Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 162

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Р.Энхтуяа,

шүүгдэгч П.Одмандах, М.Энхсайхан, тэдгээрийн өмгөөлөгч А.Гантуяа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0230),

шүүгдэгч М.Батболд, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0938) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Пүрэвлхагвын Одмандах, Буд овогт Мижиддоржийн Энхсайхан, Хөхөлдөө овогт Мягмаржавын Батболд нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011448 дугаартай 1 хавтаст хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овогт Пүрэвлхагвын Одмандах, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 16б гудамжны 36 тоотод оршин суух, регистрийн дугаар УК88100433,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ял дээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим хэсэг болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялд эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялыг багтаан, биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2434 дугаартай тогтоолоор 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 27 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн.

2. Буд овогт Мижиддоржийн Энхсайхан, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 17 дугаар гудамжны 35 тоотод оршин суух, регистрийн дугаар УП96052779,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

3. Хөхөлдөө овогт Мягмаржавын Батболд, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Түргэн суманд 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 16 дугаар гудамжны 53 тоотод оршин суух, регистрийн дугаар ОН93031011.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч П.Одмандах, М.Энхсайхан, М.Батболд нар бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 17 дугаар гудамж 23 тоотод оршин суух иргэн Ц.Энхцогийн эзэмшлийн өвлийн сууцны цонхны төмөр хамгаалалтыг гагнаасаар нь салгаж, цонхоор нь нэвтэрч 32 инчийн BSB маркийн зурагт, 32 инчийн ТCL маркийн зурагт, DVD тоглуулагч зэрэг эд зүйлийг хулгайлан бусдад 813.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч П.Одмандах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргахгүй гэв.

Шүүгдэгч М.Энхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргахгүй гэв.

Шүүгдэгч М.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Ц.Энхцогийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би таксинд явдаг учир 2016 оны 6 дугаар сарын 04-ний өглөө 06 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад, гэрт хүү, охин 2 үлдсэн. Хүү 8 цаг 30 минутад, охин 10 цаг 30 минутад гэрээсээ гарч үүдээ цоожлоод явцгаасан байсан. ...орой 20 цагийн орчимд хүү Мянганбаатар ажлаасаа тараад гэртээ ирээд хаалгаа түлхүүрээр онгойлгоод орсон чинь гэрийн том өрөөнд байсан зурагт, хүүхдийн өрөөнд байсан DVD тоглуулагч зэрэг зүйлс алдагдсан, гэрийн авдарыг онгойлгоод дотор нь байсан эд зүйлсийг онгойлгоод тавьчихсан байсан гэсэн. Манай гэрээс алдагдсан 32 инчийн ТCL маркийн зурагтаа 399.000 төгрөгөөр, 32 инчийн  BSB маркийн зурагтаа 369.000 төгрөгөөр, хар өнгөтэй DVD тоглуулагчийг 45.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Цонхны сараалжин төмрийг үнэлж нэхэмжлэхгүй. ...2016 оны 5 дугаар сард манайд засвар хийж өгсөн 2 хүнийг сэжиглэж байна. Засвар хийж дууссанаас хойш 10 гаран хоногийн дараа манай гэрт хулгай орсон ба манай байшингийн хойд талд модон дунд цонх байдгийг болон гэрийн эд зүйлсийн талаар засвар хийсэн 2 хүн л мэднэ, тэр 2 хүнийг сэжиглэж байна. ...Би алдсан зүйлээ буцааж авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд суухгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч П.Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 17 тоотод байрлах Эрхэл булган нэртэй ломбардыг ажиллуулдаг юм. 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн орчим 2 залуу орж ирээд танайх зурагт авах уу гэж асуухаар нь авна, 70.000 төгрөгөөр авна гэсэн. Энхсайхан гэх залуу өөрийн гэрийн зурагтаа ломбардад тавих гэсэн юм гээд жолооныхоо үнэмлэхээр 32 инчийн ТCL маркийн зурагтыг тавьсан. Уг хүмүүсээс би зурагт барьцаанд тавьсаны 75.600 төгрөгийг авч хохиролгүй болсон болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

Иргэний нэхэмжлэгч Н.Батлхагвын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах Андууд нэртэй ломбард ажиллуулдаг юм. 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 32 инчийн BSB маркийн зурагтыг Энхсайхан гэдэг хүний нэр дээр тавьсан байсан. Тухайн үед энэ зурагтыг ямар хүмүүс ирж тавьсаныг санахгүй байна, хулгайн зурагт гэдгийг мэдээгүй байсан, цагдаагийн хүмүүсийг ирэхээр л мэдлээ. Эдгээр хүмүүсээс зурагт барьцаанд тавьсан 141.700  төгрөг авсан учир надад нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдол байхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 131-132 дахь тал),

            - хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8),

            - хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 15),

- эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл (хавтаст хэргийн 18-24),

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 25),

 

-Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Одмандахын өгсөн: ...Би хулгай хийсэн айлынхаа эзнийг зүс таньдаг, тэдний гэрт засвар хийж өгч байсан юм. 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гудамжинд Батболдтой таараад юм яриад байж байтал Энхсайхан ирсэн. Тэгэхэд Батболд элсний хэрэг байна, юм хийх гэсэн юм гэхээр нь би айлд засвар хийж байсан талаараа яриад тэднийд элс байгаа байх гэтэл тэдний гэр рүү очиж авахаар болсон юм. ...Энхсайхан, Батболд бид 3 миний засвар хийж байсан айл болох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 17 дугаар гудамжинд байх айлд очоод урд хаалгыг нь нүдсэн чинь хүнгүй байсан. Тэгэхээр нь би энэ айл өрөө болгондоо зурагттай юм байна лээ гэж ярьж байгаад гурвуулаа санаа нийлээд уг айлаас хулгай хийхээр болсон. ...Тэр айлын хашааны ар талаар нь очоод Батболд гадаа үлдээд би Энхсайханы хамт хашааг нь давж ороод байшингийн хойд талын төмөр сараалжин торыг нь гагнаасаар хугалж салгаад байшин руу Энхсайхан ороод, би цонхон доор нь зогссон. Энхсайхан энэ айлаас 3 зурагт, нэг DVD тоглуулагч авч гарч ирээд бид 2 хашаагаар давуулж Батболдод өгөөд, бид 3 замаасаа такси барьж Сансар руу яваад нэг ломбардад нэг зурагтыг нь Энхсайханы жолооны үнэмлэхээр 130.000 төгрөгийн барьцаанд тавиад, цааш яваад баруун 4 зам орчим байх ломбарданд нөгөө зурагтыг нь Энхсайханы бичиг баримтаар 70.000 төгрөгөнд тавиад Энхсайхан 80.000 төгрөг, Батболд 50.000 төгрөг, би 70.000 төгрөг тус тус хувааж авсан. DVD тоглуулагчийг Энхсайхан авсан. Надад мөнгөний хэрэг гарсан, Энхсайхан машиныхаа доод талын гэрлийг алдчихсан, гэрэл авах мөнгөний хэрэг байна гэхээр нь хулгай хийсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65, 72-73 дахь тал),

 

- Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Энхсайханы өгсөн: ...2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гудамжинд явж байгаад Одмандах, Батболд хоёртой таарсан чинь тэр хоёр айлаас мод тарих элс авах гэж байгаа гээд бид 3 хамт тэр айлд нь очиход хүнгүй байсан, бид 3 ярилцаад хулгай хийхээр болсон. Батболд хашааных нь гадаа үлдээд, Одмандах бид 2 хашааных нь ар талаар хашааг нь давж орсон. Цонхных нь төмөр хамгаалалтыг гагнаасаар нь салгаад би гэрт нь цонхоор нь ороод 3 зурагт,  DVD тоглуулагч аваад Одмандахад өгөөд, бид 2 хашаа давуулж Батболдод өгөөд хашаанаас гарсан. Замдаа такси бариад 2 зурагтыг нь ломбардад тавьж, мөнгийг нь гурвуулаа хувааж авсан. DVD тоглуулагчийг нь би аваад харьсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирлоо төлсөн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 173-175 дахь тал),

 

- Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Батболдын өгсөн: ...Би 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэртээ мод тарих гээд элс олохоор гэрээсээ гарсан. Гэрийнхээ ойрхон гудманд Энхсайхан, Одмандах нартай тааралдсан. Элс хэрэгтэй болохоор нь Одмандахад хэлэхэд би нэг айлд засвар хийж байсан, тэр айлд элс байгаа байх гэхээр нь тэр айлаас элс гуйхаар бид 3 очоод хаалгыг нь нүдсэн чинь хүн байхгүй байсан. Бид 3 хүнгүй болохоор нь хулгай хийхээр хоорондоо ярилцаж байгаад уг айлын хашааны хойд талаар тойрч, би гадаа нь хүн харж үлдээд, нөгөө 2 хашааг нь давж орсон. Одмандах, Энхсайхан 2 дотроос 2 зурагт, 1 DVD тоглуулагч авч гарч ирээд бид нар замаасаа такси бариад Сансар руу яваад тэнд зурагтыг нь 130.000 төгрөгийн барьцаанд тавиад, нөгөө зурагтыг баруун 4 замд байх ломбардад 70.000 төгрөгөнд тавьсан. DVD тоглуулагчийг Энхсайхан авсан. Ломбарднаас авсан мөнгөө Энхсайхан 80.000 төгрөг, Одмандах, 70.000 төгрөг, би 50.000 төгрөгөөр нь хувааж авсан. Мөнгөний хэрэг болоод хулгай хийсэн, хулгай хийх санааг бүгд л гаргасан  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-71 дэх тал),

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3), хохирлын баримт (хавтаст хэргийн 14),  хохирогчийн хүсэлт (хавтаст хэргийн 138), шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 81-86), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 112-114), шүүгдэгч П.Одмандах, М.Энхсайхан нарын шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 131-127), шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох баримтууд (хавтаст хэргийн 128-131) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай  байна гэж үзэж шүүх нотлох баримтад үнэлэв.

 

Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч П.Одмандах, М.Энхсайхан, М.Батболд нар бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 17 дугаар гудамж 23 тоотод оршин суух иргэн Ц.Энхцогийн эзэмшлийн өвлийн сууцны цонхны төмөр хамгаалалтыг гагнаасаар нь салгаж, цонхоор нь нэвтэрч 32 инчийн BSB маркийн зурагт, 32 инчийн ТCL маркийн зурагт, DVD тоглуулагч зэрэг эд зүйлийг хулгайлан бусдад 813.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Одмандах, М.Энхсайхан, М.Батболд нарыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

 

Шүүх П.Одмандах, М.Энхсайхан, М.Батболд нарын гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Батболд нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 114)-р нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П.Одмандах нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ял дээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим хэсэг болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялд эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялыг багтаан, биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 27 хоногийн ял нь өршөөлд хамрагдсан, шүүгдэгч М.Энхсайхан нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн ялтай байдалд тооцох хугацаа дууссан байх тул тэдгээрийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч  П.Одмандах, М.Энхсайхан, М.Батболд нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байгааг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн. Иймд шүүгдэгч П.Одмандах, М.Энхсайхан, М.Батболд нарыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч П.Одмандах, М.Энхсайхан, М.Батболд нар нь хувьд ногдох хөрөнгөтэй гэж үзэх баримтгүй болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлбөрийг барагдуулсан зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвлхагвын Одмандах, Буд овогт Мижиддоржийн Энхсайхан, Хөхөлдөө овогт Мягмаржавын Батболд нарыг бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Одмандах, М.Энхсайхан, М.Батболд нараас эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч П.Одмандахыг 2 (хоёр)  жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Энхсайхан, М.Батболд нарыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан П.Одмандахад оногдуулсан 2 (хоёр)  жил 6 (зургаа) сарын хугацааны хорих ял, шүүгдэгч М.Энхсайхан, М.Батболд нарт оногдуулсан 2 жил (хоёр) жилийн хугацааны хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.Энхцог, иргэний нэхэмжлэгч П.Даваадорж, Н.Батлхагва нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан П.Одмандахад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял,  ялтан М.Энхсайхан, М.Батболд нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус тэнсэж, ялтан П.Одмандахыг 4 жил, М.Энхайханыг 3 жил, М.Батболдыг 2 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Одмандах, М.Энхсайхан, М.Батболд нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ