Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 61

 

М.Мэндбаярын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 970 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0038 дугаар магадлалтай, М.Мэндбаярын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 970 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16, 117 дугаар зүйлийн 117.1, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, М.Мэндбаярыг Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд оруулахыг Баянзүрх дүүргийн сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0038 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 970 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх орон нутгийн сонгуулийн хорооны эрх хэмжээг тодорхойлсон хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргаснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж чадаагүй гэж үзэж байна.

Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт "Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно", 70 5 дахь хэсэгт "Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гээд зөрчлийн хэлбэрүүдийг тодорхойлсон.

Сонгуульд хамааралтай аливаа этгээд Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахаар. мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт зааснаар сонгуулийн дүн гарсны дараа зөрчил гаргасан нь тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах орон нутгийн сонгуулийн хорооны эрх хэмжээг шүүх үгүйсгэсэн дүгнэлт хийлээ.

Энэ нь Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаанаас өөр юм. Их хурлын сонгуулийн сурталчилгааны үед зөрчил гаргасан эсэхийг шүүхийн шийдвэрээр тогтоосны дараа нэр дэвшигчийн нэрийг хасах эрх Сонгуулийн хороонд олгогдож байгаа бол орон нутгийн сонгуулийн зөрчилд заавал шүүхийн шийдвэр шаардахгүй, зөрчил гаргасан эсэхэд орон нутгийн сонгуулийн хороо дүгнэлт өгөх эрх эдэлж байгаагаар онцлог байна.

Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар тогтоолоор нэр дэвшигч М.Мэндбаяр Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасныг зөрчиж, сонгогчдын санал татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон гэж үзэж, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахдаа Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар бүлгийн 159 дүгээр зүйлийн 159 1 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

2. Шүүх захиргааны анхан шатны шүүх шүүх зөрчил гаргасныг тогтоосон шийдвэр гараагүй байхад нэр дэвшигчийг зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт хуульд нийцээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтаар зөрчил гаргагч нар сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах ажиллагааг идэвхтэй явуулсан баримтуудыг Сонгуулийн хороо үнэлж, дүгнэж, гаргасан тогтоол, түүний агуулгыг шүүх нягтлан үзэж хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадсангүй. Сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах ажиллагааг шүүх өөгшүүлсэн шийдвэр гаргаснаараа олон нийтэд хууль бус ажиллагаа явуулж болдог, Сонгуулийн хороо гэж ямар ч эрх мэдэлгүй: үлбийсэн, билэгдлийн байгууллага мэт ойлголтыг сонгогчдын дунд төрүүлж байна

Сонгуулийг шударга явуулъя гэж хаана хаанаа дэмжих гол механизм нь хариуцлага гэдгийг шүүх харуулах эрх мэдлийн үүргээ саармагжууллаа.

Шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан видео бичлэг бүхий СD нь нэр дэвшигч М.Мэндбаяр сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан, ухуулагч болон дэмжигч иргэдээр дамжуулан зохион байгуулалттай мөнгө тарааж буй үйл баримтыг үнэлж дүгнэхээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасны дагуу өөрөө хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, бусдаас нотлох баримт гаргуулахыг шаардах эрхээ хэрэгжүүлсэнгүй. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4, 159 дүгээр зүйл 159.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж байна.

Шүүх нэхэмжлэгч тал хэрэгт цугларсан нотлох баримтыг няцаасан баримт болон үгүйсгэсэн тайлбараа гаргаж мэтгэлцээгүй нөхцөлд нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн боломжгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 970 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0038 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Мэндбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М.Мэндбаяр нь Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан тус хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд нэрийг оруулахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч М.Мэндбаяр Баянзүрх дүүргийн 5 дугаар тойрогт дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд нэр дэвшиж, 3712 сонгогчийн санал авч, санал хураалтын дүнгээр 2 дугаарт жагссан байх бөгөөд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 57 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт заасныг баримтлан “сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан” гэсэн үндэслэлээр түүний нэрийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэсэн байна.

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт зааснаар сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн Сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгохоор зохицуулжээ.

Хуулийн дээрх зохицуулалтын агуулга нь Сонгуулийн хороо нэр дэвшигчийг “нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл бий болсон нь тогтоогдсон” тохиолдолд нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэр гаргах эрхтэй байна.

Мөн, Сонгуулийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно”, 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана” гэж тус тус зааснаар нэр дэвшигч сонгуулийн хууль зөрчиж, зөрчил гаргасныг цагдаагийн байгууллага шалгаж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд Сонгуулийн хороо нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргах эрхтэй байхад хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо хуульд заасан нөхцөл үүсээгүй, эрх бүхий этгээд зөрчлийг хянан шалгаж шийдвэр гаргаагүй байхад өөрт олгогдоогүй эрх эдэлж, зөрчлийг хянан шалгаж, М.Мэндбаярыг нэрийн жагсаалтаас хасч шийдвэр гарган, сонгуулийн хуулийг зөрчсөн байна.

Энэ үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүх “нэр дэвшигч М.Мэндбаярыг сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулж, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасан зөрчил гаргасан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүх эцэслэн тогтоож шийдвэрлээгүй байхад түүнийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.  

Хариуцагчийн “орон нутгийн сонгуульд шүүхийн шийдвэр гарсан байхыг хуулиар тусгайлан зохицуулаагүй” гэх гомдол үндэслэлгүй, учир нь Сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т сонгуулийн хуулийн зорилгыг тодорхойлж, Улсын их хурал, Монгол улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг мөн хуулиар зохицуулах, хуульд заасан нийтлэг зохицуулалтад үндэслэн тусгай зохицуулалтыг хэрэглэхийг хуульчилсан, шүүхүүд хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Түүнчлэн хариуцагчийн “шүүх зөрчил гаргасан тухай дуу дүрсний бичлэг, үйл баримтыг үнэлээгүй” тухай гомдлын тухайд захиргааны шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг үнэлэх үүрэгтэй бөгөөд сонгуулийн хуулийг зөрчсөн зөрчилтэй холбоотой гэх баримтыг цагдаагийн байгууллага хуульд заасан журмын дагуу шалгаж тогтоох үүрэгтэй, харин захиргааны шүүх уг баримтыг үнэлэх үүрэггүй юм.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 970 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0038 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

             

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                  М.БАТСУУРЬ  

                      ШҮҮГЧ                                                                                               Б.МӨНХТУЯА