| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/03287/И |
| Дугаар | 461 |
| Огноо | 2018-02-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 461
2018 оны 02 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2018/00461 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЭХХТ
Ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор болон үр дүнгийн шагналд 18.471.532 /арван найман сая дөрвөн зуун далан нэгэн мянга таван зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал, Ч.Мөнхбат, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ЭХХТд төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын албан тушаалд 2016 оны 9 сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй байтал 2016 оны 10 сарын 20-ны өдөр “ЭХХТ” ТӨҮГ-ын захирлын Б/82 тоот тушаалыг хууль бусаар гаргасан. Би нэхэмжлэл гаргаж, Хан Уул дүүрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 сарын 13-ны өдрийн хурлаар хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс анхан шатны хурал болсон тэр өдөр хүртэлх цалинг тооцож, 4.705.046 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шийдвэр гарсан, гэтэл хариуцагчаас давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж хэргийн явц удааширч 2017 оны 10 сарын 17-ны өдөр хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ажлаас хууль бусаар чөлөөлсөн 2016 оны 10 сарын 20-наас 2017 оны 11 сарын 29-нийг хүртлэх үндсэн цалинг нэмэгдлийн хамт 14.190.045 төгрөг, Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйлд зохицуулсан ээлжийн амралтын олговор 915.487 төгрөг, 55 дугаар зүйлд заасан хамтын гэрээгээр зохицуулсан 13 дахь сарын цалин 3.366.000 төгрөг, нийт 18.471.532 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тухайн хугацааны нөхөн бичилтийг хийлгэхийг даалгаж өгнө үү. Үндсэн цалинг 1.078.240 төгрөгөөр тооцож хоногийн 50.860 төгрөгийг ажилгүй байсан хугацааны 278 ажлын хоногоор бодсон байсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Дээд шүүхийн тогтоол гарах хүртэлh цалинг хасаад 182 хоногийн 9.256.589 төгрөг нэхэмжилж байна. Хуульд зааснаар 10 жил ажилласан тул 15 хоног нэмэгдэл 3 хоногоор тооцсон гэв.
Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Х нь тус төвийн захирлын 2016 оны 09 сарын 02-ны Б/58 тоот тушаалаар Төсөл хөтөлбөрийн хэлтсийн даргын албан тушаалд 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Энэ хэвээр ажиллаж байгаад Төрийн өмчийн Бодлого Зохицуулалтын газраас батлагдсан манай байгууллагын бүтцэд нэхэмжлэгчийн ажлын байр татан буугдсан байсан ба уг өөрчлөлтөөс хамааран түүнийг 2016 оны 10 сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Д.Х нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон урьд ажилд байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаар нэхэмжлэл гаргасныг шүүх бүрэн хангаж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь ямар ч үндэслэл, шалтгаангүйгээр цалин хөлс нэмж авахаар нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 18-ны өдөр гаргажээ. Энэ маргаан нь анхан болон давж заалдах, хяналтын шатны гээд 3 шатны шүүх дамжин хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хийгдэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, нэгэнт дууссан ажиллагаанд дахин нэхэмжлэл гаргах нь эрх зүйн үндэслэлгүй. Манай төвийн захиргаа, ҮЭХ-той байгуулсан хамтын гэрээний 3-ын 4-т “жилийн ажлын үр дүнгийн шагналыг холбогдох журмыг баримтлан 5 хүртэл сарын үндсэн цалингийн дундаж, хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож олгоно” гэж заасан ба нэхэмжлэгч нь 2016 оны 9 сарын 02-ний өдрөөс 2016 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл буюу 1 сар ажилласан тул хамтын хэлэлцээрийн дагуу нэхэмжилсэн нь нийцэхгүй. 2017 оны 3 сарын 02-ны өдрийн Б/28 тоот тушаалаар батлагдсан нийт ажилтан, албан хаагчдад ажлын үр дүнгээр шагналт цалин олгох журмын 4-ийн 7-д “төвд ажилласан хугацаа 5 сар хүрээгүй” тохиолдолд жилийн ажлын шагналт цалин олгохгүй гэж заасан. Харин 2016 оны үр дүнгийн шагналт цалинг тус төвийн захирал Я.Пүрэвжав 2016 оны 6 сарын 28-ны өдрийн Б/40 тоот тушаалаар нийт ажилчдад олгосон байна. Зөвхөн манай байгууллага төдийгүй улсын бүх байгууллага, үйлдвэр компаниуд шагналт цалинг олгохдоо тодорхой журам баримтлан шагналт цалинг авах эрх нь үүссэн ажилчдад олгодог. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч жилийн ажлын шагналт цалинг авах ямар ч үндэслэлгүй. ХтХ-ийн 79.1-д “ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна” гэж заасан ба нэхэмжлэгч 1 сарын хугацаанд ажилласан тул ээлжийн амралт эдлэх эрх үүсээгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 6.16-д “ажилтанд жил бүр ээлжийн амралт олгон биеэр эдлүүлнэ. Энэ нь тухайн ажилтан төвийн захирлын тушаалаар ажилд томилогдсон өдрөөс хойш 10-аас доошгүй сар тасралтгүй ажилласан байна” гэж заасан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын баталсан бүтэц орон тоонд нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр байхгүй учраас 13 дахь сарын цалин болон ээлжийн амралтын олговрыг эдлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Д.Х нь “ЭХХТ” ТӨААТҮГ-т холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор болон үр дүнгийн шагналд 18.471.532 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилд аваагүй тул ажилгүй хугацааны цалин, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн шагналаа гаргуулна гэж тайлбарлав.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ бүтцээр орон тоо нь байхгүй байсан тул шийдвэрийг биелүүлээгүй, өнөөдөр шийдвэрийн дагуу цалинг шилжүүлж байгаа, цалин нэмж авах ямар ч үндэслэлгүй, 1 сар ажилласан тул шагналт цалин болон ээлжийн амралтын олговрыг авах эрхгүй гэж маргалаа.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1193 тоот тогтоол гарснаар Д.Хыг ажилд нь эгүүлэн тогтоосон Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00537 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь эгүүлэн авах үүрэгтэй” гэж заасан байна.
Ажил олгогч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, цалин хөлсөө авах эрх нь зөрчигдсөн байх бөгөөд зохигч энэ талаар маргахгүй тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин, олговроо хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.
Иймд 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалин, олговрыг олгох үндэслэлтэй байх тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажлын 1 хоногт ногдох олговрыг 49.000 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан 168 хоногийн цалин олговорт /168х49.000/ нийт 8.232.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 1.024.589 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.
Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгохоор, 55.2-т ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтоохоор заасан ба Д.Х тухайн байгууллагад ажилласан 2 сарын хугацаанд олгосон /818.000+1.078.240/ 948.120 төгрөгийг 22 хоногт бодоход 1 хоногийн 43.096 төгрөгөөр ээлжийн амралтын олговрыг тооцов.
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасан ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацааг 15 хоног гэж, 79.5.1-д заасан 3 өдрийн нэмэгдлийн хамт ээлжийн амралтын 18 хоногийн олговорт /43.096х18/ 775.734 төгрөгийг олгох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д ажилтанд ажлын үр дүнгээр үндсэн цалин дээр нэмэгдэл хөлс олгож болно гэж, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захиргаа, Үйдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2017-2018 онд байгуулсан хамтын гэрээний 3 дугаар заалтын 3.4-т “жилийн ажлын үр дүнгийн шагналыг холбогдох журмыг баримтлан 5 хүртэл сарын үндсэн цалингийн дундаж, хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож олгоно” гэжээ.
Нэхэмжлэгч нь 3 сарын хугацааны үр дүнгийн урамшуулал авах эрхтэй гэж тайлбарлаж байгааг буруутгах боломжгүй бөгөөд үндсэн цалингаа 1.078.240 төгрөгөөр бодож, 3.366.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч түүний дундаж цалинг тухайн байгууллагад ажилласан 2 сарын хугацаанд олгосон /818.000+1.078.240/ 948.120 төгрөгөөр тооцон, 2017 оны ажлын үр дүнгийн шагналд /948.120х3/ 2.844.360 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нийт 11.852.094 төгрөгийг “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-аас гаргуулан, Д.Хатанбаатарт олгож, шаардлагаас үлдэх 6.619.438 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр шимтгэл төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 250.310 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 204.585 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1, 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин олговорт 8.232.000 төгрөг, ээлжиpйн амралтын олговорт 775.734 төгрөг, үр дүнгийн урамшуулалд 2.844.360 төгрөг буюу нийт 11.852.094 /арван нэгэн сая найман зуун тавин хоёр мянга ерэн дөрөв/ төгрөгийг “ЭХХТ” ТӨААТҮГ-аас гаргуулан, Д.Х олгож, шаардлагаас үлдэх 6.619.438 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 250.310 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 204.585 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ