Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 114/2016/0018/з |
Дугаар | 221/МА2016/0463 |
Огноо | 2016-07-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2016/0463
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Миракллэнд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн “*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан давж заалдах гомдолдоо: “Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1.6, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх заалтыг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу “холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харъяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд” гомдлоо гаргаагүй, өөрөөр хэлбэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд процессийн алдаа гаргасан байна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 187 дугаар захирамжаар С.Насанбатыг аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулж, 188 дугаар захирамжаар А.Энхболдыг Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилсон байхад С.Насанбат нь мөн өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/288, “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилж газар эзэмшүүлэх тухай”А/289, “Газар эзэмших зориулалт өөрчлөх тухай”А/290, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/291, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/292, “Төсөл сонгон шалгаруулалтанд шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд газар эзэмшүүлэх тухай” А/300, “Газар эзэмших эрхийн байршлыг өөрчилж, газар эзэмшүүлэх тухай” А/302, “Газар эзэмшүүлэх тухай” А/303 дугаар захирамжийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга С.Насанбат нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байхад дээрх захирамжийг гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж А/330 дугаар захирамжаар хүчингүй болгосон болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэж заасны дагуу түүний бүрэн эрх Засаг даргын орлогчид бүрэн шилжсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлыг, харин мөн хуулийн 40.2-т хэрэв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй үндэслэл тогтоогдсон бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэхээр зааж зохицуулжээ. Түүнчлэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл эрх бүхий албан тушаалтан нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр аливаа этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох, түүнчлэн өөр бусад этгээдийн газар эзэмших, ашиглах талаарх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд тухайн шийдвэрийг гаргасан байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан газар эзэмших, ашиглах талаар гарсан тэрхүү шийдвэрийг тус тус хүчингүй болгохоор байна.
Маргаан бүхий захиргааны акт болох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжаар “...Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 187 дугаар тогтоолоор С.Насанбатыг Засаг даргын үүрэгт ажлаас огцруулж, 188 дугаар захирамжаар А.Энхболдыг Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилсон байхад С.Насанбат нь мөн өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/291 дүгээр захирамжийг батлан гаргасан байна...” гэсэн үндэслэлээр “Миракллэнд”ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуульд нийцээгүй байна.
Хариуцагчаас Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 25 дугаар хороололд байрлах 14999 м.кв газрыг иргэн С.Мөнхдалайгаас 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрээгээр шилжүүлж авсан нэхэмжлэгч “Миракллэнд” ХХК Газрын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хууль ёсоор эзэмшсэн эсэх талаар болон маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсний улмаас бусад газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх талаарх үйл баримтыг тогтоосны үндсэн дээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх байтал “аймгийн Засаг дарга бүрэн эрхийн хугацаа дууссан байхад газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана”, 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж тус тус заажээ.
Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатыг чөлөөлж, А.Энхболдыг томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 187,188 дугаар захирамжууд Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ирснээр ажил хүлээлцэх комиссыг тус өдөр томилсон, харин 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ажил хүлээлцсэн болох нь тус газрын ирсэн баримт бичгийн бүртгэл[1], ирсэн бичгийн бүртгэлийн карт[2], 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн аймгийн Засаг даргын ажлыг хүлээлцэх комиссын хуралдааны тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймээс Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын А.Энхболдод ажлаа хүлээлгэн өгсөн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг түүний үүрэгт ажлаас халагдсан өдөр гэж үзэхээр байх тул маргаан бүхий акт болох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/291 дүгээр захирамжийг аймгийн Засаг даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байхад гаргасан гэж үзэх боломжгүй юм.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд шууд гомдол гаргах эрхтэй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэх шаардлагатай байсан гэж үзэх үндэсгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харъяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргаагүй...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ