| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2018/00133/и |
| Дугаар | 436 |
| Огноо | 2017-01-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 436
2018 оны 01 сарын 31 өдөр Дугаар 101/ШШ2018/00436 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Нэхмэл, 3 дугаар байр, 25 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Хатанбаатарын Алтанцэцэг /регистрийн дугаар:ШБ80081965/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайханы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 62 байр, 58 тоот хаягт оршин суух, Гэлэн овогт Батцэнгэлийн Батхүрэл /регистрийн дугаар ХЖ85030412/-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 117,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан, хариуцагч Б.Батхүрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Алтанцэцэг нь Б.Батхүрэлд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 45,000,000 төгрөгийг, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөгийг, нийт 60,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Б.Батхүрэл нь зээлсэн мөнгө буцааж өгөхгүй удаасан тул 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээг бичгээр хийж барьцааны гэрээг байгуулсан.
Талууд зээлийн гэрээний хугацааг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, нэг сарын 2,5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож байгуулсан. Гэтэл Б.Батхүрэл нь зээлсэн мөнгөнөөсөө нэг ч төгрөгийг буцаан төлөхгүй, Х.Алтанцэцэгийг хохироож байна.
Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэж заасан.
Иймд Б.Батхүрэлээс үндсэн зээл 60,000,000 төгрөг, хүү 18,000,000 төгрөг, алданги 39,000,000 төгрөг, нийт 117,000,000 төгрөг гаргуулж Х.Алтанцэцэгт олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б.Батхүрэлд 60,000,000 төгрөг зээлсэн. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 1 жил хүлээгээд харсан. Дахин 2016 оноос 2017 оны 12 дугаар сар хүртэл 1 жил мөнгөө өгөхийг хүлээсэн, мөнгө өгөх хугацаа нь бүр өнгөрсөн. Энэ хугацаандаа нэг ч мөнгө өгөөгүй. Одоо мөнгөтэй болно, одоо өгнө гээд газраа зарна гэдэг байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 108,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Нэхэмжлэгч Х.Алтанцэцэг нь миний хүү н.Цэен-Ойдовын найз бүсгүй нь юм. Зээлийн гэрээг бичгээр хийх үед хүүгийн гар нь гэмтсэн, гарын үсэг зурж чадахгүй байсан болохоор Х.Алтанцэцэг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэв.
Хариуцагч Б.Батхүрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, эхнэр н.Одонтуяатай амьдарч байхдаа, эхнэрийн ах н.Цэен-Ойдовоос 2015 оны 12 дугаар сард 60,000,000 төгрөгийг зээлж авсан. Эхнэрийн тал бид хоёрын байрыг бэлдсэн, би гэрээ тохижуулах байсан болохоор мөнгө зээлсэн. Нийт 60,000,000 төгрөгийг зээлж, гэрээ тохижуулах болон бизнестээ зарцуулсан. Эхнэрийн ах н.Цэен-Ойдов нь Англиас 60,000,000 төгрөгийг эхнэр н.Одонтуяагийн 3020001414 дугаартай данс руу шилжүүлж, би уг дансны хамтран эзэмшигч болж бүртгүүлээд мөнгийг банкнаас авч байсан.
2016 оны хавар н.Цэен-Ойдов ирсэн. Мөнгө зээлсэн гэрээг нотариат дээр Х.Алтанцэцэгтэй хий гэхэд нь би гэрээг хийсэн. Мөнгийг н.Цэен-Ойдовт эргүүлж өгөөгүй нь үнэн. Авсан мөнгөө эргүүлж өгнө гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Алтанцэцэг нь нь хариуцагч Б.Батхүрэлд холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт 117,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 108,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлээр шаардаж буй мөнгийг Х.Алтанцэцэгээс зээлж аваагүй, харин 60,0000,000 төгрөгийг зээлдүүлсэн н.Цэен-Ойдовт буцааж өгнө хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.Алтанцэцэг, хариуцагч Б.Батхүрэл нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан байх боловч, зээлдүүлэгч Х.Алтанцэцэг нь зээлийн гэрээнд тусгагдсан 60,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Батхүрэлд бодитоор өгөөгүй, харин зээлдэгч нь 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө 2015 оны 12 дугаар сард н.Цэен-Ойдов гэх хүнээс зээлж авсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдов.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж тус тус зохицуулсан тул зээлийг бодитоор олгоогүй нэхэмжлэгч Х.Алтанцэцэг нь дээрх зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг зээлдэгчээс шаардах эрхгүй байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно.
Хэдийгээр, талууд сайн дурын үндсэн дээр 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Барьцаат зээлийн гэрээг байгуулсан боловч Х.Алтанцэцэг, Б.Батхүрэл нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн зохигч талуудын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч Х.Алтанцэцэгийн өмч, хөрөнгийн эрх зөрчигдсөн гэж үзэх, түүнийг сэргээх үндэслэлгүй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Батхүрэлээс зээлийн гэрээний үүрэгт 108,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайханы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 813,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА