Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 00448

 

  

                                                            

                               

2018 оны 02 сарын 26 өдөр                   Дугаар 183/ШШ2018/00448                               Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 16 хороо, Наадамчдын гудамж, Буянт-Ухаа-1 хороолол, 715 байр, 59 тоотод оршин суух, /РД:ЕЭ69062765/, Дуут овогтой Доржсамдангийн Нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 хороо, Горькийн 11-271 тоотод оршин суух, /РД:ЧН72021817/, Булга овогтой Цэдэнгийн Оад холбогдох,

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Ц.О, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Очирбаттай 2004 онд танилцаж, 2005-2011 онд хамтран амьдарч, бидний дундаас 2010 оны 12 сарын 30-ны өдөр охин Б төрсөн. Охиноо төрснөөс хойш сэтгэл, санаа нь бага багаар хөндийрч биднээс холбоогоо тасалсан. Иймд охинд хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Би нэхэмжлэлээ өөрийн хаягийн харьяаллаар гаргасан гэв.

 

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Нтэй хамт ажиллаж байснаас хамт амьдарч байгаагүй, охин миний хүүхэд мөн, тэтгэлэг төлнө гэв.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Ц.Оад холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т зааснаар тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь Н.Бгийн эцэг мөн болохоо болон тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Д.Н, Ц.О нарын хамтын амьдралын дундаас 2010 оны 12 сарын 30-ны өдөр охин Б төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 25 дугаар зүйлийн 25.1-д хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ гэж, 25.3-т эцэг, эх нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална гэжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж, 26.2-т эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэйг зохицуулсан ба эцэг, эх тусдаа амьдрах болсон байдал нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөж хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх нь хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг хөгжүүлэх, хөгжиж, төлөвшихэд дэмжин туслах, наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэг хүлээх юм.

 

Дээрх хуулийн заалтуудаар эцэг, эх хүүхдийн асуудлаар тэгш үүрэг хүлээх бөгөөд нэхэмжлэгчийн эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоох шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар”, 40.1.2 дахь хэсэгт “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтооно” гэж заасныг баримтлан охин Н.Бд сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Ц.Оаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Д.Н нь Ц.Оыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор амьжиргааны түвшинг нэг жилийн хугацаагаар тооцож, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 50.350 төгрөг гаргуулан орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-д зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр охин Н.Бд сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Ц.Оаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг Д.Нт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 50.350 төгрөг гаргуулан орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ