| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0345/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/352 |
| Огноо | 2018-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цолмон |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Д.Цолмон,
шүүгдэгч/хохирогч/ С.”О”, М.”А” нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт “С” “О”, “Б” овогт “М” “А” нарт холбогдох 1708018590383 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын байцаалт
Монгол Улсын иргэн, 000 оны 00 дугаар сарын 000-ны өдөр Д аймгийн З суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 00 хороо, Хилчин 00-00 тоотод оршин суудаг, урьд 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 256 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоосон Х овогт “С” “О” /РД:/
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Г аймгийн Э суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Б 00-0 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй “Б” овогт “М” “А” /РД:/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.”О” нь 2017 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Тахилтын 3 дугаар буудлын орчимд үйл ажиллагаа явуулдаг ““Б”” нэртэй караоке баарны гадна М.”А”ын татаж байсан тамхийг амнаас нь булааж маргаан үүсгэн, улмаар яллагдагч М.”А” нь С.”О”ыг пивоны шилээр цохиж, харилцан зодолдсоны улмаас бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ..
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар С.”О”, М.”А” нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Тодруулбал, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Тахилтын 3 дугаар буудлын орчимд үйл ажиллагаа явуулдаг ““Б”” нэртэй караоке баарны гадна иргэн шүүгдэгч С.”О” нь М.”А”ын татаж байсан тамхийг амнаас нь булаан авч маргаан үүсгэн, гараараа нүүр, толгой суга зэрэг газар луу нь цохиж М.”А”ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч М.”А” нь С.”О”ыг тамхи булаалаа гэж уурлан пивоны шилээр толгой болон хэвлий тус газар нь цохих, хагархайгаар нь хатгах зэргээр эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч М.”А”ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 0000 оны 00 дугаар сарын 00-ны орой Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Баруунтурууны 58-02 тоот гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байтал нутгийн найзууд болох “П”, “Б”хоёр манайд хүрээд ирсэн. ...Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Тахилтын 3 дугаар буудлын орчимд байрлах ““Б”” нэртэй караоке бааранд орохоор болж бид гурав замаараа Нямбаатар гэдэг айлд очиж тэндээс хөдөөнөөс ирсэн “п”түүний эхнэр бас нэг эмэгтэйг аваад караоке бааранд орцгоож тэндээ ууж идэж байгаад 03 цагийн үед караоке баарнаас гарахаар болж би түрүүлээд “Э”тай хамт тамхилахаар түрүүлээд гарсан. Гадаа гараад нэг залуугаас гал гуйгаад тамхиа асаатал тэр залуу амнаас тамхи булаагаад авчихаар нь /сүүлд нэрийг нь мэдсэн/ “О”тай маргалдаж байгаад гартаа байсан пивоны шилээр толгой руу нь цохисон чинь “О” зөрүүлээд намайг цохиж бид хоёр хоорондоо зодолдож эхэлсэн би хагархай пивоны шилээр “О”ь баруун ташаа орчимд нэг удаа хатгасан удалгүй цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12598 дүгнэлтэд: “...”А”ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, дух, зүүн дээд доод далны гол хэсэг, баруун суга, 2 бугалганы дотор дунд хэсэгт цус хуралтууд, хамар баруун шанаа, хацарт зулгарал, баруу завжны дотор салстны өнгөц язрал, баруун гарын хурууны уг хэсэгт шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 27х/
Хохирогч С.”О”ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр архи ууж яваад зүс танил Нараатай тааралдаж хамт архи ууж байтал Нараагийн найзууд гээд 3-4 хүн ирээд бид нар орой Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны Тахилтын 3 дугаар буудал орчимд байдаг “Б” нэртэй караоке бааранд орж архи ууцгааж байгаад тэндээсээ 03 цагийн үед гараад гадаа тамхи татаж байтап нэг согтуу залуу бид нараас гал гуйгаад тамхиа асаан би тэр залуугаас тамхи гуйхад дуугарахгүй байхаар нь амнаас нь тамхийг нь булаагаад авсан чинь баруун гараараа нүүр хэсэгт цохиод, цохилцож байтал караоке баарнаас хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгаж байтал нөгөө пивоны шилээр цохисон залуу миний баруун ташаан толгой орчимд хагархай шилээр хатгаж миний ташаа хэсгээс цус гарч эхлэх үед цагдаа нар ирээд намайг шилээр хатгасан залууг шонгийн модноос гавлах үед тэр залуу бүгдийг нь алаад өгье гээд орилж байсан. Би цусаа гоожуулаад сандал дээр сууж байтал түргэн намайг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-94х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12581 дүгнэлтэд: “...С.”О”ы биед зүүн зулай, хэвлийн баруун доод хэсэг, хэвлийн баруун дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх хэвлийн шарх гэмтлүүд нь ир, ирмэг бүхийн зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 25х/
Гэрч “Б”мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...0000 оны 00 дугаар сарын 00-ны орой хөдөө явахаасаа өмнө найзуудтайга караокед орж суухаар явсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Тахилтын тэнд нэг караокед орсон ба тухайн үед манай найз “П”, эхнэр Дарьсүрэн, Мандах гээд хүүхэн, “А”, Нямбаатар, түүний эхнэр Гэрэлээ бид нар явсан юм. Тэгээд бид нар сууж байсан газраасаа гарахаар болж байтал “А”, Мандах гээд эмэгтэй хоёр түрүүлээд гарсан ба би энэ үед тооцоо хийх гээд байж байсан. Тэгсэн чинь Мандах гэдэг эмэтэй эргээд орж ирснээ гадаа “А”ыг хүмүүс зодоод байна гэхээр нь очиход ...”А” газар дугуйраад уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12х/
Гэрч С.”Э”ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “А”тай тамхи татахаар түрүүлээд гарсан чинь “А”д гал байгаагүй гадаа байсан залуугаас гал асуугаад тамхиа асаатал тэр заруу тамхийг нь амнаас нь булааж авснаас болж тэр залуутай маргалдаж удалгүй зодолдож эхэлсэн. Би нөгөө хэдэд Амараа хүнтэй зодолдоод байна гэсэн хамт явсан хэд гарч ирээд “А”ыг тэр залуугаас салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9х/
Гэрч Б.”А”ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Түрүүлээд “А”, “Э” 2 гарсан. Удалгүй Э буцаж орж ирээд “А” хүнтэй зодолдоод байна гээд хэлэхээр нь бүгд гарсан. Бид нарыг гараад ирэхэд “А” шил барьчихсан нэг залуутай зодолдож байсан бид нар “А”ыг салгаж дараа нь би нөхөр Нямбаатарыг тэндээс аваад түрүүлээд холдуулж зам гаргаад холдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25х/
Шүүгдэгч М.”А”ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө өөрийн нутгийн найз болох “П”, “Б”, Мандах нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтын 3 дугаар буудлын тэнд байх “Б” гэдэг нэртэй караоке бааранд орж 2 цаг гаран дуулж уусан. Тэгээд би гараад ирсэн чинь баарны гадаа нэг залуу надаас тамхи байна уу гэж асуухаар нь би тамхи асаах гээд байж байтал миний асаах гэж байсан тамхийг булаагаад авсан. Тэгэхээр нь би тэр залууг шанаа руу нь гараараа цохьсон ба бид 2 хоорондоо зодоон хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58х/
Шүүгдэгч С.”О”ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр архи ууж яваад зүс танил Нараатай тааралдаж хамт архи ууж байтал Нараагийн найзууд гээд 3-4 хүн ирээд бид нар орой Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны Тахилтын 3 дугаар буудал орчимд байдаг “Б” нэртэй караоке бааранд орж архи ууцгааж байгаад тэндээсээ 03 цагийн үед гараад гадаа тамхи татаж байтал нэг согтуу залуу бид нараас гал гуйгаад тамхиа асаан би тэр залуугаас тамхи гуйхад дуугарахгүй байхаар нь амнаас нь тамхийг нь булаагаад авсан чинь баруун гараараа нүүр хэсэгт цохиод цохилцож байтал караоке баарнаас хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгаж байтал нөгөө пивоны шилээр цохисон залуу миний баруун ташаан толгой орчимд хагархай шилээр хатгаж миний ташаа хэсгээс цус гарч эхлэх үед цагдаа нар ирээд намайг шилээр хатгасан залууг шонгийн модноос гавлах үед тэр залуу бүгдийг нь алаад өгье гээд орилж байсан. Би цусаа гоожуулаад сандал дээр сууж байтал түргэн намайг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-98х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч М.”А”, С.”О” нар нь харилцан бие биедээ учирсан гэмтлийг өөрсдийн үйлдлээр учруулснаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд тэдний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан тэдгээрийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №000, 0000 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон тул шүүгдэгч М.”А”, С.”О” нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
С.”О”ы хувийн байдлын талаар:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31, 61х/
Тэрээр урьд Баянгол дүүргийн шүүхийн 256 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоосон болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 65-66х/ зэргээр тогтоогдлоо.
М.”А”ын хувийн байдлын талаар:
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 33х/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60х/
Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45х/-аар тогтоогдлоо.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч/шүүгдэгч/ М.”А”, С.”О” нар нь бие биенээсээ эрүүл мэндийн хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 21-22, 93-94х/
Шүүгдэгч М.”А”, С.”О” нарын бусдад төлөх төлбөргүйг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Оногдуулах ял шийтгэлийн тухайд:
Шүүгдэгч М.”А”, С.”О” нар нь аль аль нь “шүүхийн хэлэлцүүлэгт хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, торгох ял биелүүлэх боломжтой” талаараа мэдүүлсэн бөгөөд тэдний хувийн байдал, цаашид ажил хөдөлмөр эрхлэх боломжтой /М.Отгонжаргал 29 настай, М.”А” 30 настай/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдгээрт 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулахаар шийдвэрлэв.
Харин шүүгдэгч С.”О” нь 2018 оны 02 дугаар сарын 15-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 30 хоног цагдан хоригдсон /хх-ийн 89, 106х/ байх тул түүний цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцон хасахад тодруулбал, 450 нэгж:15=30 хоног болж байх тул С.”О”ыг 450 нэгжийн торгох ялыг биелүүлсэн гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгч М.”А”, С.”О” нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч М.”А” нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овогт “С” “О”, “Б” овогт “М” “А” тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.”А”, С.”О” тус бүрийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.”А”, С.”О” нарт оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.”О” нь 30 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасаж, С.”О”ыг торгох ялыг биелүүлсэнд тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан М.”А” нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.”А” нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.”А”, С.”О” нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ