Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/870

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

улсын яллагч Ц.Ариунтуяа /томилолт/,

шүүгдэгч Н.”Г” нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт “Н”гийн “Г”од холбогдох 1708029840453 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр “г” аймгийн “Ц” суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хятадын хөрөнгө оруулалттай компанид ажилладаг гэх, ам бүл 0, эх, хойд эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хангайн 0 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, Урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Ш овогт Н “Г” /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.”Г” нь 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 000 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 00 дугаар гудамжны 000 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хойд эцэг Ө.”Н”г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ө.”Н”гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эхнэр болох “Х”тэй 1992 оноос эхлэн хамтран амьдарсан бөгөөд тухайн үед 2 талаас нийлэхдээ “Х” нь “Г”, Түвшинзаяа гэх 2 хүүхэдтэй байсан бөгөөд тухайн үед 2 хүүхэд нь нялх байсан, би өсгөж өндийлгөсөн юм. Тэгээд бид 2 сууснаас хойш 1 охин гаргасан юм. ...Хэрэг гардаг өдөр буюу 0000 оны 00 дугаар сарын 00-ны орой ...гэртээ эхнэр “Х”гийн хамт байж байтал манай дагавар хүү болох “Г” нь ...архи уучихсан байдалтай согтуу орж ирсэн юм. Гэрт орж ирээд “Г” хоолоо идэж сууж байхдаа надад хандаж “надад мөнгөний хэрэг байна, мөнгө өгөх арга байна уу” гэхээр нь би хариуд нь “чамд байдаг мөнгөө өгсөөр байгаад одоо мөнгөгүй болчихлоо, байхгүй” гэж хэлтэл “Г” нь над руу уурлаад “юу яриад байгаа юм бэ, та манай ээжийн тэтгэврийн мөнгийг авна, бас өөрийнхөө олж ирсэн мөнгийг өөрөө авна, та энэ гэрийн хамаг санхүүг гартаа барьчихаад надад мөнгө өгдөггүй” гэж уурлаад бид 2 маргалдсан юм. Тэгээд би “Г”од хандаж “чи залуу хүн байж, өөрөө ажил олж хийгээд мөнгө олохгүй юу, хар ус гудраад явж байхаар” гэж хэлтэл “Г” нь газар унаад босож ирээд галын хажууд байсан дөрвөлжин саван дотроос галын нарийхан төмөр барьж аваад миний нуруу руу 2-3 удаа цохьсон. Бас зүүн талын гар луу цохьсон юм. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14988 дүгнэлтэд: “...”Н”гийн биед нуруунд зулгаралт, баруун сарвуу, бугуй, шуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 21х/

Шүүгдэгч Н.”Г”ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...0000 оны 00 дугаар сарын 00-ны орой ...гэртээ аав “Н”, ээж “Х” нарын хамт байж байхад миний шүд өвдөөд байсан бөгөөд би тухайн үед шүдээ намдаахын тулд жаазны хойд талд байсан шилтэй архийг аваад перцтэй хольж 100 граммыг татсан юм. ...Би аав “Н”д хандаж “надад мөнгө хэрэгтэй байна, танд мөнгө байна уу” гэтэл аав “Н” надад хандаж “чамд өгөх мөнгө байхгүй, чи архи гудраад байна, ажил төрөл хийж мөнгөтэй болооч” гэхээр нь аав руугаа уурлаад “та энэ гэрийн хамаг мөнгөний асуудлыг өөртөө зарцуулдаг, манай ээжийн тэтгэврийн зээлийг хүртэл та авч идсэн биз дээ” гээд бид 2 хоорондоо маргалдаад ...би галын дэгээ төмөр шүүрч аваад нуруу руу нь 2 удаа цохиод гар руу нь 1 удаа цохьсон юм...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 80-81 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч Н.”Г”ын хувийн байдлын талаар:

Гэрч Н.”Ү”ын мэдүүлэг /хх-ийн 36-37х/

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 41х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56х/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-53х/ зэрэг болно.

Шүүхийн үйл баримтын талаар дүгнэсэн дүгнэлт, талуудын гаргасан санал, дүгнэлтэд хийсэн тайлбар:

Гэм буруугийн талаар:

Н.”Г” нь 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, З-У-н 00 дугаар гудамжны 00 тоотод хойд эцэг Ө.”Н”г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ө.”Н”гийн “...0000 оны 00 дугаар сарын 00-ны орой ...гэртээ эхнэр “Х”гийн хамт байж байтал манай дагавар хүү болох “Г” нь ...архи уучихсан байдалтай согтуу орж ирээд надад хандаж “надад мөнгөний хэрэг байна, мөнгө өгөх арга байна уу” гэхээр нь би хариуд нь “чамд байдаг мөнгөө өгсөөр байгаад одоо мөнгөгүй болчихлоо, байхгүй” гэж хэлтэл “Г” нь над руу уурлаад “юу яриад байгаа юм бэ, та манай ээжийн тэтгэврийн мөнгийг авна, бас өөрийнхөө олж ирсэн мөнгийг өөрөө авна, та энэ гэрийн хамаг санхүүг гартаа барьчихаад надад мөнгө өгдөггүй” гэж маргалдсан, тэгээд ...галын хажууд байсан дөрвөлжин саван дотроос галын нарийхан төмөр барьж аваад миний нуруу руу 2-3 удаа цохьсон. Бас зүүн талын гар луу цохьсон юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14988 дүгнэлтэд: “...”Н”гийн биед нуруунд зулгаралт, баруун сарвуу, бугуй, шуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 21х/

Шүүгдэгч Н.”Г”ын “...0000 оны 00 дугаар сарын 00-ны орой ...би аав “Н”д хандаж “надад мөнгө хэрэгтэй байна, танд мөнгө байна уу” гэтэл аав “Н” надад хандаж “чамд өгөх мөнгө байхгүй, чи архи гудраад байна, ажил төрөл хийж мөнгөтэй болооч” гэхээр нь аав руугаа уурлаад “та энэ гэрийн хамаг мөнгөний асуудлыг өөртөө зарцуулдаг, манай ээжийн тэтгэврийн зээлийг хүртэл та авч идсэн биз дээ” гээд бид 2 хоорондоо маргалдаад ...би галын дэгээ төмөр шүүрч аваад нуруу руу нь 2 удаа цохиод гар руу нь 1 удаа цохьсон юм...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 80-81, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

Хууль зүйн дүгнэлт: Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудад шүүгдэгч  Н.”Г” нь хойд эцэг Ө.”Н”тэй “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, түүний баруун гар, нуруу орчим нь цохиж хохирогч Ө.”Н”гийн эрүүл мэндэд  хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Н.”Г”ын хохирогч Ө.”Н”д хүч хэрэглэж хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Н.”Г”ыг тус хэргийг үйлдсэн субьект гэж үзэх үндэстэй бөгөөд энэ нь түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, хохирогч нь шүүгдэгчийг бага байх үеэс нь эхлэн эх “Х”тэй хамтран амьдарч түүнийг тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүргийг гүйцэтгэж ирсэн, одоо хамт нэг гэрт амьдардаг байх бөгөөд гэр бүлийн таагүй харилцаа, түүнээс үүссэн үл ойлголцол, маргаан зэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл болжээ.

 Иймд шүүгдэгч Н.”Г”ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ө.”Н” нь шүүгдэгч Н.”Г”оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан бөгөөд шүүгдэгчид гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 34-35х/

Шүүгдэгч Н.”Г”од эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.”Г”ын үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хятадын хөрөнгө оруулалттай, замын ажил эрхэлдэг хувийн компанид ажилд орсон, тогтвортой ажил хөдөлмөр эрхэлж буй,  торгох ялыг биелүүлэх боломжтой тухайгаа мэдүүлсэн мэдүүлэг зэргийг харгалзан түүнд 700 нэгж буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 1 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Харин Н.”Г” нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон байх тул шүүгдэгч Н.”Г”ын  цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцох хасах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг нэгж нь нэг мянган /1000/ төгрөгтэй тэнцэх тул  /14 хоног х15 нэгж=210 нэгж буюу 210.000 төгрөгөөр тооцож/, Н.”Г”од оногдуулсан 700 нэгж буюу 700.000 төгрөгөөс 210 нэгж буюу 210.000 төгрөгийг хасаж, үлдэх 490 нэгж буюу 490.000 төгрөгийн торгуулын ялыг биелүүлэхээр байна. /700.000-210.000=490.000 төгрөг/

Шүүгдэгч Н.”Г”ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт “Н”гийн “Г”ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.”Г”ыг 700  /долоон зуу/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.”Г”ын  цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасаж, төлбөл зохих торгох ялын хэмжээг 490/ дөрвөн зуун ерэн/ нэгж буюу 490.000 /дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.”Г” нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.”Г” нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Н.”Г”од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.”Г”од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ