Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 4

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Хэргийн индекс: 114/2020/0025/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч “Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг” Төрийн бус байгууллага / хуулийн этгээдийн регистр 1019651/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад  холбогдох

Нэхэмжлэлийн  “Дархан-Уул аймгийн 2016 оны  05 дугаар сарын 25-ны өдрийн А/179 дүгээр захирамжийг хүчингүй болгожшаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                 Б.Н-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                          Б.Б-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                   Б.З-, Д.Б- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч “Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг” Төрийн бус байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/179 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн үндсэн шаардлагатай оролцож байна. Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд СОС Киндердорф интернэшнл олон улсын байгууллага нь 1998 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Засгийн Газартай Монгол СОС-ын хүүхдийн хотхон байгуулах болон холбогдох төслүүдийн үйл ажиллагааны хамтран ажиллах олон улсын гэрээг байгуулсан. Уг гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хамтран ажиллах гэрээг  Улсын Их Хурлын дарга соёрхон баталсан байдаг. Энэхүү гэрээний хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын  17-ны өдрийн 261 дүгээр захирамжаар Дархан-Уул аймгийн  нутаг дэвсгэрт хүүхдийн асрамжийн хотхоны барилга барих зориулалтаар 4.0 га газрыг  “Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг” ТББ-д олгосон байдаг. Ингээд 2005 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус эрхийг баталгаажуулах зорилгоор 0098480 тоот газар ашиглах гэрчилгээг 60 жилийн хугацаагаар олгож, газар эзэмших  эрх үүссэн. Тус гэрээний хэрэгжилт буюу дуусах хугацаа нь 2065 он хүртэл хүчинтэй гэсэн үг. Газар дээрээ хүүхэд асрамжийн барилга байгууламжийг барьж, 2008 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж ирсэн нь Монгол улсын Их хурлын даргаас ирүүлсэн 2009 оны Мэндчилгээ, хуулийн этгээдийн бүртгэл, Нийгмийн даатгалын ерөнхий газраас авсан  2006-2020 оныг дуусталх нийгмийн даатгал шимтгэл төлсөн баримтуудаар үйл ажиллагаагаа явуулж байсан нь нотлогдож байна.

Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/179 дүгээр захирамжаар тус аймгийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 261 дүгээр захирамжийг хүчингүй болгож, газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсныг  2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 806 дугаар албан тоот хүргүүлснээр 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/179 дүгээр захирамж гарсныг анх олж мэдсэн. Уг захирамжид 40000 м.кв газар эзэмшсэн байснаас 17279 м.кв хэмжээтэй газрыг хасаж, үлдсэн 22308 м.кв газрыг олгохоор газрын хэмжээг өөрчилсөн байсан.

Тус захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 болон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсгүүдийг үндэслэсэн байдаг. Уг газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлүүлнэ. Уг асуудлыг шийдвэрлүүлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг заавал авсан байна гэж заасан байдаг. Гэтэл хэргийн материалаас харахад саналыг авсан баримт байдаггүй. 2016 онд гарсан шийдвэрийг нэхэмжлэгч тал 2020 онд 806 тоот албан бичгээр анх мэдсэн. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно” гэж заасны дагуу газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дагуу тухайн газрын нөхөн олговортойгоор солих тухай өөрийн саналыг Засгийн газарт гаргаж болдог. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана” гэж заасан байдаг.

Гэтэл аймгийн Засаг даргын дээрх А/179 дүгээр захирамж Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан зарчмыг зөрчсөн мөн хуулийн 24 дүгээр зүйл “Нөхцөл байдлыг тогтоох”, 25 дугаар зүйл “Нотлох баримт цуглуулах”, 26 дугаар зүйл “Оролцогчийг сонсох” гэсэн зарчмуудыг зөрчсөн гэдгийг 2016 оны захирамжийг 2020 онд олж мэдсэнээр илэрч байна.

Монгол Улсын Засгийн газар нь Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэгтэй байгуулсан “хамтран ажиллах тухай гэрээ” буюу Монгол улсын олон улсын гэрээний 2.1 -т “ЗАСГИЙН ГАЗАР нь СОС-ын Хүүхдийн Хотхон болон холбогдох Төслүүдэд барилга байгууламж барих тохиромжтой газрыг үнэ төлбөргүй, аливаа татвараас чөлөөлөгдсөн газар гаргаж өгнө ...” гэж заасны дагуу 4.0 га газрыг эзэмшүүлсэн. Дархан-Уул аймгийн Засаг даргын гаргасан А/179 дүгээр захирамжаар 17279 м.кв-р газрыг хасаж, эзэмшүүлсэн газрын хэмжээг багасгасан нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-т “Олон улсын гэрээгээр Монголын талын хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгаж, зохион байгуулна” мөн Олон улсын гэрээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 “Засгийн газар Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг зохион байгуулна” гэх хэсгүүдийг тус тус зөрчиж байна, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- 2005 онд гарсан Засаг даргын захирамжаар 4 га газрыг тус хүүхдийн хотхонд олгосон байдаг. Үүнтэй холбоотой захирамж, гэрчилгээ байгаа учраас газрыг эзэмшиж, ашиглаад явж байна. Хариуцагч нарын тайлбарлаад байгаа үндэслэл нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Энэ нь гэрээний үндсэн дээр эзэмших ёстой гэсэнд гэрээ байгаа учраас гэрчилгээ гаргасан. Засаг даргын захирамжид дурдсанаар гэрчилгээ олгогдсон боловч уг гэрээтэй холбоотой зүйл газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт байхгүй байна гэдэг нь гэрээ байгуулаагүй гэх үндэслэл биш. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн захирамжид Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-ыг барьж захирамж гаргасан.

Хариуцагч нарын тайлбараар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г барьж тайлбарлаад байгаа, өнөөдөр маргаан бүхий захиргааны актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нэг ч заалт байхгүй байгаа нь өөрөө тус захирамжийг хүчингүй болгох үндэслэл болж байна. Шүүхээс хийсэн газрын үзлэгээр тухайн газрын хэмжээгээр хашаа барьж тохижилт хийсэн гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээн хөрөнгө оруулалт хийсэн. Түүнээс гадна асрамжийн үйл ажиллагаатай холбоотой зардал гарсан байгаа харах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн Газар олон улсын гэрээний үүргээ биелүүлэх талаар өнөөдөр шүүх хуралдаанд ярьж байгаа болохоос биш тохижилт хийсэн газарт тодорхой хэсэгт барилга бариагүй гэдэг нь зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл болохгүй. Аймгийн Засаг даргын захирамжид хуульд заасан үндэслэл байхгүй байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Олон улсын гэрээний дагуу явагдаж байгаа асуудал нь нэг орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудал биш энэ нь тусдаа хуулиар зохицуулагддаг зүйл юм. 2015 онд байгуулсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хамтарсан гэрээнд хэн нэгний эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хүчингүй болгоод тухайн гэрээний үүргийг хангуулж болохгүй. Газар нь төрийн өмч гээд буцааж авах гэж байгаа бол Газрын тухай хуульд зааснаар буцааж авах ёстой. Энэ байдлаар ямар нэгэн харилцаа байхгүйгээр захирамж гаргаад түүнийгээ хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж болохгүй. Хууль зүйн үндэслэлээ хүчинтэй хүчингүй талаар ярих ёстой. Маргаан бүхий захирамж гаргахдаа Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-ыг баримталсан бөгөөд энэ нь тухайн газар эзэмших эрхийг цуцлах, дуусгавар болгохтой аль алинтай нь хамааралгүй. Энэ заалтууд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг зааж өгсөн болохоос биш хэн нэгний газрыг хүчингүй болгох үндэслэлд хамааралгүй юм. Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж байгаа юм бол анхнаасаа тэр захирамждаа барьж гаргах ёстой байсан. Гэтэл өнөөдөр ашиглаагүй гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Хариуцагч газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэлээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар тайлбарладаг боловч дээрх үндэслэл нь тогтоогдохгүй байх тул аймгийн Засаг даргаас гаргасан захиргааны акт нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндөж байгаа тул 2016 оны А/179 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-, Д.Б- нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д зааснаар төрөөс газрын талаар баримтлах зарчмын нэг хэсэгт газар төрийн хяналт, хамгаалалтад байна. Газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зарчмыг баримталсан бөгөөд захирамжаар хасагдсан газрыг зориулалтын дагуу үр ашигтай, зохистой эзэмшээгүй тул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/179 тоот захирамжаар үр ашиггүйд тооцсон газар болох 17279 м.кв газрыг хассан шийдвэрийг гаргасан. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Монгол улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэсний дагуу газар өмчлөгч нь төр байна гэсний дагуу Засаг дарга шийдвэр гаргасан.

            Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д зааснаар газрын нэгдмэл ангийн бүх ангиллын газрыг 5 жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд заавал хамруулах бөгөөд СОС хүүхдийн хотхон нь 2005 онд олгогдсон газрынхаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгээгүй, анх гэрчилгээ гаргуулснаас хойш одоог хүртэл 15 жил болсон байгаа нь зөрчилтэй байна. Мөн СОС-ын хүүхдийн хотхон нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д зааснаар Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох заалтыг зөрчин Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хийгдэх Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулаагүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж авсан нь хуулийг ноцтой зөрчиж байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан байдаг.

             Монгол Улсын Засгийн Газар болон СОС Киндердорф интернэшнлийн хоорондын Хамтран ажиллах тухай гэрээний 2.1 зааснаар засгийн газар нь СОС хүүхдийн хотхон болон холбогдох төслүүдэд барилга байгууламж барих тохиромжтой газрыг үнэ төлбөргүй, аливаа татвараас чөлөөлөгдсөн газар гаргаж өгнө. Албан ёсны гэрээ, бичиг баримтад энэ газрыг “Монголын СОС-ын хүүхдийн хотхон” гэж хууль ёсоор нэрлэнэ гэсэн заалт зөрчигдсөн байна гэж үзэж байна. Газрын харилцааны хувьд одоог хүртэл газар эзэмших гэрээг газрын тухай хуульд зааснаар мэргэжлийн байгууллагатай байгуулаагүй нь эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэхээр байна. Аливаа нэг харилцаа гэрээний үндсэн дээр хуулийн хугацаанд явагдах ёстой байтал одоо болтол гэрээ байгуулаагүй байна. Газар эзэмших гэрээ байгуулахгүйгээр газар эзэмших гэрчилгээг олгосон нь зөрчилтэй байна. Одоог хүртэл манай газрын бүртгэлийн санд улсын бүртгэлийн гэрчилгээгүй, гэрээ, гэрчилгээ байхгүй байгаа нь дээрх заалтыг зөрчсөн үйлдэл юм.

            Хуульд нийцүүлэн хуулийн дагуу ажиллуулах эрх нь Газрын тухай хуулийн дагуу аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хуулиар заасан байдаг. Хяналт тавих нь орон нутгийн өөрийнх нь хуулиар олгогдсон эрх бөгөөд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл биш юм. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын архиваас барилгын баримт бичгийн хавтаст Дархан хотын СОС хүүхдийн хотхоныг барих ажлыг гүйцэтгэлийн гэрээг харахад 8 байгууламжийг дурдсан байдаг. Энэ дагуу 22803 м.кв газарт бүтээн байгуулалт хийгдсэн бөгөөд үлдсэн 17279 м.кв газарт ямар нэгэн бүтээн байгуулалт хийгдээгүй, гэрээнд тусгаагүй байгаа учраас манайх сул чөлөөтэй газрыг ашиглаагүй, барилга барих гэрээгээр хүлээсэн ямар нэгэн бүтээн байгуулалт хийх заалт тусгагдаагүй байгаа нь хүчингүй болгосон захирамж гарсан гэж үзэх үндэслэл болж байна. 

            2015 оны 08 дугаар сарын 11-нд  Азийн хөгжлийн банк, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам хамтарч “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” төслийг боловсруулах санамж бичигт гарын үсэг зурсны дараа аймгийн Засаг даргад 2016 онд дэмжлэг үзүүлж ажиллах чиглэл ирүүлсэн Монгол улсын хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/34 Ажлын хэсэг байгуулах тухай, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/1057 албан бичиг “Хамтран ажиллах тухай” дээрх тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 1500 м.кв талбай бүхий газарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэний төв, сургуулийн барилга барих чиглэлээр Дархан зумын 10 дугаар баг, 12 дугаар хороолол СОС хотхон хүүхдийн байгууллагын газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргасан байдаг. Захирамжийн үндэслэх хэсэгт заасан Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтыг барьж гарсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад илт хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байна.

            СОС хүүхдийн хотхонд 40,000 м.кв газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт зааснаар Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан хүрээнд боловсрогдсон 12-16 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна гэж заасныг, хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан “Газрыг Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 хүртэл жилийн хугацаатайгаар эзэмшүүлж болно” гэсэн нь шууд утгаараа 60 жилээр олгох тухай биш, газар эзэмшигч газрыг гэрээний үндсэн дээр анх эзэмших эрх олгохдоо 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна гэж заасан байдаг.

            Аймгийн Засаг даргаас гаргасан шийдвэр нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө буюу Захиргааны ерөнхий хууль хэрэгжихээс өмнө гарсан тул энд нөхцөл байдлыг тодруулах, сонсох ажиллагаа зэрэг ажиллагаанууд хийгдэх шаардлагагүй болно.

            “Монголын СОС-ын Хүүхдийн хотхон нийгэмлэг” Төрийн бус байгууллага нь албан ёсны улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй. Хэрэв энэ төрийн бус байгууллага нь төрийн бус гэдгээр байх юм бол Монгол Улсын хуулийн этгээд гэж хаяглагдаж явна. Хэрэв олон улсын байгууллага юм бол газар ашиглах талаар яригдана. Тийм учраас Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийг баримталж  шийдвэрлэвэл 2016 оны А/179, 2005 оны 261 дүгээр захирамжууд илт хууль бус байна. Иймээс Монголын СОС хүүхдийн хотхоны нийгэмлэг нь Газрын тухай хуульд заасан газрын төлөв байдлын хянан баталгаа хийлгээгүй, газар эзэмшүүлэх, ашиглуулах хугацаа зөрчсөн газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ хийгдээгүй, хувийн хэрэг нээгдээгүй дээрх зөрчлүүд байгаа, аливаа эрх зүйн харилцаа гэрээний үндсэн дээр явагддаг  учраас Дархан-Уул аймгийн 2016 оны 05 дугаар сарын                       25-ны өдрийн А/179 тоот захирамжийг хэвээр үлдээж тус газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг” ТББ-ын нэхэмжлэл, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тайлбар, хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.       

Үүнд:“СОС Киндердорф интернэшнл” олон улсын байгууллага нь Монгол улсын Засгийн газартай Монгол улсад СОС-ын хүүхдийн хотхон байгуулах болон холбогдох төслүүдийн үйл ажиллагааны тухай хамтран ажиллах гэрээг 1998 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулж, 1998 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1019651 дугаар регистртэй, “Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг” төрийн бус байгууллагыг байгуулсан бөгөөд  хамтран ажиллах гэрээг Улсын Их Хурлаас 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Монгол улсын хуулиар соёрхон баталсан байна.

Тус төрийн бус байгууллага нь Дархан-Уул аймагт хүүхдийн асрамжийн үйл ажиллагаа явуулж байгаа болох нь Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2000 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 98 дугаар тушаал, тушаалын хавсралт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн  хуулийн этгээдийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн шинэчилсэн бүртгэл, гэрчилгээ, нийгэмлэгийн дүрэм зэрэг баримтуудаар нотлогдож байх бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр болон шинэчилсэн бүртгэлээр Ж.Цэрэндаваа нь гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа болох нь хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Иймд “Монголын СОС хүүхдийн хотхон нийгэмлэг” Төрийн бус байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Дархан-Уул аймгийн 2016 оны  05 дугаар сарын 25-ны өдрийн А/179 дүгээр захирамжийг  Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-ийг үндэслэн хүчингүй болгож өгнө үү” гэж тодруулсан бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь  2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 179 дүгээр захирамжаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт заасныг баримтлан Дархан сумын 10 дугаар баг, 12 дугаар хороололд байрлах “Монголын СОС-ын хүүхдийн хотхон нийгэмлэг” ТББ-д 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 261 дүгээр захирамжаар 40000 м.кв газар олгосноос 17279 м.кв хэмжээтэй газрыг хасаж, үлдсэн 22309 м.кв газрыг үлдээж, газрын талбайн хэмжээг өөрчилж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч байгууллагад анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 261 дүгээр захирамжаар 4.0 га газрыг хүүхдийн асрамжийн хотхоны барилга барих зориулалтаар олгож, газрын ашиглалтад хяналт тавьж гэрээ хийж, гэрчилгээжүүлж, төлбөр тооцоог хийж ажиллахыг Газрын албанд даалгаж шийдвэрлэж, Газрын алба нь “Монголын СОС-ын хүүхдийн хотхон нийгэмлэг” ТББ-д  захирамжийг үндэслэн нэгж талбарын 080100191 дугаар бүхий 40000 м.кв газрыг 60 жилийн хугацаагаар хүүхдийн асрамжийн хотхоны зориулалтаар эзэмшүүлэхээр 0098480 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Дээрх газарт нэхэмжлэгч нь өөрсдийн хөрөнгөөр Монголын СОС-ын хүүхдийн хотхоны асрамжийн газрын барилга, байгууламжийг 2006 оноос барьж, 2008 онд ашиглалтад оруулан, өнөөг хүртэл хүүхэд асрамж, хамгааллын үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа болох нь аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын архивд хадгалагдаж буй бичгийн нотлох баримт болох Дархан хотын СОС хүүхдийн хотхоны барилга барих ажлыг гүйцэтгэх 2006 оны 01/06 дугаар гэрээ, Дархан СОС хүүхдийн хотхоны барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2008 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 06/2008 дугаар акт,  улсын комиссын хурлын тэмдэглэл, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргасан 2008 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн газрын байршлын кадастрын зураг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Дархан-Уул аймгийн СОС хүүхдийн хотхонд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэл олгосон 2018034, 2019004 тоот гэрчилгээнүүд, гэрч Б.Б-, З.М- нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгчийг газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын хувийн хэрэг нээлгүүлээгүй, газраа зохистой ашиглаагүй, Монгол улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/34 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн төвийн барилга барих хүрээнд 40000 м.кв газраас 17279 м.кв газрыг авч, 22308 м.кв газрыг нэхэмжлэгчид үлдээж шийдвэрлэсэн гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь хариуцагч   МУ-ын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/34 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах үүднээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн төвийн барилга барих хүрээнд нэхэмжлэгчийн эзэмшлийн 40000 м.кв газраас 17279 м.кв газрыг хасаж, 22308 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д “газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 42 дугаар зүйлийн 42.1-д “ ...гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн,аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”,  42.3-д “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Хэрэв дээрх хуульд зааснаар газрыг эргүүлэн авах бол зөвхөн тусгай хэрэгцээнд авахаар зохицуулсан байх ба ингэхдээ газар эзэмшигчтэй харилцан тохиролцож, гэрээ байгуулж, нөхөх олговортойгоор авахаар зохицуулсан байна. Гэтэл хариуцагч нь дээрх хуулийн шаардлагыг хангалгүйгээр шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар ...эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцээгүй байна.

Мөн хариуцагч нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн маргаан бүхий актыг нэхэмжлэгчид 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 806 тоот албан бичгээр 4 жилийн дараа мэдэгдсэн, нэхэмжлэгчийг газар эзэмших гэрээ байгуулаагүй, нэгж талбарын хувийн хэргийг нээлгүүлээгүй гэж буруутгаж байгаа боловч Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн ...аймаг, нийслэл, дүүргийн газрын алба иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ, байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаас үзэхэд гэрээ байгуулах, нэгж талбарын газрын хувийн хэрэг нээх үйл ажиллагаа нь  Газрын тухай хууль болон “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д  зааснаар  захиргааны байгууллагын үүрэг байхаар зохицуулагдсан байна.

Дээрх байдлаас дүгнэлт хийхэд хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу эзэмшиж байсан газраас 17279 м.кв газрыг хасаж эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан “урьдчилан тохиролцох”, “газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах”, “мэдэгдэх” зэрэг хуулийн зохицуулалтыг зөрчсөн шийдвэр гаргасны улмаас  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үр дагаварыг бий болгосон байна гэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/179 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн зарчим, журмыг  зөрчсөн үндэслэлээр  захиргааны актыг хүчингүй болгохыг шаардсан боловч хариуцагчаас гаргасан маргаан бүхий захиргааны акт гарах тухайн үед Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлээгүй байсан тул Захиргааны ерөнхий хуулийн журмыг баримтлах шаардлагагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн

ТОГТООХ нь:

            1.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монголын СОС-ын хүүхдийн хотхон нийгэмлэг” төрийн бус байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/179 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47,1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    З.ЭНХТУЯА