Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 473

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  оршин байрлах “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух,  Б.А /регистрийн дугаар /-т холбогдох,

 

210,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б шүүх хуралдаанд  гаргасан тайлбарт: Б.А нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай компанитай, “Төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах” 0123 тоот “гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий ТМ05 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэй авсан боловч өнөөдрийн байдлаар төлбөр барагдуулаагүй байгаа.

0123 тоот зээлийн гэрээний 7.2.1, 5.3-т заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 140,000 төгрөгт хугацаа хэтрүүлсэн 756 хоногт алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс давсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 50 хувьд хүргэж 70,000 төгрөг болж байна.

Иймд үлдэгдэл төлбөр 140,000 төгрөг, алданги 70,000 төгрөг, нийт 210,000 төгрөгийг Б.А ээс гаргуулж өгнө үү  гэв.

 

Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие, “Т*******” ХХК-тай гэрээ хийж, төхөөрөмж авсан. Эхний хэдэн сар төлбөрийг нь сар бүр хийж байсан, амьдралын боломж бололцоогүйн улмаас өнжиж хийхэд өмнө хийсэн төлбөр хасагдаагүй байсан учир уг компани руу залгаж манайд сүлжээ орохгүй байна гэж учир байдлаа хэлж төхөрөөмжөө үлдэгдэл төлбөртэй нь дүйцүүлж буцааж болох үгүйг асуухад зөвшөөрөөгүй. Түүнээс хойш би төлбөр төлөөгүй компаниас чимээгүй болсон. Ингэж явсаар өдийг хүрлээ. Миний бие хоёр хүүхэд, ээжийн хамт амьдрал хэцүү амьдарч байгааг харгалзан үзэж хэрэглээгүй төхөөрөмжийг буцаан авч өр төлбөргүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь хариуцагч Б.А т холбогдуулан, Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт авагдсан, Төхөөрөмж худалдах, худалдан авах тухай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0123 дугаартай гэрээ, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягт, зээл төлөх хуваарь болон зохигч талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч нь ТМ05 төхөөрөмжийн үнэ болох 240,000 төгрөгөөс 20,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн, сар бүр төлөх төлбөрийг дутуу төлж, үлдэгдэл төлбөр 140,000 төгрөг байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх бөгөөд дээрх гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн байх тул талуудын байгуулсан Төхөөрөмж худалдах, худалдан авах тухай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0123 дугаартай гэрээний 5 дугаар зүйлийн 5.3, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6., 232.4.-т тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар, Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгчийг биет байдлын доголдолтой, ашиглах боломжгүй эд зүйл худалдсан гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогүй тул тухайн төхөөрөмжийг буцаан өгч, өр төлбөргүй болгохыг хүссэн хариуцагчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдаж байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.А ээс 210,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т*******” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А ээс улсын тэмдэгтийн хураамжид 6,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т*******” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УНДРАА