Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 454

 

 

Б.Халзаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/06645 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Халзаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Сосоржав, М.Оюунгэрэл нарт холбогдох

 

Түрээсийн төлбөрт 1 594 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч М.Оюунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Халзаа,

Хариуцагч М.Оюунгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул,

Хариуцагч П.Сосоржавын өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Халзаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Халзаа миний бие 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр П.Сосоржав, М.Оюунгэрэл нарын хүсэлтээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хорооны 73-98 тоотод хоёр өрөө шинэ байранд сарын 450 000 төгрөгөөр хөлсөлж, ашиглалт хэрэглээний төлбөрийг цаг тухайд нь төлүүлж байхаар тохирч, эхний нэг сарын төлбөрийг авч оруулсан. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 01-нийг хүртэл хоёр сарын төлбөрийг төлөөгүй ба хэрэглээнд гарсан 405 000 төгрөгийг төлөөгүй учир би өөрөө төлж, байрнаас гаргасан. Иймд байрны төлбөр 1 080 000 төгрөг, орон сууцанд өөрөө төлсөн 405 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөг, нийт 1 593 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Сосоржав шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Халзаа гуайн байранд амьдарсан нь үнэн. Гэхдээ Б.Халзаа гуайн дарамтаас болж би нэг cap гаруй хугацаанд л амьдарсан. Б.Халзаа гуайн хэлж байгаагаар тийм их хэмжээний өр төлбөрийн асуудал байхгүй. Мөн уг байранд М.Оюунгэрэл амьдраагүй, Б.Халзаа гуайтай очиж уулзахад л хамт байсан, уг төлбөрийг би өөрөө хариуцна. Намайг эрэн сурвалжилсанд гомдолтой байна. Би эрэн сурвалжлуулах хүн биш гэжээ.

 

Хариуцагч М.Оюунгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Би энэ байранд амьдраагүй, төлбөр тооцооны асуудал байхгүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч П.Сосоржав, М.Оюунгэрэл нараас 1 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Халзаад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгөөс 38 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 31 250 төгрөгийг Банязүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, хариуцагч П.Сосоржав, М.Оюунгэрэл нараас 38 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Халзаад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Оюунгэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "хариуцагч М.Оюунгэрэл нь уг орон сууцанд амьдраагүй, хөлслөөгүй гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч түүний орон сууц хөлсөлсний хөлс, ашиглалтын зардлыг нэхэмжлэгчид төлөхөөр тодорхойлолт гаргаж өгч байсан нь тогтоогдож байх тул хөлслөгч гэж үзэхээр байна" гэжээ. Хариуцагч М.Оюунгэрэл би Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 73-98 тоот байрыг хөлслөх талаар нэхэмжлэгч Б.Халзаатай аман болон бичгийн тохиролцоо хийгээгүй, үнийн талаар тохиролцоогүй бөгөөд уг байранд амьдрахаар Б.Халзаагаас хүлээн аваагүй, огт амьдраагүй юм. Мөн хариуцагч М.Оюунгэрэл би Иргэний хуулийн 306 дугаар зүйлд заасан хөлслөгчтэй хамт амьдарч байгаа ...эхнэрийг... гэр бүлийн гишүүн гэж үзнэ, Иргэний хуулийн 306 дугаар зүйлийн 306.4 дэх хэсэгт заасанд хамаарах этгээд биш юм. Учир нь миний бие хөлслөгч П.Сосоржавын гэр бүлийн гишүүн биш бөгөөд уг байранд хамт амьдарч байгаагүй. Иймд би өөрийгөө шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанчлан орон сууц хөлслөгч биш гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Тэгээд ч хариуцагч П.Сосоржав нь "...төлбөрийг би өөрөө хариуцна..." гэж хүлээн зөвшөөрсөн байхад хөлслөгч биш надаас төлбөр гаргуулах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1 080 000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх санаачилгаараа 1 095 000 төгрөг болгож нэмэгдүүлэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн “...хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч П.Сосоржав нь нэхэмжлэгчид орон сууц хөлсөлсний төлбөрт 1 095 000 төгрөг, ашиглалтын зардалд 405 000 төгрөг төлөх төлбөртэй болох нь тогтоогдож байна...” гэж буюу хэргийн баримтаас нэхэмжлэлийн бүх шаардлагыг дан ганц П.Сосоржав төлөх нь тогтоогдож байна гэсэн атлаа тогтоох хэсэгтээ төлбөр төлөх нь баримтаар тогтоогдохгүй байгаа хариуцагч М.Оюунгэрэл надаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд гайхаж байна.

П.Сосоржав нь 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолтуудыг хариуцагч П.Сосоржавын гуйлтын дагуу хийж өгсөн ба П.Сосоржав нь тодорхойлолт хийгээд өгөөч, төлбөрийг нь би төлнө, танд энэ төлбөрүүд хамаагүй би төлчихнө гэж байсан ба энэ тодорхойлолтыг би П.Сосоржавт хийж өгсөн болохоос Б.Халзаагийн өмнө үүрэг хүлээнэ гэж ойлгож, хүсэж хийгээгүй тул тодорхойлолтыг үндэслэн хариуцагч гэж үзсэнд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Халзаа нь хариуцагч П.Сосоржав, М.Оюунгэрэл нарт холбогдуулан орон сууцны төлбөр 1 080 000 төгрөг, ашиглалтын зардал 405 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн 70 200 төгрөг, нийт 1 594 200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид орон сууц хөлслөх гэрээний дагуу тухайн орон сууцанд хэн хэдий хугацаагаар амьдарч ашигласан, орон сууц хөлсөлсөн хөлс төлөх эсэх талаар маргасан байна.

 

Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 73 дугаар байрны 98 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000406944 тоот гэрчилгээнд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 73 дугаар байрны 98 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Х.Уламбаяр, Х.Баярмаа нар бүртгэгдсэн байх бөгөөд тэдгээрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу итгэмжлэлээр Б.Халзаад олгосон нь хуульд нийцжээ.                   /хэргийн 12-14 дүгээр тал/

 

Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 73 дугаар байрны 98 тоот 2 өрөө орон сууцыг хөлслөх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр зохигчид дээрх орон сууцыг 1 жилийн хугацаатай хөлслөхдөө сар бүрийн 18-ны өдөр орон сууцны хөлсөнд 450 000 төгрөг төлөхөөр тохиролцсон бөгөөд уг тохиролцоог зөрчсөнөөс талуудын хооронд маргаан үүсчээ.

 

Хэргийн 5-8 дугаар талд П.Сосоржав М.Оюунгэрэл нар 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 2 сар 10 хоногийн байр хөлсөлсөн төлбөр болон ашиглалтын зардлыг төлөөгүй талаар удаа дараа тооцоо нийлж төлөх хугацаа зааж тодорхойлолт бичиж байсан болох нь талуудын тайлбар болон хэргийн баримтуудаар тогтоогджээ.

 

Хариуцагч М.Оюунгэрэл уг орон сууцыг хөлслөж амьдраагүй тул төлөхгүй гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолсон баримтгүй   тэрээр хэргийн 5 дугаар хуудасны ар талд “маргаж буй орон сууцыг хөлслөн амьдарч байгаа, орон сууцны хөлс болон ашиглалтын зардлыг төлөөгүй талаар баримт үйлдэж гарын үсэг зурсан”,  мөн хэргийн 8 дугаар талд “түрээсийн төлбөрийн тооцоо болон ашиглалтын зардалд 1 369 000 төгрөг төлж 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр уг орон сууцыг хүлээлгэж өгөхөөр баримт үйлдэж гарын үсэг зурсан” баримтуудаар тус тус няцаагдсан байна.

 

Иймээс хариуцагч П.Сосоржав, М.Оюунгэрэл нар дээрх орон сууцанд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд амьдарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул М.Оюунгэрэлийн уг орон сууцыг хөлслөж амьдраагүй төлбөр төлөх үндэслэлгүй гэх тайлбар болон гомдол нь  үндэслэлгүй байх тул хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Хэргийн үйл баримтаар талууд эхний нэг сарын орон сууцны хөлс 450 000 төгрөг төлөгдсөн, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны орон сууц хөлсөлсөн хөлс болон ашиглалтын зардал төлөгдөөгүй, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хөлсөлсөн орон сууцнаас нүүн гарсан талаар маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан талаар хийсэн шүүхийн  дүгнэлт зөв байв.

 

Хариуцагч П.Сосоржавыг эрэн суравжлуулж улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч Б.Халзаа нэхэмжилсэн боловч энэ талаар нотолсон баримтгүй тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй бөгөөд шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгч уг шаардлагыг багасгаагүй байх тул шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт буруу байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны орон сууц ашиглалтын зардалд 450 000 төгрөг нэхэмжилж Төрийн банкинд мөнгө төлсөн талаарх банкны гүйлгээний баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангахгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж чадаагүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч хэргийн 6-8 дугаар талд авагдсан талуудын тооцоо нийлсэн баримтыг үндэслэж ашиглалтын зардалд 290 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.                          

          /хэргийн-9 дүгээр тал/

 

Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 2 сар 10 хоногийн орон сууцны хөлс төлөөгүй болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул хариуцагч М.Оюунгэрэл, П.Сосоржав нараас орон сууц хөлсөлсөн хөлсөнд 1 062 000 төгрөг, ашиглалтын зардалд 290 000 төгрөг нийт 1 352 000 төгрөг гаргуулж үлдэх 242 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Мөн шүүхийн шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилан шийдвэрлэснийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэлийн шаардлагыг 1 485 000 төгрөгөөр хангаж шийдвэрлэсэн гэж бичсэн боловч шүүхийн шийдвэрт 1 500 000 төгрөг гаргуулахаар зөрүүтэй бичигдэж техникийн шинжтэй алдаа гаргасан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул хариуцагчийн хууль зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагч М.Оюунгэрэлийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/06645 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1 500 000 төгрөг” гэснийг “1 062 000 төгрөг” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “38 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 31 250 төгрөгийг” гэснийг “40 457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 29 742 төгрөгийг” гэж, “38 950 төгрөг” гэснийг “30 038 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Оюунгэрэлийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ  

           

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ