Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 452

 

 

Ц.Дагиймаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/01396 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Дагиймаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол Оюутны гудамж, 24 дүгээр байрны 54 тоот 65,7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийг тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Ц.Дагиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саяболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 1212 дугаар захирамжаар “Карголэнд” ХХК-иас 120 218 875 төгрөг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Тус шийдвэрийн дагуу миний өмч болох Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 24 дүгээр байр, 54 тоот 65,7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 106 646 500 төгрөгийн 70 хувиар тооцон 74 652 550 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10:00 цагт оруулах болохыг мэдэгдлээ. Мөн тухайн орон сууцны өмчлөгч надаас үнийн санал ч авалгүй орон сууцыг зах зээлийн ханшаас хямдаар үнэлж, улмаар дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Иймд Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 24 дүгээр байр, 54 тоот 65,7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 106 646 500 төгрөгөөр үнэлж анхны албадан дуудлага худалдаанд оруулах гэж буй үнэлгээнд гомдолтой байгаа тул дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 1212 дугаар захирамжаар “Карголэнд” ХХК-иас 120 218 875 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 24 дүгээр байр, 54 тоот 65,7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 16/26 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 16/26 тоот хураах тогтоолоор хураан авсан. Хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг явуулж өмчлөгч Ц.Дагиймаад үнийн санал ирүүлэх тухай 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 3/23704 тоот албан бичгээр, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 88119608 дугаарын утсаар тус тус мэдэгдэж шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу шинжээч томилж “Бэсгэ” ХХК-иар 106 646 500 төгрөгөөр тогтоолгосон. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон 106 646 500 төгрөгийн 70 хувиар буюу 74 565 550 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зарлагдан худалдан борлогдоогүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч Ц.Дагиймаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах гэж шүүхэд гомдол гаргасан гэж үзэж байна. Үүний улмаас төлбөр авагч Улаанбаатар хотын банкны эрх ашиг хөндөгдөж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг удирдлага болгон Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 24 дүгээр байр, 54 тоот 65,7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийг тогтоосон үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Ц.Дагиймаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Дагиймаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01212 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийг захирамжаар хариуцагч “Карголэнд” ХХК-иас 120 215 875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Ц.Дагиймаа миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо 24-54 тоот 65,7 м.кв 3 өрөө орон сууцыг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Анхны албадан дуудлага худалдаанд 74 652 550 төгрөгөөр оруулах болсныг мэдэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 177 дугаар зүйл 177.1-т зааснаар өмчлөгч Ц.Дагиймаагаас үнийн санал авалгүйгээр үнэлгээчнээр үнэлгээ тогтоолгосон хууль бус үйлдэл байсаар байтал шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас иргэн Ц.Дагиймаа миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 24 дүгээр байр, 54 тоот 65,7 м.кв 3 өрөө байрын үнэлгээ тогтоосон хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Дагиймаа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол Оюутны гудамж, 24 дүгээр байрны 54 тоот 65,7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийг тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргажээ.

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01212 дугаар захирамжаар “Карголэнд” ХХК-иас 120 218 875 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгож шийдвэрлэсэн байна.                                       /Хэргийн21-22 дугаар тал/

 

Уг шийдвэрийн биелэлтийг хангуулахаар төлбөр төлөгч “Карголэнд” ХХК-ийн эд хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явагдсан ба уг ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул ажиллагааг хүчинтэй гэж үзнэ.                                

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Оюутны гудамж, 24 дүгээр байрны 54 тоот 65,7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 16/26 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 16/32 тоот тогтоолоор хураан авсан ба уг ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргаагүй байна.

   /хэргийн 26-28, 30-31 дүгээр тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд төлбөр төлөгч “Карголэнд” ХХК Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Оюутны гудамж, 24 дүгээр байрны 54 тоот 65,7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 256 230 000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн бөгөөд өмчлөгч Ц.Дагиймаа нь үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагч Улаанбаатар хотын банк үнэлгээ хийлгэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй гэж үзнэ.      /хэргийн 33, 36 дугаар тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 116 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Оюутны гудамж, 24 дүгээр байрны 54 тоот 65,7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 106 646 500 төгрөгөөр үнэлсэн нь хууль зөрчөөгүй болно.

  /хэргийн 39-47 дугаар тал/

 

Хэргийн 49 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгчид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 3/25403 дугаар мэдэгдэл, 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3/25462 дугаар мэдэгдлээр тус тус анхны албадан дуудлага худалдаанд 3 өрөө орон сууцыг 106 646 500 төгрөгийн 70 хувиар тооцон 74 652 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэж, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9/312 дугаар тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд оруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд уг ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 3/23704 дүгээр мэдэгдлээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Оюутны гудамж, 24 дүгээр байрны 54 тоот 65,7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийг төлбөр авагч, өмчлөгчтэй харилцан тохиролцож тогтоон шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх тухай мэдэгдэж, хэрэв тохиролцож тогтоогоогүй тохиолдолд үнэлгээчнээр зах зээлийн үнийг тогтоолгох тухай мэдэгдсэн боловч өмчлөгч Ц.Дагиймаа үнийн санал өгөөгүй тул Нийслэлийн шийдвэр гйүцэтгэх алба нь “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь хууль зөрчөөгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/01396 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ