний дагуу тогтоогддог тул талуудын хооронд байгуулсан фидуцийн гэх гэрээг үндэслэн алдангийг зээлдэгчээс гаргуулах боломжгүй.

 

Иймд хариуцагч И.Маас 7.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гантулгад нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулга, өөрчилсөн шаардлагыг 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр, 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр, хариуцагч И.Мд нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулга, өөрчилсөн шаардлагыг 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр тус тус гардуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэсэн болно.

/ХХ-ийн 14-16 дугаар тал/

 

Хариуцагч И.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гантулга нар шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон     

            ТОГТООХ нь:

                                                                                             

            1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч И.Маас 7.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Маас 126.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

 

3. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуусан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заасны дагуу уг эрхээ хэрэгжүүлэх  боломжтойг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.САРАНГҮН