Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 395

 

 

 

 

 

 

 

2019            4             30                                            ДШМ/2019/395

 

                                                     Л.П-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Майбаяр,

шүүгдэгч Л.П-гийн өмгөөлөгч Р.Бадмаа,

хохирогч Ж.О-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.П-д холбогдох эрүүгийн 1811015891069 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Л.П, 1972 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 3, эх, охины хамт ........... дүүргийн 25 дугаар хороо, Содон хорооллын .............. тоотод түр оршин суух бүртгэлтэй, /РД: ............/;

Урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Л.П- нь өөрийгөө Татварын ерөнхий газарт ажилладаг, Сарангэрэл гэж танилцуулан “хүүхдийг чинь ажил, сургуульд оруулж өгнө, цэргийн алба хаасан үнэмлэх гаргуулж өгнө” гэж иргэн Ж.О-г хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд удаа дараагийн үйлдлээр бэлэн болон бэлэн бус хэлбэрээр нийт 25.045.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.П-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн Л.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон удаа дараагийн үйлдлээр бэлэн болон бэлэн бус хэлбэрээр нийт 25.045.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-д хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирлоо нөхөн төлөх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч Л.П-д хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.П-гээс хохирлын 19.045.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, Л.П-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Ж.О- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Л.П- нь анхан шатны шүүх хуралдааны өмнө удаа дараа “чи найзыгаа энэ удаа уучлаач, шүүх хуралдаанаар орвол шоронд явах болчхоод байна. Би шүүх хуралдааны дараа хашаа байшингаа чиний нэр дээр шилжүүлж өгнө” гэсэн. Мөн өмгөөлөгч нь ирээд “Л.П-г нэг удаа харж үзээч, чиний хохирлыг төлж барагдуулна. Шоронд орчихвол чи юу ч авч чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь Л.П-г эх хүн, эмэгтэй хүн, хийсэн хэргээ ойлгож байгаа байх гэж бодоод шүүх хурал дээр өөрийн саналаа хэлсэн. Шүүх хуралдааны дараа Л.П-д “хохирлоо төлж барагдуулаач, би зээлээ төлөх мөнгөгүй болчхоод байна” гэж хэлэхэд өнөөдөр, маргааш гэж хойшлуулаад сүүлдээ миний өөдөөс загнадаг болсон. Л.П- урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар надаас авсан их хэмжээний мөнгөө төлж барагдуулахгүй байгаад гомдолтой байна. Л.П- нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн байдал гаргаж байгаад маш их гомдолтой байна. ...” гэв.

Шүүгдэгч Л.П-гийн өмгөөлөгч Р.Бадмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Ж.О-гийн гаргасан давж заалдах гомдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах, ял хөнгөрүүлэх, хохирлыг нэмж, хасуулах саналтай байгаа эсэх талаар тодорхой зүйл байхгүй байна. Би Л.П-тэй уулзаж, хохирлыг төлүүлэх талаар ярилцсан. Л.П- нь хятад хэлтэй бөгөөд ажилгүй байж байгаад хохирлоо нөхөн төлөх зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажил хийж байгаа. Эхийнхээ газрын гэрчилгээг барьцаалах гэтэл үнэлгээ хүрээгүй асуудал болсон. Хохирлыг бүгдийг нь биш ч гэсэн тодорхой хэмжээгээр цувуулж төлнө гэдгээ илэрхийлсэн. ...” гэв.

Прокурор Ц.Майбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдааны үеэр гэм буруутайд тооцож завсарлага авсан. Үүний дараа шүүх хуралдаан үргэлжилхэд газрын гэрчилгээг шилжүүлж өгнө, эсхүл барьцаанд тавьж хохирол төлбөрийг барагдуулна гэсэн байдлаар хохирогч, шүүгдэгч хоёр хоорондоо харилцан тохиролцсон. Хохирогчийн зүгээс шүүгдэгчийг ял эдлүүлмээргүй байна гэдгээ илэрхийлж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөх хүсэлт гаргаж байсан. Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Л.П-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна.

Учир нь, хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.П- нь 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийг хүртэл хугацаанд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, нийт 25.045.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан гэмт хэрэгт холбогдож, хохирол бүрэн төлөгдөөгүй байхад түүнд хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ гэж заажээ.

Иймд хохирогч Ж.О-гийн “хохирол төлөхгүй шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн байдал гаргаж байгаад маш их гомдолтой” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.П-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.П-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч Л.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МЯГМАРЖАВ

 

                           ШҮҮГЧ                                                                    Д.ОЮУНЧУЛУУН

 

                           ШҮҮГЧ                                                                Б.ЗОРИГ