| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/00497/И |
| Дугаар | 00447 |
| Огноо | 2018-02-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 00447
2018 оны 02 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2018/00447 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжав, нарийн бичийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие О.Отай 2005 онд танилцаж, 2008 оны 4 сарын 9-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2013 оны 6 сарын 17ны өдөр хүү О.Е төрсөн. Бид Солонгос улсад хамт ажил эрхэлдэг байсан, би 2014 оны 8 сард Монгол улсад ирснээс хойш О.О нь холбоо барих нь цөөрч байсан, одоо Солонгос улсад өөр хүнтэй танилцаж одоо хүүхэд нь төрнө. Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү О.Е төрсөн цагаасаа миний асрамжид байгаа тул тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О, Б.С нар 2005 онд танилцаж, 2008 онд гэрлэсэн. 2013 онд хүү Е Солонгост төрсөн. О 2014, 2015 онд Монголд ирсэн, одоо Солонгост өөр хүнтэй гэр бүл шинээр зохиож, хүүхэд нь төрөх гэж байгаа гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрнө, тэтгэлэг төлнө, хүүгээ эхийн асрамжид үлдээнэ, эд хөрөнгийн маргаангүй гэв.
Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч О.Од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
Гэрлэгчид 2005 онд танилцаж, 2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр гэрлэлтийн 414 дүгээрт бүртгүүлснээр гэрлэгчдийн эрх үүрэг үүсгэн хамтын амьдралаар амьдарч байсан, тэдний дундаас 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүү О.Е төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан тэдгээрийн гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг хийсэн боловч амжилтгүй болсон, хэн аль нь гэрлэлтийг хэвээр үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулна гэж тайлбарлаж байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар О.О, Б.С нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заажээ.
Гэрлэгчид тусдаа амьдарсан үеэс хүү О.Е нь эхийн асрамжид байгаа, хүүхдийн асрамжийн талаар маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар”, 40.1.2 дахь хэсэгт “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтооно” гэж заасныг баримтлан хүү О.Ед сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг О.Оар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Б.С нь О.Оюунтулгыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжидд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор амьжиргааны түвшинг нэг жилийн хугацаагаар тооцож, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 50.350 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Зохигч нь шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг болон хүүхдийн цаашдын зардал гаргуулахаар нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан /РД:ЦИ85010514/ Боржигин овогтой Оюунаагийн О, /РД:ШЖ82052201/ Замбага овогтой Бат-Эрдэнийн С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү О.Ег эхийнх нь асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д, 40.1.2-т заасныг баримтлан хүү О.Ед сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг О.Оар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Б.С нь О.Оюунтулгыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 50.350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Зохигч нь шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг болон хүүхдийн цаашдын зардал гаргуулахаар нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ