Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 3

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Хэргийн индекс: 114/2020/0030/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч Т- овгийн Б-ийн П-, / РД: **********/ Хаяг: Дархан-Уул аймаг, Хонгор сум, **-р баг, ** оршин суух

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.Д-д холбогдох

Гомдлын “Дархан-Уул аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0059302 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухайшаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч            Б.С-

Хариуцагч                                      Л.Д-

Хариуцагчийн өмгөөлөгч              Л.Ц- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Гомдол гаргагч Б.П-оос шүүхэд гаргасан гомдол болон түүний өмгөөлөгч Б.С-оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Миний бие нь Дархан-Уул аймагт хувиараа мал, мах худалдан борлуулах ажил хийдэг билээ. Улс оронд дэлхий нийтийг хамарч буй ковид-19 халдварын дотоодын тохиолдол бүртгэгдсэн, мөн Дархан-Уул аймагт халдвар тархсантай холбоотойгоор 2020.11.12-ны өдрийн 01А/369 дугаартай “Үнийн дээд хязгаарыг тогтоох тухай” аймгийн Засаг даргын захирамж гарч тус захирамжаар 2020.11.12-2020.11.17-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт худалдан нийлүүлэх махны үнийн дээд хязгаарыг хавсралтаар баталсан бөгөөд тус хавсралтын 3, 4 дүгээр хэсэгт хонины ястай махны 1кг жижиглэн худалдах үнэ 8000 төгрөг, бөөний худалдааны үнэ 7000 төгрөг байхаар, хонины цул махны үнэ 1 кг нь жижиглэн худалдах үнэ 8500 төгрөг, бөөний худалдааны үнэ 7500 төгрөг байхаар тус тус тогтоож өгсөн.  Миний бие хонины махыг гулуузаар захиалсан айлын хаягаар 1 кг-ийг нь 7500 төгрөгөөр хүргэж өгч худалдаалж байсан. Гэтэл 2020.11.21-ний өдөр Дархан-Уул аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.Д- гэх хүн утасдаж өөрийг чинь мах үнэ нэмж зарж байгаа тухай гомдол ирсэн тул ирж уулз гэж дуудсаны дагуу би яваад очиход байцаагч хонины ястай махыг 7000 төгрөгөөр зарах ёстой байтал 7500 төгрөгөөр зарсан байна, энэ нь аймгийн Засаг даргын захирамжийг зөрчсөн гэж үзэж байгаа тухайгаа тайлбарласан. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 гэх хэсэгт зааснаар намайг буруутгаж 2000 000 төгрөгөөр торгох шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, намайг буруутгаж байгаа тухайн зүйл ангид хамаарахгүй гэж ойлгож байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дүгээр хэсэг нь “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн” гэж заагаад 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар  шийтгэл оногдуулсныг зөвшөөрөхгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан зөрчлийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй,  хууль бусаар хохироох ямар арга хэрэглэснийг тогтоогоогүй, учруулсан хохирлыг тогтоогоогүй, хуульд хохиролтой байхыг хохирогч байхыг шаардаж байгаа боловч, хохирогч байхгүй. Мөн ямар хүнээс гомдол гаргасан нь тодорхойгүй, аймгийн Засаг даргын орлогч арга хэмжээ авахыг мэдэгдсэн гэж байгаа боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4-т зааснаар гомдлыг бичгээр гаргаагүй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хэний, ямар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалаад байгаа нь тодорхойгүй байна. Аймгийн Засаг дарга Гамшгийн тухай хуулийг баримтлан махны үнийн дээд хэмжээг тогтоосон захирамж гаргасан байдаг.Улсын байцаагч нь шийтгэл оногдуулахдаа ямар худалдааг бөөний болон жижиглэн худалдааны ялгааг гаргаагүй, аж ахуй эрхлэгч мөн эсэхийг баримтаар тогтоогоогүй, зөрчлийг  гомдол гаргагч Б.П- зөвшөөрөхгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх тул Дархан-Уул аймгийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2020.11.21-ний өдрийн 0059302 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.Д-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч Л.Ц-гаас хууль зүйн үндэслэлийн талаарх тайлбартаа:-Б.П-ийн талаар аймгийн Засаг даргын орлогч Ганболд  утсаар батальонд аймгийн Засаг даргын захирамжид заасан үнэнээс илүүгээр хонины гулууз мах зарж байгаа тухай мэдэгдсэн. Ингээд өөрийн ажилтан Ч.Даваахүүг  Б.П-ийн утас руу залгуулж, мөн жолоочоор утасдуулж асуулгахад хонины гулууз махны үнийг асуухад 7500 төгрөгөөр худалдаж байгаа тухай хэлсэн тул  Цагдаагийн байгууллага руу залгаж, Б.П-ийг ирүүлж аймгийн Засаг даргын захирамж зөрчсөн тухай мэдээлж, шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан.

Улсын Онцгой комиссын 2020 оны 34, 35 дугаар хурлын тэмдэглэл, МУ-ын ЗГ-ын 2020 оны 178, 181 дүгээр тогтоолоор Корона вируст халдвар /СOVID-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан мах болон хүн амын өргөн хэрэглээний хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, үнийн зохиомол хөөргөдлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор тус аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01- А/372 дугаар захирамжаар нийтийн хүнсний хэрэгцээнд нийлүүлэх (худалдах) махны үнийн дээд хязгаарыг тогтоосон. Б.П- нь махны ченж хийдэг хүн, хонины махны бөөний үнийг аймгийн Засаг даргын захирамжаар 7000 төгрөгөөр тогтоосон байхад 7500 төгрөгөөр худалдаж борлуулсан байсан. Лангуун дээр гулууз махыг жижиглэн 4 хувааж борлуулахад жижиглэнгийн худалдаа болно, гулуузаар худалдан борлуулах нь бөөний үнээр худалдсан болно, үүнийг өөрөө Б.П- хүлээн зөвшөөрч шийтгэлийн хуудсанд гарын үсгээ зурсан байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-д харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан гомдол мэдээлэл авахыг зөвшөөрсөн байдаг. Бид аймгийн Засаг даргын захирамж гарсны дараа 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол-оюу сургууль дээр гамшгийн үед гаргасан Аймгийн Засаг даргын захирамжийг худалдаа эрхлэгч нарт танилцуулсан болно. Махыг их хэмжээгээр зориулалтын бус машинд ачиж, айлуудаар явж гулууз гулуузаар зарсныг бөөний худалдаа гэж үзнэ. Жижиглэн худалдаа гэдэг нь махыг жижиглэн эвдэж лангуу тавиур, тоног төхөөрөмж бүхий худалдааны талбайд худалдан борлуулах үйл ажиллагааг хэлдэг.

              Иймд Б.П-ийн гаргасан үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалт Хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан” заасан зөрчлийн шинжтэй үйлдэл байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт ‘‘Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол...”-д заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Иргэн Б.П- нь холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудсанд тус тус гарын үсгээ зурж хүлээн зөвшөөрсөн болно.

                Онц чухал үед Б.П-ийн үйлдэл нь хуульд заасныг зөрчсөн, үйл явдал нь зөвшөөрөгдөөгүй, бөөний болон жижиглэнгийн худалдаа гэсэн хуульчилсан стандарт байхгүй, стандарт байхгүй гэсэн үндэслэлээр арга хэмжээ авахгүй байж болохгүй, энэ хүнд арга хэмжээ аваагүй бол бусад махны ченж нар үнийг хөөрөгдүүлэх байсан, Б.П-ийн гаргасан зөрчил нь ил тодорхой, аймгийн Засаг даргаас гаргасан захирамжийг зөрчсөн, махны ченж, хувиараа хөдөлмөр эрхэлдэг нь тодорхой, аймгийн ЗДТГ-аас гаргасан судалгаагаар махны ченж хийдэг нь тодорхой байгаа, харин энэ судалгаа сүүлд гарсан, хэрэгт өгөөгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд  хэргийн оролцогч, өмгөөлөгч нараас хүсэлт тавих эрхтэй бөгөөд Б.П-ийг Өрсөлдөөний тухай хуульд заасан аж ахуй эрхлэгч мөн эсэхийг тогтоох, бөөний болон жижиглэнгийн худалдаа хийсэн эсэхэд шинжээч томилуулах саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх гомдол гаргагч Б.П-ийн гомдол, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бусад холбогдох бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

Гомдлын Дархан-Уул аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0059302 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухайшаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.Д-аас  иргэн Б.П-ийг махны үнэ хөөрөгдүүлсэн, үнэ өсгөж зарсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ...торгоно” гэж зааснаар 2000 нэгжтэй тэнцэх 2 000000 /хоёр сая / төгрөгийн шийтгэлийг хялбаршуулсан журмаар 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0059302 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн” гэж,  4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж тус тус хуульчлан заажээ.

Дээрх хуулиудын зохицуулалтаас үзэхэд өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан бол хариуцлага хүлээлгэхээр заасан байх ба гомдол гаргагч Б.П-ийг  улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01-А/372 дугаар захирамжаар махны үнийн дээд хязгаарыг тогтоосон шийдвэрийг зөрчиж, тогтоосон хэмжээнээс дээгүүр үнээр мах борлуулсан гэж буруутгаж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулахдаа зөрчил гаргагч нь Өрсөлдөөний тухай хуульд заасан аж ахуйн эрхлэгч мөн эсэх, хуульд заасан “өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн”, “хууль ёсны ашиг сонирхолд харшилсан”, “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх ямар хориглосон үйлдлийг гаргасан, хориглосон үйлдлийн улмаас хууль бусаар олсон орлого, учирсан хохирол зэргийг шалгаж тогтоогоогүйгээр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.

Харин гамшгийн үед махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн зөрчил нь Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж  болон Зөрчлийн тухай хуулийн 15.3 дугаар зүйлд заасан  “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” хэсэгт хамаарахаар байх ба зөрчил гаргагч Б.П-ийн эрх зүйн байдлыг зөв тогтоож зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах нь зүйтэй байх бөгөөд зөрчил гаргагч нь зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрөөгүй маргаж байхад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна  гэж шүүх үзлээ.

Иймд гомдол гаргагч Б.П-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймаг дахь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн  2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0059302 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1% 106.2, 106.3.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.П-ийн гомдлыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймаг дахь  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0059302 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч Б.П-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 70200 төгрөг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргагч, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   З.ЭНХТУЯА