Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/779

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Р.Энх-Оюун,

иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэшугар,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Халзан,

шүүгдэгч Г.Б, Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Г.Быг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Хийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808004780559 дүгээр 1 хавтас хэргийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Мандал овооны ** дугаар гудамж, 21 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д* овогт Г-ын Б /РД:****/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хойд эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Мандал овооны ** дугаар гудамж, ** тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгэр 3 жил 5 сарын хорих ял  шийтгүүлсэн, Д овогт Бын Х /РД:***/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Г.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Цэргийн хотхоны ** дүгээр байр, ** тоотод хамтран амьдрагч Б.Мтай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал болох хүнд хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Б.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн** дугаар хороо, Цэргийн хотхоны ** дүгээр байр, ** тоотод эх Г.Б-ын хамтран амьдрагч Б.М-тай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь толгойн зулай, дагзны хуйхны шарх, баруун шагайн үений гадна хэсгийн цус хуралт, зүүн далны дээд хэсгийн шарх гэмтэл болох хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр М-тай уулзсан. М намайг зодоод аваад явсан. Гэрт очоод ганцаараа нэг шил 0,75 граммын архи уучихсан. Түүнийг 2 удаа гаргаж явуулсан. Би гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн чинь орилоод босохгүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үлдэх хохирлыг төлж барагдуулна. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 1808004780559 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Мын: “2018 оны 01 сарын 15-ны өдөр 16 цагийн үед хамтран амьдрагч Б над уруу утсаар яриад “хүрээд ир” гэсэн. Яваад очтол Б хамт ажилладаг А нартай архи уугаад дуусаж байсан. Намайг ирэхэд тэр гурав 1 шил авч бид нар хувааж уусан. 17 цагийн үед Б бид 2 баарнаас гараад Бгийн гэр рүү явцгаасан. Б бид 2 дэлгүүрээс 100гр хэмжээтэй аваад архи хувааж уусан. Би хэсэг байж байгаад 19-20 цагийн үед гарч дэлгүүр орчихоод эргээд иртэл Х 2 найзтайгаа ирчихсэн байсан. Х надад “ээжид яагаад архи өгчихсөн юм бэ” гэж зандрангуй хэлсэн. Би “өгөөгүй ээ, өөрөө намайг дуудахаар нь би очиж авчирч байна” гэж хэлсэн. Тухайн үед над уруу чичлэн “тус нэмэргүй” гэх мэтээр агсам согтуу тавиад байсан. Х хэвтэж байгаад босч ирээд “та л ээжид архи өгсөн, та хоёр ер нь зайл” гэсэн. Хоолны шкафны дээд талд байсан хар өнгийн иштэй нарийн хятад хутга аваад эхлээд миний зүүн даланд нэг удаа хутгалсан. 2 найз нь хориод болиулсан. Тэгээд бужигнаж байх үед Х миний хэвлий тус газар уруу нэг удаа хөлөөрөө жийсэн. Тэгэхэд би хойшоо газар унасан. Энэ үед Б босч ирээд “зайлаач, миний хүүд битгий гай болоод байгаач” гээд хэвлий тус газар руу хүчтэй нэг удаа өшиглөсөн. Бг өшиглөсний дараа миний гэдэс эвгүй болоод би эвхрээд хэвтсэн. Тэгээд удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн. Цагдаад Х өөрөө “би хүн хутгалчихлаа” гээд дуудлага өгсөн. Б архи уухаараа агсам зантай, гартаа таарснаар цохидог. Бтай 5 жилийн өмнөөс танилцаж хамтран амьдрах болсон. Одоогоор эмчилгээ хийлгэж байна. 3 удаа хагалгаанд орсон. Баримтуудаа цуглуулж байгаа, гаргаж өгнө. Х хөлөөрөө миний хэвлий хэсэг рүү жийхэд тухайн үед ямар нэгэн өвдөлт мэдрэгдээгүй. Тэгээд уначихаад босох гэтэл Б хүрч ирээд хэвлий рүү өшиглөхөд өвдөлт гэнэт мэдрэгдсэн. Тэгээд эвхрээд босож чадаагүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал 2.500.000 төгрөг нэхэмжилж байна. ...Би 8 удаа хагалгаанд норкозтой орсон тул зарим юмаа мартаж санаад байгаа. ...Миний биед учирсан хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний ургадал, задрал гэмтлийг Б өшиглөж учруулсан, зүүн далны дээд хэсэгт учирсан шархыг Х хутгаар хатгаж учруулсан, толгойн зулай дагзны хуйханд шархыг унах үедээ паар мөргөж учирсан, баруун шагайн үений гадна хэсэгт цус хуралт гэмтлийг Х хавирч унагаахдаа учруулсан” гэх мэдүүлэг /хх-10-12, 13-14, 155-156),

Гэрч Ж.Б-ын: “..Хүү М зүүн мөрөндөө хутгалуулсан байсан. Надад хүү М “хамтран амьдрагч Бын хүү Т хутгалсан” гэж хэлсэн. Одоо Мын биеийн байдал муу байгаа. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-15-16/,

Гэрч Ж.Т-гийн: “...Хийн гэр рүү бид 3 явсан. Гэрт нь Хийн ээж Б, ...М гэж дууддаг ахын хамт байсан. М нь Б эгчийн хамтран амьдрагч нь юм. Тухайн үед Б эгч М ах 2 нэлээн согтуу байсан. ...хоёулаа агсрах гээд орилж чарлаад байсан. Х ээждээ “амьдрал хэцүү байхад архи уулаа” гэх мэт зүйл хэлж байгаад унтахаар хэвтсэн. Х “миний хоёр хөгшин хоолны юм аваад ирээч” гэж хэлсэн. Бид хоёр дэлгүүр яваад ойролцоогоор 10 орчим минут л болсон байх ...эргээд иртэл М ах газар хэвтсэн, толгойноос нь цус гарчихсан, Х хөл нүцгэн хөлөөрөө М ахын гэдэс рүү нэг өшиглөсөн. Б бид хоёр гүйж очоод Хийг салгасан. М ахын толгойноос цус гарсан байсан. Х миний 8812*** гэсэн дугаараас 102-т дуудлага өгсөн. Б бид хоёрыг байхад ямар нэгэн хэрүүл зодоон болоогүй. Б эгч Б бид хоёрыг орж ирэхэд Хийн гараас зуурчихсан татаж байгаа харагдсан. Х хэлэхдээ “цохисон чинь паар уруу толгойгоороо унаад гэмтсэн” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-17-18, 156/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.22-ны өдрийн 1589 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Мын биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал, зүүн далны дээд хэсэг, толгойн зулай, дагзны хуйханд шарх, баруун шагайн үений гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал, толгойн зулай, дагзны хуйхны шарх, баруун шагайн үений гадна хэсгийн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зүүн далны дээд хэсгийн шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал гэмтэл нь ...журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Толгойн зулай, дагзны хуйхны шарх, баруун шагайн үений гадна хэсгийн цус хуралт, зүүн далны дээд хэсгийн шарх гэмтэл нь ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-26/,

Шинжээч Г.Энхбаатарын: “Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэвлийн тус газарт өшиглөх үед үүсэх боломжтой. Хүнд гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаа хэвлийн тус газар нь цохих эсвэл өшиглөх үед үүсгэгдэх боломжтой. Зүүн далны дээд хэсэгт үүссэн шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Толгойн зулай, дагзны хуйхны шарх нь тус тусдаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал хүнд гэмтэл авсны дараа хэвлийгээр өвдөх, халуу дүйгэж өвдөх шинж тэмдэг илрэх ёстой. Архи уусан хүнд согтолтын хэмжээнээс хамаарч дээрх шинж тэмдгүүд бүдэг илэрч болно” гэх мэдүүлэг /хх-148, 160-161/,

Гэрч Ж.У-ийн: “...16 цагийн үед бид нар пабаас гараад автобусанд суух гээд явж байтал М Быг чирээд автобусны буудал дээр авчраад автобусанд суугаад явсан. 10 буудал дээр буусан чинь Б, М хоёр араас буугаад ирсэн. М Быг “явъя” гээд чирээд байсан чинь Б “явахгүй, гэрийн түлхүүр байхгүй, чи өөрөө гэр рүүгээ харь аа” гээд уурлаад хоорондоо муудалцаад байсан. Тэгтэл М Быг “хамт явна” гээд чирээд такси зогсоогоод өргөөд хүчээр таксинд суулгаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-186/,

Гэрч Ц.А-ийн: “Дөл нэртэй бааранд найз У-йн дүү А нар хамт уулзсан. Тэгээд Мыг Б дуудсан. М Быг чирээд такси зогсоогоод өргөөд хүчээр таксинд суулгаад аваад явсан. Тухайн үед М эрүүл байсан, бид нарыг архи өгөхөд уухгүй байсан” гэх мэдүүлэг /хх-187-188/,

Шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн: “...Удаагүй “И баарнаас гараад би Мыг “гэртээ харь” гэсэн чинь хойшоо явж байгаа харагдсан. Би Хаан банкны урд 2 найзтайгаа явж байсан чинь Б.М араас ирээд миний үснээс зулгааж, эргэж харсан чинь элэг рүү цохиж, газарт унагаж чирсэн. Хоёр найз салгаад би Мыг тайвшруулан хамт хүү Х-ийн гэрт очиж унтсан. М-тай маргалдаад байж байхад хүү Х гаднаас Б, Т гэх найз нартайгаа ороод ирсэн. Х “хоол хийнэ, та хоол идээд гэр рүүгээ яваарай “гэж хэлэхэд М “за” гэж хэлээд банштай цай хийж идсэн. Хоёр найзыгаа гарсан хойгуур Х Мыг “ахаа та одоо гэр рүүгээ харь” гэсэн за гээд М гараад явсан. Удаагүй орж ирэхээр нь би “чи наад гэрийн түлхүүрээ үлдээгээд яваач” гэсэн чинь М миний урдаас “чи муу дандаа хүн тэгэж байх юм” гээд над уруу дайрч гар далайсан чинь хүү Х Мыг хавирсан чинь унахдаа толойгоороо паар мөргөж унаад, босоод ирэхэд нь гараараа түлхсэн чинь газарт унахдаа дагз орчмоор паар мөргөж унасан. Босохгүй байхаар нь би “чи миний хүүд гай болчихлоо” гээд Мын гэдэс, хэвлийд хүчтэй 2 удаа өшиглөсөн. М босч ирээд байж байснаа доошоо сууж, босоод байсан. Би Мыг өшиглөсний дараа шууд доошоо сууж гэдэс, хэвлийгээ дараад хэвтсэн. Тухайн үед Х хоол хийх гээд ногоо арилгаж байсан хутгаар нэг удаа М-ын зүүн даланд хатгасан. Өөр зодож цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-168-169/,

Шүүгдэгч Б.Х-ийн яллагдагчаар өгсөн: “...М ахыг “хоол идчихээд гэр рүүгээ харь” гэсэн чинь “үгүй, харихгүй, та нар намайг яах гэж архи уулгасан юм бэ” гэхээр би гэрээс М ахыг хөөгөөд гаргасан. Хэсэг хугацааны дараа М ах орж ирээд ээжтэй маргалдаад байсан. Би “одоо эндээ дуугүй унт, унтаж чадахгүй бол эндээс яв” гэсэн чинь босож ирээд намайг заамдаад авсан. Би Мыг түлхсэн чинь толгойгоороо төмөр паар мөргөөд унасан. Босож ирээд над уруу дайраад байхаар би 2 удаа хэвлийн тус газар нь өшиглөсөн. М ах унахдаа дахиж толгойгоороо паар мөргөсөн. Би зодоон болохоос өмнө хоол хийх гээд ногоо арилгаад сууж байсан баруун гарт байсан хар иштэй хутгаар М ахын зүүн даланд 1 удаа хатгасан нь үнэн. Би өөрөө дараа нь 102, 103, дуудаж, М ахыг эмнэлэгт үзүүлсэн би эмчлэгдэж байх хугацаанд нь эмчилгээний зардал 960.000 төгрөг өгсөн, надад баримт нь байгаа. Би хүн зодож гэмтэл учруулсан буруугаа хүлээж байна. Манай ээж Б М ахын гэдэс хэвлий орчимд 2 удаа өшиглөж байсан. Би цагдаагийн байгууллагад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө ээж Быг өмөөрч хамгаалж худлаа мэдүүлэг өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-143-144, 174-175, 202/,

Гэрч Б.Б-гийн мэдүүлэг /хх-19-20/, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгуулах хуудас /хх-28, 64/, хэргийн газарт үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл /хх-93/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-94/, өвчний түүх /хх-107/, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны тодорхойлолт /хх-108/, гэрч Г.Баярсайханы мэдүүлэг /хх-189/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-71, 72/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн гаргаж өгсөн төлбөр барагдуулах хэлцэл, хохирогчийн хүсэлт, иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав. 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Цэргийн хотхоны ** дүгээр байр, ** тоотод хамтран амьдрагч Б.Мтай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал бүхий хүнд гэмтэл учруулсан,

шүүгдэгч Б.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны ** дүгээр байр, ** тоотод эх Г.Б-ын хамтран амьдрагч Б.М-тай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд толгойн зулай, дагзны хуйхны шарх, баруун шагайн үений гадна хэсгийн цус хуралт, зүүн далны дээд хэсгийн шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Мын “...Х босч ирээд хоолны шкафны дээд талд байсан хар өнгийн иштэй нарийн хятад хутга аваад миний зүүн даланд хутгалсан. Х миний хэвлий тус газар уруу нэг удаа хөлөөрөө жийсэн. Тэгэхэд би хойшоо газар унасан. Энэ үед Б босч ирээд “зайлаач, миний хүүд битгий гай болоод байгаач” гээд хэвлий тус газар руу хүчтэй нэг удаа өшиглөсөн. Бг өшиглөсний дараа миний гэдэс эвгүй болоод би эвхрээд хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-10-12, 13-14, 155-156), гэрч Ж.Б-ын “..Хүү М надад “хамтран амьдрагч Бын хүү Т хутгалсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-15-16/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.22-ны өдрийн 1589 дүгээр “1.Б.Мын биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал, зүүн далны дээд хэсэг, толгойн зулай, дагзны хуйханд шарх, баруун шагайн үений гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал, толгойн зулай, дагзны хуйхны шарх, баруун шагайн үений гадна хэсгийн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зүүн далны дээд хэсгийн шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал гэмтэл нь ...журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Толгойн зулай, дагзны хуйхны шарх, баруун шагайн үений гадна хэсгийн цус хуралт, зүүн далны дээд хэсгийн шарх гэмтэл нь ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-26/, шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн “..Х Мыг хавирсан чинь унахдаа толгойгоороо паар мөргөж унаад, босоод ирэхэд нь гараараа түлхсэн чинь газарт унахдаа дагз орчмоор паар мөргөж унасан. Босохгүй байхаар нь би “чи миний хүүд гай болчихлоо” гээд Мын гэдэс, хэвлийд хүчтэй 2 удаа өшиглөсөн. М босч ирээд байж байснаа доошоо сууж, босоод байсан. Би Мыг өшиглөсний дараа шууд доошоо сууж гэдэс, хэвлийгээ дараад хэвтсэн. Тухайн үед Х хоол хийх гээд ногоо арилгаж байсан хутгаар нэг удаа Мын зүүн даланд хатгасан...” гэх мэдүүлэг /хх-168-169/, шүүгдэгч Б.Хийн яллагдагчаар өгсөн “...Би Мыг түлхсэн чинь толгойгоороо төмөр паар мөргөөд унасан. Босож ирээд над уруу дайраад байхаар би 2 удаа хэвлийн тус газар нь өшиглөсөн. М ах унахдаа дахиж толгойгоороо паар мөргөсөн. Би зодоон болохоос өмнө хоол хийх гээд ногоо арилгаад сууж байсан баруун гарт байсан хар иштэй хутгаар М ахын зүүн даланд 1 удаа хатгасан нь үнэн. Ээж Б М ахын гэдэс хэвлий орчимд 2 удаа өшиглөсөн. Би цагдаагийн байгууллагад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө ээж Быг өмөөрч хамгаалж худлаа мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг /хх-143-144, 174-175, 202/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн болно.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Г.Быг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Хийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн тус тус хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр тухайн гэмт хэргүүдийг шүүгдэгч нар үйлдсэн байна гэж үзлээ. Тухайлбал шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай урчуулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн жинэхэн байдалтай нийцээгүй байна гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл гэрч хохирогч гэрч Ж.У-гийн “...М Быг чирээд автобусны буудал дээр авчраад автобусанд суугаад явсан. М Быг “явъя” гээд чирээд байсан чинь Б “явахгүй, гэрийн түлхүүр байхгүй, чи өөрөө гэр рүүгээ харь аа” гээд уурлаад хоорондоо муудалцаад байсан. Тэгтэл М Быг “хамт явна” гээд чирээд такси зогсоогоод өргөөд хүчээр таксинд суулгаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-186/, гэрч Ц.А-ийн “...М Быг чирээд такси зогсоогоод өргөөд хүчээр таксинд суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-187-188/, шүүгдэгч Г.Бын “...Б.М араас ирээд миний үснээс зулгааж, эргэж харсан чинь элэг рүү цохиж, газарт унагаж чирсэн. Хоёр найз салгаад би Мыг тайвшруулан хамт хүү Хийн гэрт очиж унтсан. ...М миний урдаас гараа далайгаад дайрсан чинь хүү Х түүнийг хавирч унагасан...” гэх мэдүүлэг /хх-168-169/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэвэл хэрэг маргааныг эхлүүлэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагчийн эрүүл мэндэд аюул заналхийлж довтолсон Б.Мын халдлагын улмаас шүүгдэгч Г.Б хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул тухайн зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг хангаж байна гэж үзэх үндэслэлгүй юм.   

Харин шүүгдэгч Б.Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээдэд шүүгдэгч Б.Х хамаарахгүй юм. Тухайлбал шүүгдэгч Г.Б, хохирогч Б.М нар 2017 оны 11 дүгээр сарын сүүлээс эхлэн хамтран амьдрахаа больсон, түүнчлэн шүүгдэгч Б.Х нь Г.Б, Б.М нартай хамт амьдарч байгаагүй болох нь хэрэгт авагдсан гэрч Г.Б-ы “...Б М гэдэг хүнтэй хамт амьдардаг байсан. Х тусдаа ганцаараа амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-189-190/, гэрч Б.Б-ийн “...Б дуудсаар байгаад хүү Тө-хөө гэрт нь дуудсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-19-20/, шүүгдэгч Г.Бын “...Хүү Хийн гэрт очсон...” гэх мэдүүлэг /хх-168-169/ зэргээр тогтоогдсон. Иймд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд “Эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн, шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Эмчилгээнд нийт 7.870.920 төгрөгийн зардал гарсан. Түүнээс 305.000 төгрөгийг хүлээн авсан” гэх боловч эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгч хэрэгт бэхжүүлж тусгуулаагүй байна. Түүнчлэн Б.Х, Б.Б гэх хүмүүсийн хооронд хийгдсэн төлбөр барагдуулах тухай хэлцлийг шүүх хэлэлцээгүй орхисныг тэмдэглэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хохирогч хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.  

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч нарын өмгөөлөгч “Хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлснийг харгалзан Г.Бд тухайн зүйл, хэсгийн хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Б.Хийн хувьд маргах зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч Г.Б тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч Г.Б, хохирогч Б.М нар согтуурсан байсан, шүүгдэгч Б.Х хутга хэрэглэсэн/,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Б.Хт “500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Г.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Х-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.  

2. Шүүгдэгч Д овогт Г-ын Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Дд овогт Б-ын Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хийг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б, Б.Х нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Б.М эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бд авсан цагдан хорих, Б.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                    

                        ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР

                            ШҮҮГЧИД                                  Г.ГАНБААТАР

                                                                               Б.ДАШДОНДОВ