| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0306/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/329 |
| Огноо | 2018-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2018/ШЦТ/329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Д.Нямбат,
хохирогч Н.”О”,
шүүгдэгч П.”У” нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвнямын “У”ад холбогдох 1808003710213 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр О аймгийн Баян-Ө суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, М ХХК-нд харуул ажилтай, ам бүл 0, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны Б 00-00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Б овогт П “У” /РД:/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч П.”У” нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0000 оны 00 дүгээр сарын 00-ний шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хархорин захын автобусны буудлын орчим Н.”О”ыг дуу дууллаа гэх шалтгаанаар зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар П.”У” нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Тодруулбал, П.”У” нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0000 оны 00 дүгээр сарын 00-ний шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр, Х захын автобусны буудлын орчим Н.”О”ыг дуу дууллаа гэх шалтгаанаар зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Н.”О”ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...0000 оны 00 дүгээр сарын 00-ний шөнө 00 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 19-ийн автобусны буудал орчим ганцаараа дуу аялаад алхаж явтал хойд талын паабаас үл таних нэг залуу гарч ирээд надтай зөрөхдөө намайг “үхсэндээ дуулаад байгаа юм” гэхээр нь би “аа юу гэнээ” гээд инээгээд тоглож байна гэж бодсон чинь намайг аль гараараа юм мэдэхгүй нүүрэн тус газарт нэг удаа цохиход нь би газар унасан. Тэгээд дээр гарч суугаад 2 гараараа нүдсэн, би эсэргүүцэх гэсэн боловч дийлээгүй, дороос нь өндийх гээд чадаагүй. Гэтэл цаанаас хамт явсан эмэгтэй нь ирж тэр залууг татаж босгосон. Би өндийгөөд босож чадалгүй нүдний шилээ тэмтэрч байгаад олсон чинь 2 гуя нь хугарсан, миний нүүрнээс цус гарсан байхаар нь би “яадаг хар пизда вэ” гэсэн чинь тэр залуу буцаж гүйж ирээд “юу гэнэ ээ” гээд миний нүүр лүү өшиглөж унагаад хөлөөрөө толгой руу 2 удаа өшиглөсөн. Би толгойгоо дараад хэвтээд байсан. ...Би эмчилгээндээ эм тариа зарцуулсан. Зодуулснаас болж 14 хоног ажилдаа явж чадаагүй. Хамраа 200.000 төгрөгөөр тэгшлүүлсэн. Хамраа тэгшлүүлээд зүгээр нүдний шил зүүж болохгүй тул 41.500 төгрөгөөр линз авч зүүсэн. Нүдний шил 34.000 төгрөгөөр авсан. Шүүх эмнэлэгт 8.000 төгрөгөөр үзүүлсэн, толгойны томограф 120.000 төгрөг, эм 33.320 төгрөг, хамрын дусаалга 14.000 төгрөг, такси унаа 120.000 төгрөг, шарлага 50.000 төгрөг гээд нийт 620.820 төгрөгийн зардал гарсан. Үүн дээр ажилдаа яваагүй 14 хоногийн цалин 500.000 төгрөг тооцно .Ингээд нийт 1.120.820 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 18-20, 21х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №000 дүгнэлтэд: “...Н.”О”ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, баруун чих, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамар, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн дээд зовхи гадна хэсэг, доод зовхи гадна хэсэг, зүүн хацрын төвгөр, хамрын зүүн хэсэг, амны баруун буланд зулгаралт, дээд уруул дотор салст язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 27х/
Гэрч А.”П”ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...0000 оны 00 дүгээр сарын 00-ний ...23 цаг өнгөрч байхад би найзтайгаа уулзах гээд Хархорины автобусны буудлын хойно уулзаад ө паб-д орж суусан. Удалгүй араас “У” ирээд пабын үүдэнд намайг хүлээж байсан бөгөөд би пабаас гараад яг явах гэж байхад нэг ах ирээд хажууд нь дуулаад байхаар нь “та хол очиж дуулаач” гэтэл нөгөө ах маргалдаад “хаана дуулах чамд ямар хамаатай юм” гэтэл “У” түлхсэн чинь өөдөөс нь нөгөө ах цохиод авсан. Тэгээд заамдалцаад газар унаад хоорондоо зуууралдаад өнхрөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-25х/
Гэрч О.”Б”ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр ...23 цаг өнгөрч байсан байх цагийн нь сайн санахгүй байна “У” эхнэртэйгээ цуг манайхаас гэр лүүгээ харьлаа гээд явсан. ...”У” эхнэртэйгээ манайхаас гарч яваад 20-30 минут орчмын дараа “У”ын эхнэр нь ганцаараа орж ирээд ““У” хүн зодчихлоо” гэж хэлэхээр нь би “юу болсон юм, яасан гэж” асуухад эхнэр нь “мэдэхгүй мэдэхгүй” гээд уйлаад суугаад байсан. Би ““У” хаана байгаа юм” гэхэд гадаа байгаа гэхээр нь би хувцсаа өмсөөд гэрээсээ гартал “У” орцонд 1 давхарт сууж байхаар нь би “юу болсон юм” гэхэд “найз нь сая хүн зодчихлоо, тэр хүн дагаад гадаа ирчихсэн байна” гэхээр нь би орцны гадаа гартал яг орцны үүдэн дээр 165 см орчим өндөртэй хугархай нүдний шилээ гартаа барьчихсан, хамарнаас нь жаахан цус гоожсон эрэгтэй зосгож байхаар нь би очоод “яасан ах зүгээрүү, манай найз таныг зодсон юм уу” гэж асуутал юм дуугарахгүй байж байснаа зам дээр зогсож байсан гэр бүлийн машины жолооч байсан чинь тэр ах жолоочид хандан “чи сайн хараарай гэрч шүү” гээд байхаар нь би учраа олж болохгүй юм байна гэж бодоод буцаад гэр лүүгээ оронгоо “У”ыг оръе гэхэд орохгүй гэхээр нь би орцонд үлдээгээд гэртээ ортол “У”ын эхнэр нь “цаадахаа чи дагуулаад ороод ирээч ээ” гэхээр нь би буцаж хувцсаа өмсөөд гэрээс гартал орцны үүдэнд зогсож байсан ах 2 цагдаатай цуг шатаар өгсөж байхад нь таартал нөгөө ах 2 цагдаад энэ найз нь байна гэтэл цагдаа намайг байж бай гэхээр нь би гарч хүн тосох гээд байна гэтэл явуулахгүй манай гэр лүү орж цагдаа шалгаж үзээд намайг цагдаагийн хэлтэс рүү дагуулж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25х/
Шүүгдэгч П.”У”ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 11-нд ...”Б”ийнд 5-уул нийлээд 4 том Нийслэл пиво уусан. Тэндээс гараад найз охин “П”той уулзах гээд 19-ийн автобусны буудал руу явж байгаад ард талын пабын хажууд тамхи татаад зогсож байтал нэг ах хажуугаар дуу дуулаад явж байхаар нь “дуугүй байгаач, хол очиж дуул” гэсэн чинь “чадахгүй гэсэн хүнийг чи яах юм” гээд муудалцаж эхэлсэн. Тэр ахтай маргалдаад би баруун гараараа зүүн мөр лүү нь түлхсэн чинь тэр ах миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохихоор нь би тэвэрч аваад газар унагаах гэтэл би доор нь ороод хамт унасан. Унасан байхдаа нүүр лүү нь цохьсон. Хэдэн удаа цохьсоноо мэдэхгүй байна. Би босож ирээд тэр ах явган суучихсан байхаар нь 2 удаа өшиглөсөн. Тэгтэл манай найз охин намайг болиулаад бид 2 байрны дундуур хойшоо алхаж явтал тэр ах хойноос дагаад байсан. Тэгээд би эргээд найз “Б”ийнд орчихоод найз охиноо үлдээгээд буцаж дэлгүүр орсон. Тэгээд би цагдаа дээр баригдаж ирсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч П.”У” нь хохирогч Н.”О”ын биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №000 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон тул шүүгдэгч П.”У”ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
П.”У”ын хувийн байдлын талаар:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47х/
Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 50х/
Бакалаврын дипломны хуулбар /хх-ийн 53-54х/
“М” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 77х/
Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-ийн 68-69х/
Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52х/-аар тогтоогдлоо.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Н.”О” нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр гэж нэхэмжилж 442.920 төгрөгийн баримт /хх-ийн 80-83х/ гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч П.”У” нь хохирогч Н.”О”т 650.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргаж өгсөн 2 хуудас баримт зэргээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь баримтгүй нэхэмжилсэн зардлаа /таксины хөлс, хамрын дусаалга авсан төлбөр, ажилгүй байсан хугацааны зардал гэх мэт/ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын тухайд:
Шүүгдэгч П.”У”ын нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.
Оногдуулбал зохих ял шийтгэлийн тухайд:
Шүүгдэгч П.”У”ын үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, түүний хувийн байдал, “Москва комплекс” ХХК-д хамгаалагч ажилтай болох нь “М” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 77х/, Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулга /хх-ийн 68-69х/ зэргээр тогтоогдсон бөгөөд түүнд торгох ялыг оногдуулах боломжтой гэж үзэж улмаар үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан П.”У”ад 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч П.”У”ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П “У”ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.”У”ад 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.”У”ад оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан П.”У” нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч П.”У” нь хохирогч Н.”О” 650.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Н.”О” нь баримтгүй нэхэмжилсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.”У”ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ