| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/03253/И |
| Дугаар | 506 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 506
2018 оны 3 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2018/00506 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Д ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ст холбогдох,
Орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.С нь 2016 оны 7 сарын 18-ны өдөр манай компанитай “орон сууц захиалан бариулах гэрээ ” байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүрэг, 16 хороо, “Буянт-Ухаа” хороолол, Наадамчдын зам, 423 байр 65 тоот, 79,5 м2 талбайтай 115,275,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц захиалж бариулсан. Г.С 3 өрөө орон сууцны урьдчилгаа 15 сая төгрөг төлж, орон сууцыг 2016 оны 8 сарын 17-ны өдөр хүлээн авч, 1 жил 5 сар гаруй хугацаанд оршин сууж ашиглахдаа “Орон сууц захиалгаар бариулах “ гэрээнд заасан үүргийг ноцтой зөрчиж үлдэгдэл 100,275,000 төгрөгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөөгүй тул Иргэний хуулийн 106.1, 106.2-т зааснаар орон сууцнаас албадан гаргаж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 5 сарын 25-ны өдөр “Бараа бэлтгэн нийлүүлэх” гэрээг нэхэмжлэгчтэй Хос хийморь ХХК байгуулан дундын хана нийлүүлэх ажиллагааг би хариуцаж байсан. Гэрээний 4.1-д заасаны дагуу нийт 689.990.400 төгрөгийн бараа нийлүүлэх ёстой байснаас 191 сая төгрөгийн барааг захиалагч нь худалдан авсан. Гэрээний 4.2-д заасаны дагуу үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх мөнгө буюу бартераар “Дөрвөн бэрх" хотхонд орон сууцны байр худалдан авахаар тохиролцсон байр нь миний амьдарч байгаа байр юм. Ингээд 2016 оны 7 сарын 18-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах 1165 дугаар гэрээг Дестинейшнь Монгол ХХК-ийн захиралтай би байгуулж, нийт үнэ 115.275.000 төгрөг бөгөөд хоорондын тооцоогоор 15 сая төгрөгийг төлж, үлдэгдэл үнийг бараа нийлүүлж төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэнэт бараагаа авахаа больсон ба Хос хийморь ХХК-ийн зүгээс бэлтгэн нийлүүлсэн 35 сая төгрөгийн барааг авахгүй хохироож байгаагаас би байрны мөнгөө төлж чадахгүйд хүрсэн. 2 компани тооцоо нийлэхэд Дестинейшнь Монгол ХХК 27.069.402 төгрөгийн өртэй байснаас 15 сая төгрөгийг миний байрны урьдчилгаанд тооцсон байгаа. Иймд 12.069.402 төгрөгийг байрны мөнгөнд төлсөн гэж тооцох ёстой юм гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Д ХХК” ХХК нь хариуцагч Г.Ст орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, үндэслэлээ гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 106.1, 106.2-т зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.
Хариуцагч нь гэрээний дагуу урьдчилгаа төлж, гэрээний 2.3, 8.1-д заасны дагуу орон сууцаа хүлээн авч амьдарч байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх сэргээх зорилготой ба нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус үйлдлээс эрх зөрчигдсөн гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь “Хос хийморь” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Бараа бэлтгэн нийлүүлэх” гэрээ байгуулсан, Г.Стэй 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүрэг, 16 хороо, “Буянт-Ухаа” хороолол, Наадамчдын зам, 423 байр 65 тоот, 79,5 м2 талбайтай 115,275,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц захиалан бариулах гэрээ байгуулжээ.
Гэрээний 4.1, 4.2-т нэхэмжлэгч нь “Хос хийморь” ХХК-тай байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Бараа бэлтгэн нийлүүлэх” гэрээний дагуу Г.Сийн орон сууцны урьдчилгаа 15 сая төгрөгийг суутган тооцож, дээрх гэрээний дагуу үлдэх төлбөрийг хавтан нийлүүлж төлөхөөр тохиролцжээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан ба шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхаас гадна тухайн эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшил нь хууль бус байх буюу 2 нөхцлийн аль аль нь зэрэг бүрдсэн тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.
Хариуцагч Г.Сийн эзэмшил нь гэрээнээс үүссэн байх бөгөөд түүнийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх тул орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн “Д ХХК” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан Г.Сийг орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн “Д ХХК” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ