Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 460

 

                                                  

                                       

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 27 өдөр                   Дугаар 183/ШШ2018/00460                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийнз анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Аийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Засгийн газрын 14 дүгээр байр, өргөтгөл, “ЭХХТ” ТӨААТҮГ-т холбогдох,

 

ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн зөрүү, алданги, ээлжийн амралтын цалин, үр дүнгийн урамшуулалд 89.697.252 /наян есөн сая зургаан зуун ерэн долоон мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: Миний бие “ЭХХТ” ТӨААТҮГ-ийн Захиргаа удирдлагын залтсийн даргын албан тушаалд 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. 2016 оны ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд захирлын 2016.09.02-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдан ажлаас чөлөөлөх тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 сарын 22-ны өдрийн 183\ШШ2017\00637 дүгээр шийдвэрээр миний нэхэмжлэлийг хангаж, 12.440.489 төгрөгийг ЭХХТ-өөс гаргуулж, нийгмийн даатгалын болон үл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шийдвэр гарсан. Гэтэл хариуцагч давж заалдан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 сарын 28-ны өдрийн 1477 тоот магадлалаар, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 сарын 22-ны өдрийн 001\хт 2017\01468 дүгээр тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд дараахь нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-а-д “ажилтанд ажлаас үндэслэлгүй халагдсан тохиолдолд дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тооцно гэж заасны дагуу нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдсэн /2.075.100 + 4.667.597 + 5.411.700/ 12.154.397:3 = 4.051.465 төгрөг нь 1 сарын дундаж цалин бөгөөд 21.5-д хувааж, 1 хоногийн цалин 191.106 төгрөг болж байна. 2016.10.07-ноос 2017.03.22-ны өдрийг хүртэлх ажлын хоног 118 х 191.106 = 22.550.508 төгрөгийн цалин болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүнг хасаж тооцоход /22.550.508 – 12.440.489/ дээрхи хугацааны дутуу нэхэмжилсэн цалингийн зөрүү 10.110.019 төгрөгийг нэхэмжилнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 141.4-т “Ажилтны цалин хөлсийг т: тоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно” гэж заасны дагуу 2016.10.07-оос 2017.03.22-ныг хүртэл олгогдоогүй цалин 22.550.508 төгрөгийн алдангийг 224 хоногоор тооцож, 15.153.941 төгрөг байгаа боловч алданги нь нэхэмжилж буй үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй байх хуулийн дагуу 11.275.254 төгрөг нэхэмжилж байна.

 

Ажилд эргүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл ажилд эргүүлэн аваагүй байгаа бөгөөд миний 1 өдрийн цалин 191.106 төгрөг бөгөөд 2017.03.22-ноос өнөөдрийг хүртэлх цалинг ажлын 198 хоногоор тооцвол 2017 оны 3 сарын цалин ажлын 7 хоногийн 1.337.742 төгрөг, 2017 оны 4 сарын цалин ажлын 20 хоногийн 3.822.120, 2017 оны 5 сарын цалин ажлын 23 хоногийн 4.395.438, 2017 оны 6 сарын цалин ажлын 22 хоногийн 4.204.332, 2017 оны 7 сарын цалин ажлын 17 хоногийн 3.248.802,  2017 оны 8 сарын цалин ажлын 23 хоногт 4.395.438,  2017 оны 9 сарын цалин ажлын 21 хоногт 4.013.226, 2017 оны 10 сарын цалин ажлын 22 хоногт 4.204.332, 2017 оны 11 сарын цалин ажлын 22 хоногт 4.204.332, 2017 оны 12 сарын цалин ажлын 21 хоногт 4.013.226 буюу нийт 37.838.988 төгрөг нэхэмжилнэ. 

 

Олгогдоогүй байгаа 37.838.988 төгрөгийн цалингийн алдангийг хоногийн 0,3%-иар тооцож, 2017 оны 3 сарын алданги 277 хоног 1.337.742 төг 0,3%=1.111.663, 2017 оны 4 сарын алданги 247 хоног 3.822.120 төг 0,3%=2.832.191, 2017 оны 5 сарын алданги 216 хоног 4.395.438 төг 0,3%=2.848.244, 2017 оны 6 сарын алданги 186 хоног 4.204.332 төг 0,3%=2.346.017, 2017 оны 7 сарын алданги 155 хоног 3.248.802 төг 0,3% =1.510.693, 2017 оны 8 сарын алданги 124 хоног 4.395.438 төг 0,3% =1.635.103, 2017 оны 9 сарын алданги 94 хоног 4.013.226 төг 0,3% =1.131.758,  2017 оны 10 сарын алданги 63 хоног 4.204.332 төг 0,3%=794.619, 2017 оны 11 сарын алданги 33 хоног 4.204.332 тог 0,3%=416.229, Бүгд 14.626.517 төгрөг нэхэмжилнэ.

 

2017.03.22-ноос өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих журмын дагуу сар тутмын бичилтийг нөхөн хийлгүүлэх хүсэлтэй байна.

 

2015 оны 11 сарын 03-ны өдрийн “ЭХХТ” ТӨААТҮГ-ийн захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулсан хамтын гэрээний 3.4-т “Төвийн ажилтнуудын жилийн ажлын үр дүнг харгалзан батлагдсан журмын дагуу 5 хүртэл сарын албан тушаалын ба үндсэн цалингийн дундаж хэмжээгээр жилд 1 удаа урамшуулал олгоно”, Дотоод журмын 6.1, 6.2-т дотоод журамд заасны дагуу ажилтанд сар, жилийн ажлын үр дүнгээр урамшуулал олгоно гэсэн заалтуудын дагуу 2016, 2017 оны албан тушаалын цалин 1.122.000 төгрөг, 1 жилд 5 сараар, 2 жилд 10 сараар тооцоход 11.220.000 төгрөг нэхэмжилж байна.

 

Би улсад 33,7 жил нийгмийн даатгалын төлж ажилласан бөгөөд 2017 оны ээлжийн амралтаа ажлын 29 хоногоор тооцон 191.106 = 5.542.074 төгрөг гаргуулна. Нотариатын зардалд 103.400 төгрөг нэхэмжилнэ.

 

Нэхэмжилж буй цалин, үр дүн, урамшуулал, алданги, бусад зардлыг нэгтгэвэл: 2016.10.07-ноос 2017.03.22-ны цалингийн зөрүү 10.110.019 төгрөг, цалин 37.838.988 төгрөг, алданги 11.275.254 төгрөг, цалингийн алданги 14.626.517 төгрөг, үр дүн, урамшуулалд 10.200.000 төгрөг, ээлжийн амралтын олговор 5.542.074 төгрөг, нотариатын зардалд 103.400 төгрөг, нийт 89.697.252 төгрөгийг нэхэмжлэл гаргах өдрөөр нэхэмжилсэн. Одоо энэ өдрийг хүртэлх хугацаанд цалингийн алданги 14.626.517 төгрөг дээр 1.099.051 төгрөг нэмэгдээд 15.725.568 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 37.838.988 төгрөг дээр 8.573.015 төгрөгөөр нэмэгдэж нийт 99.369.318 төгрөг гаргуулна.

 

Дээрхи нэхэмжлэлийг гаргахдаа Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль, ХНХЯ-ны сайдын 55 тушаалаар батлагдсан журам, Хамтын гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, холбогдох хууль, тогтоомж, бусад нотлох баримтыг үндэслэсэн болно. Иймд миний гаргасан нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж, зөрчигдсөн эрх ашгийг хамгаалж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.А нь “ЭХХТ”-ийн захирлын 2015 оны 01 сарын 27-ний өдрийн Б/8 тоот тушаалаар Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, ажил үүргийн алдаа дутагдал гаргаж, хийсэн ажилдаа хайхрамжгүй хандан ажиллаж байсан учраас хөдөлмөрийн гэрээг сунгахаас татгалзан 2016 оны 08 сарын 31-ны өдөр ажлаас чөлөөлсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор Х.А нь ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан ба шүүх мөн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь ямар ч үндэслэлгүйгээр цалин хөлсийг нэмж авах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь анх ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулахаар тус шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ маргаан нь анхан болон давж заалдах, хяналтын шатны гээд 3 шатны шүүхээр дамжин хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ явагдаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн билээ. Нэгэнт хийгдэж дууссан ажиллагаанд дахин нэхэмжлэл гаргах нь эрх зүйн үндэслэлгүй. ЭХХТийн Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт “Жилийн ажлын үр дүнгийн шагналыг холбогдох журмыг баримтлан 5 хүртэл сарын үндсэн цалингийн дундаж, хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож олгоно” гэж заасан ба Х.А нь 2016 оны 8 сараас эхлэн өнөөдрийг хүртэл манай байгууллагад ажиллаагүй байхад ажлын үр дүн гэдэг зүйл гарах үндэслэлгүй. Шагналт цалинг олгохдоо ажилчдын бүтээлч, идэвхи санаачлага, ажлын үр дүнг харгалзан үзэж дүгнэн олгодог ба ЭХХТийн захирлын баталсан төвийн ажилтан, албан хаагчдад ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журмыг баримталж нийт ажилчдад олгодог. Зөвхөн манай байгууллага төдийгүй улсын бүх байгууллага, үйлдвэр компаниуд 13 дахь сарын цалингаа олгохдоо тодорхой журам баримтлан шагналт цалинг авах эрх нь үүссэн ажилчдад олгодог. Харин 2016 оны үр дүнгийн шагналт цалинг Эрчим хүчний хөжглийн төвийн захирал Я.Пүрэвжав захирлын 2016 оны 6 сарын 28-ны өдрийн Б/40 тоот тушаалаар Х.Ад 3 сараар шагналт цалинг олгогдсоноос дүгнэхэд нэхэмжлэгч нь жилийн ажлын шагналт цалин буюу 13 дахь сарын цалинг авах ямар ч үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн, ажиллаагүй байж ажилласан мэтээр тооцож ээлжийн амралтыг эдлэх хууль эрх зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн үндсэн цалин 1.122.000 төгрөг ба 1 өдрийн цалинг тооцохдоо үндсэн цалинг 21.5 хувааж гаргадаг. Үүнээс дүгнэвэл нэг өдрийн цалин 52.186 төгрөг болж байгаа юм. ХтХ-ийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан нь энэ маргааны эрх зүйн ойлголтод хамаарна. Харин ХтХ-ийн “141.4-т Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно” гэж заасан нь ажиллаж байх хугацаанд олгогдоогүй цалинг хэлсэн ойлголт болохоос ажилгүй байсан хугацааны олговор биш. Цалин, олговор 2 бол 2 тусдаа өөр ойлголт тул алданги тооцох хууль эрх зүйн үндэс байхгүй. Иймд Х.Аптангэрэлийн нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын олговор болон ажилгүй 5айсан хугацааны цалин хөлс, алданги авах болон эдлэх эрх бүхий үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.А нь “ЭХХТ” ТӨААТҮГ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн зөрүү, алданги, ээлжийн амралтын цалин, үр дүнгийн урамшуулалд 89.697.252 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч нь цалин болон алданги гаргуулах шаардлагаа энэ өдөр хүртэлх хугацаагаар тооцон, нийт 99.369.318 төгрөг гэж тодорхойлж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдээ шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулал болон цалинг алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ шүүх урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулсан тул цалин нэмж авах, зөрүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй, ажиллаагүй тул ажлын үр дүн гарах үндэслэлгүй, ээлжийн амралтыг эдлэхгүй, ажиллаж байх хугацаанд олгогдоогүй цалингаас алданги тооцохоос ажилгүй байсан хугацааны олговорт тооцохгүй гэж маргалаа.

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1468 тоот тогтоол гарснаар Х.Аийг ажилд нь эгүүлэн тогтоосон Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00637 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь эгүүлэн авах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Ажил олгогч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, цалин хөлсөө авах эрх нь зөрчигдсөн байх бөгөөд зохигч энэ талаар маргахгүй тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин, олговроо хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016.10.07-ны өдрөөс 2017.03.22-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олговроо цалингийн дэлгэрэнгүй тооцооллыг үндэслэн 12.440.489 төгрөг нэхэмжилснийг үндэслэлтэй гэж үзэн шийдвэрлэсэн байна.

 

Дээрх хугацааны цалин олговрыг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад дээрх хугацааны цалин олговрын зөрүү гэж 10.110.019 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор заасан зохицуулалт тухайн тохиолдолд үйлчлэхгүй юм. 

 

 Нэхэмжлэгч нь Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-а-д “ажилтанд ажлаас үндэслэлгүй халагдсан тохиолдолд дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тооцно гэж заасны дагуу гэж тайлбарлан нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сард олгогдсоноор 4.051.465 төгрөг гэж дундаж цалин олговроо тооцоолсон нь буруу байна.

 

Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал ордог болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1 болон дээрх журамд заасан бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн 2016 оны ээлжийн амралтын олговор нь олгогдсон байна.

 

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр сарын үндсэн цалинг 1.122.000 төгрөг гэж тохиролцсон байх бөгөөд түүнд сар бүр нэмэгдлийн хамт олгогдсон хэмжээгээр түүний дундаж цалин тодорхойлогдох тул 2016 оны 9 дүгээр сард олгосон 2.075.100 төгрөг гэж тооцох нь хуульд нийцэх тул нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалинг сарын дундаж ажлын 21.5 хоногт хуваахад 1 хоногийн цалин олговорт 96.511 төгрөг ногдсоноор тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгчийн 2017.03.22-ны өдрөөс хойш энэ өдрийг хүртэлх ажилгүй байсан байсан 238 хоногийн цалин олговорт /96.511х238/ нийт 22.969.618 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 141.3-т “ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно” гэж заасан байна.

 

Энэхүү хуулийн зохицуулалт нь ажил олгогч нь ажилтны цалин хөлсийг олгох ёстой хугацаандаа олгоогүй, эсхүл хугацааг хожимдуулан олгосон тохиолдолд шүүх буруутай албан тушаалтанд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алдангийн хэмжээгээр захиргааны шийтгэл ногдуулж ажилтанд олгохоор ба харин Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д зааснаар цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох зохицуулалтад хамаарахгүй юм. 

 

 Иймд 2016.10.07-оос 2017.03.22-ныг хүртэл олгогдоогүй цалин 22.550.508 төгрөгийн алданги 11.275.254 төгрөг гаргуулах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгохоор, 55.2-т ажилтны тухайн ажилты жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтоохоор заасан тул нэхэмжлэгчийн ажлын 1 хоногт ногдох 96.511 төгрөгөөр ээлжийн амралтын олговрыг тооцов.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасан ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацааг 15 хоног гэж, 79.5.6-д заасан 14 өдрийн нэмэгдлийн хамт ээлжийн амралтын 29 хоногийн олговорт /96.511х29/ 2.798.819 төгрөгийг олгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйл 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж, 50 дугаар зүйлийн 50.1-д ажилтанд ажлын үр дүнгээр үндсэн цалин дээр нэмэгдэл хөлс олгож болно гэж, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захиргаа, Үйдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2017-2018 онд байгуулсан хамтын гэрээний 3 дугаар заалтын 3.4-т “жилийн ажлын үр дүнгийн шагналыг холбогдох журмыг баримтлан 5 хүртэл сарын үндсэн цалингийн дундаж, хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож олгоно” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь 5 сарын хугацааны үр дүнгийн урамшууллыг ажилгүй байсан 2 жилийн хугацааныхыг  авах эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч 2016 оны үр дүнгийн шагналт цалинг ЭХХТийн захирлын 2016 оны 6 сарын 28-ны өдрийн Б/40 тоот тушаалаар Х.Ад 3 сараар шагналт цалинг олгосон, нэхэмжлэгч нь 5 сарын шагналт урамшуулал авах эрхтэйгээ баримтаар нотлоогүй тул 2017 оны үр дүнгийн урамшуулалд 3 сараар тооцон,  /3х2.075.100/ 6.225.300 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээс дүгнэхэд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 22.969.618 төгрөг, ээлжийн амралтын олговорт 2.798.819 төгрөг, үр дүнгийн урамшуулалд 6.225.300 төгрөг, нотариатын зардалд 103.400 төгрөг буюу нийт 32.097.137 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 67.272.181 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 609.476 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 318.436 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан ажилгүй байсан 238 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 22.969.618 төгрөг, ээлжийн амралтын олговорт 2.798.819 төгрөг, үр дүнгийн урамшуулалд 6.225.300 төгрөг, нотариатын зардалд 103.400 төгрөг буюу нийт 32.097.137 /гучин хоёр сая ерэн долоон мянга нэг зуун гучин долоо/ төгрөгийг “ЭХХТ” ТӨААТҮГ-аас гаргуулан, Ад  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 67.272.181 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 609.476 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 318.436 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

   

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ