Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/330

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Ч.”Т” нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн “Б” овогт “Ч” “Т”д холбогдох 1808011950385 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Х аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын механизмын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, С-н 00-00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, “Б” овогт “Ч” “Т” /РД:РК91102210/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ч.”Т” нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 1-31 тоот хашааны гадна, автомашин дотор болон гэртээ өөрийн эхнэр М.”О”тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Ч.”Т” нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг uэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

 Тодруулбал, Ч.”Т” нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 1-31 тоот хашааны гадна, автомашин дотор болон гэртээ өөрийн эхнэр М.”О”тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, маргалдаж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч М.”О”гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 01-нд ...нөхөр “Т” над руу залгаад чи дүү Хулан руугаа залгаад “гэрээс мөнгө алга болсон байна, тэрний талаар асуугаадах” гэж хэлэхээр нь би, за гэж хэлээд утсаа таслаад тэгээд дүү Хулан руу залгаад “гэрээс мөнгө авсан юм уу” гэж асуутал Хулан “аваагүй” гэж хэлсэн. Тэгээд би “Т”ын мөнгөө алга болгосон гэх дүү “Н” руу нь залгатал утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь эгч бид 2 Хуланг дагуулаад манай гэрт очиж “Н”тай уулзаж “хаана байсан мөнгө алга болчихсон юм бэ, хэдэн төгрөг байсан юм” гэж асуутал “12.000 төгрөг миний куртикны карманд байсан юм, тэгээд алга болчихож” гэж хэлсэн. Тэгээд манай дүү Хулан “Н”д би чамд “мөнгийг чинь аваагүй гэж хэлээ биз дээ, юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн бөгөөд манай эгч “С” “Н”д алга болсон гээд байгаа 12.000 мянган төгрөгийг өөрөөсөө гаргаж өгсөн юм. ... хадам ээжийг аваад нөхөр бид 3 хамтдаа Сонгинохайрхан Дүүргийн 00 дугаар хороо, Сансрын 00-00 тоот гэр лүүгээ явсан юм. Тэгээд явж байх замдаа манай хадам “мөнгө алга болсон талаар яриад юу болсон юм бэ” гэхээр нь би “мэдэхгүй ээ, манай дүү аваагүй гэж байна лээ, би бас хараагүй болохоор” гэж хэлтэл манай хадам ээж над руу чи “дүүгээ өмөөрлөө” гээд уурласан юм. Тэгээд би тухайн үед дуугүй яваад байсан бөгөөд гэрийн гадаа иртэл “Т” намайг бууж хашааны хаалга онгойлгооч гээд орилоод байсан бөгөөд би буугаагүй бас хадам ээж буугаагүй хойно суугаад байсан. Тэгтэл гэнэт “Т” хажуунаас миний толгой руу гараараа 4-5 удаа цохиод бас хөлөөрөө миний гар луу жийсэн. ...”Т” түрүүлж буугаад миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод намайг татаж машинаас газар унагаагаад уначихсан байхад миний хөл рүү өшиглөөд бас гараараа нуруу руу цохиод байсан юм. ...Тэгээд гэртээ ороод цай чанаад бууз жигнээд “Т”д таваглаж өгөөд байж байтал “Т” “ээжийг дуудаж хоолыг нь өгөөч” гээд над руу уурлаад байхаар нь би “юу гэнэ ээ” гэж хэлчхээд хадам ээжийг дуудаж “хоолоо ид” гэж хэлээд тэгээд би хоолоо идэх гээд суутал “Т” намайг “чи яасан шазруун юм бэ” гээд над руу савх, аяга шидсэн бөгөөд аяга нь миний зүүн гарыг оносон бас бууз шидсэн, бас хэвийн боов шидээд миний уруулыг оносон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №000 дүгнэлтэд: “...М.”О”гийн биед баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн хэсэгт цус хуралт, зулгаралт, зүүн сарвууны ард цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 16х/

Шинжээч Ж.”Г”ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.”Ц”ын дээд уруул, бугалга, шилбэний цус хуралт, өвдөгний шарх гэмтлүүд нь цохих болон, өшиглөх, унах үед аль алинаас нь үүсэх боломжтой гэмтлүүд юм. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72х/

Гэрч Ц.”М”ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “Т” руу яриад “дүүгийн чинь мөнгө алга болсон байна, тухайн үед “О”гийн дүү Хулан хамт байсан гэж байна, “О”д хэлээрэй” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд манай хүүхэд байж байгаад миний ажил дээр ирээд өдөр гэрт “О” бас эгчийнхээ хамт ирээд “өөрсдийнхөө эд зүйлийг сайн хадгалж анхаарч бай, манай дүүг гэртээ байлгах дургүйдээ ингээд байгаа юм уу” гэж надад манай хүүхэд хэлсэн юм. ...Тэгээд намайг орой нь манай хүү болох “Т” бас эхнэр “О”гийн хамт ирж аваад бид 3 хамтдаа Сонгинохайрхан Дүүргийн 28 дугаар хороо, Сансрын 1-31 тоот гэр лүүгээ явсан. Замдаа машинд явж байхдаа би “О”д “та хэд уулзалдаад юу болов” гэтэл “О” “ерөөсөө дуугарахгүй, юу ч болсон юм байхгүй” гэж товчхон хариулсан бөгөөд би хариуд нь “та нар энэ дүү Хулангаа бага дээр нь хэлж засаж аваарай, ийм асуудал дахиж гаргуулахгүй байх тал дээр анхаараарай, өмнө нь бас миний кармаанд байсан мөнгө бас алга болж байсан шүү” гэж хэлсэн юм. ...Тэгээд гэрийн гадаа ирээд хашааны хаалга онгойлго гэж “Т” “О”д хэлтэл “О” буугаагүй бөгөөд яг хэзээ нь билээ би бас тухайн үед болсон асуудлаа сайн санахгүй байгаа бөгөөд ямартай ч “Т” “О”г шууд өшиглөөд тэгээд машинаас унагаасан юм. Тэгээд би хажуунаас болиоч гэж хэлээд тэр машинаа хашаа руу оруулаад би машинаас бууж эд зүйлээ оруулаад гэртээ орсон. Тэгээд гэртээ ороод “О” бууз жигнээд хоолоо идэж байхдаа “Т” “О” руу бууз авч шидээд бас хугалчихсан байсан хэвийн боов авч шидээд байсан бөгөөд би болиоч гэж хэлээд тэгээд өнгөрсөн юм. Тэр шидсэн хэвийн боов нь уруулыг нь оносон юм шиг байгаа юм. ...Өглөө нь “О”гийн уруул нь хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10х/

Шүүгдэгч Ч.”Т”ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эхнэр болох “О”тай 2009 оноос эхэлж хамт амьдарсан ба бид гэрлэлтээ батлуулчихсан дундаасаа 2 хүүхэдтэй бөгөөд баг хүүхэд 1 нас 8 сартай, харин том хүүхэд 6 настай юм. ...2018 оны 03 дугаар сарын 01-нний өдөр ...манай ээж над руу 13 цагийн орчим залгаад “дүүгийн чинь кармаанд байсан мөнгө нь сая гэрт байхад алга болчихсон байна, 12.000 мянган төгрөг байсан гэж хэллээ, “О”гийн дүү нь Хулан нь авчихсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “О”гийн утас руу залгаад сая “ээж над руу залгаад Хулан гэрт байж байгаад сая гарахдаа “Н”гын карманд байсан 12.000 мянган төгрөгийг аваад гарчихсан юм шиг байна, чи утасдаад авсан үгүйг нь мэдээдэх” гэж хэлтэл “за, гэж хэлээд утсаа тасалсан” юм. Тэгээд байж байгаад “О” над руу залгаад ““Н”ын дансны дугаарыг нь над руу явуулчих мөнгийг нь хийе” гэж хэлээд утсаа салгачихсан юм. Тэгээд 20-30 минутын дараа манай эхнэр над руу дахиж залгаад эгч бид 2 Хуланг аваад гэр лүү явлаа “Н” гэрт байгаа юм уу, гэж хэлэхээр нь би байгаа байх гэж хэлтэл утсаа тасалсан юм. Тэгээд 2-3 цагийн дараа би “Н” руу залгаад ““О” очсон юм уу” гэж асуутал “Н” Хулан бас өөр нэг эгчийнхээ хамт ирчихээд намайг “яг кармаандаа мөнгөө хийсэн юм уу, тухайн мөнгө чинь байсан юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь би байсан гэж хэлтэл “та нар манай дүүг гэртээ байлгахгүйн тулд албаар шалтаг гаргаж хэрүүл хийх гээд байдаг юм уу гэж “С” гэдэг эгч нь хэллээ, тэгээд явсан” гэж манай дүү надад хэлсэн. Тэгээд утсаар ярихгүй байж байгаад орой 19 цагийн орчим эхнэр “О”г жуковын гандан дээрээс эгчтэй нь хамт аваад эгчийг нь Чулуун-Овооны орчим айлд хүргэж өгөөд эхнэр “О” бид 2 манай ээжийн түрээслэж байсан байр луу нь очиж ээжийгээ болон үлдсэн эд зүйлийг нь авсан юм. Тэгээд бид 3 гэр лүү харьж явах замд манай ээж “танай дүү Хулан чинь өмнө нь бас эд зүйл хэлэхгүй аваад байдаг байсан, Хуланд өөрт нь хэлж ярьж ойлгуулахгүй бол өөртөө гай болохвий” гэж хэлтэл “О” юу ч дуугараагүй юм. Тэгэхээр нь би хажуунаас нь “чи гэрт эгч, дүүгээ дагуулж очоод дүү муутай ганцаараа байгаа хүүхдийг загнадаг нь яаж байгаа юм бэ” гэж хэлтэл “О” “би загнаагүй ш дээ” гэж хэлсэн. Тэгээд гэрийн хашааны гадаа очиж зогсоод би машин дотор байхдаа уурандаа гараараа нүүр лүү нь 2-3 удаа цохиж, өшиглөсөн юм. Тухайн үед би жолоочийн суудал дээр “О” миний хажуу талын суудал дээр манай ээж хойд талын суудал дээр сууж байсан. Тэгээд цохичихоод би “О”г “хашааны хаалга бууж онгойлго” гэж хэлтэл “О” юу ч дуугарахгүй чимээгүй байгаад байсан бөгөөд би бууж хашааны хаалгаа онгойлгоод машинаа хашаа руу оруулаад би түрүүлж машинаасаа буугаад миний хойноос манай ээж буугаад “О” машин дотор үлдчихсэн юм. Тэгэхээр нь би очоод хаалгыг нь онгойлгож “О”г чирч буулгаад гараараа ямартай ч дахиад 2-3 удаа цохьсон юм. Би тухайн үед аймар уурлачихсан байсан бөгөөд яг хаашаа нь цохисоноо сайн санахгүй байна. Тэгээд бид нар хамтдаа манай гэр лүү явж орсон юм. Тэгээд гэрт ороод “О” бууз жигнээд буузаа гаргачихаад ширээн дээр таваглаж тавьсан бөгөөд тухайн үед манай ээж орон дээр хэвтэж байсан. Тэгээд би “О”д хандаж “ээжийг дуудаж хоолыг нь өг” гэж хэлтэл “О” ээжийг дуудсан. Тэгээд тухайн үед миний уур гарахгүй ууртай байсан бөгөөд би “О”руу бууз авч шидсэн бөгөөд тухайн бууз нь “О”г оносон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55х/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруутайгаа маргахгүй байна, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

Шүүгдэгч Ч.”Т” нь эхнэр болох хохирогч М.”О”гийн  биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №000 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учирсан  хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон гэх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1 дүгээр хэсгийн 5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд / 3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нэгэн адил хамаарна./ энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь эхнэр, нөхөр болох нь тэдгээрийн гэрлэлтийн баталгаа, мэдүүлгээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Ч.”Т”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субьект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд  шүүгдэгч Ч.”Т”ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Ч.”Т”ын хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29х/

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 28х/

Түүний 2 хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38-39х/

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40х/

Ажлын байр түрээслэх гэрээ /хх-ийн 35-36х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45х/-аар тогтоогдлоо.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч М.”О” нь шүүгдэгч Ч.”Т”аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан бөгөөд шүүгдэгчид гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 65х/

Шүүгдэгч Ч.”Т”ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ч.”Т” нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан Ажлын байр түрээслэх гэрээ /хх-ийн 35-36х/, “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 67-82х/ зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ч.”Т”ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч “Б” овогт “Ч” “Т”ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.”Т”ыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.”Т”д оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.”Т” нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.”Т” нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.”Т”д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ