| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/03253/И |
| Дугаар | 519 |
| Огноо | 2018-03-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 519
2018 оны 3 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2018/00519 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 хороо, Дунд гол-2, “СЭХҮТ” ТӨҮГ-ын /РД:5011248/нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 хороо, 19 хороолол, 12б байр, 51 тоот, “О” ХХК-д /РД:5670543/ холбогдох,
Гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндорж, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгүүллага нь 2016 оны 1 сарын 15-ны өдөр “О” ХХК-тай “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан хүчдэлийн уналттай түгээх сүлжээг үр ашигтай ажиллах боломжийг судлах”, “Монгол орны зүүн өмнөд бүс Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгуудын нар, салхины нөөцийг тодорхойлох судалгааны ажил”-ийн тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон. Энэхүү гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэхээр нийт 14 сая төгрөгийг “О” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсоноос урьдчилгаа төлбөрт 6 сая төгрөгийн бараа материалаар тооцон төлсөн. Ажлын явцын талаарх тайлан мэдээг ирүүлээгүй, судалгааны ажлыг хийж байгаа эсэхэд хариу өгөөгүй, хэн хариуцан гүйцэтгэж байгаа талаархи мэдээлэл байхгүй байсаар өдийг хүрсэн. Гүйцэтгэгч “О” нь гэрээнд тохиролцсон ажлыг хийгээгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул урьдчилгаанд төлсөн 6 сая төгрөгийн бараа материалын үнийг буцааж авах хүсэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 355-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний үүргийн дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөрт төлсөн 6 сая төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг гэрээг байгуулсан боловч мөнгөө шилжүүлээгүйгээс ажил хийгдээгүй, бэлэн болон бэлэн бусаар мөнгө хүлээн аваагүй, бараа материалыг авахаар тохиролцоогүй, аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт өгсөн зарлагын баримтууд дээр манайх хүлээн авсан гарын үсэггүй байгаа, гэрчүүд нь манайд хүлээлгэн өгсөн талаар тодорхой мэдүүлэг өгсөнгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “СЭХҮТ” ТӨҮГ нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 6.000.000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, үндэслэлээ гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул Иргэний хуулийн 355.1-д зааснаар гаргуулна гэж тайлбарлав.
Хариуцагч нь мөнгөө шилжүүлээгүйгээс ажил хийгдээгүй, бэлэн болон бэлэн бусаар мөнгө хүлээн аваагүй, бараа материал авахаар тохиролцоогүй гэж маргав.
Нэхэмжлэгч нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр “О” ХХК-тай “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан хүчдэлийн уналттай түгээх сүлжээг үр ашигтай ажиллах боломжийг судлах”, “Монгол орны зүүн өмнөд бүс Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгуудын нар, салхины нөөцийг тодорхойлох судалгааны ажил”-ыг 14 сая төгрөгөөр 1 сарын хугацаанд гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулжээ.
Гэрээний дагуу захиалагч нь ажлын хөлсийг гэрээний үнийн дүнгийн 30 хувийг гэрээ байгуулсан өдөр, 1 дүгээр сарын 30-ны өдөр 60 хувийг өгөхөөр тохиролцсон байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болон агуулгаас дүгнэхэд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “захиалагч нь гэрээнд заасан хугацаанд зохих журмын дагуу хөлс төлөх үүрэг хүлээнэ гэж заасан ба нэхэмжлэгч нь гэрээнд заасан хөлс төлөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээ хэрэгжээгүй болох нь хариуцагчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоож байх буюу нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөрийг бараагаар өгсөн гэж Бараа материалын зарлагын баримтыг үндэслэн тайлбарлах ч тухайн баримтад хүлээн авсан этгээдийн гарын үсэггүй, гэрчүүд нь хэнд хүлээлгэн өгснийг нотолсон мэдүүлэг гаргаагүй, түүнчлэн уг үйл баримтыг 2016 оны 6 дугаар сард гэж байгаа нь гэрээ байгуулагдсанаас хойш байх тул 6 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан “О” ХХК-д холбогдох гэрээ цуцалж, урьдчилгаа төлбөр 6.000.000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн “СЭХҮТ” ТӨҮГ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ