Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:   Х******* /регистрийн дугаар -ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Б /регистрийн дугаар /-т холбогдох,

 

“Сургалтын төлбөр 6,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Х, хариуцагч Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд 02 дугаар сард эцэг Б*******оос тэтгэмж авах гэж өргөдөл гаргаж 2014 оны 7 дугаар сард тогтоол гарч тухайн оны 12 сараас тэтгэмж авсан. Энэ хугацаанд тэтгэмжээ өгөхдөө хойрго хандаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан авч байсан. Миний бие 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс М  сургуулийн НББ-Англи хэлний ангид суралцаж эхэлсэн. Нэг жилийн сургалтын төлбөр 3,000,000 төгрөг байдаг. 2016 оны 9 дүгээр сарын 15-ны сургалтын төлбөр гаргуулах зорилгоор өргөдөл гаргасан боловч тухайн үед гадаадад байсан учраас энэ хэрэг түр хойшлогдсон. 11 сард ирж өргөдөл дахин гаргасан боловч хаяг дээрээ оршин суудаггүй хэмээн хэд хэдэн удаа буцаагдсан. Эрэн сурвалжилж хаяг дээрээ байдаг нь тогтоогдож дахин өргөдөл гаргаж байна. Удаа дараалан ингэж зугатааж арга саам хэрэглэж өдий хүрсэн.

Иймд миний бие М сургуулийн 2017 онд амжилттай суралцан 1 дүгээр курсээ төгссөн. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 дугаар курстээ дахин суралцах нь үнэн тул 2016 оны сургалтын төлбөрт төлсөн 3,000,000 төгрөг, 2017 оны сургалтын төлбөр 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг хариуцагч Б.Э оос гаргуулж өгнө үү. Мөн тэмдэгтийн хураамж болох 110,950 төгрөгийг хамтад нь гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 111 дүгээр шийдвэрийн дагуу А.Х-д 18 нас хүртлэх тэтгэмж болон курс дамжааны төлбөрт нийт 7,189,260 төгрөгийн төлбөрийг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нийт 7,399,064 төгрөгийг /209,804 төгрөгийн илүү төлөлттэйгээр/ төлж барагдуулсан. Би А.Х-ы өмнө хийсэн ялтай бол тэрийгээ барагдуулсан гэж бодож байна. Цаашид би байнга дарамтлуулж амьдрахаас залхаж байна. Би хүмүүс шиг тэтгэмж өгөөгүй биш, цалингийн зээлтэй байхдаа давхар шүүхийн нэхэмжлэлийн дагуу өгч дуусгах гэж өр тавьж байж өгсөн.

Миний бие 2017 оны 3 дугаар сард тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас эмчлүүлэх зорилгоор эхнэр Ч.У*******гийн байр болох 321316556 тоотыг зарж мөнгийг эмчилгээндээ зарцуулсан учраас тухайн хаяг дээрээ байхгүй байгаа. Мөн дараагийн шатны эмчилгээ хийлгэх ёстой боловч мөнгөгүйн улмаас одоог хүртэл хяналтын үзлэгтээ орж чадаагүй байгаа. Одоогийн байдлаар би гэр бүлийн хамт нийтийн байранд түрээсээр амьдарч байна.

Би эхнэр 1-15 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр эрхэлсэн ажилгүй гэртээ хүүхэд хардаг, бага хүү сарын 180,000 төгрөгийн төлбөртэй яслид явдаг, дунд охин 23 дугаар лаборатори сургуульд хэлний сургалтын төлбөр гэж жилийн 180,000 төгрөгийн төлбөртэй, том хүү Шинэ Монгол технологийн коллежид жилийн 3,500,000 төгрөгийн төлбөртэй суралцаж байна. Бид ам бүл 5 бөгөөд ганц миний цалингаас өөр орлогогүй амьдардаг. Мөн би хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж Хаан банкнаас цалингийн зээл авсан учраас сар бүрийн цалингаас 633,000 төгрөгийг зээлийн төлбөрт өгөөд 300,000 төгрөгөөр амьдралаа залгуулах мөн байрны түрээс төлж амьдарч байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 111 дүгээр шийдвэрээр, иргэн С.А*******ийн гаргасан А.Х-д тэтгэмж тогтоолгох, сургалтын зардал гаргуулах утга бүхий нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн. Тухайлбал, 2,132,000 төгрөгийг С.А*******т олгох, А.Х-ы 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Миний бие энэхүү шийдвэрийг бүрэн биелүүлсэн. А.Х одоо 119 настай. Түүний насанд хүртэл би шүүхийн шийдвэр болон Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.

Иймд миний эрүүл мэнд болон амьдралын хүнд нөхцөл, А.Х-ыг 18 нас хүртэл тэжээн тэтгэх үүргээ биелүүлсэн зэргийг харгалзан үзэж А.Х-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч Б.Э т холбогдуулан, сургалтын төлбөрт 6,000,000 гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь дээд сургуулийн төлбөрт 2016 онд төлсөн төлбөр 3,000,000 төгрөг, 2017 оны сургалтын төлбөр 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг өөрийн төрсөн эцэг Б.Э оос гаргуулахаар шаарджээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.-д “ Эцэг, эх ... нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж тус тус хуульчлан заасан.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар, эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

1998 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, нэхэмжлэгч А.Х нь хуулийн дээрх заалтад заасан, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүн биш байх тул хуулийн дээрх заалтын дагуу өөрийн эцэг, эхээс тэжээн тэтгүүлэх, тэтгэлэг гаргуулахаар шаардах эрхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Э оос дээд сургуулийн төлбөрт 2016 онд төлсөн төлбөр 3,000,000 төгрөг, 2017 оны сургалтын төлбөр 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Х-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                       

  

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.УНДРАА